Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 754

 

                                                    МАГАДЛАЛ

2017.03.17                                                 Дугаар                                    Улаанбаатар хот

 

Н.Лхам нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2017/0045 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Лхам, Э.Алтанцэцэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Налайх дулааны станци” ТӨХК, “Налайх дулааны станци” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд тус тус холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхзаяа,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Болормаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Лхам нь 2007 оноос эхлэн “Налайхын дулааны станц” ТӨХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан лабораторийн эрхлэгчийн ажил албан тушаалыг эрхлэх болсон. Гэтэл “Налайхын дулааны станц” ТӨХК нь төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаар тогтоолоор байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2, компанийн хамтын гэрээний 2.19-д заасныг үндэслэн ажилтан Н.Лхамтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 451 тоот албан бичгээр мэдэгдсэн. “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/59 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2, 42.1, төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  21 дугаар тогтоолыг баримтлан Н.Лхамыг ур чадвар, мэргэжлийн хувьд уг албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, компанийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэсэн үндэслээр  үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1.Тухайн байгууллагын боловсон хүчин Ш.Батсүх нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны орчим тухайн шалгалтыг авсан бөгөөд тэрээр шалгалтыг авахдаа шалгалтанд хамрагдагч нарт та бүхнийг халах гэж энэ шалгалтыг зохион байгуулаагүй шинэ дарга Ц.Минжинхүү та нарын түвшинг үзье гэсэн учраас авч байгаа гэж хэлсэн. Харин шалгалт нь мэргэжлийн ур чадварыг шалгах бус ажлаас халах зорилготой байсан байгаа тул шалгалтыг хууль бус гэж үзэж байна. 2.Лабораторийн эрхлэгчийн албан тушаал хасагдаагүй. Харин нэршил, цалингийн хувьд өөрчилж ахлах лаборант гэсэн албан тушаалыг бий болгосон. Өмнө нь уг албан тушаал байгаагүй учир нэхэмжлэгч Н.Лхамыг уг албан тушаалд томилох боломжтой байсан боловч шууд халсаныг эс зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч Э.Алтанцэцэг нь тус байгууллагад  2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн материалын няравын ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж ирсэн. Гэтэл ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгч, “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/58 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, Хамтын гэрээний 4.20, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаар тогтоолыг баримтлан  компанийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу гэж үзэж шүүхэд гомдол гаргасан. 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан орон тоо хасах, орон тоо цөөрүүлэх гэсэн эл нэр томъёоны үндсэн гол зорилго нь орон тооны давхардлыг арилгах, төсөв хэмнэхэд оршдог. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-т зааснаар тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж тайлбарласан. Иймд Материалын нярав нь компанийн бүхий л эд ахуйн зүйлийг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий этгээд тул компанийн орон тооноос тус орон тоо хасагдаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Материалын няравын үүрэгт ажлыг кассын нярав гүйцэтгэж байгаа явдал нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй тул Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э.Алтанцэцэг нь уг мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай боловсон хүчин байхад шалгуур тавилгүйгээр Э.Алтанцэцэгийг халсан нь буруу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Э.Алтанцэцэгийг материалын няравын, Н.Лхамыг лабораторийн эрхлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ниймгийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Налайх дулааны станц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд буюу "Налайх дулаан станц" ТӨХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.4 дүгээр зүйлд заасны дагуу байгуулагын бүтэц, орон тоо, удирдлагын зардлын дээд хязгаарыг батлан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор 2 няравын ажлын орон тоог 1 байхаар, лабораторийн эрхлэгчийн орон тоог хасаж тогтоосон. Компанийн гүйцэтгэх захирал өөрийн эрх үүргийн хүрээнд ТУЗ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Иймд “Налайхын дулааны станц” ТӨХК-д материалын няраваар ажиллаж байсан Э.Алтанцэцэг, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан Н.Лхам нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу мэдэгдэх хуудсыг 1 сарын өмнө өгч, энэ хуулийн 40.1.1-т заасан орон тоог цөөрүүлсэн, хасагдсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу тус бүрт нь 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хуульд нийцсэн. Шинэчлэгдсэн бүтэц орон тоогоор материалын болон кассын няравуудыг ажилласан жил, мэргэжил, ажлын туршлага зэргийг шалгуур болгосон. Тухайлбал, Э.Алтанцэцэг тухайн байгууллагад 2013 онд ажилд орсон, ня-бо мэргэжилтэй бол кассын няраваар ажиллаж байсан Март нь 1999 онд ажилд орсон, нягтлан бодогч мэргэжилтэй, тус компанид 19 дэх жилдээ ажиллаж байгаа тул Э.Алтанцэцэгийг орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Харин Н.Лхамын орон тоо хасагдсан. Мөн компанийн удирдлагын санаачлагаар авсан шалгалтанд лабораторийн эрхлэгч Н.Лхам 30 онооноос 23 алдаж, 7 асуултанд зөв хариулж хангалтгүй гэсэн үнэлгээ авсан. Энэ нь тухайн албан хаагчийн ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн манай байгууллага нэхэмжлэгч нарт 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж буюу Э.Алтанцэцэгт 2 098 194 төгрөг, Н.Лхамд 3 126 082 төгрөгийг өдөрт нь өгсөн. Гэтэл дахин ажилгүй байсан хугацааны мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч  Боржигон овогт Эрдэнэ-Очирын Алтанцэцэгийг “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн материалын няравын ажилд, нэхэмжлэгч Бат овогт Ноостын Лхамыг “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн лабораторийн эрхлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоож, хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Алтанцэцэг, Н.Лхам нарын урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн төлөөлөгч нь ажилтан нартай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэйг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-иас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 004 000 /нэг сая дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Алтанцэцэгт, мөн 1 274 000 /нэг сая хоёр зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Лхамд тус тус олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Алтанцэцэг, Н.Лхам нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-нд даалгаж, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Алтанцэцэг, Н.Лхам нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 51 398 /тавин нэгэн мянга гурван зуун ерин найм/ төгрөгийг хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-иас гаргуулж  улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Налайхын дулааны станц" ТӨХК-д материалын няраваар ажиллаж байсан Э.Алтанцэцэг, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан Н.Лхам нарыг компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсны улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасны дагуу мэдэгдэх хуудсыг 1 сарын өмнө өгч, 40.1-т заасан орон тоог цөөрүүлсэн, хасагдсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу тус бүрт нь 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. “Налайх дулааны станц” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ("Налайх Дулаан станц" ТӨХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.4 дүгээр зүйлд заасны дагуу) Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, удирдлагын зардлын дээд хязгаарыг батлах тухай 2016 оны 21 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор 2 няравын ажлын орон тоог 1 байхаар, лабораторийн эрхлэгчийн орон тоог хасаж тогтоосон. Компанийн гүйцэтгэх захиралын эрх үүргийг "Налайх дулаан станц" ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлд доорхи байдлаар баталж өгсөн байдаг. Компанийн гүйцэтгэх захирал өөрийн эрх үүргийн хүрээнд ТУЗ-аас баталсан Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Шинэчлэгдсэн бүтэц орон тоогоор материалын болон кассын няравуудыг ажилласан жил, мэргэжил, ажлын туршлага зэргийг шалгуур болгосон бөгөөд Э.Алтанцэцэгийг орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр (Э.Алтанцэцэг нь тухайн байгууллагад 2013 онд ажилд орсон, ня-бо мэргэжилтэй бол кассын няраваар ажиллаж байсан Март нь 1999 онд ажилд орсон, нягтлан бодогч мэргэжилтэй, тус компанид 19 дзх жилдээ ажиллаж байгаа), Н.Лхамыг орон тоо хасагдсан үндэслэлээр тус тус ажлаас чөлөөлсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж буюу Э.Алтанцэцэгт 2 098 194 төгрөгийг, Н.Лхамд 3 126 082 төгрөгийг ажлаас чөлөөлөгдсөн өдөрт нь олгож шийдвэрлэсэн. Гэтэл Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан "Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхул ажилтны тоог цөөрүүлсэн" заалтын аль үндэслэлд хамаарч байгаа нь тодорхойгүй, "Налайхын дулааны станци" ТӨХК-ийн төлөөлөгч нь хуульд заагаагүй, тодорхой бус үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгох эрхгүй учраас гаргасан эрхийн актыг хуульд нийцээгүй гэж үзэж, иргэн Н.Лхам, Э.Алтанцэцэг нарыг ажилд нь эгүүлэн тогтоож, Э.Алтанцэцэгт 1 004 000, Н.Лхамд 1 274 000 төгрөгийг олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр даалгасан. Түүнчлэн уг шүүхийн шийдвэрийн тоггоох хэсгийн 3 дугаар заалтад зааснаар " Э.Алтанцэцэг, Н.Лхам нарын урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол хариуцагч "Налайхын дулааны станц" ТӨХК-ийн төлөөлөгч нь ажилтан нартай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй дурдсугай" гэжээ. Тус хавтаст хэрэгт “Налайх дулааны станц” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 21 дүгээр тогтоолыг хавсаргасан бөгөөд энэхүү тогтоол болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талын гаргасан тайлбар зэргээс лабораторийн эрхлэгчийн орон тоо хасагдсан, няравын орон тоог цөөрүүлсэн болох нь илт тодорхой байхад Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Тухайн ажлын байр хасагдсан, цомхотгогдсон болох нь тодорхой учраас шүүхийн шийдвэрт адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргийг мөн дурдсан байна. Түүнчлэн "Налайхын Дулааны станц" ТӨХК-ийн төлөөлөгч шийдвэр гаргаж ажиллаагүй бөгөөд гүйцэтгэх захирал нь хууль болон дүрмэнд заасан өөрт олгосон эрх, үүргийн хүрээнд шийдвэр гаргаж ажилласан юм. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Н.Лхам, Э.Алтанцэцэг нар нь хариуцагч “Налайх дулааны станци” ТӨХК, “Налайх дулааны станци” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд тус тус холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан боловч 2017 оны 1 сарын 3-ны өдөр хариуцагч “Налайх дулааны станци” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох шаардлагаасаа татгалсан гэж үзэхээр байна. /хариуцагч байгууллагын нэрийн дээр зурсан, хх-ийн 1 дүгээр тал/

 

   Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч нараас “… хариуцагчаар төлөөлөн удирдах зөвлөлийг татсан байсныг дарсан. Энэ нь буруу байсан тул зөвтгөж байна” гэж хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “… нэхэмжлэл гаргахдаа хамтран хариуцагчаар төлөөлөн удирдах зөвлөлийг татсан” гэж тайлбарласан. /хх-ийн 6 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлээс хариуцагч “Налайх дулааны станци” ТӨХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, харин “Налайх дулааны станци” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан иргэний хэрэг үүсгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нийцэхгүй болно. /хх-ийн 32 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Налайх дулааны станци” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгээгүй атлаа төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5  дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2017/0045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Налайх дулааны станци” ТӨХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 398 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО                                         

                                                          ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                                                                                            

                                                                                                          Г.ДАВААДОРЖ