Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0347

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Нэхэмжлэгч “Т” СӨХ

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Б,

Гуравдагч этгээд: Т.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 тоот Иргэнд газар олгох тухай захирамжийн С.Б, Т.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжийн Т.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжийн дагуу Т СӨХ-ны ашиглалтад байх 4541 м.кв газрын 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг шинэчлэн байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 141 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Баярмагнай, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Гуравдагч этгээд Б.Бийн өмгөөлөгч Т.Ц,

Гуравдагч этгээд Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чимгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Билгүүн,

Гуравдагч этгээд: Т.Д

Гуравдагч этгээд Т.Дгийн өмгөөлөгч Ө.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2012/0453/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” СӨХ нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 тоот Иргэнд газар олгох тухай захирамжийн С.Б, Т.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжийн Т.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжийн дагуу Т СӨХ-ны ашиглалтад байх 4541 м.кв газрын 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг шинэчлэн байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 141 дүгээр шийдвэрээр:

2.1. “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасныг тус тус баримтлан Т СӨХ-оос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 тоот Иргэнд газар олгох тухай захирамжийн С.Б, Т.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжийн Т.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжийн дагуу Т СӨХ-ны ашиглалтад байх 4541 м.кв газрын 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг шинэчлэн байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.1. “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2 дахь хэсэгт "..Т.Д, "Икслэндконстракшн" ХХК-ийн газар эзэмших эрх анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар 2004 онд иргэн С.Бт олгосон 380 мкв грашийн газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлж авснаар үүссэн..." гэх агуулга дурдагджээ.

3.1.2. Дүүргийн засаг даргын захирамжаар иргэн С.Бт олгогдсон байсан гэх газар нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн үйлчлэлд хамаарах талбай байсан тул 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Нийслэлийн Газрын Албаны кадастрын зураглалд бүртгэгдээгүй, газрын нэгдсэн санд тэмдэглэгдээгүй  байгааг шүүх анхаарч үзээгүй.

3.1.3. Тухайн үед гуравдагч этгээдүүдийн эзэмшилд байсан гэх талбай Газрын нэгдсэн санд бүртгэлгүй байсан тул Нийслэлийн Засаг дарга 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжаар "Т" СӨХ-нд 4542 м.кв газрыг Газрын тухай хууль 44.1 дэх хэсгийг баримтлан ашиглуулах эрхээр олгосон болох нь газар ашиглах, сунгалт хийгдсэн гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.

3.1.4. "Т" СӨХ-ны ашиглах эрхтэй газар нь 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Газрын санд бүртгэгдсэн, кадастрын зурагт тэмдэглэгдэн баталгаажсан байсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр талд авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2/901 тоот шинжээчийн дүгнэлтийн “...Жич: гэсний 1-д Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан WGS-84 тогтолцоонд, UMB тусгагт "Т СӨХ-ны ашиглах газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтын схем зургийн талбай болон бусад талбайг тодорхойлсон.." гэснээр нотлогдож байхад шүүх "...Газар ашиглагчийн эрх кадастрын зураглалд бүртгэгдээгүй байсан.." гэсэн гуравдагч этгээдийн тайлбарыг үнэлсэн нь хэрэг маргааны үйл баримтыг сайтар ойлгоогүй байсныг харуулна.

3.1.5. Хавтаст хэрэгт авагдсан "Т" СӨХ-ны газар ашиглах гэрээ, газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтын схем зураг, 2 удаа сунгалтийн гэрээ, 2010-2011 онд хариуцагчид хандан газраа сунгуулахар гаргасан хүсэлт зэрэг баримтуудаар маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн ашиглалтад өнөөдрийг хүртэл хэвээр байгаа болохыг нотолно. Шүүх эдгээрт хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

3.1.6. "Т СӨХ"-нд олгосон 4542 м.кв газарт байрших ганцхан хүүхдийн тоглоомын талбай нь маргаан бүхий газартай давхцаж байгаа болох нь 1-р хавтаст хэргийн 19-21 дүгээр тал, 1 дүгээр хавтаст хэргийн 214, 2 дугаар хавтаст хэргийн 234, 235 дугаар талд авагдсан гэрэл зураг шүүхийн үзлэгээр авагдсан гэрэл зургийн баримтуудаар нотлогдож байгааг шүүх анхаарч үзээгүй.

3.1.7. Шүүхийн үзлэгт хамрагдсан талбайгаас өөр байршилд хүүхдийн тоглоомын талбай байрлуулах өөр зай талбай байхгүй байгааг шүүх мэдсээр байж буруу шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ашиглах эрхээр авсан орчны газар нь гэх 4542 м кв талбай нь бүхэлдээ оршин суугчдын өмчлөлийн орон сууцны доод газрын гүн, машин замын зорчих хэсэг хамаарах бөгөөд өөр сул чөлөөтэй хүүхэд тоглож, хөгшид амрах талбай байхгүй нь гэрэл зургийн үзүүлэлтээс тодорхой харагдаж байгаа.

3.2. Шүүх үндэслэх хэсгийнхээ 2.2-т "...С.Бын 380 м.кв тоосгон грашийн газар эзэмших гэрээг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамтран газар эзэмших гэрээг иргэн Т.Д, "И" ХХК байгуулж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжаар иргэн Т.Д, С.Б нарт газар эзэмшүүлсэн нь зөв болсон..." гэж дүгнэсэн буруу юм.

3.2.1. Үүнд: Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж нь тоосгон граш байршуулах газрын түр эрх гэдэг эрх зүйн үйлчлэлийн ялгааг Шүүх ойлгооогүй. Тухайн газрыг хамтран эзэмшигч компаний газар эзэмших эрх хэрхэн яаж иргэн С.Б руу шилжсэн, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заагдсан хуулийн шаардлага хангагдсан эсэхийг шүүх тогтоогоогүй. "Икслэндконстракшн" ХХК-иас газар эзэмших эрх иргэн С.Бт шилжихдээ Нийслэлийн Засаг даргын захирамж болон өөрчлөгдөж, 2010 оны 06 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн Кадастрын санд бүртгэгдсэн. Энэ мөчөөс эхлэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрх мэдээллийн сангаас хасагдсан үйл баримтын шалтгаант холбоог нарийвчлан тогтоосны эцэст хэрэг маргааныг шүүх шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл шүүх 418 дугаар захирамжид дурдагдсан газар 2010 он хүртэл газрын мэдээллийн кадастрын санд С.Бын нэр дээр байгаагүй, харин нэхэмжлэгчийн нэр дээр 2010 он хүртэл бүртгэлтэй байсан гэдгийг ойлгоогүй тул маргаан бүхий газар давхцалгүй байна гэсэн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсээр, ярьсаар байсан.

а/ Гуравдагч этгээд "...2010 онд гэр хорооллыг утаагүйжүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулалт Нийслэлийн газрын албанд явагдсанаар бид газрыг эзэмшсэн...шалгаруултанд оролцох төлбөр 3 080 000 төгрөгийн баримт хэрэгт байгаа ..." гэсэн тайлбарыг гаргасан боловч уг тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин ч уг гуравдагч этгээдийн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч няцааж "... Уг газрыг дуудлага худалдаагаар иргэн Т.Д. С.Б нар 2010 оны 11 дүгээр сарын 21-нд маргаан бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдан авсан.. гэж тэс өөр тайлбар өгсөн. Хариуцагч болон гуравдагч этгээдүүд нь 2 өөр тайлбарыг шүүхэд гарган мэтгэлцэж байгаа нь Нийслэлийн засаг дарга 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 418 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд газар олгохдоо газар эзэмшүүлэх яг ямар үйл ажиллагаа явуулсан болохыг шүүх тогтоож чадаагүйг харуулна. Өөрөөр хэлбэл төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаа гэсэн 2 өөр агуулгатай газар эзэмшүүлэх үйл ажиллагаа нэгэн зэрэг явагдаж, гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн байх боломжгүй юм. Энэ нь Хариуцагч гуравдагч этгээдэд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсгийг зөрчин газар олгосон үйл баримтыг нотолж байгаа төдийгүй газар давхцалтай, маргаантай эсэхээс үл хамаарч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжийг шүүх хүчингүй болгох бас нэг үндэслэл болох юм.

б/ "...Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх 2010 оны 05 дугаар сарын 20-нд дуусгавар болсон.." гэж шүүх дүгнэсэн. Үүнийгээ нотлох зорилгоор Газрын тухай хуулийн 37.1 дэх хэсгийг тайлбарласан. Гэтэл энэ нь газар эзэмшигч этгээдэд /ГТХ-ийн 3.1.4/-д хамаарах хуулийн зохицуулалт болохоос газар ашиглагчид хамаарах заалт биш юм.

3.2.2. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 29.1.”Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна." гэж заасныг зөрчсөн. Энэхүү хуулийн хүрээнд хотын төвийн маргаан бүхий газарт иргэн Т.Д, С.Б нарт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар гэр, хашаа бариулахаар үнэ төлбөргүй газар эзэмших эрх олгосон зохицуулалт биш юм. Гэтэл Шүүх 418 дугаар захирамжийг зөвтгөх хууль зүйн үндэслэлээ Газрын тухай хуулийн 29.1 дэх хэсэг гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл хотын төв хэсэгт давхцалгүй талбай олсон хэн нэг нь Засаг даргад хүсэлт гаргаад үнэ төлбөргүйгээр Газрын тухай хуулийн 32.1.2 дахь хэсэгт заасныг хэрэглэлгүйгээр газар эзэмшээд байж болох тухай ойлголт биш юм.

3.2.3. Шүүх хуулийн энэхүү заалтаар Т.Д нарын газар эзэмшсэн үйлдэлд Газрын тухай хуулийн 32.1.2 дахь хэсгийн заалтыг хэрэглэхгүй байж болно гэсэн үндэслэлээ тодорхойлж, мөн хуулийн 29.1 дэх хэсгийн заалтыг төсөөтэй хэрэглэн ямар нэг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гуравдагч этгээдүүдэд олгож болно гэсэн агуулгатай дүгнэлт хийж байгаа нь буруу юм.

3.2.4. Маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн ашиглах эрхээр авсан газрын хүүхдийн тоглоомын газрын хэсэгтэй 428 м кв газартай давхцаж байгаа болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2/901 тоот шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байхад Шүүх эсэргээр нь "...давхцалгүй.." гэж дүгнэсэн.

3.2.5. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 418 дугаар захирамжаар иргэн Т:Д, Т.Б нарт газар олгогдон С.Бын нэр дээр кадастрын санд бүртгэгдсэн. Үүнээс өмнөх цаг хугацаанд Засгийн Газрын 2009 оны 25-р тогтоолоор батлагдсан WGS-84 тогтолцоонд, UTM тусгагдан тодорхойлогдсон программд нэхэмжлэгчийн ашиглаж байгаа талбай үнэн зөвөөр бүртгэгдсэн байсан. Энэхүү программд хадгалагдснаар зураг зүйн холболт хийхээр давхцалтай гардаг нь шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хариултын 2-т дүгнэгдсэнийг шүүх нуун дарагдуулсан.

3.2.6. Гэтэл 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар Кадастрын сангаас хасагдсан болохоор давхцалгүй мэт харагдаж байгааг шүүх анхаарч үзээгүй.

3.2.7. 2/901 тоот шинжээчийн дүгнэлтийн хариултын 2 дах хэсэгт “...Мөн хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан иргэн Т.Дд эзэмшүүлсэн нэгж талбарын 18642311285717 дугаар бүхий газрын кадастрын зургийг хавтаст хэргийн 186 дугаар хуудсанд авагдсан "Т" СӨХ-ны ашиглах газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтын схем зургийн тодруулсан хил заагтай давхцуулахад 428 м кв талбайгаар давхцаж байна /хавсралт 5, 7,8/ гэж гэж дүгнэсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болно. Энэхүү дүгнэх хэсэг нь хариуцагч гуравдагч этгээдэд 418 дугаар захирамжаар газар эзэмших олгохоос өмнөх кадастрын зураглал хадгалагдаж буй WGS-84 тогтолцоонд хийсэн газар зүйн холболт хийсэн шинжээчийн харьцуулалтанд хамаарах юм.

3.3. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 760 дугаар захирамжаар газрын зориулалтыг “...үйлчилгээтэй 7 давхар орон сууц.." болгон өөрчлөхдөө зөвхөн Т.Дгийн хүсэлтийг үндэслэн түүнд олгосон. Газар эзэмшүүлэх хүсэлтэд 418 дугаар захирамжаар газар эзэмших гэрээ байгуулж байсан үндсэн эзэмшигч С.Б гарын үсэг байгаагүй, гэрээ байгуулахад ч тэрээр гарын үсэг нь зурагдаагүй. Грашийн зориулалтаар олгогдсон газарт орон сууц болгон өөрчлөх төсөл авагдаагүй, оршин суугчдын зөвшөөрөл байхгүй, геологи плантелогийн судалгаа хийгдээгүй зэрэг нь уг захирамж гарахад шаардагдах бүрдүүлбэр дутуу байхад газрын зориулалтыг өөрчилсөн байгааг харуулна. Мөн С.Бын нэр дээр кадастр хийгдсэн байхад иргэн Т.Дд газар эзэмшүүлэх захирамж олгожээ. Газар эзэмшүүлэх захирамжийн 2 дахь хэсэгт “..иргэн Т.Дд 0.0576 га газар эзэмшүүлнэ.." гэсэн байна. Иргэн С.Бт эзэмшүүлэх заалт алга байна. Гэсэн хэдий ч газрын кадастрын зураглал С.Бын нэр дээр өнөөдрийг хүртэл байна.

3.4. Шүүх нэхэмжлэгчийн даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо ....нэхэмжлэгч Кадастрын тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заагдснаар ашиглаж байгаа газартаа кадастрын зураглал хийж бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч тус газрыг сунгахгүй гүрийж байгаа нь зөв байна..." гэх агуулгатай дугнэлт гаргасан.

3.4.1. Кадастрын зураглал ба Кадастрын тухай хуулийн 8.3-д "Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн кадастрын зураглал хийгдээгүй талбайд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн хөрөнгөөр захиалж кадастрын зураглал хийлгэнэ." гэж заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзнэ. Үүнд:

а/ Улсын хөрөнгөөр кадастрын зураглал хийгдээгүй талбайд газар эзэмшигч кадастрын зураглалыг өөрийн хөрөнгөөр хийлгэж бүртгүүлэх үүргийг тусгасан байна. Маргаан бүхий газар өмнө кадастрын зураглал улсын төсвөөр нэгэнт хийгдсэн газар байна.

б/ Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 3.1.3 дах хэсэгт заагдсан ашиглах эрхтэй субъект юм. Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн хэм хэмжээг хэрэгжүүлэгч нь газар эзэмшигч Газрын тухай хуулийн 3.1.3-д чиглэгдсэн байна.

3.4.2. Нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар нь Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан кадастрын санд бүртгэгдэн WGS-84 тогтолцооны UTM тусгагт байдлаар 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс өмнөх идэвхигүй төлөв байдлаар архивт хадаглагдаж байна. Харин С.Бын нэр дээр кадастрын зураглал хийгдсэн мэдээлэл 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш кадастрын мэдээллийн санд шинээр бүртгэгдэн хадгалагдаж байгааг шүүх ойлгоогүй байна. Өөрөөр хэлбэл кадастрын мэдээллийн сангийн бүртгэл өнөөдөр газар эзэмшиж байгаа этгээдийн кадастрын зураглалын бүртгэлээр байгаа бөгөөд 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш С.Бын нэр дээр байгаа нь газар давхцалгүй мэт харагдаж, хариуцагч этгээдүүд газар давхцалгүй гэж тайлбарлаж байгааг шүүх сайтар ойлгоогүй юм. Нэхэмжлэгчийн ашиглах эрх кадастрын санд бүртгэлтэй байсан цаг хугацаанд буюу 2006-2010 онуудад ашиглаж байсан газартай гуравдагч этгээдийн гаар 428 м кв талбайгаар давхцаж байна..." гэдгийг шинжээч тогтоож өгсөн болохыг шүүх орхигдуулсан.

3.5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч "...газар давхцалтай бол нэхэмжлэгчийн зөв...үнэхээр давхцалгүй бол хариуцагчийн зөв.." гэж хоёрдмол утгатай дүгнэлт хийж зөрүүтэй байдлаар бичигдсэн шинжээчийн дугнэлтийг ойлгохгүй байгаагаа тайлбарлаж хэлсэн нь хуралдааны бичлэгээр нотлогдож байхад шүүх үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт "...иргэдийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг дэмжсэн..." мэтээр Шүүх дүгнэсэн нь хуралдааны бичлэгээс зөрүүтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “Т” СӨХ-ноос Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 418 дугаар захирамжийн С.Б, Т.Д нарт холбогдох хэсэг, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжийн Т.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжийн дагуу Т СӨХ-ны ашиглалтад байх 4542 м.кв газрын гэрээг шинэчлэн байгуулахыг даалгах шаардлага гарган 2012 оноос эхлэн маргаж байх ба дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг зөв үнэлж, хууль зүйн үндэслэл бүхий болсон гэж үзлээ.

3.2. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй актуудын тухайд хэрэгт авагдсан баримтаас үзвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гараашийн зориулалтаар иргэн С.Бт 380 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр С.Б нь дээрх газраа “Икслэндконстракшн” ХХК-д буюу захирал С.Бт “Газар эзэмшүүлэх гэрээ”-ээр шилжүүлж байжээ. Энэ тухайд хэргийн оролцогчид маргаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг захирамжийн хууль үндэслэлийн талаарх гомдолд тайлбар хийх шаардлагагүй.

3.3. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжаар иргэн Т.Д, С.Б нарт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд автогараашийн зориулалтаар 700 м.кв талбайг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 0310538 газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон ба Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжаар гуравдагч этгээд Т.Дд Үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хөдөлмөрийн дээд сургуулийн зүүн талд 0.0576 га газарт байршуулан барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан газрын зориулалтыг өөрчлөн 5 жилийн хугацаагаар барилга барих зөвшөөрөл олгожээ.

3.4. Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актууд нь “Т” СӨХ-ны газартай гуравдагч этгээдийн газар давхцалтай бөгөөд гуравдагч этгээд Т.Дгийн газартай давхцалтай, маргаан бүхий газрыг ашиглах эрхийг цуцлаагүй, хүчингүй болгоогүй, түдгэлзүүлэхгүй байж байгаад бусдад олгосон ба дуудлага худалдаагаар зарагдах газар олгох журмыг зөрчиж гуравдагч этгээдэд тус газрыг олгосон хэмээн маргасанд анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийн үйл явдлыг тодруулах ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж дараах нөхцөл байдлыг нотолсон байна. Үүнд:

3.4.1. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын /Хуучин нэрээр/ даргын 2013 оны А/197 дугаар тушаалаар байгуулагдсан шинжээчийн “...Т.Дд эзэмшүүлсэн нэгж талбарын 18642311285717 дугаар бүхий газрын кадастрын зургийг ... хавтас хэргийн 185 дугаар талд авагдсан “Т СӨХ-ны ашиглах газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтын схем зургийн тодруулсан хил, зааг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн барилгажсан хэсгийн зурагтай давхцуулахад ... давхцалгүй ...” гэх дүгнэлт,

3.4.2. Өмчийн харилцааны газрын 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/5850 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 тоот захирамжаар Т СӨХ-д ашиглуулахаар олгосон газрын кадастрын зурагтай иргэн С.Б, Т.Д нарт эзэмшүүлсэн газартай давхцалгүй...” гэх лавлагаа зэргээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар нь хоорондоо давхцалгүй байна.

3.4.3. Хэдийгээр дээрх шинжээчийн дүгнэлтээр Т.Дгийн эзэмшлийн газартай хавтас хэргийн 186 дугаар талд авагдсан “Т СӨХ-ны ашиглах газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтын схем зурагтай давхцуулбал 428 м.кв талбай давхцалтай хэмээн дүгнэсэн боловч Нийслэлийн Газрын албаны 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 9/169 албан бичгээр “... өнөөдрийн байдлаар нийслэлийн Газрын албаны мэдээллийн санд “Т” СӨХ-ны орчны газар бүртгэгдээгүй... “Т” СӨХ-д ...8, 11, 12, 2а дугаар байрууд болон орчны зам талбайг оруулж эзэмшүүлэхээр Нийслэлийн хот байгуулалт төлөвлөлтийн газраас ерөнхий төлөвлөгөө болон тохижилтын схем зургийг баталж өгсөн...” гэж тайлбар ирүүлжээ.

3.4.4. Мөн хавтас хэргийн 186 дугаар талд авагдсан “Т СӨХ-ны ашиглах газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтын схем зураг нь 8494 м.кв талбайг хамарсан, харин 185 дугаар талд авагсдан схем зураг нь 7022 м.кв талбайг хамарсан байгаа нь аль аль нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 561 дугаар захирамжаар Т” СӨХ-д албан орон сууцны орчны газар ашиглах эрх олгосон 4542 м.кв талбайгаас их бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан 4542 м.кв талбай нь гуравдагч этгээдийн газартай давхцалгүй болох нь тогтоогдож байна.

3.4.5. Ийнхүү анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон бөгөөд гуравдагч этгээдийн талбайд хүүхдийн тоглоомын талбайн зарим хэсгийг байршуулсан нь нэхэмжлэгч этгээдийн газар гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

3.5. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Д, С.Б нар нь сонгон шалгаруулах зарчмаар уг газрыг авсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ болох 3.080.000 төгрөгийг төлсөн хэмээн тайлбарлаж байх боловч Өмчийн харилцааны газрын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/7075 албан бичгээр сонгон шалгаруулах журмаар газар олгоогүй, гэхдээ Т.Д нь газрын төлбөр 3.080.000 төгрөгийг төлсөн гэх лавлагаагаар үгүйсгэгдэж байх тул маргаан бүхий захирамжуудын хууль үндэслэлийг буруутган нэхэмжлэгчээс маргаж байна.

3.5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх, мөн тухайн актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байх шаардлагатай.

3.5.2. Гэтэл өмнө дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн маргаж буй газар нь гуравдагч этгээдийн газартай давхцалгүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчид аливаа зөрчигдсөн эрх ашиг байхгүй ба Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 418 дугаар захирамжийн С.Б, Т.Д нарт холбогдох хэсэг, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжийн Т.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид аливаа давуу байдал, сэргэх хууль зүйн байдал үүсэхгүй тул сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаа хийгдсэн талаар цаашид дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

3.6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх даалгах шаардлагыг хянан шийдвэрлэхэд захиргааны байгууллагаас шийдвэр гаргахаас татгалзсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй байх шаардлагатай.

3.6.2. Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02-06/3561 дугаар албан бичигт “Т” СӨХ-ноос 2019 онд талбайн хэмжээ нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргаж байсан ... газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй ...”  гэжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хариуцагчид Нийслэлийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжийн дагуу Т СӨХ-ны ашиглалтад байх 4541 м.кв газрын 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг шинэчлэн байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах хүсэлтээ өмнө захиргааны байгууллагад гаргаж татгалзсан шийдвэр гаргаагүй байхад уг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.6.3. Нөгөөгтэйгүүр 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжийн дагуу 4541 м.кв талбайг ашиглах эрх 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон бөгөөд уг эрхээ үргэлжлүүлэн сунгахад гуравдагч этгээдийн газартай давхцалгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА