Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2017/01111/и |
Дугаар | 001/ХТ2018/01387 |
Огноо | 2018-10-12 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/01387
ӨАЗДТГын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01771 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1117 дугаар магадлалтай,
ӨАЗДТГын нэхэмжлэлтэй
“Б П”ХХК-д холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Хөхөөсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Баянмөнхийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд “50 айлын орон сууц барих төсөл”-ийн ажил гүйцэтгэх ӨМ/2014/Т-06 дугаартай гэрээг “Б П”ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд заасны дагуу нээлттэй тендер сонгон шалгаруулан “Баян авзага” ХХК-тай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч компаний санал болгосон ажлын төсвийн үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан өгч орон нутагт барилга угсралтын ажлыг гүйцэтгэх боломжийг тус компанид олгосон юм. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу захиалагч нь гүйцэтгэгч талд урьдчилгаа 1.000.000.000 төгрөгийг төлөх, гүйцэтгэгч тал нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд 50 айлын орон сууцны барилга ашиглалтанд оруулах, гэрээний урьдчилгаа болгон өгсөн санхүүжилтыг 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр байгуулсан юм. Гэрээний дагуу “Б П”ХХК-д урьдчилгаа төлбөрийг 2014 оны 5 дугаар сарын 30-нд 350.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 650.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тухайн орон сууцны барилга угсралтын ажлыг дуусгаагүй байна. 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан санхүүжилтыг эргэн төлөх хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болгон өөрчилсөн. Тухайн нэмэлт гэрээний 2.1.2-т “...барилгыг хугацаандаа гүйцэтгээгүй, санхүүжилтыг бүрэн эргэн төлөөгүй тохиолдолд нийт санхүүжилтын 10 хувьтай тэнцэх торгуулийг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлөх” нэмэлт үүргийг гүйцэтгэгч тал хүлээсэн байна. Гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон боловч барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгээгүй, санхүүжилтыг өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна. Хариуцагч компаниас 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний 2 дугаар заалтын 2.1.2-т заасны дагуу санхүүжилтын 10 хувьтай тэнцэх 100.000.000 төгрөгийн торгуулийг үндсэн төлбөрийн хамт хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд “Б П”ХХК-иас гэрээний санхүүжилт 1.000.000.000 төгрөг, торгууль 100.000.000 төгрөг, нийт 1.100.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Б П”ХХК-ийн төлөөлөгч Ц.Хшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч ӨАЗДТГын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Даланзадгад суманд хэрэгжих “50 айлын орон сууц барих төсөл”-ийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 1.100.000.000 төгрөгийг төлж барагдуулна. 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эргэн төлөх байсан боловч санхүүжилт дутагдсаны улмаас барагдуулаагүй. Уг төлбөрийг барилга баригдаж, борлуулсны дараа буюу 2018 оны 9 дүгээр сард төлж барагдуулна гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01771 дүгээр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч “Б П”ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.100.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ӨАЗДТГт олгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ӨАЗДТГын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б П”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5 657 950 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1117 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ххяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд хэрэгжих “50 айлын орон сууц барих төсөл”-ийг гүйцэтгэх ажлын гэрээ”-г 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэг талаас “Б П”ХХК /цаашид гүйцэтгэгч гэх/, түүнийг төлөөлж захирал Ц.Мөнхтунгалаг, нөгөө талаас Өмнөговь аймгийг төлөөлж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Түвшинбаяр /цаашид төслийн захиалагч гэх/ нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан боловч гүйцэтгэгчийг төлөөлж “Б П”ХХК-ний Ерөнхий захирал Ц.Хгарын үсэг зурсан байна. Гэтэл хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт /хх15 дахь тал/ оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Цэрэн овогтой Хөхөөсүрэнг гүйцэтгэх захиралаар томилсныг бүртгэсэн байхад маргаан бүхий гэрээний хувьд шүүх хариуцагчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн бусдад олгосон итгэмжлэлийг үндэслэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржид шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэсэн гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2. “Б П”ХХК-ний төлөөлөгч гэх Ц.Хнь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Өмгөөлөгч авч оролцон хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулах хүсэлтэй байна. Өмгөөлөгч сонгон авах ажиллагааны хурээнд...шүүхэд төлөөлөх эрхийн 1550 бүртгэлийн дугаартай Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Г.Мягмардоржтой 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр холбоо тогтоож уулзаж байгаа бөгөөд өмгөөлөгч Г.Мягмардорж нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг минутаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаантай бөгөөд цаашлаад хууль зуйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгчтэй байгуулж хэргийн материалтай танилцах, зэрэг ажиллагаануудыг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байх тул...хойшлуулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу өмгөөлөгч гэх Г.Мягмардоржид итгэж тус иргэний хэрэгтэй холбоотой Өмнөговь аймгийн засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 09-ний а/277 дугаартай захирамж /50 айлын орон сууц барих төслийг “Б П”ХХК /Х.Будрагчаа/-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсүгэй/, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 121 дугаартай Өмнөговь аймгийн прокурорын газрын прокурорын тогтоол, 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Б П”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ /Х.Будрагчаагаас Ц.Хөхөөсүрэнд эрх шилжүүлсэн/, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ” зэрэг нотлох баримтыг хүлээлгэн өгсөн боловч шүүхэд гаргаж өгөөгүй байх бөгөөд миний биеийг хууран мэхэлсэн тул цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байгаа болно. Ийнхүү анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн байхад “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн...” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасан төлөөлөгчийн бүрэн эрх Ц.Хөхөөсүрэнд хуулиар болон итгэмжлэлээр олгогдоогүй байхад хэрэг хянан шийдвэрлэж 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хуулийн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
ӨАЗДТГ нь хариуцагч “Б П”ХХК-иас 1 100 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч мөнгөн төлбөрийн үүргийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байсан боловч хяналтын журмаар гомдол гаргахдаа “...гэрээг байгуулах үед Ц.Хкомпанийн гүйцэтгэх захирлаар томилогдоогүй байсан нь улсын бүртгэлийн баримтаар нотлогдсон, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан болохыг шүүх анхаараагүй, өмгөөлөгч бидний өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй итгэл эвдэж, бидний эрх ашгийг хохироосон, тодорхой хэмжээний ажил хийгдсэн байгаа...” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан 2014 оны 5 сарын 19-ний өдрийн гэрээнд Өмнөговь аймагт 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд 50 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлэх зорилгоор ӨАЗДТГ нь 1 000 000 000 төгрөгийн санхүүжилт өгөх, “Б П”ХХК нь өөрөөсөө нэмж хөрөнгө гарган, 50 айлын орон сууцыг 2015 оны 2 сарын 02-ны өдрийн дотор барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, санхүүжилтээр олгосон 1 000 000 000 төгрөгийг “Б П”ХХК 2015 оны 3 сарын 2-ны дотор буцаан төлөх агуулга тусгагдснаас үзэхэд хөрөнгө оруулсан, уг хөрөнгөөр орон сууц барих, үүний дараа уг санхүүжилтийг буцааж өгөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч нь ажлын үр дүн зохих шаардлагад нийцсэн байхыг хянах, шалгах, шаардлага тавих эрхтэйгээс үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэв.
Талууд 2015 оны 3 сарын 21-ний өдөр, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээний зүйлийг ашиглалтад өгөх хугацааг 2015 оны 4 сарын 15-ны өдөр болгон, уг хугацаанд барилгыг нийлүүлээгүй, санхүүжилтыг эргэн төлөөгүй тохиолдолд захиалагчаас шилжүүлсэн санхүүжилтын 10 хувьтай тэнцэх торгууль төлөхөөр талууд тохиролцсон байна. /хх-ийн 5 дугаар тал/
Хариуцагч “Б П”ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад өгөөгүйгээс гадна санхүүжилт 1 000 000 000 төгрөгийг хугацаандаа буцааж төлөөгүй тул торгууль төлөх үүрэг үүссэн, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5-д нийцсэн байна.
“Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан тул Ц.Хнь гэрээ байгуулснаас хойш буюу 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн хэдий ч 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 350 000 000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 650 000 000 төгрөгийг гэрээний дагуу авснаар гэрээг хүлээн зөвшөөрсөн тул гэрээг байгуулах эрхгүй байсан гэх гомдол үндэслэлгүй юм.
Шүүх хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан алдаа гаргаагүй байна.
Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01771 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1117 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА