| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0557/Э |
| Дугаар | 786 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 786
2020 09 30 2020/ШЦТ/786
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч У.Н, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт У.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000571 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн 3 дугаар баг, Бор толгойн 34-15 тоотод оршин суух хаягтай, урьд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,
Боржигон овогт У.Н /РД:АА92092159/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч У.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч 2020 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “зүүн тасганы” гудамжинд хохирогч П.Бямбадоржтой маргалдаж, улмаар түүний зүүн гуян тус газарт хутгаар зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч У.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...тэгсэн уг байрнаас нэг залуу гарч ирээд манай найзыг архинд явуулдаг хэн бэ гээд Нямхүү бид хоёр луу дайраад байсан... нэг нь намайг хавираад унагаачихсан тэгэхээр нь шарандаа буцаж гэр лүүгээ ороод гэрт байсан хутгыг авч гарч ирээд Бямбадорж гэх залууг хатгачихсан..." /Хавтаст хэргийн 51- 54х/
- хохирогч П.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед найз Бат-Ерөөлтийн хамтаар Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод очсон... найз Бямбаагийн гэрт дөнгөж ороод байж байтал тэдний хаалгаар намайг хутгалдаг залуу /Н/ шагайгаад Бямбааг дуудан авч гарсан... гадаа гарахад Бямбаа, түүний хуурай дүү гэх Хадаа, мөн намайг хутгалдаг залуу Н, түүний найз гэх залуу Нямхүү дөрвүүлээ хоорондоо маргалдаад барилцаад авчихсан байдалтай байхаар нь би дундуур нь орж салгаад ...тухайн үед Н байр луугаа гүйж ороод гарч ирсэн гарч ирэхдээ гартаа юм барьчихсан байсан... нөгөө залуу баруун гараараа миний зүүн гуя руу хүрэх шиг болсон бөгөөд гар руу нь хартал хутга барьчихсан байсан... миний хувьд Н-тай маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй. Н намайг хүнтэй андуураад л хутгалчихсан болов уу гэж бодож байгаа... гомдолгүй, надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” /хх-ийн 15-16х/,
- гэрч С.Бат-Ерөөлтийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн : “...Н гэх залуу Бямбадорж дээр ирээд чамайг шаана шүү гээд хутгатай гараа хойш, урагшаа савчуулаад байсан бөгөөд Бямбадорж ухраад байгаа харагдсан... Бямбадорж над руу ирээд ахаа саяны залуу намайг хутгалчихлаа гэсэн... Миний харснаар цус нөж гоожоод ил гэмтэл авсан хүн Бямбадоржоос өөр байгаагүй. Харин Бямбадоржийн зүүн гуянд шарх үүссэн бөгөөд тэр гэмтлийг нь Н гэх залуу хутгаар дүрж учруулсан...” /хх-ийн 22-24х/,
- гэрч Б.Нямхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н Бямбадоржийг хутгалсан гэдгийг сүүлд мэдсэн. Гол нь Н манай гэрт байсан хүрэн бор өнгийн иштэй хутгаар хутгалсан байна лээ... миний зүүн чихний арын хэсэг, баруун хөлний өвдөг орчмоор хөндүүрлээд байна. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...”, “...өөр биедээ гэмтэл авсан хүн байхгүй гэж бодож байна ямар ч байсан Н бид хоёрт ил харагдах гэмтэл шарх байхгүй...” /хх-ийн 25-28х/,
- Шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5804 дугаартай дүгнэлт “...П.Бямбадоржийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 32-33х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч У.Н-г хохирогч П.Бямбадоржтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний зүүн гуя тус газарт ахуйн хэрэглээний хутгаар шарх үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч П.Бямбадоржын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гомдолгүй, надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч У.Н-д ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, хүйтэн зэвсэг болох ахуйн хэрэглээний хутгаар хүний биед гэмтэл учруулсан болох гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 26 см урттай, бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг У.Н нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг байх ба мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан өнгийн малгайтай цамц 1 ширхгийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцогчдоос ямар нэг санал гаргаагүй тул тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт У.Н-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Н-д 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-д оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар У.Н-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан өнгийн малгайтай цамц 1 ширхэг, нийт 26см урттай, бор өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ