Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01389

 

Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн Б.Лгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

БӨ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00056 дугаар шийдвэр,

БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00033 дугаар магадлалтай,

Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лгийн нэхэмжлэлтэй

МХСТӨХХК-ний БӨ аймгийн газарт холбогдох

Т.Б нь ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осол гэж тогтоож, Т.Бийн 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 7 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Х.Арманы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Тамешкен овогтой Т.Б нь 1957 онд төрсөн. 1981 онд Улаанбаатар хотын Холбооны техникумийг техникч мэргэжлээр төгсөж, аймгийн 138 дугаар станцад тасралтгүй 35 жил мэргэжлээрээ ажиллаж байсан. Нөхөр маань ажлын хуваарийн дагуу ээлжид гарч байсан ба 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн орчимд манай охин түүний гар утас болон ажлын газрын утас руу удаа дараа залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан. Бид 12 цагийн үед утсаар ярихад зүгээр ярьж байсан. Тэгээд бид Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн жолооч Ш.Батырхан, инженер А.Иват, манай охин, хүргэн, бид тавуул станц руу явсан. Ажлын газарт нь 18 цагийн орчимд очиход манай нөхөр газарт шалан дээр ухаангүй хэвтэж байсан. Баруун талын духны хэсэгт хөхөрч, шалбарсан шархтай, баруун талын чихний арын хэсэгт шалбарсан шархтай байсан. Тэр өдөр ээлжид сууж байгаад 13 цагийн орчим ажил дээрээ ухаан алдаж унасан байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч Х.Ахбота бидний дуудлагаар ирсэн ба цус харвасан байна, ерөөсөө хөдөлгөж болохгүй гэж хэлснээр ажлын газарт нь эмч авчруулж эм тариа хийлгэсэн. Тухайн өдөр хажууд нь хүн байгаагүй ганцаараа болохоор унасан газартаа олон цаг хэвтсэн тул биеийн байдал нь нэлээн хүндэрсэн байсан. Мөн тэр өдөр би Мэргэжлийн хяналтын газар болон ажлын газрын холбогдох ажилтнуудыг дуудаж авчраад газар дээр нь нөхцөл байдлыг харуулсан. 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өглөө 11 цагт Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн ирж, "Тархины гүн цус харвалттай" гэсэн оношоор Улаанбаатар хотруу явж яаралтай хагалгаа хийлгэхээр болсон, 3 дугаар эмнэлгийн мэс заслын тасагт хүнд мэс заслын хагалгаа хийлгэж 2 сар хэвтэж эмчлүүлсэн боловч эдгэрээгүй, одоо байнгын хэвтрийн дэглэмтэй, эмчийн байнгын хяналтад эмчлүүлж, одоогоор эм эмчилгээнд 10 сая төгрөг зарцуулаад байна. Цаашид ч эмчилгээ их шаардагдах болоод байна. Гэвч байгууллага нь дотоод журамд заасныхаа дагуу бидэнд 2 сая төгрөг өгч тусалсан. Нөхөр маань 60 нас хүрээгүй, биеийн байдал нь сайжраагүй, ажил хийх чадваргүй болсон болохоор 2016 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гаргасан. Мэргэжлийн улсын байцаагч Т.Нурлан болон компанийн захирал Р.Шопанбек нар үйлдвэрлэлийн осол гэсэн магадлал гаргаж өгөөгүйд гомдолтой байна. Удаа дараа даргад нь хандсан боловч нэг ч хариу өгөхгүй сүүлд тэтгэвэрт гарахыг шаардаж, удаа дараа шахалт дарамт үзүүлсэнд туйлын гомдолтой байна. Манай нөхөр өнөөдөр эрүүл мэндээрээ хохирч, улсад 35 жил яг тухайн байгууллагад тасралтгүй ажиллаж, хөдөлмөр амьдралаа шингээсэн ч дарга нарын үзэл бодлоос болж авах тусламжаа авч чадахгүй байгаад гомдолтой байна. Иймд үйлдвэрлэлийн ослыг тогтоож, Т.Бийн сарын үндсэн цалин нь 400000 төгрөг байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нийт 7200000 /400000 төгрөг*18 сар/ төгрөгийн нөхөн төлбөрийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр станцад 7 хоногоор ээлжид гарахаар ажлын томилолтоор явсан Цахилгаан зай тэжээлийн техникч Т.Б нь 2 дугаар сарын 26-ны өдөр ажлын байранд цус харваж, ухаан алдаж унасан юм. Байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох комиссын дарга Б.Шекербай, гишүүд Ш.Ардах, А.Ибат, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Нурлан нар тухайн үед очиж үзлэг, шалгалт хийсэн байна. Тус байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох комисс дараах тайлбарыг гаргажээ. Үүнд: 1. Ажилтан Т.Б нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоогдсон 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтай хүн учраас хууч өвчний нөлөөл байна гэж үзлээ. 2. Мэргэжлийн эмчийн үзлэгээр Т.Б нь амрах өрөөнд өвчний нөлөөллөөр унасан тул үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж тайлбар гаргасан. 3. Комиссын ажиглалтаар Т.Бийн ажлын байранд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шинж тэмдэг огт илрээгүй. 4. Т.Бийн ажиллаж байсан ажлын байр нь хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд тооцогддог ба ийм ажлын байранд ажиллаж буй ажилтан 12 жил 6 сар ажиллаж 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуультай. Т.Бийн ийм нөхцөлөөр ажилласан хугацаа нь болсон талаар 2012 онд байгууллагын захиргаанаас түүнд өндөр насны тэтгэврээ тогтоолгохыг санал болгосон боловч Т.Б өөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос татгалзсан. Байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох комисс тогтоосон энэ дүгнэлтийн дагуу үйлдвэрлэлийн осолд бүртгэгдээгүй юм. Иймд Т.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэжээ.

БӨ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00056 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.5, 135.2.14, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Тамешкений Т.Б нь БӨ аймгийн МХСТӨХХК-ийн БӨ аймгийн газрын радио релейн 138 дугаар станцад ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осол гэж тогтоож, ажил олгогч /хариуцагч/ МХСТӨХХК-ийн БӨ аймгийн газраас Т.Бийн 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 7 200 000 /долоон сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бэд олгож шийдвэрлэжээ.

БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00033 дугаар магадлалаар БӨ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00056 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.5, 135.2.14, гэснийг хасаж, мөн заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1 гэсний дараа, 128 дугаар зүйлийн 128.1.11 гэсэн нэмэлт оруулан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130150.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Арман хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Аймгийн шүүхээс Т.Бийн гомдлын дагуу 2 удаа шинжээч томилсон. Шинжээч Т.Индирагийн 01 тоот шинжээчийн дүгнэлтэнд “...ажилтан Т.Бийн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад тухайн хөдөлмөрийн нөхцлийн болон үйлдвэрийн орчны сөрөг хүчин зүйлийн нөлөөлөлд өртөж эрүүл мэндээрээ хохирсон нь Үйлдвэрлэлийн осолд тооцохоор байгаа боловч Т.Бийн бие махбодод үүссэн өвчин нь Мэргэжлээс шалтгаалах өвчин мөн эсэхийг Эмнэлгийн Хөдөлмөрийн магадлах комисс /ЭХМК/-ээр тогтоолгох нь зүйтэй гэж үзэв” гэсэн дүгнэлт гаргасан нь зөв дүгнэлт байсан хэдий ч шүүхээс дахин шинжээч томилсон нь нэг асуудлаар хоёр янзын дүгнэлт гаргаж эргэлзээтэй байдал үүсгэсэн гэж үзэж байна. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №02 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Учир нь 2011 онд аймгийн мэргэжлийн хяналтын газраас Т.Бийг тухайн ажлын байранд ажиллах боломжтой гэсэн дүгнэлт манай байгууллагад ирүүлсэн байдаг. а/ Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 7.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй” гэж заасныг зөрчиж 22 сарын дараа акт нөхөн гаргасан. Тухайлбал БӨ аймгийн МХГ-аас Т.Бийн эхнэр Б.Лд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн “Хариу хүргүүлэх тухай” албан тоотод “Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 7.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй” гэж заасан учир манай байгууллагын улсын байцаагчид дүгнэлт гаргах боломжгүй” гэж хариу өгсөн болно. б/Радио релейны 138-р станцын цахилгаан зай тэжээлийн техникч Т.Б 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр станцад албан үүргээ гүйцэтгэж байгаад цус харваж унасан. Цус харвасан нь БӨ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Мажетхан, эмчлэгч эмч М.Маруа нарын болон П.Н Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн магадлалаар тус тус батлагдсан байсан. Т.Б 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн үед ээлжид гарсан ба маргааш нь цус харваж унасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Т.Б 2016 оны 2 дугаар сарын 26-ны 12 цагт охин болон эхнэр руу залгаж ярьсан тухай мөн 14 цагийн үед охин, эхнэр хоёр байн байн утсаар ярьж байсан тухай тодорхой бичсэн байна. Үүнээс үндэслэн бид Т.Б толгой өвдөж байгаа тухай гэр бүлийн хүмүүстэй утсаар ярьж байсан байна гэсэн дүгнэлт хийж байна. Гэр бүлийнхэн нь зүгээр байгаа хүнтэй цаг минут тутам ярихгүй нь мэдээжийн зүйл юм. Мөн манай ЦЗТэжээлийн инженер А.Иват, жолооч Ш.Батырхан нар Б.Лгийн хамт очиход амралтын өрөөний шалан дээр хэвтэж байсан ба амралтын өрөөний зурагт асаалттай.Т.Б гутлаа тайлж орныхоо хажууд тавьсан, өөрийнхөө гар утас нь газарт унаж задарсан байдалтай, харин байгууллагаас өгсөн гар утас ширээн дээр байжээ. Мөн ширээн дээр Т.Бебитийн хэрэглэж байсан эмүүд байсан ба эхнэр Б.Л нь Т.Б даралтын эмээ уугаагүй, 4 ширхэг мезимпорт уусан байна гэж манай хүмүүст хэлжээ. Энэ бүх үйлдэл нь Т.Б болон гэр бүлийнхэн нь өвчнөө нууж дарагдуулсныг нотолж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхи буюу бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ” гэж заасан. Гэтэл Т.Б нь үйлдвэрлэлийн хүчин зүйлд өртөөгүй, цацраг идэвх буюу бодисын нөлөөгөөр хурц хордлого аваагүй, харин өөрийнхөө өвчний улмаас цус харвасан. В.Шинжээчид дүгнэлтээ дараах 3 үндэслэлээр гаргасан: -2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр МХЕГазрын хөдөлмөрийн нөхцлийн хэмжилтээр агаарын температур эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс 8-12 хэмээр, харьцангуй чийглэг 11.4-41.4 хувиар тус тус бага гэж дүгнэлт гаргасан. Энэ нь үйл явдал болсноос хойш 13 сарын дараа хийгдсэн хэмжилт юм. -2 жилд 1 удаа эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт оруулаагүй гэж манай байгууллагын бичиг баримтыг шалгаж үзээгүй байж өрөөсгөл дүгнэлт гаргаж хилсдүүлсэн. Гэтэл бид 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажилчдаа Нэгдсэн эмнэлэгт урьдчилсан болон хугацаат үзлэгт оруулсан. Уг үзлэгийн эрүүл мэндийн хуудсанд нарийн мэргэжпийн эмч нарын үзлэгээр Т.Б нь дотроор М06, гэмтэл согогоор О 7.6+3 гэсэн өвчний оноштой болох нь тэмдэглэгдсэн. Мөн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бейсенд явуулсан албан тоотоор нотлогдож байна. - Т.Б нь 2014 оны 12 дугаар сарын 10-аас 2016 оны 12 дугаар сарын 10-ны хүртэл 24 сарын хугацаагаар “М45 Барьцалдаат спондилит” оношоор буюу “...1-10-54 нуруу мурийх, бөгтийж мурийх өвчний 3,4 дүгээр үе (нуруу ба цээжний хэлбэр алдагдсан дотоод эрхтнүүдийн байрлал өөрчлөгдсөн.) 50-70” заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар сунгуулсан бөгөөд энэ өвчин нь цус харвахад нөлөөлөх эсэхийг мөн Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмчээс тодруулахаар Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2/374 тоот албан бичгийн хүргүүлсэн бөгөөд үүнд “М45 Онош: Барьцалдаат спондилит” оношоор ТДГ байсан нь тархины цус харвалтад нөлөөлөхгүй болохыг тодорхойлов” гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт хэн гэдэг хүн ямар багаж хэрэгслээр хэмжээд, ямар шинжилгээ, нотолгоог үндэслэж дүгнэлт гаргасан тухай нотлох баримт байхгүй, Т.Бөйбит нь үйлдвэрлэлийн ямар хүчин зүйлд орсон нь ч тодорхой бус байна. 2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас бий болсон хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс шийдвэрлэнэ” гэж тодорхой заасан байтал шүүгч Бүлдирген БӨ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаар бүхий “Магадалгаа гаргах тухай” албан бичгийг үндэслэн шийдвэр гаргасан нь илт хууль зөрчсөн зүйл болсон. Учир нь ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын зэргийг газрын даргын албан тоотоор бус эмнэлэг магадлалын комиссын дүгнэлтээр тогтоож тусгай дугаар бүхий “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ны үнэт цаасан дээр бичиж комиссын дарга, орлогч дарга, гишүүд (дотрын эмч, мэдрэлийн эмч, мэс заслын эмч гэх мэт 6-7 хүн)- гарын үсгээ зурж БӨ аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын тамга дарж баталгаажуулах ёстой тул нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл” хэсэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь хуулийн үндэслэлтэй болжээ. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон ба магадлалд тусгасан зарим эрх зүйн дүгнэлтийг зөвтгөх боломжтой гэж хяналтын шатны шүүх үзэв.

Б.Л нь МХСТӨХХК-ний БӨ аймгийн газарт холбогдуулан Т.Б нь ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг тогтоолгох, 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 7200000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Т.Б нь МХСТӨХХК-ийн БӨ аймгийн газрын радио релейн 138 дугаар станцад ажил үүргээ гүйцэтгэх явцад, ажлын байран дээрээ 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ухаан алдаж,  зүүн талын тархины цус харваж хөдөлмөрийн чадвараа 70-79 хувь хугацаагүйгээр алдсан, ажил олгогч 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй гэж акт гаргасан, уг актыг ажилтан Т.Бын эхнэр Б.Л эс зөвшөөрч Мэргэжлийн хяналтын газар хандсан, улмаар шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу  шийдвэрлүүлнэ.” гэж заасан бөгөөд Б.Лгийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулах үүрэгтэй бөгөөд комисс нь  үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар акт, дүгнэлт гаргах үүрэгтэй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-т зааснаар ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй байхад хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй, ажил олгогчийн гаргасан актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсноор үйлдвэрлэлийн осол тогтоох хуульд заасан шаардлага хангагдсан тул Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 7.2-т заасан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй.” гэх заалт зөрчигдсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

МХСТӨХХК-ийн БӨ аймгийн газрын Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн актаар Б.Т.Быг үйлдвэрлэлийн ямар нэгэн хүчин зүйлд өртөөгүй, өөрийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж цус харвасан байх тул осолд өртсөн гэж тооцох боломжгүй гэж тогтоосон боловч энэ дүгнэлт үндэслэлгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 тоот шинжээч Т.Өсерхан, Т.Нурлан, Б.Энхбаяр нарын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 05/091/72 дугаар ажлын байрны дүгнэлт, Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтийн хариу, БӨ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/227 тоот албан бичиг, БӨ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 тоот албан бичиг, ажилтны өвчний онош, шинжилгээний хариу, хагалгаанд орсон баримтуудаар тогтоогджээ.

Ажлын байрны агаарын температур, чийглэгийн хэмжээ зохих хэмжээнд хүрээгүй, ажил мэргэжлийн онцлогтой уялдуулж ажилтныг эрүүл мэндийн үзлэг, давтан шинжилгээнд зохих ёсоор хамруулаагүй, ажлын байрны тоог оновчтой зохицуулаагүй ажил олгогчийн буруугаас шалтгаалж, Б.Т.Б нь хөдөлмөрийн нөхцөл болон үйлдвэрлэлийн ослын улмаас ажлын байран дээрээ тархины цус харвасан гэмтэл учирсан байх тул түүнийг үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн болон Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Б.Т.Б нь үйлдвэрлэлийн осолд өртөхөөс өмнө ...нуруу бөгтийх, мурийх өвчний 3,4 дүгээр үеийн өвчний байдалтай, хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдсон байсан ба энэ нь тархины цус харвалтад нөлөөлөөгүй талаар Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2/374 тоот албан бичиг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байв. Б.Т.Б нь дээрх байдлаар үйлдвэрлэлийн осолд өртснөөр хөдөлмөрийн чадвараа 70-79 хувь алдсан нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2444 дүгээр шүүгчийн захирамж, уг захирамжид өөрчлөлт оруулсан 2017 оны 12 сарын 11-ны өдрийн 3024 дүгээр шүүгчийн захирамжаар дахин шинжээч томилохдоо Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Нурлан, эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Энхбаяр, БӨ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дарга Т.Өсерхан нарыг шинжээчээр томилж, эрх үүргийг тайлбарласан, хууль сануулсан шинжээч нар гарын үсгээ зурсан байхад /хх-92/ давж заалдах шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан шинжээчийн эрх, үүргийг танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлт нь мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй эргэлзээтэй гэж үзэж нотлох баримтаар үнэлэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. БӨ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 10 дугаар сарын 23-ны 2/466 тоот албан бичгээр дүгнэлт гаргах боломжгүй талаар хариу ирүүлэхдээ улсын байцаагч Т.Нурлан, Г.Индра нар өмнө нь дүгнэлт гаргаж байсан, мэргэжлийн өөр байцаагч байхгүй гэсэн хариу ирүүлсэн нь үндэслэлгүй байсан тул шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, тухайн байгууллагад өөр өөр мэргэжлийн байцаагч ажиллаж байгааг тогтоон, шинжээчийг нэр заан томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1, 97.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.5, 135.2.14-т заасан нэхэмжлэлд хамаарахгүй зохицуулалтыг баримталсан нь буруу тул энэ талаарх шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны магадлал хуулийн үндэслэлтэй болжээ.

Иймд Б.Т.Бийг МХСТӨХХК-ийн БӨ аймгийн газрын радио релейн 138 дугаар станцад ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг тогтоож, МХСТӨХХК- ийн БӨ аймгийн газраас Т.Бийн 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 7 200 000 төгрөг гаргуулсан нь хуульд нийцсэн тул хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00033 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130 150төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА