| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0608/Э |
| Дугаар | 607 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 607
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Д.П-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт Д-ын П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2010012660777 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Д-ын П
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.П- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар гүнтийн зусланд эхнэр Б.У-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөсөн,
мөн 2020 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө түүний хөлөн тус газарт гутлаар тус тус цохиж эрүүл мэндэд нь нүдний алим, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчтой гэр бүл болоод 10 жил болж байна, бид нар гэр бүлийн баталгаатай, хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан, архи уусан байхдаа гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, тухайн зардлыг би гаргасан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 21-ний орой манай нөхөр П-гийн нэг найз нь эхнэртэйгээ муудалцаад байхаар нь би П-гийн тэр найзад нь “чи болиоч айлд байж хэрүүл хийгээд байна” гэж хэлээд зогсож байтал П- над дээр ирээд “чи одоо яагаад байгаа юм” гээд найзыгаа өмөөрөөд миний баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн. ...П- намайг хайсаар байгаад олж ирээд архи нэхээд хэрүүл хийгээд баруун хацар руу нэг удаа алгадсан. Тэгсэн чинь миний зүүж явсан нүдний шил хугарч унасан, баруун нүдэнд цус хурсан байсан. ...Маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 22-ны орой П- бурханы урд тавьсан байсан архи аваад уучихсан. Тэгэхээр нь би П-д “чи одоо болиоч” гэж хэлсэн чинь П- одоо унтлаа гэж хэлсэн. ...шөнө 3 цагийн үед сэрсэн чинь П- нэлээн согтчихсон байсан. ...би “чи одоо болиоч унтаач” гэж хэлтэл надтай хэрүүл хийгээд өдөөд байсан. ...Орилж хашгирч байтал манай охин Номин-Эрдэнэ босож ирээд уйлаад “ааваа та ээжийг битгий загнаад бай” гэж хэлээд орилохоор нь миний уур хүрээд “цагдаа дуудлаа шүү, зайлаарай” гэж хэлтэл миний араас бариад авсан. Тэгэхээр нь би “зайлаарай” гэж хэлтэл үүдэнд гутлаа өмсөж сууж байгаад гутлаа аваад шидсэн бөгөөд гутал нь өмнө өшиглүүлээд хөхөрчихсөн хөл дээр оносон...” /хх-ийн 20/ гэсэн,
Гэрч Б.Энэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...У- П- хоёр маргалдаад байсан бөгөөд П- найзыгаа өмөөрөөд л маргалдаад байх шиг байсан. ...П- У-гийн хөл рүү нэг удаа өшиглөөд толгойг нь гараараа түлхсэн. ...П- нь У- бид хоёрыг хайсаар байгаад олоод хүрээд ирээд У-тай маргалдаад байсан. У-гийн нүүр рүү нь 1 удаа гараараа цохисон бөгөөд У-гийн зүүж явсан нүдний шил хугарсан, нүдэнд нь цус хурсан байсан. ...6 дугаар сарын 23-ны өдөр П-гийн машиныг нь өгөхөөр гэрт нь очиход У- “өнгөрсөн шөнө П- хөл рүү гутал шидэж гэмтээсэн...” гэж ярьж байсан...” /хх-ийн 25/ гэсэн,
Шүүгдэгч Д.П- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн өдөр болсон ба 4 дэх өдөр байсан учир 19-ний өдөр нь буюу 5 дахь өдөр нь би найз нарын хамт Ар гүнт рүү манай зуслангын байшин руу миний төрсөн өдрийг тэмдэглэхээр явцгаасан. Манай эхнэр У- тухайн өдөр бас нэг хүний төрсөн өдөрт очно гээд үлдсэн. 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн орчим У- ...найз Энэрэлээр машинаа бариулаад ирсэн. Бид нар бүгдээрээ хоол унд идээд, архи ууцгаасан. Би тасарчихсан байсан учраас болсон зүйлээ санахгүй байгаа. 2020 оны 6 дугаар сарын 22-ны өглөө сэрсэн чинь манай эхнэрийн баруун шилбэ хөхөрсөн байсан. Би юу болсон талаар асуухад “чи намайг өшиглөсөн” гэж хэлэхээр нь би уучлалт гуйсан. ...2020 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө би эхнэр У-гаас архи нэхээд маргалдсан. Би цохиж зодсоноо санахгүй байна. Маргааш өглөө эхнэр У-гийн нүд нь улайчихсан, нүдний шилний гар мөн хугарсан байсан. ...Би гэртээ ирээд ганцаараа нэг шил архи уусан. У-гаас дахиад архи нэхсэн чинь өгөхгүй байхаар нь би нуусан архиа өгөөч гэсэн боловч өгөөгүй. Тэгээд маргалдсан. Маргалдаж байгаад би гутлаа шидсэн У-г оносон эсэхийг мэдэхгүй байна. ...Би өмнө нь У-г цохиж зодож байгаагүй. Маргалдах зүйл гардаг л байсан. Би эхнэр У-д гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 73-74/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №7417 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.У-гийн биед нүдний алим, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 30-31/ гэсэн дүгнэлт,
- Дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 6/,
- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 8-9/,
- Шүүгдэгч Д.П-гийн хувийн байдалтай холбоотой хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35-36/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.П- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар гүнтийн зусланд эхнэр Б.У-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөсөн,
мөн 2020 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны 36 тоот гэртээ түүний хөлөнд гутлаар цохиж эрүүл мэндэд нь нүдний алим, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хохирогч Б.У-гийн “...Манай нөхөр П-гийн нэг найз нь эхнэртэйгээ муудалцаад байхаар нь би П-гийн тэр найзад нь “чи болиоч, айлд байж хэрүүл хийгээд байна” гэж хэлээд зогсож байтал П- над дээр ирээд “чи одоо яагаад байгаа юм” гээд найзыгаа өмөөрөөд миний баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн. ...П- намайг хайсаар байгаад олж ирээд дахиад архи нэхээд хэрүүл хийгээд баруун хацар руу нэг удаа алгадсан. Тэгсэн чинь миний зүүж явсан шил хугарч унасан, баруун нүдэнд цус хурсан байсан. ...Маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 22-ны орой П- бурханы урд тавьсан байсан архи аваад уучихсан. Тэгэхээр нь би П-д “чи одоо болиоч” гэж хэлсэн чинь П- одоо унтлаа гэж хэлсэн. ...Шөнө 3 цагийн үед сэрсэн чинь П- нэлээн согтчихсон байсан. ...Би “чи одоо болиоч унтаач” гэж хэлтэл надтай хэрүүл өдөөд, орилж хашгирч байхад манай охин Номин-Эрдэнэ босож ирээд уйлаад “ааваа та ээжийг битгий загнаад бай” гэж хэлээд орилохоор нь миний уур хүрээд “цагдаа дуудлаа шүү, зайлаарай” гэж хэлтэл миний араас бариад авсан. Тэгэхээр нь би “зайлаарай” гэж хэлтэл үүдэнд гутлаа өмсөж сууж байгаад гутлаа аваад шидсэн бөгөөд гутал нь өмнө өшиглүүлээд хөхөрчихсөн хөл дээр оносон...” /хх-ийн 20/ гэсэн, гэрч Б.Энэрэлийн “...У- П- нар маргалдаад байсан бөгөөд П- найзыгаа өмөөрөөд л маргалдаад байх шиг байсан. ...П- У-гийн хөл рүү нэг удаа өшиглөөд толгойг нь гараараа түлхсэн. ...П- бид хоёрыг хайсаар байгаад олж ирээд У-тай маргалдсан. У-гийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон бөгөөд У-гийн зүүж явсан нүдний шил хугарсан, нүдэнд нь цус хурсан. ...6 дугаар сарын 23-ны өдөр П-гийн машиныг нь өгөхөөр гэрт нь очиход У- “өнгөрсөн шөнө П- хөл рүү гутал шидэж гэмтээсэн...” гэж ярьж байсан...” /хх-ийн 25/ гэсэн, шүүгдэгч Д.П-гийн “...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн өдөр болсон ба 4 дэх өдөр байсан учир 19-ний өдөр нь 5 дахь өдөр нь би найз нарын хамт Ар гүнт рүү манай зуслангын байшин руу миний төрсөн өдрийг тэмдэглэхээр явцгаасан. Манай эхнэр У- тухайн өдөр бас нэг хүний төрсөн өдөрт очно гээд хотод үлдсэн. 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн орчим У- найз Энэрэлээр машинаа бариулаад ирсэн. Бид нар бүгдээрээ хоол унд идээд, архи ууцгаасан. Би тасарчихсан байсан учраас болсон зүйлээ санахгүй байгаа. 2020 оны 6 дугаар сарын 22-ны өглөө сэрсэн чинь манай эхнэрийн баруун шилбэ хөхөрсөн байсан. Би юу болсон талаар асуухад “чи намайг өшиглөсөн” гэж хэлэхээр нь би уучлалт гуйсан. ...2020 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө би эхнэр У-гаас архи нэхээд маргалдсан. Би цохиж зодсоноо санахгүй байгаа. Маргааш өглөө эхнэр У-гийн нүд нь улайчихсан, нүдний шилний гар нь мөн хугарсан байсан. ...Би гэртээ ирээд ганцаараа нэг шил архи уусан. У-гаас дахиад архи нэхсэн чинь өгөхгүй байхаар нь би нуусан архиа өгөөч гэсэн боловч өгөөгүй. Тэгээд маргалдсан. Маргалдаж байгаад би гутлаа шидсэн У-г оносон эсэхийг мэдэхгүй байна. ...Би өмнө нь У-г цохиж зодож байгаагүй. Маргалдах зүйл гардаг л байсан. Би эхнэр У-д гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 73-74/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №7417 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Б.У-гийн биед нүдний алим, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 30-31/ гэсэн дүгнэлт, дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 6/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 8-9/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.У-гийн эрүүл мэндэд учирсан “...нүдний алим, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.П- түүнийг гараараа цохих, өшиглөх үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох юм.
Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Д.П-, хохирогч Б.У- нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай этгээдүүд болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.П-гийн хохирогч Б.У-гийн нүүрэнд гараараа цохиж, хөлөнд өшиглөж биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.П-гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.П- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 80/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.П- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.П-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр товлосон бөгөөд уг хуралдаанд шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай буюу 0,74 хувийн согтолттой ирж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч, улмаар шүүх хуралдааныг хойшлуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-гийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгуулийн ялаас хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.П- 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 7 (долоо) хоног цагдан хоригдсон бөгөөд түүнд оногдуулсан 500,000 төгрөгийн торгуулийн ялаас хасаж (7 хоног х 15,000 төгрөг = 105,000 төгрөг), түүний биечлэн эдлэх ялыг 395 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 395,000 төгрөгөөр (500,000-105,000=395,000) тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.П-д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Д.П-д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2010012660777 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.П- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.У- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Д-ын П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын П-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-гийн цагдан хоригдсон нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, оногдуулсан 500,000 төгрөгөөс хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 395 (гурван зуун ерөн тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 395,000 (гурван зуун ерөн таван мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д-ын П-д оногдуулсан 395 (гурван зуун ерөн тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 395,000 (гурван зуун ерөн таван мянга) төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2010012660777 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.П- бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.У- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР