Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2017/00494

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч:  М.У- -ын нэхэмжлэлтэй

 

             Хариуцагч:  Т ХХК-д холбогдох

 

             Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1350 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Эркебулан, өмгөөлөгч Р.Болдбаатар, хариуцагчийн төлөөлөгч Н.Батгэрэл, Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч М.У- шүүхэд болон төлөөлөгч П.Эркебулан шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тны Тэргүүн орлогч захирал Б.Ганбаатараар ахлуулсан бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 10 сарын 06-ны өдөр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал М.У-ын ажлыг ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж  авсан атлаа Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1350 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Тны зохион байгуулалтын бүтэцээр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал гэх албан тушаал байхгүй болсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Тны зохион байгуулалтын бүтэцээр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал гэх албан тушаал байхгүй болсон гэсэн нь үндэслэлгүй. Банкинд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан таамаглах, олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиглэл бүхий газар, хэлтэс, нэгж арилжааны банкинд үйл ажиллагаа явуулдаг. Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын нэр Эрсдэлийн удирдлагын газар гэж өөрчлөгдсөн нь тус газрын захирлын ажил, албан тушаалыг байхгүй болгох үндэслэл болохгүй. Тны ажилчдын хувьд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор сайн дураараа эвлэлдэн нэгдэж 2015 оны 10 сарын 03-ны өдөр үйлдвэрчний эвлэлийг байгуулж холбогдох төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь М.У-ыг даргаар сонгож ажиллууж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд М.У- нь Тны үйлдвэрчний эввлэлийн даргын сонгуульт ажлыг хийж гүйцэтгэсэн хэвээр байгаа. Гэтэл Т нь Үйлдвэрчний байгууллагын эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах заалтаар хамгаалагдсан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтаны баталгааг зөрчиж М.У- болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр захиргааны санаачилгээр ажлаас халсан нь илтэд хууль бус гэж үзэж байна. Тны Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, ажилчдыг хөдөлмөрлөх эрхээ хууль ёсны дагуу хэрэгжүүлэх, хамгаалах боломжгүй болгож, ажил олгогчийн дураараа авирлах нөхцөлийг бүрдүүлж байгаа болохыг анхаарч үзэхийг хүсэж байна. Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1350 тоот хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Т ХХК-д даалгаж өгнө үү гэв. 

 

            Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Н.Байгаль, Н.Батгэрэл нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсан. Мөн ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 125 тоот тогтоолоор М.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зөвшөөрлийг гүйцэтгэх захиралд олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын албан тушаалд ажиллаж байсан М.У-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 2016 оны 10 сарын 03-ны өдөр гардуулсан. Улмаар банкны үйл ажиллагааг тасралтгүй явуулах, Банкны нууцлалыг хангах зорилгоор Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 сарын 03-ны өдрийн А/312 тоот тушаалыг үндэслэн М.У-ын ажлыг хүлээлцсэн. Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1350 тоот тушаалаар М.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан ТУЗ-ийн 2016 оны 09  сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор батлагдсан Тны шинэчилсэн бүтцээр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газар нь банкны зохион байгуулалтын бүтцээс хасагдаж, Эрсдэлийн удирдлагын газрыг шинээр байгуулж, түүний харъяанд зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс, Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтэс хамаарч, Тусгай активын хэлтэс нь Хууль, эрх зүй хариуцсан захирлын харъяанд шилжсэн. Түүнчлэн бүтцийн шатлалын хувьд Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал нь өөрийг нь харъяалах шууд удирдлага буюу гүйцэтгэх захирлын орлогчид ажлаа тайлагнадаг байсан бол шинэ бүтэц зохион байгуулалтаар Эрсдэлийн удирдлагын газар нь Эрсдэл хариуцсан захирлын харъяанд орж, түүнд шууд ажлаа тайлагнаж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр өөрчлөлт орсон. Мөн Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын чиг үүргээс Бодлого зохицуулах чиг үүрэг нь Бүртгэлийн газарт шилжсэн зэргээр Тны зохион байгуулалтын бүтцээс Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын ажил, албан тушаалын ажлын байр хасагдсан болох нь нотлогддог. М.У- нь Сонгинохайрхан дүүргийн Тны салбарын эрхлэгч байхдаа 2015 оны 10 сарын 03-ны өдөр Тны Улаанбаатар хотын салбар нэгжүүдийн үйлдвэрчний хороог байгуулж даргаар нь томилогдсон байдаг. Тны дотоод журамд зааснаар Улаанбаатар хотын салбар нэгжүүдэд Төв банкны буюу газар хэлтэсүүд хамаарагдаггүй тул М.У- тухайн үйлдвэрчний эвлэлийн дарга байх, өөрийнхөө эрх ашгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5.Үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй гэж заасан байна. М.У- нь дээрх хуулиар хориглосон үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байна.

 

Тны удирдлагад 2016 оны 10 сарын 03-ний өдөр болон Хүний нөөцийн хороонд 2016 оны 11 сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтдээ М.У- миний бие Тинд Эрсдлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөх болсон тул нэг сарын цалин 4 сарын тэтгэмж авч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Ажилтны тусгай нөхцөлтэй зээлийн 19.500,000 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд тэтгэмжээрээ тус зээлийг хаах хүсэлтэй байна.  Миний хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн аваад Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцэх 3 дахь асуудал болгож, Эрсдлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байсан М.У-ын өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, тэтгэмж хүссэн хүсэлтийг хэлэлцсэн. М.У-ыг албан тушаалаас нь чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, нэг сарын цалинг ирцийн бүртгэлээс үл хамааран тооцож олгох, Тусгай нөхцөлт орон сууцны зээлийн хүүг хэвээр үлдээхээр 100 хувийн саналтайгаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч М.У- хариуцагч Т ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1350 тоот  тушаалыг хүчингүй болгож, урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажилтны орон тоо хасагдсан гэж маргажээ.  

           Ажил олгогч нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1.,Тны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9,2,13, 9.2.20 дах заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118, 125 дугаар тогтоолууд, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 68 тоот хурлын шийдвэрийг үндэслэн Тны зохион байгуулалтын бүтцийн дагуу Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал гэх албан тушаал хашиж байсан М.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1350 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл хүргүүлсэн байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

    

Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 сарын 19-ний өдрийн Б/229 тоот тушаалаар ажилтан М.У-ыг Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлаар туршилтын 3 сарын хугацаатай томилж, 2016 оны 04 сарын 20-ны өдрийн Б/581 тоот тушаалаар 2016 оны 04 сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж /хх-ийн 8 талд/ байжээ. 

           Сангийн яам 2016 оны 09 сарын 20-ны өдөр 7-1/5765 тоот албан бичгээр Т ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа зохистой засаглал, харилцагч, үйлчлүүлэгч, ажиллагсдын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор банкинд бүтцийн өөрчлөлтийг хийж, боловсон хүчний зардлыг бууруулж, цалингийн шатлалыг оновчтой боловсруулан дээд түвшингээс хэтрүүлэхгүйгээр шинэчлэн тогтоож, 2017 оны эцэс гэхэд нийт зардалд эзлэх боловсон хүчний зардлыг 15 хувиас хэтрүүлэхгүй байх чиглэл хүргүүлжээ. 

                          

Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118  дугаар тогтоолоор Тны зохион байгуулалтын бүтцийг хавсралт ёсоор баталж, 125 дугаар тогтоолоор гүйцэтгэх захиралд Тны зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэр бүхий захирлуудыг үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах зөвшөөрөл олгосон байна.

 

Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор Тны зохион байгуулалтын бүтцийг Эрсдэлийн удирдлагын газар, Зээлийн бодлого, хэрэг бүртгэлтийн газар, Эрсдэлийн удирдлагын газар нь зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс, Зах зээл. үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийг шууд харьяалж, Эрсдэл хариуцсан захирал, гүйцэтгэх захирлын орлогч захиралд ажлаа тайлагнаж үйл ажиллагаа нь шат дараалсан байдлаар зурагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн /хх-ийн 38-53 талд/ байна.

 

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын эрхлэж байсан ажил, албан тушаалын чиг үүргийг одоогийн шинэ бүтцэд байгаа Эрсдэл хариуцсан захирал гэж албан тушаалын нэршилийг өөрчилсөн байгааг “орон тоо хасагдсан” гэж үзэх үндэслэлгүй байх тул М.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1350 тоот тушаал үндэслэлгүй байна.

 

Ажилтан М.У- Тны удирдлагад 2016 оны 10 сарын 03-ний өдөр, Хүний нөөцийн хороонд 2016 оны 11 сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан гэж мэтгэлцэж байгаа боловч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1350 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах санаачилгыг бие даан гаргасан гэж үзнэ.

 

            Иймд Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1350 тоот тушаалыг хүчингүй болгож, М.У-ыг урьд эрхэлж байсан Т ХХК-ийн Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /4,900,000х90/ тооцож нийт 20,801,886 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж Төрийн санд олгож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:  

          

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1350 тоот тушаалыг хүчингүй болгож, М.У-ыг Т ХХК-ийн Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт  20,801,886 /Хорин сая найман зуун нэг мянга найман зуун наян зургаа/ төгрөгийг Т ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч М.У-т олгосугай.

 

             2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай.

 

          3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 261,960 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ