Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2022/0306

 

 

А.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н

Нэхэмжлэгч: А.А

Хариуцагч: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлагаДорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/100 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 116/2021/0022/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.А нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдуулан Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/100 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч А.Аийн, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/100 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Тухайн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах дараах үндэслэлүүд байна гэж үзэж байна.

3.1.1. Мөн захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүхийн шийдвэрт дурьдсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны богоод үндэслэл бүхий байна” гэж заасан байдаг. Гэтэл ямар үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй байна.

3.1.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд төрийн үйл ажиллагааны тусгай зарчмуудыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хуульчилсан байдаг. Уг зарчимд зааснаар төр үйл ажиллагаа явуулахдаа иргэн хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл иргэн миний хувьд өвөлжөө, хаваржааны газар эзэмшиж, 15,30 жилийн хугацаанд тогтвортой эзэмшинэ гэсэн итгэлээр тухайн газар дээр саравч 20,000,000 2 ширхэг,худаг 13,800,000 2 ширхэг, бусад зардал 14,000,000 (мотор, мал усалгааны онгоц, нацос тус бүр 2 ширхэг) төгрөгийн нийт 81,600,000 төгрөгийн зардал гаргасан бөгөөд энэ нь тухайн газраа тогтвортой эзэмшинэ гэх итгэлийн үндсэн дээр хийгдсэн. Иймд миний хууль ёсны итгэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу хамгаалагдах нь хууль зүйн үндэслэлтэй.

3.2. “Баянтүмэн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/100 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж дүгнэсэн бөгөөд үүнийхээ үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар дээрээ хашаа барьсан манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй гэсэн байдлаар тайлбарласан.

3.2.1. Шүүх аливаа хуулийг тайлбарлаж, хэрэглэхдээ шууд утгаар нь тайлбарлаж хэрэглэх үүрэгтэй. Гэтэл газар дээрээ хашаа барьсан манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй гэсэн нь тухайн заалтыг шууд утгаар нь бус өөрийн үзэмжээр тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт дахь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь тухайн анх гэрээнд заасан чиглэлээр эзэмшихийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хаваржааны зориулалттай газрыг тариалалт хийх, үйлдвэрлэл гэх зориулалтаар ашигласан нь зориулалтын дагуу ашиглаагүй гэдэгт хамаарахаас бусдад тухайн зориулалтын дагуу ашиглуулах нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хамаарахгүй юм.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д "шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана” гэж заасан байдаг.

3.3.1. Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэрт “А.А нь газар зээмшүүлэх гэрээний дагуу тухайн өвөлжөө, хаваржааны газраа өөрөө ашиглаагүй, тухайн өвөлжөөний газар дээр н.Наранхүү гэх айл байгаа нь тухайн газар дээр үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна” хэмээн дүгнэсэн. Энэ тухайн үзлэгийн үеэр зөвхөн тухайн өвөлжөө, хаваржааг ямар зориулалтаар ашиглаж байгаа болон тухайн өвөлжөө, хаваржааны газар дээр ямар хэмжээний зардал гаргасныг харуулахуйц хэмжээнд л үзлэг хийгдсэн.

3.3.2. Өөрөөр хэлбэл, тухайн шүүгч нь н.Наранхүү нь хэний малыг маллаж буй малчин бэ гэдгийг тодруулж, баталгаажуулсан зүйл байхгүйгээр өөрөө байхгүй байсан гэж дүгнэх өрөөсгөл ойлголт юм. Тодруулбал, иргэн А.А нь өвөлжөө, хаваржаа авахдаа өөрийн малыг өөрөө адгуулах үүргийг гэрээгээр хүлээгээгүй бөгөөд түүний хувьд өөрийн малаа Наранхүү гэх малчин өрхөөр маллуулдаг болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”хэмээн заасан байдаг. Гэтэл шүүх тухайн үүргээ хангалттай биелүүлээгүй.

3.3.3. Мөн А дансны тодорхойлолтын хувьд багийн дарга н.Буянхишиг мал тооллогын үеэр өөрөө байхгүй байна гэсэн шалтгаанаар А дансанд бүртгээгүйгээс улбаалж, А.Аийн эрх зөрчигдсөөр ирсэн. Мөн хэргийн материалд авагдсан нотлох баримтаар, 2019 онд багийн дарга н.Б нь мал тооллогыг журмын дагуу хийгээгүй үндэслэлээр сахилгын шийтгэл авсан байдаг.

3.4. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дэх зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайн заалт нь эрх олгосон заалт бөгөөд тухайн дагалдах үүрэг нь үндсэн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болохгүй. Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлийг зөвхөн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх зүйл заалтаар хязгаарласан бөгөөд эрх зүйн зөрчил нь гэрээний сануулга, нэмэлт үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосноор хэрэгжих ёстой юм.

Иймд Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамжийн хавсралтаар А.Ат өвөлжөө, хаваржааны зориулалтаар Хоёр мэлхийт нуураас хойно байрлах тус бүр 1 га газрыг олгосон ба мөн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/81 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар А.Ат хаваржааны зориулалтаар Хоёр мэлхийт нуураас зүүн тийш 5.5 км газарт 1 га газрыг нэмж 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

2.2. Гэтэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/100 тоот “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар тус сумын 2 дугаар багийн Хоёр мэлхийт нуураас зүүн тийш 5.5 км зайтай хаваржааны, Хоёр мэлхийтийн хойд талд өвөлжөөний зориулалтаар тус тус 1 га газар эзэмшигч А.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх мөн газар эзэмших гэрээг жил бүр дүгнүүлээгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргасан.

2.3. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж хуульд тусгайлан заасан ба иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний 3.7-д “Эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлнэ” заажээ.

2.4. Анхан шатны шүүхийн “... “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар дээрээ хашаа барьсан манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй...” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий буюу нэхэмжлэгч нь хууль, гэрээнд заасан зориулалтын дагуу өөрт олгосон газрыг ашиглаагүй байхад түүнийг зөвтгөх боломжгүй.

2.5. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллагаас иргэн А.Ат өвөлжөө, хаваржааны зориулалтаар мал маллах байдлаар маргаан бүхий газрыг эзэмших эрхийг зөвхөн өөрт нь олгож шийдвэрлэсэн бөгөөд хууль болон гэрээнд хэрэв бусад этгээдэд ашиглуулах бол зөвшөөрөл авч мэдэгдэх үүргийг тусгайлан заасан бөгөөд тус үүргээ биелүүлээгүй байх тул маргаан бүхий актыг хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөв хэрэглэсэн байна.

2.6. Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хэний малыг маллаж буй малчин бэ гэдгийг тодруулж, баталгаажуулсан зүйл байхгүйгээр өөрөө байхгүй байсан гэж дүгнэх өрөөсгөл ... нэхэмжлэгчээс ямар зардал гаргасныг тордуулаагүй” хэмээн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр гомдол гаргасан боловч нэгэнт буюу нэхэмжлэгч нь дээр дүгнэсэнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн заалтад хамаарах зөрчил гаргаагүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох  өөрөөс шалтгаалан нотлох баримтуудыг гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

2.7. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэхээс гадна мөн хуулийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.” гэж заасан.

2.8. Иймд Нэхэмжлэгч нь өөрийн тайлбарын үндэслэл болох хэдэн малчин ажиллуулж цалинжуулсан ба мал тооллогын А дансанд хэдэн мал тоолуулах байсан, малын хөлийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн зэрэг өөрийн зүгээс нотлох баримтуудыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй нь анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл болохгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт шаардлагатай нотлох баримтууд бүрдсэн, хэргийг дахин хэлэлцүүлэх нөхцөл байдал үүсээгүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУнГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА