Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 755

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Уянгатөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00187 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Уянгатөгсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ард даатгал” ХХК-д холбогдох

 

Даатгалын гэрээний үүрэгт 1 764 360 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Уянгатөгс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Мандах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оноос эхлэн “Ард даатгал” ХХК-иар өөрийн орон сууцыг даатгуулж хамтран ажиллаж эхэлсэн. 2015 оны 11 сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 45 дугаар байрны 141 тоот 3 өрөө орон сууцаа Ард даатгалд даатгуулан, үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. 2015 оны 12 сарын 6-ны өдөр тус орон сууц эзгүй байх үеэр ариун цэврийн өрөөнд байх автомат угаалгын машины халуун усны холболт тасарч ус алдсаны улмаас миний даатгуулсан эд хөрөнгөнд дараах хохирол учирсан. Үүнд: Коридор, том өрөө, унтлагын болон хүүхдийн өрөөний паркетан шал, хаалга, шалны түвшнээс дээш 20-40 см норж, халуун усны нөлөөгөөр дэвтэн задарсан. Доод айлын цахилгааны бүх утас уг паркетан шалны доогуур явдаг учир тэдгээр цахилгааны утас, холболтууд болон шит нь бүрэн гэмтсэн. Үүнээс үүдэн цахилгааны гэмтлүүдийг засуулж, доорхи айлын цахилгааныг холбохын тулд шалыг бүхэлд нь хуулж авсан. Энэ болсон явдлыг миний аав Л.Энхтайван мэдсэн даруйдаа “Ард даатгал” компанийн ажилтан Батцэцэгтэй утсаар холбогдон мэдэгдсэн. Ингээд Батцэцэгийн өгсөн зааврын дагуу үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэн, шаардагдах материалуудыг бүрдүүлэн өгч, нөхөн төлбөр хүссэн боловч 2016 оны 2 сарын 23-ны өдөр “Ард даатгал” компаниас доорхи шалтгааны улмаас нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай 02/16/127 тоот шийдвэрийг гаргасан байсан. Үүнд: Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээнд заасан 3.9.1-т даатгагч нэн даруй мэдэгдэх, 3.9.2-т даатгалын тохиолдлын үед даатгалын зуучлагчид хандахгүй бөгөөд даатгагчид шууд хандах зэрэг даатгуулагчийн үүргүүдээ биелүүлээгүй нь тус гэрээний  заалтуудад хамаарч байх тул миний бие дээрхи зүйл заалтуудыг зөрчөөгүй учир тус компаниас гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа, энэ асуудлыг дахин хянаж үзэхийг хүсч байгаа тухай гомдлыг бичгээр гарган 2016 оны 3 сарын 02-ны өдөр “Ард даатгалд” өгсөн. Миний гомдлыг тус компанийн оператор Одцэцэг хүлээн авсан бөгөөд захирал хөдөө явж байгаа даваа гарагт /2016.03.07/ ирнэ гэсэн хариуг надад 77200088 дугаарын утаснаас өгсөн. Ингээд 2016 оны 3 сарын 16-ны өдөр Сумъяа гэдэг хүнтэй уулзахад “надад тохиролцох эрхийг захирал өгсөн, тохиролцох саналтай байна” гэсэн. Миний бие гэрээний ямар үүргээ хэрхэн зөрчсөн учраас нөхөн төлбөр авч чадахгүй байгаа гэдгээ гомдол дээрээ дурдсан байсан учраас энэ талаар тайлбар авахыг хүссэн боловч надад хууль болон гэрээнд заасны дагуу итгэл үнэмшил төрүүлэхүйц тайлбарыг өгөөгүй, чадаагүй, мөн мэргэжлийн үнэлгээний байгууллагаас үнэлэн тогтоож өгсөн хохирлын үнэлгээг үл зөвшөөрч, нөхөн төлбөрийг өгөхөөс татгалзсан. 2016 оны 7 сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлт гаргасан. 45 хоногийн дараа буюу 2016 оны 8 сарын 31-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос надтай 99099235 дугаарын утаснаас холбогдож, “Ард даатгал” компанийн ажилтан Батцэцэгтэй холбогдсоноо нотлох хэрэгтэй байна гэсэн. Миний бие маргааш эрт мобиком орсон боловч 3 сарын бичлэг л хадгалагддаг гэсэн хариу өгсөн. Ингээд 2016 оны 9 сарын 15-ны өдөр санхүүгийн зохицуулах хорооноос “Ард даатгал”-аас нөхөн төлбөр олгохгүй гэсэн нь үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн. Иймд “Ард даатгал” компаниас даатгалын нөхөн төлбөр болох 1 543 000 төгрөг, “Ашид билгүүн” үнэлгээний газарт төлсөн үйлчилгээний хураамж 84 860 төгрөг, мөн энэ хэрэгтэй холбоотойгоор гарсан нотариат, бичиг хэргийн зардал 136 500 төгрөг нийт 1 764 360төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Уянгатөгс нь 2015 оны 12 сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгө даатгалын гэрээ байгуулсан. 2015 оны 12 сарын 06-ны өдөр угаалгын машинаас шланк мултарснаас болж ус алдсанаас учирсан хохирол гаргуулахаар 2016 оны 1 сарын 20-ны өдөр “Ард даатгал” ХХК-д өргөдөл гаргасан. Даатгалын компанийн зүгээс 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай 02/16/127 тоот албан бичгээр мэдэгдсэн. Нөхөн төлбөрийг дараах үндэслэлээр олгохоос татгалзсан. Үл хөдлөх даатгалын тухай гэрээний 3.9.1-д даатгагчид нэн даруй мэдэгдэх, 3.9.2-т даатгалын тохиолдлын үед даатгалын зуучлагчид хандахгүй бөгөөд даатгагчид шууд хандах, 8.3-д хохирлыг нотлох боломжгүй, 8.8-д даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Даатгалын компани нь даатгуулагчийн мэдэгдсэний дагуу газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж даатгалын нөхөн төлбөр авахтай холбоотой зөвлөмж өгнө. Нөхцөл байдалтай танилцсанаар даатгалын гэрээнд заасан эрсдэл бий болсон зэрэг байдлыг тодорхой болгон баримтжуулна. Хэрвээ даатгалын зүйлд гэрээнд заагаагүй эрсдлийн улмаас хохирол учирсан, эсвэл гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгуулаагүй зүйлд хохирол учирсан бол даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй. Даатгуулагч нь ус алдсан тухайгаа даатгалын компанид 2016 оны 1 сарын 20-ны өдөр буюу тохиолдол бий болсноос хойш 45 хоногийн дараа даатгалын компанид мэдэгдсэн нь даатгалын эрсдэл бий болсон, уг эрсдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан, хохирлын хэмжээг бодитой тогтооход боломжгүй болгожээ. Иймд даатгалын гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгуулсан зүйлд хохирол учирсан буюу даатгалын тохиолдол бий болсон нь нотлогдох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

  •    Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.1-т зааснаар “Ард даатгал” ХХК-иас нийт 1 764 360 төгрөг гаргуулах тухай Э.Уянгатөгсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

              Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талууд үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.9.1-т даатгалын тохиолдлын үед даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргийг хэрэгжүүлэхээр заасан нь Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1-т "даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй" гэсэн зохицуулалттай нийцжээ. Иймд хариуцагч Ард даатгал ХХК нь даатгуулагч Э.Уянгатөгс даатгалын эрсдэл бий болсон талаар гэрээний дагуу нэн даруй мэдэгдээгүй гэж өөрийн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байхын зэрэгцээ нэхэмжлэгч Э.Уянгатөгс нь даатгагчид нэн даруй мэдэгдсэн болохоо баримтаар нотолж чадахгүй байх тул даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 1 543 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн байна. Миний бие 2017 оны 1 сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны эхэнд хариуцагч “Ард даатгал” компаний ажилтан н.Батцэцэгтэй 2015 оны 12 сарын 06-ны өдөр утсаар ярьсан тэмдэглэл, уг тэмдэглэлд н.Батцэцэгтэй холбогдсон утасны дугаар болон түүнээс заавар авсны үндсэн дээр нөхөн төлбөр авахад шаардлагатай баримт бичгийн талаар бичсэн тэмдэглэл бүхий нэг хуудас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Миний энэ баримтыг шүүгч нотлох баримтаар авсан ба мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр хуудсанд тусгагдсан байсан бөгөөд шүүх хуралдааны үед нотлох баримтыг шинжлэн судлах үед дурдагдсан. Гэтэл анхан шатны шүүх миний энэ гаргаж өгсөн нотлох баримтыг нотлох баримтаас хассан тухай шийдвэр гаргаагүй, шинжлэн судалсан атлаа шүүх нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Хариуцагч “Ард даатгал” ХХК нь даатгуулагч Э.Уянгатөгс даатгалын эрсдэл бий болсон талаар гэрээний дагуу нэн даруй мэдэгдээгүй гэж өөрийн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч энэ тайлбараа нотлохоор ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэн даруй мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, даатгагч нь нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байгааг, өөрөөр хэлбэл Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан нөхөн төлбөр төлөхөөс бүрэн буюу зарим хэсгийг татгалзах үндэслэл уг хэргийн нөхцөл байдалд тогтоогдохгүй байгааг шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Шүүх хуралдааны үед намайг хэдний өдөр даатгалын компани руу ярьсан тухайг хариуцагчаас асуухад "Хэзээ ярьсан гэдгийг мэдэхгүй" гэж хариулсан байгаа нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 893 тоот шүүх хуралдааны тэмдэглэлийн 3-р хуудаст тэмдэглэгдсэн байна. Энэ хариулт нь "Ард даатгал" ХХК нь нэхэмжлэгч намайг хэзээ дуудлага өгснийг мэдэхгүйгээр "нэн даруй мэдэгдээгүй гэдгийг тогтоох боломжгүй болохыг шүүх бас үнэлсэнгүй. Мөн хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн 2016 оны 6 сарын 21-ний өдрийн А06/33 тоот хариу тайлбартаа "... Даатгалын компани нь даатгуулагчийн мэдэгдсэний дагуу газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж даатгалын нөхөн төлбөр авахтай холбоотой зөвлөмж өгнө. Нөхцөл байдалтай танилцсанаар даатгалын гэрээнд заасан эрсдэл бий болсон зэрэг байдлыг тодорхой болгон баримтжуулна ... " гэсэн байгаа боловч “Ард даатгал” ХХК-иас одоог хүртэл нэг ч удаа даатгалын эрсдэл бий болсон газарт ирээгүй, нөхцөл байдалтай танилцаагүйг, яагаад танилцаагүйг шүүх бас үнэлсэнгүй. Мөн Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан байгаа нь анхан шатны шүүх хэрэглэх ёстой байсан хуулийн заалтыг хэрэглээгүй нь нэхэмжлэгч миний ашиг сонирхолд хохирол учруулж байна. Дээрхи хуулийн заалт нь даатгуулагч буюу нэхэмжлэгч миний “Ард даатгал” ХХК-д даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд ч даатгагч Ард даатгал компаний ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч нь нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж ойлгогдож байна. Иймд нэхэмжлэгч Э.Уянгатөгс би мэдээлэх үүргээ биелүүлээгүй, нотолж чадаагүй байсан ч “Ард даатгал” компаний ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй тул нөхөн төлбөр авах эрхтэй гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрт миний нэхэмжлэлийн шаардлага болох 1 804 010 төгрөгийг төгрөгийг нөхөн төлбөрт гаргуулахаар өөрчлөлт оруулж өгөх буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. Энэ гомдлоор дамжуулан давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Э.Уянгатөгс нь хариуцагч “Ард даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 1 764 360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нотлох баримтаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын албан бичиг, үнэлгээний тайлан, техникийн комиссын дүгнэлт зэргийг цуглуулж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагад нийцээгүй, хуулбар хувь байна.

 

  Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад “хариуцагч дээр дурдсан бичгийн нотлох баримтын үнэн зөвийн талаар маргаагүй” гэж дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00187 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 820 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                  

                                              ШҮҮГЧ                                         Т.ТУЯА

 

                                                                                Г.ДАВААДОРЖ