| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0617/Э |
| Дугаар | 605 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 605
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Ганчимэг, шүүгдэгч А.Ч-, түүний өмгөөлөгч М.Батмөнх, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт А-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2010015060800 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, артлер мэргэжилтэй, Зэсвэгт хүчний 120 дугаар ангид ахлагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт А-ийн Ч, .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ч- нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний орой Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 13-512 тоотод эхнэр Х.Н-г үл ойлголцлын улмаас зодож эрүүл мэндэд нь дух, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, дотоод уруулд цус хуралт, хүзүүнд зулгарал, зүүн суга, зүүн шуу, зүүн гуя, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч А.Ч-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Х.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед ажлаа тараад ....Батхишиг, Урантуяа нартай Нисэх бааранд орж хоёр цаг дуулахаар цаг аваад тэндээ пиво авч уусан. Тэр үед манай нөхөр над руу залгаад байхаар нь би утсаа аваагүй. Тэгээд баарнаас гарч Батхишигийн гэрч очоод байж байхад манай нөхөр орж ирээд бос гээд толгой руу нэг удаа алгадсан. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна. ...Тэгээд унтаад өглөө сэрсэн чинь миний бие өвдөөд байхаар нь цагдаа дуудсан...” /хх-ийн 19-20/ гэсэн,
Гэрч Д.Батхишиг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний орой ...Н-, Урантуяа хоёр манай гэрт ирээд Нисэхийн бааранд хамт орж сууя гээд бид гурав бааранд орсон. ...Тэнд ороод хүн бүрийн 2 ширхэг пиво захиалаад дуулж сууж байгаад гарсан. ...Миний санаж байгаа гэвэл Н-гийн нөхөр орж ирээд шууд нэг удаа алгадаж байсныг санаж байна. Тэгэхэд нь би хүүхдээ аваад нөгөө өрөөндөө орсон...” /хх-ийн 23/ гэсэн,
Гэрч Э.Урантуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний орой ...Н-, Батхишиг бид гурав бааранд орж хүний хоёр шил пиво авч уугаад 23 цаг өнгөрч байхад гарсан. ...Батхишиг эгчийн гэрт очсоны дараа ...Н-гийн нөхөр нь орж ирээд хоёр удаа гараараа алгадаад явья гэж чирээд үүдэнд Н-гийн гутлыг өмсгөөд аваад гарсан...” /хх-ийн 24/ гэсэн,
Шүүгдэгч А.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчим утсаар эхнэр рүүгээ залгахад утсаа авахгүй байж байгаад 23 цагийн үед ажлынх нь нэг эмэгтэй утсыг нь аваад манай эхнэртэй яриулахгүй байхаар нь гэрийнх нь хаягийг заалгаж авсан. Тэгээд гэрт ороход манай эхнэр согтуу, хувцасаа өмс гэхэд босохгүй байхаар нь уурандаа нүүрэнд нь хоёр удаа алгадаад, хувцсыг нь өмсгөөд аваад гарсан...” /хх-ийн 35/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №8861 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Х.Н-гийн биед дух, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, доод уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн суга, зүүн шуу, зүүн гуя, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалталтанд тогтонги нөлөөлөхгүй...” /хх-ийн 26-28/ гэсэн дүгнэлт,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8-9/,
- Өргөдөл /хх-ийн 10/,
- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 49/,
- Шүүгдэгч А.Ч-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч А.Ч- нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний орой Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 13 дугаар байрны 512 тоотод эхнэр Х.Н-г үл ойлголцлын улмаас зодож эрүүл мэндэд нь дух дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, дотоод уруулд цус хуралт, хүзүүнд зулгарал, зүүн суга, зүүн шуу, зүүн гуя, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Н-гийн “...2020 оны 7 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед ажлаа тараад ....Батхишиг, Урантуяа нартай Нисэхийн бааранд орж хоёр цаг дуулахаар цаг аваад тэндээ пиво авч уусан. Тэр үед манай нөхөр над руу залгаад байхаар нь би утсаа аваагүй. Тэгээд баарнаас гарч Батхишигийн гэрч очоод байж байхад манай нөхөр орж ирээд бос гээд толгой руу нэг удаа алгадсан...” /хх-ийн 19-20/ гэсэн, гэрч Д.Батхишигийн “...Миний санаж байгаа гэвэл Н-гийн нөхөр орж ирээд шууд нэг удаа алгадсаныг санаж байна. Тэгэхэд нь би хүүхдээ аваад нөгөө өрөөндөө орсон...” /хх-ийн 23/ гэсэн, гэрч Э.Урантуяагийн “...Батхишиг эгчийн гэрт очсоны дараа ...Н-гийн нөхөр орж ирээд хоёр удаа гараараа алгадаад явья гэж чирээд үүдэнд Н-гийн гутлыг өмсгөөд аваад гарсан...” /хх-ийн 24/ гэсэн, шүүгдэгч А.Ч-ийн “...2020 оны 7 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед эхнэр рүүгээ утсаар залгахад утсаа авахгүй байж байгаад 23 цагийн үед ажлынх нь нэг эмэгтэй утсыг нь аваад манай эхнэртэй яриулахгүй байхаар нь гэрийнх нь хаягийг заалгаж авсан. Тэгээд гэрт ороход манай эхнэр согтуу, хувцасаа өмс гэхэд босохгүй байхаар нь уурандаа хоёр удаа нүүрэнд нь алгадаад, хувцсыг нь өмсгөөд аваад гарсан...” /хх-ийн 35/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №8861 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Х.Н-гийн биед дух, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, доод уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн суга, зүүн шуу, зүүн гуя, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 26-28/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8-9/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Х.Н-гийн эрүүл мэндэд учирсан “...дух, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, доод уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн суга, зүүн шуу, зүүн гуя, баруун гуянд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.Ч-ийн түүнийг цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Ч-ийн хохирогч Х.Н-гийн нүүрэнд гараараа цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ч-ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ч- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 49/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч А.Ч- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч А.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ч- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар А.Ч-т оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2010015060800 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Ч- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Х.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн Ч-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун төгрөг/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Ч-т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун төгрөг/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2010015060800 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Ч- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Х.Н-, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР