Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 753

 

 

 

 

 

 

 

 

 

“Гүн түншлэл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 61 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Гүн түншлэл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Ира, Б.Энхзаяа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 545 665 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Сарантуяа,

Хариуцагч: Ч.Ира, Б.Энхзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ч.Ира, Б.Энхзаяа нартай зээл болон барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 77 тоот, 29 метр квадрат талбайтай, 2 өрөө, орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй хандаж өөрийн хариуцлагаа үл тоомсорлож байгаагаас зээл төлөх хугацаа 128 хоногоор хэтэрсэн. Иймд хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү 352 333 төгрөгийг нэхэхгүй. Үндсэн зээл 9 999 997 төгрөг, зээлийн хүү 2016 оны 7 дугаар сарын 28-наас нэхэмжлэл гаргах 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хүү 2 193 335 төгрөг, нийт 12 193 332 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

       Хариуцагч Ч.Ира шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Гүн түншлэл ББСБ” ХХК-иас 2 өрөө байраа барьцаалж, 10 000 000 төгрөг авсан. Үүний хүүнд 2014 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг дуустал 7 493 333 төгрөг тушаасан. Үүнээс 3 сарын хүү 1 061 667 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 6 431 666 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үлдэгдэл мөнгийг сар сард нь хувааж төлмөөр байна. Би сар бүр хүүг төлнө, гэрээг сунгаж өгөөч гэж гуйгаад, хүүгээ төлж байгаад 2016 оны 7 дугаар сараас хойш төлж чадаагүй нь үнэн гэжээ.

 

        Хариуцагч Б.Энхзаяа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Ч.Ира “Гүн түншлэл ББСБ” ХХК-иас 10 000 000 төгрөгийг, сар бүр хүүгээ төлнө гээд авсан. Сүүлдээ хүүг хугацаанд нь төлөх чадваргүй болоод төлж чадаагүй. Нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

           Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Боржигон овогт Чулууны Ира, Сүрэгчин овогт Борчулууны Энхзаяа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 11 796 715 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 396 617 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 77 тоот 29 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 203 697 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн төлбөрт 2016 оны 7 сарын дуустал 7 493 333 төгрөгийг тушаасан боловч шүүхийн шийдвэрээр үндсэн мөнгөнөөс хасаагүй. Иймд зээлийн үндсэн төлбөрөөс 7 493 333 төгрөгөөс 3 сарын хүү 1 001 667 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 6 431 666 төгрөгийг хасаж өгнө үү. Миний бие Сард 251 000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Охин Б.Энхзаяа ажилгүй, 0-6 насны 3 хүүхэдтэй. Үүнийг харгалзан үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Ира, Б.Энхзаяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 545 665 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс “зээлийн гэрээний үүрэгт 12 545 665 төгрөг гаргуулах” шаардлагад иргэний хэрэг үүсгэж, “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай шаардлагыг орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нийцэхгүй болно. /хх-ийн 8 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн зарим шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй, талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүй атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5  дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Энхзаяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 697 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО                                         

                                                          ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                                                                                            

                                                                                                          Г.ДАВААДОРЖ