Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Уянга,

шүүгдэгч Ж.Г,

хохирогч Ж.О

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Батболдын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 19 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Ж.Гт холбогдох эрүүгийн 1706033660448 дугаартай хэргийг 2018 оны 2 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Ж. Г, 1978 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,

Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1-749 тоотод эхнэр Ж.Ог жирэмсэн байхад нь зодож сүүлийн 1 жил архи уусан үедээ эхнэр Ж.Ог байнга зодох болсон, хүүхдүүдээ “тамхи авчир” гэж гэрээсээ хөөж гаргадаг, эхнэр, хүүхдүүдээ шөнө оройн цагаар гэрээсээ хөөдөг, харцаараа хөдөлгөн харгис хэрцгий харьцан, хүүхэд, жирэмсэн хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: шүүгдэгч Ж.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэршээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450 000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хорих ялд шилжүүлэн түүний биечлэн эдлэх ялыг 30 хоногоор тооцож, шүүгдэгч Ж.Гийн биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар түүнд оногдуулсан 7 /долоо/ сар хорих ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглохоор үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батболд 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 19 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичих үндэслэлтэй гэж үзлээ. Үүнд:

  1. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж

нэгтгэхдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2-т заасныг баримтлан 6 сар хорих ял дээр 450 нэгж буюу 450 000 төгрөгний торгуулын ялыг 30 хоног хорих ялд шилжүүлэн, биечлэн эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоож...” гэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд хуульд заасан ямар үндэслэлээр, торгох ялын хэдэн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солигдсон болох нь ойлгомжгүй болжээ. Шүүх Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн заалтыг дүйцүүлэн хэрэглэсэн бол энэ талаарх үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт дурьдаагүй байна.

  1. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.1-т заасныг

баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.Гийн биечлэн эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, ял оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж, түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглохоор үүрэг хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэсний дараа, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх талаар зохицуулалт шинээр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнссэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Д.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “дээд шатны проукрорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Ж.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би дахиж эхнэр хүүхдээ загнаж, зодохгүй, дахиж ийм үйлдэл гаргахгүй. Гэм буруугаа хүлээж байна...” гэв.

Хохирогч Ж.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...цагдаа, шүүхэд өгснөөс хойш манай нөхөр элдвийн авир гаргахаа больсон. Бид одоо эвлэрсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлыг болон давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1-749 тоотод эхнэр Ж.Ог жирэмсэн байхад нь зодож ,  хүүхдүүдээ “тамхи авчир” гэж  эхнэр, хүүхдүүдээ шөнө оройн цагаар гэрээсээ хөөн, харцаараа хөдөлгөн харгис хэрцгий харьцан, хүүхэд, жирэмсэн хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн бусдад хөнгөн гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Огийн: "...2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 1-749 тоотод нөхөр Ж.Г нь согтуу орж ирээд мөнгө нэхэж хэрүүл хийж, хоолой боож нүүр лүү цохиж, намайг 5 сартай жирэмсэн гэж мэдсээр байж миний гэдэс рүү цохисон. Манай бага хүүхэд 5 настай, том хүүхэд 7 настай. Сална гэж шөнө гэрээс хөөж гаргасан. Сүүлийн 3 жил архи ууж байна. Сүүлийн 1 жилээс архи уухаараа гар хүрч зоддог болсон. Тэгээд шөнө хүүхдүүдээ аваад зайл гэж гэрээс хөөж гаргадаг. Хүүхдүүдээ мөн адил зоддог. Хүүхдүүд маань байнгын айдастай, аавынхаа харцаар хөдөлдөг. Байнга намайг 2 хүүхдүүдтэй минь хөөж дарамталдаг. Тамхи энэ тэр авчир гэж хүүхдээ хөөж гаргадаг. Ж.Г нь ажил төрөл хийдэггүй, байнгын архи уудаг, мөнгө өг гэж дарамталдаг. Уруул хавдсан, дотор талдаа язарсан, зүүн талын хацар хөхөрч хавдсан, зүүн чих дүнгэнэж юм сайн сонсохгүй байгаа. Архи уучихаараа авиртай болчихоод намайг “яв, зайл” гэж хэл амаар доромжилж байсан. Мөн 2-3 жилийн өмнө ганц нэг удаа гар хүрсэн. Гэхдээ тэр үедээ бол гэмтэл учирч байгаагүй..." /хх 8-10/,

шүүгдэгч Ж.Гын: "...би архи уучихсан байсан. Тэгээд эхнэрээ гурван удаа цохисон. Нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд хацар луу нь гурван удаа цохьсон. Яагаад зодсон гэхээр урд өдөр нь манай эхнэр шинэ жилтэй гээд гэртээ ирж хоноогүй юм. Би өмнө эхнэртээ 2 удаа гар хүрч байсан. Нэг жилийн өмнө, тэрнээс бас өмнө зодож байсан..." /хх-91/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13926 дугаар дүгнэлт /хх 15/, ял шалгах хуудас /хх 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Гийн 2017 оны 1 сарын 5-ны өдөр эхнэр Ж. Ог зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэхдээ прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлддэг болохыг / хэзээ, хэдэн удаа, он, сар өдрөөр/ бүрэн нотолж чадалгүй,зөвхөн нэг үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 болон  11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус давхар зүйлчилсэн нь буруу байна.

Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр архи уун согтуурсан үедээ өөрийн гэртээ эхнэр Ж.Ог зодож хөнгөн гэмтэл учруулж, бага насны хүүхдүүдээ айлгаж, гэрээсээ хөөсөн болох нь тогтоогддог.

2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” уг зүйл ангиар зүйлчлэхээр заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дэх заалтын 2 дах хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”  хүндрүүлэх  нөхцөлд Ж.Гийн  эхнэр Ж.Ог зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл хамаарч байна.

Шүүгдэгч Ж. Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй.

Харин шүүгдэгч Ж.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар давхар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” зарчимтай нийцэхгүй байх тул  анхан шатны шүүхээс Ж.Гийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар давхар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймээс  прокурорын  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт

“...Баянзүрх дүүргийн прокурорын газар Ж.Гт  холбогдох үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмэлт заалт оруулж,

 “1” дэх заалтын “...Шүүгдэгч Б овгийн Ж Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож...” гэснийг

“...Шүүгдэгч Б овгийн Ж Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,  

“2” дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгосугай...” гэж,

“3” дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450 000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хорих ялд шилжүүлэн түүний биечлэн эдлэх ялыг 30 хоногоор тооцож, шүүгдэгч Ж.Гийн биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тус тус тогтоосугай...” гэснийг хүчингүй болгон,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Гт мэдэгдсүгэй...” гэж өөрчилж,

“5” дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар түүнд оногдуулсан 7 /долоо/ сар хорих ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж, түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглохоор үүрэг хүлээлгэсүгэй...” гэснийг хүчингүй болгон,

“...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхийг дурьдсугай...” гэж  тус тус өөрчилж тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

О.ЧУЛУУНЦЭЦЭГ