| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0747/Э |
| Дугаар | 778 |
| Огноо | 2020-09-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 778
2020 09 25 2020/ШЦТ/778
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,
нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002001280778 тоот хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 52 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14-р хороо 69-502 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шавь нар овогт Ж. Д /РД:СР67091003/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Ж.Д нь хуурамч баримт бичиг ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Д нь 2017 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Баяраагийн эзэмшлийн E1936908 дугаартай гадаад паспортын 32 дугаар хуудсанд “10-AUG-2017 BUYANT-UKHAA 020” гэсэн бичиглэл бүхий Монгол Улсаас гарсан хилийн штампыг бусдаар хуурамчаар үйлдүүлж, 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай аяллын онгоцоор зорчин Монгол Улсад ирэхдээ дээрх гадаад паспортын штампыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Ж.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “Энэ паспортын эзэн нь манай найзын ээж байгаа юм. Би найзаасаа Турк явах шаардлагатай байгаа тухай хэлэхэд миний хүсэлтээр надад авч өгсөн. Паспортоо авсны дараа хэд хэдэн хүнээр дамжуулж нэгэн эмэгтэй хүнтэй холбогдож найман шарга валют арилжааны захын тэр хавьд уулзаж паспортоо өгөөд 3 хоногийн дараа штамп даруулан буцааж авч байсан. Төлбөрт нь 100 доллар өгсөн, ... Би 2017.08.10-ны өдөр С.Баяраагийн гадаад паспортыг ашиглан БНТУ-руу орсон. Ингэхдээ Буянт-Ухаа боомтоор гарахдаа өөрийн гадаад паспортыг үзүүлж Монголын хилээр гараад, БНТУ-ын хил дээр С.Баяраагийн гадаад паспортыг үзүүлж БНТУ-руу орсон. Тэндээ ажиллаж амьдарч байгаад 2020.02.06-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас Монгол руу ирсэн. Ингэхдээ С.Баяраагийн гадаад паспортыг Туркийн хилээр гарахдаа үзүүлж, хугацаа хэтрүүлсэн гэж 5 жилээр БНТУ-руу орох эрхийг нь хасуулсан. Монголын хил дээр өөрийн гадаад паспортыг үзүүлэхэд хилийн ажилтан надаас Туркээс нарсан штамп яагаад байхгүй байгаа талаар асуухад би С.Баяраагийн гадаад паспортыг гаргаж өгсөн. Тэгээд намайг хүлээлгэж байгаад байцаалт аваад, үзлэг хийгээд тагнуулын байгууллага руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг ” гэх мэдүүлэг /хх-ийн 32х, 34-35х/,
- хохирогч байгууллагын төлөөлөгч О.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Монгол Улсын Санжаасүрэнгийн Баяраа гэх нэртэй E1936908 дугаартай гадаад паспортын 32 дугаар талд дарагдсан 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дардас нь хуурамчаар хийгдсэн байна.Тодруулбал, монгол гэрийн хүрээний баруун зүүн талд байрлах усан хээ бүхий дүрс нь 1.176 мм өргөнтэй байх ёстой, мөн Mongolia гэсэн үсгийн өндөр нь 2 мм хэмжээтэй бичигдэнэ. Штампны гадна хүрээний дугаар нь 0.9 мм хэмжээтэй бичигдэнэ, штампны улны хэмжээ өргөн нь 41 мм, харин өндөр нь 24 мм байна. Дарагдах үед суналт өгч 1 мм-ийн зөрүү гарна. Гол нь ул нь резинээр хийгддэг. Бүх штампнууд өөр өөрийн гэсэн нууцлалтай. Энэ 20 дугаартай штампны ул нь UKHAA гэсэн бичиглэлийн “K” гэсэн үсгийн фондны хэлбэр өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл дугаарлалт бол өөрчлөгдсөн байдаг. 20 дугаартай штамп дээр 22 гэсэн тоо штампны улны баруун дээд өнцөгт байрлах дугаарлалт өөрчлөгдсөн. Дээрх штампыг хуурамчаар үйлдсэн гэж тодорхойлж байна. Одоогоор манай байгууллагад учирсан хохирол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,
- гэрч Х.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Намайг 2020.02.06-ны өдөр 08:00 цагийн үед үүрэг гүйцэтгэж байхад Ж.Д нь Истанул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай аяллын онгоцоор зорчин ирсэн. Түүнээс гадаад паспортыг нь авч шалгахад өөрийнх нь хүчинтэй гадаад паспорт байсан. Туркийн штамп яагаад дарагдаагүй талаар асуухад өөрийгөө бие муутай, бөөрний дутагдалтай яаралтай Монголдоо ирлээ гэж хэлээд өөрт байсан С.Баяраагийн гадаад паспортыг гаргаж ирсэн. Тус паспортыг үзэхэд Туркийн хилээр гарсан штамп дарагдсан байсан. Мөн 2017.08.10-ны өдрийн Монгол улсаас гарсан Буянт-Ухаа 020 дугаартай штампыг хуурамчаар үйлдсэн байсан. Ингээд нарийвчлан шалгалт явуулахаар ээлжийн шалган нэвтрүүлэх албаны орлогч ахмад Ц.Гэрэлтцолмонд шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/,
- гэрч С.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 онд хүүхдүүд намайг аваад Утай гүмбэнд аялуулахаар болоод гадаад паспорт гаргуулж авч байсан. Тэгээд миний бие өвдөөд Утай гүмбэн явж чадаагүй. Тэгээд 2017 оны 7 сард шиг санагдаж байна, наадмын дараахан охин Б.Мөнхзаяа надаас миний гадаад паспортыг авсан. Тухайн үед өөрт нь хэрэг болоод гэж хэлж байсан. Би яг юунд хэрэглэх гэж байгаа талаар нь асуугаагүй. Надад гадаад паспортын хэрэг байхгүй болохоор би энэ талаар огт анзаараагүй. Одоо л миний гадаад паспорт энд байгаа талаар мэдэж байна. Надад гадаад паспорт огт хэрэг болдоггүй болохоор хаана байгаа талаар охиноосоо асууж байгаагүйн байна. Би дахиж шинээр гадаад паспорт гаргуулж аваагүй. Би өөрийнхөө гадаад паспортыг охиндоо байгаа л гэж бодоод явдаг. Би Ж.Д гэх хүнийг огт танихгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39х/,
- гэрч Б.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Би 2016 оны 4 сарын үед Турк улс руу ажил хийхээр яваад тэндээ 9 сар болоод 2017 оны 2 сард Монгол улсад орж ирсэн. Энэ хугацаанд буюу очоод удаагүй Ж.Д-тай танилцаад, хамтдаа байр түрээсэлж хэсэг хугацаанд амьдарсан. Д эгч Монголд намайг ирэхээс өмнө ирсэн байсан. Яг хэзээ ирсэнг нь мэдэхгүй байна. Ингээд Монголд ирчихсэн байна гэж над руу залгаж хэлээд намайг өөрт нь нэг тус болооч гэж гуйсан. Тэгээд 2017 оны 02 сард Цагаан сарын баярын дараа уулзсан. Тэгж уулзахад надаас Д эгч ээжийнхээ гадаад паспортыг эгчдээ өгөөч, эгч нь ашиглаад Турк руу гарах гэсэн юмаа гэсэн. Тэгэхээр нь би ээжээсээ гадаад паспортыг нь аваад Д эгчид өгсөн. Ингэж өгөхдөө би Д эгчээс мөнгө, төгрөг аваагүй, зүгээр л өгсөн. Ээждээ паспортыг нь хүнд өгөх гэж байгаа талаар хэлэлгүй, зүгээр надад хэрэг болоод байна гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42х/,
- Ж.Д-н Монгол Улсын хил нэвтэрсэн талаарх хилийн лавлагааны хариу,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2473 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн E1936908 дугаартай, Санжаасүрэн овогтой Баяраагийн Монгол Улсын иргэний энгийн гадаад паспортын 32 талд авагдсан шинжилж буй тэмдгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн Буянт-Ухаа 020 гэсэн тэмдгийн дардастай тохирохгүй. Уг шинжилж буй тэмдгийн дардас нь бараар дарагдсан. Харьцуулах загвартай тохирохгүй байх тул өөр бараар дарагдсан гэсэн дүгнэлт өгөх үндэслэл болж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54х/,
-хилийн зөрчлийн материалд авагдсан акт,
- зөрчил гаргагчийн биедээ болон ачаа, тээшинд авч яваа зүйлийн бүртгэл /хх-ийн 16х/,
-Шинжээч Х.Баярмаагийн “Харьцуулах загвартай тохирохгүй шинж тэмдгүүдийг дүгнэлтэд тодорхой дурдаж өгсөн байгаа. Тохирохгүй шинж тэмдгүүд гэдэг нь уг шинжилж буй тэмдэгт дардас буюу штамп гэж үзэх дүгнэлт өгөх үндэслэл байж болно. Тодруулбал, хуурамчаар дуурайлган хийсэн байна” гэх мэдүүлэг /хх-63-64/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ж.Д-н иргэн С.Баяраагийн эзэмшлийн E1936908 дугаартай гадаад паспортын 32 дугаар хуудсанд “10-AUG-2017 BUYANT-UKHAA 020” гэсэн бичиглэл бүхий Монгол Улсаас гарсан хилийн штампыг бусдаар хуурамчаар үйлдүүлэн, Монгол Улсад ирэхдээ дээрх гадаад паспортын штампыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Д-д ял шийтгэл оногдуулахдаа хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх зорилгоор тохирох ялыг оногдуулж шүүх шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн E1936908, E1894801 дугаартай Монгол улсын гадаад паспортуудыг шүүгдэгч Ж.Д нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад нь шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шавь нар овогт Ж.Д-г хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах буюу Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Д-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ж.Д-д оногдуулсан 450.000 төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн E1936908, E1894801 дугаартай Монгол улсын гадаад паспортуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ