Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01412

 

С.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00181 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00055 дугаар магадлалтай,

С.Бы нэхэмжлэлтэй

БӨАӨС ЕБын 2-р бүрэн дунд сургуульд холбогдох

БӨАӨС ЕБын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай тушаалын С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн математикийн багшаар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Н.Отгонтуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Адилбишийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/49 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар тус сургуулийн математикийн үндсэн багшаар томилогдож, ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би ажилд томилогдсон цагаас эхлэн ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, өөрийн хариуцсан ажилдаа эзэн ёсоор хандаж, хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж байсан. Ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт огт үндэслэлгүй бөгөөд математикийн үндсэн багшийн орон тоо хасагдаагүй, хэвээр хадгалагдаж байгаа. Ажил олгогчийн зүгээс намайг үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж үндэслэлгүйгээр давтан зөрчил гаргасан хэмээн ажлаас халж байгаад гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасныг ажил олгогч зөрчиж, намайг ажлаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд тус сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн б/02 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай тушаалын С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн математикийн багшаар эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б нь Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал М.Адилбишийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Ажилд томилох тухай Б/49 дугаартай тушаалаар математикийн гүнзгийрүүлсэн сургалт нээж байгаатай холбоотой математикийн багшаар томилогдсон байна. Гэхдээ тус сургуулийн захирлаар ажиллаж байсан М.Адилбиш нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, дүгнэлтгүйгээр холбогдох хууль журмыг зөрчиж, гүнзгийрүүлсэн сургалт нээж, С.Б нарын 3 багшийг багшаар томилон ажиллуулж, сургуулийн төсвөөс цалинжуулж ирсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаар тогтоолоор батлагдсан Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам-д заасан ажиллагааг хийгээгүй, уг журмыг бүхэлд нь зөрчиж, гүнзгийрүүлсэн сургалт нээж, гаднаас багш томилон ажиллуулж, тэдгээрийг сургуулийн төсвөөс санхүүжүүлэн сургуулийн төсвийг хэтрүүлж, авлага, өр төлбөр үүсгэсэн байна. Энэ нь Баян-Өлгий аймгийн Төрийн Аудитын газраас манай сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд төсөв хэтрүүлсэн, авлага, өр, төлбөр үүсгэсэн зөрчилд холбогдуулан тус аймаг дахь Төрийн Аудитын газар /2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/38 тоот албан шаардлага/-аас Батлагдсан орон тооноос гадуур авч ажиллуулсан илүү орон тоог хасаж, батлагдсан орон тооны хязгаар, цалингийн санг мөрдөж ажиллах гэсэн шаардлага хүргүүлсэн. Миний бие сургуулийн захирал буюу төсвийн захирагчийн хувьд Төсвийн тухай хуульд зааснаар батлагдсан төсвийг зохистой удирдах, авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, төсвийг зориулалтаар нь зарцуулах, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан ажилчдын цалин хөлсийг тогтоох үүрэгтэй бөгөөд дээрх эрх, үүргээ биелүүлэх үүднээс хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардлагын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч С.Б давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр эсхүл үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, үндэслэлгүйгээр ажлаас нь халсан асуудал байхгүй. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчиж намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дурджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үндэслэлүүдийг зохицуулсан байх бөгөөд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Бы ажлын байр хэвээр хадгалагдаагүй байхад намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн гэж буруутгасан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгч С.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00181 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан БӨАӨС ЕБын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн б/02 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай тушаалын С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Төлек кадир овогт Сабидолдагийн С.Быг БӨАӨС ЕБын 2 дугаар бүрэн дунд сургуулийн математикийн багшаар эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00055 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Отгонтуяа хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй, хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргах нь: - “Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-д заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсанаар гэрээг дуусгавар болгосон нь тогтоогдоогүй нотлох баримт байхгүй гэжээ”. Гэтэл тухайн хавтас хэрэгт байгаа Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитийн газрын 2017.11.07-ны өдрийн 07\38-БӨА-2017\05-ГА тоот албан шаардлагын “шаардах нь” хэсгийн 1,2-р заалтаар “илүү орон тоог хасах” заалт оруулж шаардсаныг, Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2018.02.05-ны өдрийн Хяналт шалгалтын танилцуулгын 3 дахь болон 11 дэх заалтуудаар “орон тоо бүтцийг батлагдсан хэмжээнд мөрдөх”, илүү орон тоог цомхотгох, Төсвийн тухай хуулийг мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгосон зэрэг нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас үнэлээгүй байна. Эдгээр нотлох баримтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-д заасан шаардлагад бүрэн нийцэж байтал шүүх нотлох баримтыг “үнэн зөв эргэлзээгүй” талаас нь үнэлж чадаагүй байна. - Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар математикийн багшийн орон тоо хасагдсан, эсхүл орон тоо цөөрүүлсэн эсэхийг тушаалд тусгаагүй гэжээ. Гэтэл багш С.Б нь өөрөө тухайн 2-р БДС-ийн батлагдсан бүтэц орон тоонд ажиллаж байгаа үндсэн багш биш болох нь түүнийг ажилд томилсон тушаалаар батлагдах бөгөөд нэхэмжлэгч С.Б нь 2017.08.30-ны өдөр 2-р БДС-ийн захирлын “Ажилд томилох тухай ”Б\49 тоот тушаалаар ажилд томилогдохдоо батлагдсан орон тоонд биш, Гүнзгийрүүлсэн сургалт нээж байгаатай холбогдуулан ажилд томилогдсон болох нь уг томилсон тушаалын 1-р заалтаар тодорхой байна. Өөрөөр хэлбэл батлагдсан бүтэц орон тооноос гадуур БСШУ-ны сайдын 333 тоот тушаалыг үндэслэж томилогдсон болохыг шүүх анхаараагүй байна. Анхан шатны шүүхээс С.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай 2018.01.02-ны өдрийн Б\02 тоот тушаалыг үг өгүүлбэр хуулийн заалт бүрт дүгнэлт хийсэн мөртлөө ажилд томилсон тухай 2017.08.30-ны өдрийн Б\49 тоот тушаалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” шаардлагад нийцээгүй байна. 2. Хууль хэрэглээний талаар шүүх алдаа гаргасан гэж үзэх үндэслэл: - Ерөнхий боловсролын 2-р БДС-ийн захирлын 2017.08.30-ний өдрийн ажилд томилох Б\49 тоот тушаалд БСШУ-ны сайдын 333 тоот тушаалаар баталсан “ЕБ-д мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-г баримталж С.Быг ажилд томилсон байдаг. Гэтэл 2-р БДС-н захирал асан М.Адилбиш нь “ЕБ-д мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-ын 3.6-д заасан “гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулах шийдвэрийг сургуулийн зөвлөл гаргана” гэсэн заалтыг зөрчиж сургуулийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй /тухайн үед сургуулийн зөвлөл байгуулагдаагүй байсан/, захирал асан М.Адилбиш нь дур мэдэн гүнзгийрүүлсэн сургалт явуулах шийдвэр гаргасан байдаг. - БСШУ-ны сайдын 2002 оны 333 -р тушаалаар баталсан Үлгэрчилсэн журмын 2.1-р зүйлийн 2.1.1-д заасан “аймгийн боловсрол соёлын төвөөр батлуулах, дүгнэлт гаргуулах шаардлагыг зөрчсөн, энэ нь журмын 3.7,4-т заасныг давхар зөрчсөн болох нь нотлогдсоор байтал анхан шатны шүүх тухайн харилцааг нарийвчлан зохицуулж буй “ЕБ-д мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-н холбогдох заалтуудыг зөрчиж байсныг харгалзаагүй, журман дээрх заалтуудыг хэрэглээгүй зэрэг нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж гомдол гаргаж байна. - М.Адилбишийг Өлгий сумын ЕБ-н 2-р БДС-д хууль бусаар томилогдсныг Улсын дээд шүүхийн 2017 оны 06 сарын 15 өдрийн тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэчихсэн бөгөөд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай ” хуулийн 103.1-д зааснаар уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй гэж заасан учир тус сургуульд захирлын албыг эрхлэх үйл ажиллагаа явуулах, тушаал шийдвэр гаргах эрх мэдэлгүй байхад С.Быг 2017.08.30-нд ажилд томилж байгаа нь дээрх хуулиудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Захирал асан М.Адилбиш нь УДШ-н иргэний хэргийн танхимын 2017 оны 06 сарын 15-ны өдрийн дугаар 001/ХТ2017/00801 тогтоол гарсан өдрөөс эхлэн захирлын албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй юм. М.Адилбишийн хувьд цаашдаа захирлаар ажиллах боломжгүй болсныг мэдмэгц хувийн ашиг сонирхлын үүднээс дур мэдэн хууль бус үйл ажиллагаа явуулж олон хүнийг томилж орхисны нэг нь С.Б багш юм. Уг хэргийн өмнөх шатны 2 шүүх нь бодит нөхцөл байдлыг харж дүгнэлт гаргаж чадаагүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байгаа ба дахин сайтар нягталж үзэж бодит нөхцөл байдлыг нь харж дүгнэлт гаргаж өгөхийг хүсч байна. Өмнөх шатны 2 шүүх нь: - Батлагдаагүй орон тоонд олон хүн авч төсвийн хууль зөрчин, төсөвт /улсад/ хүндрэл хохирол учруулсан байдлыг огт анхаарахгүй байна. - Төрийн аудитын албан шаардлага болон санхүүгийн хяналт, аудитын албаны тавьсан шаардлагыг мөн огт авч үзэхгүй байна. Ингэснээр захиралд хариуцлага тооцогдох, байгууллагад хохирол учрах зэргийг тооцоолж үзэхгүй байгаа ба “цаашид төсвөө хэтрүүлээд яваад бай, төсвөө хэрхэх нь хамаагүй” гэсэн шууд утгатай байна. - 2017, 2018 оны байгууллагын батлагдсан төсөв, илүү орон тооны байдлыг харьцуулж үзэхгүй байна. - Мөн 2018.01.02-ны өдрийн Б\02 тоот тушаалаар 3-н багшийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ч огт ажилгүй болгоогүй, байгууллагын боломжоор нь цагийн багшаар томилсон ба төсөв мөнгөний боломж нь гарангуут эргүүлээд үндсэн багшид томилно гэдгийг хэлсэн, хурлын протоколд тусгагдсан зэргийг харгалзахгүй байна. - Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажилтанд нөхцөл байдлыг танилцуулж урьдчилан мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгч байсан зэргийг огт харгалзахгүй зөвхөн ажилтны эрх ашгийг бодож шийдвэр гаргаж байгаа нь өрөөсгөл байна. Тухайн багш нар ч гэсэн “би ямар ажлын байранд орж байгаа вэ гэдгээ судалж мэдэх нь” хувь хүний өөрсдийнх нь хариуцлагын асуудал байтал тэдний эрх ашиг л хохирох ёсгүй, бусад нь сургуулийн асуудал гэж шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, бодит нөхцөл байдлыг нягтлан судалж хяналтын журмаар гаргаж буй гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэргийг хуулийн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч С.Б нь БӨАЕын 2 дугаар бүрэн дунд сургуульд холбогдуулан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалын С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

Ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, сургуулийн дотоод журмын 3.3 дахь заалт болон аймгийн Төрийн Аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 07\38 албан шаардлагыг тус тус баримталсан боловч байгууллагын бүтэц дэх орон тоог цөөрүүлсэн талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, ажилтанд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, аймгийн Төрийн аудитын газрын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан “...эрх бүхий байгууллага шаардсан...” гэх үндэслэлд хамаарахгүй талаар хоёр шатны шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.3, 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Иймд “...Орон тоо хэтэрсэн бодит нөхцөл байдлыг үл анхаарч, нотлох баримтыг үнэлж чадаагүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00181 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00055 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА