Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 124/2021/0031/З |
Дугаар | 221/МА2022/0339 |
Огноо | 2022-05-18 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2022/0339
Б.Л-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Увс аймгийн Засаг дарга,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Л,
Хариуцагч Увс аймгийн Засаг дарга,
Хариуцагч Дотоод аудитын хороо,
Хариуцагч Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Л.Ч,
Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 34/01/43 дугаартай актыг хүчингүй болгуулах, Дотоод аудитын хорооны 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б30 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Л,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч Л.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г,
Хэргийн индекс: 124/2021/0031/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-н гаргасан “Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийг хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 34/01/43 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж”,
1.2. Шийдвэрийн 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-н гаргасан “Дотоод аудитын хорооны 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж”,
1.3 Шийдвэрийн 3 дахь заалтаар “Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Б.Л-н Увс аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын даргын ажилд эгүүлэн тогтоож” шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа нотлох баримтыг хангалтгүй бүрдүүлсэн, өөрөөр хэлбэл Б.Л нь байгууллагын албан хаагчидтай зүй бусаар харилцаж ажлын байрандаа тайван ажиллах боломж олгодоггүй тухай Увс аймгийн телевизээр гарсан мэдээллийг телевизийн архиваас авч хэргийн материалд оруулаагүй бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд танилцуулсан. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд зөрчил дутагдлыг гаргаж байсан нь удаа дараа тогтоогдсоор байтал түүнийг авч хэлэлцэхгүйгээр дүгнэхгүйгээр зөвхөн нэг талыг барьсан дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байгаагаас гадна уг шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.3-ийн 7 дахь заалтад ...хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба батлагдсан орон тоонд багтаан ажлын байрны өөрчлөлтийг хийсэн, мөн цалингийн санг хэтрүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ. гэж дүгнэсэн байна.
Хэргийг хэрэгсэхгүй болгох нь захиргааны арга хэмжээ авах үндэслэл болохгүй гэсэн үг огтоос биш юм. Бага эрсдэлтэй гэх нь захиргааны хариуцлагаас мултрах үндэслэл биш. 2.3-н 9 дэх хэсэгтээ Түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл хүлээсэн нь сахилгын зөрчилд тооцох бус тухайн гаргасан зөрчилдөө хариуцлага хүлээсэн гэж үзнэ. Гэжээ. Хариуцлагын хэлбэрийн нэг төрөл нь захиргааны хариуцлага гэж үзэж байгаа. Сахилгын хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гэдэг талаас нь дүгнэлт хийгээгүй гэх нэг нотолгоо юм.10 дахь хэсэгтээ ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцох талаар талууд тохиролцож баталгаажуулсан баримт байхгүй атлаа ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ.
Мөн нь нэг талыг барьсан дүгнэлт бөгөөд харилцан гэрээ байгуулах тухай гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн тухайд тохиролцож гэрээ байгуулах, гэрээ байгуулаагүй бол ажил олгогчоос шаардах зэрэг эрхтэй бөгөөд шүүхэд энэ талаар огт дурдахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн гэрээгүйгээр ажилд авч ажиллуулсан бол жил бүр гүйцэтгэлийн төлөвлөгөө батлаад ажиллуулаад байх боломжтой тухайд дүгнэлт хийгээгүй. 2.3-н 2 дахь дахь хэсэгт заасан нөөцөд бүртгэгдэж, тохиролцоод хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх дээр нэхэмжлэгч талаас болон хариуцагч талаас ямар нэгэн мэтгэлцээн, хэрэг хянан шийдвэрлэх явцад асуулт хариултын тодруулга хийгээгүй бөгөөд үндэслэх хэсэгтээ дурдсан боловч дүгнэлт хийгээгүй байна.
Зөвшилцөх тухай албан бичгийн тухайд, Ойрад хөгжимт жүжгийн театрын ажилтнуудын тэн хагас нь хамтран ажиллаж чадахгүй гэсэн өргөдөл, гомдлын тухайд удирдлагын зан байдал нь хамт олныг нэгтгэж хууль тогтоомжийг шударгаар хэрэгжүүлж чадах эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих журмынхаа дагуу явагдсангүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасныг үндэслэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад нотлох баримтыг хангалттай цуглуулж, хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
2. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Дотоод аудитын хорооны 2021 оны 05 дугаар тогтоолыг үндэслэн тус аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Л-н хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэжээ.
3. Анхан шатны шүүх “Б.Лтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй, мөн урьд нь сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэр байхгүй байхад давтан зөрчил гаргасанд тооцогдохгүй гэж, мөн зарим зөрчлийн тухайд мөн хуулийн 131.3-т заасан шийтгэл ногдуулах хугацаа дууссан гэж, Соёлын тухай хуулийн дагуу Соёлын сайдтай зөвшилцөхөд “дэмжихгүй” гэх хариуг ирүүлсэн гэх зэрэг нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад төрийн албанаас халсан нь хуульд нийцээгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
4. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга давж заалдах гомдолдоо “... шүүх нотлох баримт хангалтгүй бүрдүүлсэн. Ажилчидтайгаа зүй бусаар харьцсан тухай телевизээр гарсан мэдээллийг авч хэргийн материалд оруулаагүй ...” гэжээ.
Сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцагч холбогдох баримтаар нотолсон байх үүрэгтэй, шүүхэд өөрөө гаргаж боломжтой атал өгөөгүй байна. Мөн телевизээр гарсан мэдээллийн дагуу шууд сахилгын зөрчил гаргасан нь нотлогдохгүй тул анхан шатны шүүхийг нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.
5. Гомдолд “... шүүх зөрчил дутагдлыг удаа дараа гаргасан нь тогтоогдсон байхад энэ талаар дүгнээгүй, цалингийн санг хэтрүүлээгүй, ... бага эрсдэлтэй гэх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл биш гэж үзэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн” гэжээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас Б.Лг 2016, 2018, 2020 онд хамаарах зөрчилд холбогдуулан буруутгасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байх тул нэгэнт хугацаа хэтэрсэн зөрчлийг гаргасан эсэхийг уг шүүхийн шийдвэрт дүгнэх шаардлагагүй юм.
Харин 4 дэх зөрчил болох “шинэ орон тоо гаргаж, цалингийн сан хэтрүүлсэн” гэсний тухайд иргэний хэргийн шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан захирамжийг биелүүлж, ажилтныг бүтэц, орон тооны дагуу ажлын байраар хангасан байх тул сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээргүй байх тул хэт нэг талыг барьж баримтыг үнэлсэн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
6. Мөн гомдолд “... хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаад явж болдог талаар дүгнээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар нэхэмжлэгч, хариуцагчаас асууж тодруулаагүй ...” гэжээ.
Хариуцагч нь маргаан бүхий захирамжид Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах”-аар заасан заалтыг баримталсан байх тул анхан шатны шүүх уг хуулийн заалттай холбоотой хөдөлмөрийн гэрээ ирүүлээгүй тул тус гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй талаар дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасан ажлыг хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой маргаагүй байх тул энэ талаар дүгнэх шаардлагагүй юм.
7. Гомдолд “... Зөрчил гаргаж торгуулсан нь сахилгын зөрчил байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй. ... Ажилтнуудын тэн хагас нь хамтран ажиллаж чадахгүй гэсэн өргөдөл, гомдлын тухайд зан байдал нь хамт олныг нэгтгэж хууль шударгаар хэрэгжүүлж чадах эсэх талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна” гэжээ.
Хэрэгт авагдсан ажилтнуудаас хүргүүлсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж гаргасан Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/16 дугаар шаардлагад дурдсан “театрын барилга хуучирсантай холбоотой ажилчид гадуур хувцастайгаа ажилладаг тухай, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо дутуу, Хөдөлмөрийн дотоод журамд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан хэм хэмжээг тусгах, тус хуулийн дагуу сургалт зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг хангахыг шаардсанаас үзвэл “хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил”-д хамаарах асуудал байхгүй байна.
Б.Л-н тухайн үед хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хамаарах боловч Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.4-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3-д зааснаар 50 нэгжээр торгуулсан байх тул мөн гомдлыг хангах үндэслэлгүй.
8. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.4-т зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ