| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0620/Э |
| Дугаар | 640 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 640
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох /томилолтоор/, шүүгдэгч Ц.Г-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт Ц-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010007650763 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хөлсөөр мал малладаг гэх, , ам бүл 1, урьд нь Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 293 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар,
Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял шийтгүүлж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 516 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 9 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Ц-ийн Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г- 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт оршин суудаг иргэн М.Э-тай гар утас авсан гэснээс болж толгой руу чулуугаар цохиж, өшиглөж биед нь дагзны хуйхны язарсан шарх, баруун хацрын төвгөрийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ц.Г- “...Дорноговь аймагт айлын мал маллаад сард 300,0-400,0 төгрөгийн цалин авдаг, өөрийн үйлдсэн хэргийн хувьд гэм буруу дээр маргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирогч М.Э-тай архи уухдаа таардаг, тухайн өдөр намайг Нанзад гэх айлд байхад М.Э- бас байсан, тэгээд айлд байхад надаас архины мөнгө нэхсэн, өгөхгүй гэсэн чинь надаас гар утас нэхсэн, тэгээд бид нар зодолдсон, би хохирогчийн толгойнд нь хоёр удаа гараараа цохисон, шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг би учруулсан, буруу зүйл хийсэн, архи уусны улмаас хоорондоо маргалдсан, болсон явдлыг бүгдийг санаж байгаа. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2020 оны 3 дугаар сарын 30-ны орой 16 цагийн үед Нанзад ахын бие тааруу байна гэхээр нь эргэх гэж гэрт нь очиход Г-, зүс таних нэрийг нь мэдэхгүй хоёр залуутай хамт архи уугаад сууж байсан. Тэгээд надад 3 хундага архи хийж өгөөд би тэрийг татсан. Тэгээд би Г-т хандаж чи миний гар утсыг авсан байсан гэж хэлэхэд тийм, би авсан гэсэн. Тэгэхээр чи миний гар утсыг гаргаж өг, хоёулаа гараад уулзъя гээд би гэрийн хаалгаар түрүүлж гараад 3 алхам алхахад Г- миний араас чулуугаар толгой дагзны арын хэсэгт хоёр цохиод авсан. Тэгсэн миний толгойноос цус гараад хэсэг ухаан балартаад газар унасан. Тэгэхэд намайг өшиглөж цохиод байсан. Тухайн үед хаана, хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй, хүн алах нь гээд толгойгоо малгайгаараа дарж гараад зугтаасан...” /хх-ийн 12-13, 14-15, 17-18/ гэсэн,
Гэрч Б.Нанзад мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ”...2020 оны 3 дугаар сард шиг санагдаж байна, би гэртээ архи уучихсан согтуу байхад гаднаас Э- орж ирсэн. Тухайн үед манайд Г- болон бас нэг хүн архи ууж байсан юм. Тэгээд гэрт Г-, Э- бид гурав үлдсэн байхад тэр хоёр хоорондоо гар утаснаас болоод маргаад байх шиг байсан. Тэгээд л би гэрийн хойморын орон дээр сууж байхад Э- гэрээс гараад л газар уначихсан. Удалгүй босч ирээд Г- миний толгойг чулуугаар цохиод хагалчихлаа гэж хэлсэн. Э-ын толгойноос цус гараад байсан. Тэгээд цагдаа нар ирсэн...” /хх-ийн 73-74/ гэсэн,
Шүүгдэгч Ц.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 3 сарын дундуур Яармагийн дэнжид байдаг Нанзадын гэрт архи уугаад сууж байхад гаднаас Э- орж ирсэн. Ингээд хамт архи уусан. Хамгийн сүүлд Нанзад ах, Э- бид гурав сууж байгаад Э- бид хоёр хоорондоо урьдны гар утасны асуудлаас болж маргаж эхэлсэн. Ингээд би гэрийн гадаа гарсан байхад Э- гэрээс гарч ирэхээр нь чулуугаар толгойнд нь цохьчихсон юм. Ийм зүйл болсон...” /хх-ийн 64-65/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дугаар сарын 02-ны өдрийн №4227 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.Э-ын биед дагзны хуйхны язарсан шарх, баруун хацрын төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 25-26/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 9/,
- Гэмт хэрэг зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 72/,
- Шүүгдэгч Ц.Г-ын хувийн байдалтай холбоотой гэрч Г.Чулуугийн мэдүүлэг /хх-ийн 70-71/, тодорхойлолт /хх-ийн 29/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 37-38/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 33/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Г- нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт оршин суудаг иргэн М.Э-тай гар утас авсан гэснээс болж маргалдан, улмаар чулуугаар толгой руу цохиж, өшиглөж биед нь дагзны хуйхны язарсан шарх, баруун хацрын төвгөрийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Эрдэнэбаяын ”... 2020 оны 3 дугаар сарын 30-ны орой 16 цагийн үед Нанзад гэх айлд очиж гэрт нь Г-, зүс таних нэрийг нь мэдэхгүй хоёр залуутай хамт архи уусан. ...Тэгээд би Г-т хандаж чи миний гар утсыг авсан байсан гэж хэлэхэд тийм, би авсан гэсэн. Тэгэхээр чи миний гар утсыг гаргаж өг, хоёулаа гараад уулзъя гэж хэлээд би гэрийн хаалгаар түрүүлж гараад 3 алхам алхахад Г- миний араас толгойн дагзны арын хэсэгт чулуугаар хоёр удаа цохиод авсан. Тэгсэн миний толгойноос цус гараад хэсэг ухаан балартаад газар унасан. Тэгэхэд намайг өшиглөж цохиод байсан...” /хх-ийн 12-13, 14-15, 17-18/ гэсэн, гэрч Б.Нанзадын ”...Э- гэрээс гараад л газар уначихсан. Удалгүй босч ирээд Г- миний толгойг чулуугаар цохиод хагалчихлаа гэж хэлсэн. Э-ын толгойноос цус гараад байсан. Тэгээд цагдаа нар ирсэн...” /хх-ийн73-74/ гэсэн, шүүгдэгч Ц.Г-ын “...2020 оны 3 сарын дундуур Яармагийн дэнжид байдаг Нанзадын гэрт архи уугаад сууж байхад гаднаас Э- орж ирсэн. Ингээд архи ууцгааж эхэлсэн. Хамгийн сүүлд Нанзад ах, Э- бид гурав сууж байгаад Э- бид хоёр хоорондоо урьдны гар утасны асуудлаас болж маргаж эхэлсэн. Ингээд би гэрийн гадаа гараад Э-ыг гараад ирэхээр нь толгойнд чулуугаар цохичихсон...” /хх-ийн 64-65/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №4227 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: М.Э-ын биед дагзны хуйхны язарсан шарх, баруун хацрын төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 25-26/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч М.Э-ын эрүүл мэндэд учирсан “...дагзны хуйхны язарсан шарх, баруун хацрын төвгөрийн зулгаралт...” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.Г-ын түүнийг чулуугаар цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Г-ын хохирогч М.Э-ын нүүрэнд гараараа цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Г-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Г- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-ын эрүүл мэндэд дагзны хуйхны язарсан шарх, баруун хацрын төвгөрийн зулгаралт бүхийн хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 100,000 төгрөг төлсөн /хх-ийн 72/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Ц.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар 780 /долоон зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд буюу 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс /хх-ийн 55/ өнөөдрийг хүртэл нийт 52 (тавин хоёр) хоног цагдан хоригдсон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ын цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгуулийн ялаас хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Г-ын цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийн нэг хоногийг арвантаван нэгжтэй тэнцэх хэмжээгэээр буюу 15,000 төгрөгөөр тооцож /52х15,000=780,000/ түүнд оногдуулсан 780 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 780,000 төгрөгийн ялаас хасч тооцоход тухайн торгуулийн ялыг эдэлж дууссахаар нөхцөл байдал бий болсон байх тул шүүгдэгч Ц.Г-ыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг эдэлсэнд тооцов.
Эрүүгийн 2010007650763 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Г- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ц-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн Г-ыг 780 /долоон зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ын цагдан хоригдсон 52 (тавин хоёр) хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, оногдуулсан 780,000 (долоон зуун наян мянга) төгрөгийн торгуулийн ялаас хасч, түүнийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулын ялыг эдэлсэнд тооцсугай.
4. Эрүүгийн 2010007650763 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Г- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР