| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0286/э |
| Дугаар | 2020/ШЦТ/286 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/286
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Б, Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Э нарт холбогдох эрүүгийн 1921007960301 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...........” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, .................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .............. овогт Б. /РД: ................./
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............. оны ............ дугаар сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .............. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ............, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .......... овогт Э. /РД: .............../
Шүүгдэгч Б нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт иргэн Э-ийг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн гадна хананаас суурь ясны далавч хамарсан хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газар иргэн Б-ыг зодож эрүүл мэндэд нь цээжний 2 ширхэг шарх, зүүн шууны олон тооны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч, шүүгдэгч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дахин архи нэхээд байхаар нь “үгүй ээ, тоо ширхэгтэй архи авч яваа, дахин задлахгүй” гэтэл “чи муу архи харамлаад байхдаа яадаг юм, очоод өгнө шүү дээ” гээд надтай маргалдсан. Тэгээд миний уур хүрээд “би ер нь өөрөө машинаа барина, чи зогс” гэсэн чинь зогсохгүй байхаар нь хажуу талаас нь зулгааж ноцолдсон. Тэр үед Б машинаа зогсоогоод миний сууж байсан хаалгаар ирээд намайг машинаас татаж буулгаад миний баруун нүд, хацар руу 2-3 удаа цохиход би унасан. Унахдаа биеийнхээ зүүн талаар машины хаалганд цохигдож унасан. Тэгээд юу болсныг санахгүй байна. ...Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал толгойны тасагт нүүрний яс хадах хагалгаанд орсон. ...Бид хоорондоо эвлэрсэн тул шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 47-48 тал/
Хохирогч, шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед 14 цагийн орчимд би машинаа жолоодоод явж байхад хажуу талын суудал дээрээс Э над руу дайрч жолооны хүрд булаацалдаж байснаа сүүлдээ миний цамцны захаар намайг боож эхлэхээр нь машинаа зогсоогоод баруун талын хаалгыг гаднаас нь онгойлгож Э-ийг татан буулгахад баруун гартаа штанганцеркул, зүүн талдаа машины түлхүүрээ барьчихсан байсан. Тэгээд би Э-ийн нүүрнийх нь баруун тал руу нь 2-3 удаа цохиход миний зүүн гар болон цээжийг маань хэмжигч төмөр багажаараа урахаар нь би түлхээд унагаасан. ... Бид хоорондоо эвлэрсэн тул шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 51-54 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 715 тоот дүгнэлтэд:
1. Б-ын биед цээжний 2 ширхэг шарх, зүүн шууны олон тооны шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хурц үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи шарх тус бүр нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 67 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот дүгнэлтэд:
1. Э-ийн биед баруун нүдний ухархайн гадна хананаас суурь ясны бага далавч хамарсан хугарал, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын бяцарсан хугарал, баруун хацар ясны хоёрлосон хугарал, баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн талын 4-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун хацар, шанаа, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний цус хуралт, цээжний зүүн талын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл.
3. Баруун нүдний ухархайн гадна хананаас суурь ясны бага далавч хамарсан хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын бяцарсан хугарал, баруун хацар ясны хоёрлосон хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 80 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 19-26, 28-30, 152-153 тал/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16 тал/
- Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 77 тал/
- Э, Б нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-59, 100-107 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч .......... овогт Б нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт хохирогч Э-ийг зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн гадна хананаас суурь ясны бага далавч хамарсан хугарал, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын бяцарсан хугарал, баруун хацар ясны хоёрлосон хугарал, баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн талын 4-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун хацар, шанаа, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний цус хуралт, цээжний зүүн талын цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч .......... овогт Э нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газар хохирогч Б-ыг зодож, эрүүл мэндэд нь “цээжний 2 ширхэг шарх, зүүн шууны олон тооны шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э, Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохиролтой холбоотой баримтууд, яаралтай тусламжийн хуудас, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 715 тоот, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б, Э нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Б-т 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох, шүүгдэгч Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б, Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Хохирогч, шүүгдэгч Э, Б нар нь хоорондоо эвлэрсэн, гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ын .............. тоот, шүүгдэгч Э-ийн ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........ овогт Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч ....... овогт Э-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн, шүүгдэгч Э-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ын ............ тоот, шүүгдэгч Э-ийн ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б, Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ