Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/291

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Б-од холбогдох эрүүгийн 2021000000316 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, тракторчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баян-Уул сумын ............. багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Б. /РД: ............./

Шүүгдэгч Б нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өүлэн эх” гэх нэртэй хөшөөний урд талын асфальтан зам дээр ******* ДОР улсын дугаартай, “Даевүү Матиз” маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Тоёота Ланд Круйзер 120 Прадо” маркийн ******* СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.

 Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын төвөөс 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчимд нөхөр Л-н эзэмшлийн ******* СҮА улсын дугаартай “Прадо” маркийн тээврийн хэрэгсэлд суугаад түүний хамтаар Сүхбаатар аймаг руу явахаар хөдөлсөн бөгөөд манай нөхөр жолоо бариад харин би түүний хажууд суусан. Ингээд Хэрлэн сумын 3 дугаар баг Өүлэн эхийн хөшөөний урд талын замаар баруун тийш чиглэн явж байхад урдаас буюу баруун зүгээс зүүн тийш чиглэлтэй нэгэн машин ирж байгаа харагдсан бөгөөд түүний ард шаргал өнгийн “Ноте” маркийн тээврийн хэрэгсэл явж байгаа харагдсан. Тухайн “Ноте” маркийн тээврийн хэрэгсэл нь урдаа явж байсан ачааны машиныг гүйцэж түрүүлэх оролдлого хийж жолооны хүрдээ зүүн гар тийш эргүүлэн эсрэг урсгал руу ороод улмаар манай нөхөр Л-н унаж явсан тээврийн хэрэгслийн баруун тал буюу зүүн талын хэсэг рүү мөргөчихсөн. Ингээд Л тээврийн хэрэгслээ зогсоосон. Би нөхрийн хамтаар машинаасаа бууж тухайн хүмүүс рүү очиход 30 орчим насны болон 60 орчим насны 2 эрэгтэй хүн байсан. Миний санаж байгаагаар зүүн талын урд суудал дээр 60 орчим насны эрэгтэй, баруун талын буюу жолоочийн суудал дээр 30 орчим насны эрэгтэй хүн сууж байсан. Ингээд ээлжлэн тухайн хүмүүс гарч ирсэн бөгөөд хоёулаа нэлээн согтуу байдалтай байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...би эмнэлэгт үзүүлэхэд баруун талын дал маань хугарсан гэж байна. ...Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б-с 1.400.000 төгрөгийг хүлээж авсан...” гэжээ. /хх-ийн 26-30, 88 тал/

Иргэний нэхэмжлэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* ДОР улсын дугаартай шаргал өнгийн “Матиз” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр М.*******гийн гэрт уг машинтайгаа очсон бөгөөд дугуй нь хагараад тэндээ үлдээсэн юм. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээнд заагдсан мөнгөн дүнг нэхэмжилж байна. ...910.800 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 32-33 тал/

 Иргэний нэхэмжлэгч Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын төвөөс 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ******* СҮА улсын дугаартай “Прадо” маркийн тээврийн хэрэгслээ унаад эхнэр Ц хамтаар Сүхбаатар аймаг руу явахаар хөдөлсөн. Ингээд хэрлэн сумын 3 дугаар баг Өүлэн эхийн хөшөөний урд талийн замаар баруун тийш чиглэн явж байхад урдаас буюу баруун зүгээс зүүн тийш чиглэлтэй нэгэн ачааны машин ирж байгаа харагдсан бөгөөд түүний ард шаргал өнгийн “Ноте” маркийн тээврийн хэрэгсэл явж байгаа харагдсан. Тухайн “Ноте” маркийн  тээврийн хэрэгсэл нь урдаа явж байсан ачааны машиныг гүйцэж түрүүлэх оролдлого хийж жолооны хүрдээ зүүн гар тийш эргүүлэн эсрэг урсгал руу ороод улмаар миний унаж явсан тээврийн хэрэгслийн буруу тал буюу зүүн талын хэсэг рүү мөргөчихсөн. Манай машинтай мөргөлдсөн машин нь зөв талдаа жолооны хүрдтэй байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг 60 орчим насны эрэгтэй жолоодон явж байсан юм байна. ...Өөрт учирсан хохирлыг яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 35-37 тал/         

Гэрч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сумъяагийн гэрт ирсэн ах болох манай худ Б надад хандаж “ аймаг орох хэрэгтэй байна, найз маань дуудаад байна, ахыгаа хүргээд өг” гэхээр  нь би “машин их муу барьдаг, би явахгүй” гэхэд “Би өөрөө бариад явчихнаа, асуудал гаргахгүй, арыг нь өөрөө даана” гэж байсан. Энэ үед манай гэрийн гадна манай төрсөн дүү Б эзэмшлийн “Матиз” маркийн шаргал өнгийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй хагарсан байдалтай байсан бөгөөд дугуйг нь нөхөж засварлаад аймгийн төв явахаар болсон. Ингээд 09 цаг өнгөрөөгөөд тухайн тээврийн хэрэгслийг Б ах жолоодон улмаар би хажуу талд нь суугаад  хамтдаа Хэрлэн сум руу хөдөлсөн. Ингээд 10 цагийн орчимд Хэрлэн сумын 3 дугаар баг Өүлэн эхийн  хөшөөний урд талын зам дээр ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэн явж байхад урд талд нэгэн ачааны машин явж байгаа харагдсан. Б ах жолооны хүрдээ зүүн гар тийш эргүүлэн тухайн машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд орох гэтэл эсрэг урсгалаас баруун тийш чиглэн явж байсан хар өнгийн “Прадо” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдчихсөн бөгөөд манай дүүгийн машины зүүн урд хэсэг гэмтсэн. Харин тухайн “Прадо” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын 2 хаалга, арын дугуй нь хагарч гэмтсэн байсан. Ингээд цагдаа, эмнэлэг ирсэн. ...Б ухаан алдатлаа согтоогүй байсан...” гэжээ. /хх-ийн 46-48 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 623 тоот дүгнэлтэд:

          1. Ц-н биед баруун дал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

        3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.3-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

      4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 55-56 тал/

Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн магадлагаанд:

1. “Матиз” маркийн шаргал өнгийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хэрлэн сумын 3 дугаар баг Өүлэн эхийн хөшөөний урд талын асфальтан замаар ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэлтэй жолоодон явж байсан Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зурчсөний улмаас осол гарах шалтгаан болсон байна гэжээ. /хх-ийн 22-23 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 тал/

- Зам тээврийн осолд холбогдсон “Toyota Land Cruiser Prado-120” маркийн ******* СҮА улсын дугаартай, “Daewoo Matiz” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 тал/

- Ослын газрын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 14-15 тал/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 130 тоот дүгнэлт /хх-ийн 61 тал/

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 18, 19-ний өдрийн “Автомашин техникийн үнэлгээний” тайлан, гэрэл зургууд /хх-ийн 68-74 тал/

- “Toyota Land Cruiser Prado-120” маркийн ******* СҮА улсын дугаартай, “Daewoo Matiz” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 83, 85 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 84 тал/

- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 88, 91 тал/

- Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүгдэгч Бын эрхийн үнэмлэхгүй талаарх тодорхойлолт /хх-ийн 92 тал/

- Б-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-43, 77-78 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ..... овогт Б нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өүлэн эх” гэх нэртэй хөшөөний урд талын асфальтан зам дээр “Daewoo Matiz” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota Land Cruiser Prado-120” маркийн ******* СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ц эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц, иргэний нэхэмжлэгч Б, Л, гэрч М.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осолд холбогдсон “Toyota Land Cruiser Prado-120” маркийн ******* СҮА улсын дугаартай, “Daewoo Matiz” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 130 тоот дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 18, 19-ний өдрийн “Автомашин техникийн үнэлгээний” тайлан, гэрэл зургууд, “Toyota Land Cruiser Prado-120” маркийн ******* СҮА улсын дугаартай, “Daewoo Matiz” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар, яаралтай тусламжийн хуудас, хохиролтой холбоотой баримтууд, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүгдэгч Б-ын эрхийн үнэмлэхгүй талаарх тодорхойлолт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 623 тоот дүгнэлт, өрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Б-од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б-од оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Ц эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Б-д 910.800 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Л-д 3522.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Ц нь эмчилгээний зардалд 1000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогч Ц-д 1400.000 төгрөгийг төлсөн байна. Иймд шүүгдэгчийн хохирогч Ц-д илүү төлсөн 400.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Л-д учруулсан 3522.000 төгрөгийн хохирлоос хасаж, үлдэгдэл 3122.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Л-д олгох нь зүйтэй байна.

Харин иргэний нэхэмжлэгч Б нь өөрт учирсан хохирлыг шүүгдэгчээс авсан учир шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Б-д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ын ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б-од оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б-од мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б-оос бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд нийт 3122.000 /гурван сая нэг зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот 8 дугаар баг, Энхжингийн 8 тоотод оршин суух, Л /РД: ............./-д олгож, хохирогч Ц, иргэний нэхэмжлэгч Б нар нь өөрт учирсан хохирлыг барагдуулж авсан учир шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогч Ц, иргэний нэхэмжлэгч Б нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ