Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 779

 

 

 

 

 

 

 

 

 

Монголбанкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/00172 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Монголбанкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэс холдинг” ХХК болон Р.Батхишигт тус тус холбогдох

 

Худалдааны хэлцэл, арилжааны ерөнхий гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 484 880 ам.долларыг гаргуулах, гэм хорын хохиролд 36 832 000 төгрөг болон 7 214 623 ам.доллар тус тус гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч “Эрдэс холдинг” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Нинжбадгар, Б.Эрдэнэхуяг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бадамжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нинжбадгар, Б.Эрдэнэхуяг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанк алтны салбарын үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн тодорхой арга хэмжээг 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь зохих үр дүнд хүрч алт олборлолт жил ирэх бүр өсөж байжээ. Эдгээр арга хэмжээний нэг нь дотоодын алтны компаниудын даалгавраар олон улсын үнэт металлын зах дээр арилжаа хийх байсан бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2001 оны 6 сарын 29-ний өдрийн 301 дүгээр тушаалаар батлагдсан Алт, зэс олборлогчдын хүсэлтээр хэджинг хийхэд баримтлах түр журам-ын дагуу Монголбанк алтны компаниудын нэрийн өмнөөс 2001 оноос эхлэн алтны арилжаа буюу алтны форвард, опшин, своп хэлцэл хийжээ. Монголбанк нь “Эрдэс холдинг” ХХК-тай 2002 оны 4 сард байгуулсан худалдааны ерөнхий хэлцэл гэрээний дагуу түүний нэрийн өмнөөс 2002 оны 7 сараас эхлэн олон улсын зах зээл дээр алтны арилжаа хийсэн байна. 2003 онд алт олборлогч компаниудын нэрийн өмнөөс арилжаа хийх харилцааг зохицуулах зорилгоор Монголбанкны ерөнхийлөгчийн 2003 оны 2 сарын 26-ны өдрийн 99 дүгээр тушаалаар Үнэт металл олборлогч, арилжаалагчдын хүсэлтээр арилжаа хийхэд мөрдөх журам-ыг баталж, мөрдөж эхэлсэн. Дээрх журам батлагдсанаас хойш Монголбанк болон “Эрдэс холдинг” ХХК-ийн хооронд 2003 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, 2007 оны 1 сарын 01-ний өдөр тус тус арилжааны ерөнхий гэрээ байгуулагдаж эдгээр гэрээний дагуу арилжаа хийгдсэн. Арилжааны явцад Монголбанк нь “Эрдэс холдинг” ХХК-д 484,880 ам.долларын арилжааны урамшуулал шилжүүлсэн бөгөөд эдгээр арилжаанаас үүссэн авлага 7,214,623 ам.доллар, 36 832 000 төгрөг байна. 1996 онд батлагдсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23.1.3-т Монголбанк Засгийн газар болон банкнаас бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах, төлбөр тооцоо хийх, зээлийн үйл ажиллагаа эрхлэх-ийг хориглодог. “Эрдэс холдинг” ХХК-ийн өмнөөс алтны арилжаа хийх нь түүний төлбөр тооцоог гүйцэтгэж буй хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан журам батлагдаж хэрэгжих, хэлцэл байгуулагдаж хэрэгжих хугацаанд Монголбанк “Эрдэс холдинг” ХХК-ийн нэрийн өмнөөс арилжаа хийх эрхгүй, ийм үйл ажиллагаа хуулиар хориотой байсан болно. Мөн 2003 оны 6 сарын 20-ны өдрийн хуулиар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт орсон бөгөөд тус өөрчлөлтийн дагуу Монголбанк Засгийн газар, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд зээл, төлбөрийн болон банкны баталгаа гаргах, хуулийн этгээд, иргэний дотоод, гадаадаас авах зээлийг дэмжих зорилгоор алт болон нөөц активыг барьцаалах, улсын төсөвт тусгагдаж Улсын Их Хурлаар батлагдсан, тус хуулиар зөвшөөрснөөс бусад хуулийн этгээд, иргэний эдийн засгийн буюу арилжааны үйл ажиллагааг дэмжсэн тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа гүйлгээ хийхийг хориглосон. Иймд эдгээр зохицуулалтын хүрээнд Монголбанк “Эрдэс холдинг” ХХК-ийн нэрийн өмнөөс алтны арилжаа, хэлцэл хийх ёсгүй байсан. Монголбанкны 2003-2006 онуудын санхүүгийн тайланг баталгаажуулсан хөндлөнгийн аудитын Эрнст энд Янг болон КПМЖ компани Монголбанкаас алт олборлогч компаниудтай хийсэн арилжааны үйл ажиллагаа нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлтийг 2007 оны 5 сарын 29-ний өдөр гаргасан байдаг. Мөн Монголбанкны хяналтын зөвлөлийн 2011 оны 3 сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолд Төв банк /Монголбанк/-ны тухай хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөнөөс үүссэн гэж үзжээ. Монголбанк “Эрдэс холдинг” ХХК-ийн нэрийн өмнөөс алтны арилжаа хийхэд тус компани дээр дурдсан журам, гэрээний дагуу алтыг Монголбанкинд шилжүүлээгүйгээс алдагдал үүссэн бөгөөд тус компани алтаа өгөлгүйгээр опшин зарж премиум авах зорилготой байжээ. “Эрдэс холдинг” ХХК нь журам, гэрээгээр хүлээсэн Монголбанкинд арилжаа хийх алт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд Монголбанк олон улсын зах зээл дээр “Эрдэс холдинг” ХХК-ийн нэрийн өмнөөс хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагаар Монгол Улсын нөөцөөс арилжааг биелүүлж, хааж байжээ. Энэ нь “Эрдэс холдинг” ХХК нь Монгол Улсын нөөцийг барьцаалж олон улсын хөрөнгийн зах зээл дээр опшин зарж, премиумын ашиг олох зорилготой байсныг нотолж байна. Алтны компаниудын нэрийн өмнөөс хийх арилжаанаас үүсэх авлага нэмэгдэж, эдгээр компаниуд алтаа Монголбанкинд шилжүүлэхгүй байсан тул Монголбанкны ерөнхийлөгчийн 2007 оны 4 сарын 12-ны өдрийн 172 тоот тушаалаар алтны компаниудын нэрийн өмнөөс аливаа арилжаа хийхийг зогсоосон. Талууд уулзалт зохион байгуулж, “Эрдэс холдинг” ХХК нь 2007 оны 1 сарын 30-ны өдөр 36 832 000 төгрөг, 3,458,143 ам.долларын авлага бүртгэлтэй байгааг тооцоо нийлэн баталгаажуулсан. Алтны компанийн өгсөн захиалгаар Монголбанк нь тодорхой хугацааны дараа алтыг урьдчилан тохирсон үнээр худалдах, эсвэл худалдан авах үүрэг хүлээх гэрээг бусадтай байгуулсан. Гэрээний нөгөө тал нь худалдах, худалдан авах эрхтэй болсны төлөө гэрээнд заасан төлбөр премиумийг үүрэг хүлээсэн Монголбанкинд төлнө. Гэхдээ эдгээр арилжаа алтны компанийн өгсөн захиалгын дагуу түүний нэрийн өмнөөс хийгдэж байгаа бөгөөд Монголбанк зөвхөн зуучлагчийн үүрэг хүлээнэ. Гэрээнд заасан хугацаа болоход гэрээний эрхтэй нөгөө тал алтны үнэ өөрт нь ашигтай бол тохирсон үнээр алт худалдах, эсхүл худалдан авах эрхээ хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Монголбанк нь урьдчилан тохирсон үнээр алт худалдан авах, эсхүл худалдах үүргээ биелүүлэх бөгөөд улмаар зах зээлийн үнийн зөрүүгээс алдагдал хүлээнэ. Харин алтны компани гэрээ, журмаар хүлээсэн үүргээ биелүүлж арилжаалах алтаа Монголбанкинд өгөх ёстой. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа тул Монголбанкаас “Эрдэс холдинг” ХХК-тай байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 56.1.1-ийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хэлцэл хүчин төгөлдөр бус тохиолдолд Иргэний хуулийн 56.1.7-д заасны дагуу талууд гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг хүлээнэ. Монголбанкнаас “Эрдэс холдинг” ХХК-д арилжааны премиум гэж 484,800 ам.доллар шилжүүлсэн бөгөөд дээрх зохицуулалт болон Иргэний хуулийн 492.1-д заасны дагуу “Эрдэс холдинг” ХХК нь Монголбанкинд буцаан шилжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн, “Эрдэс холдинг” ХХК нь Монголбанкаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхлүүлж, гэрээ, журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Монголбанк улсын нөөцөөр алтны арилжаануудыг биелүүлж, 36 382 000 төгрөг, болон 7,214,623 ам.долларын алдагдал хүлээсэн тул “Эрдэс холдинг” ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасны дагуу дээрх гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ гэжээ.

 

  Хариуцагч “Эрдэс холдинг” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2003 оноос Монголбанктай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэг талаас гэрээний дагуу олборлосон алтаа Монголбанкаар дамжуулан захиалга өгч олон улсын зах дээр арилжих, нөгөө талаас Монголбанк манай компанийн арилжааны захиалгыг хийж гүйцэтгэх нөхцөлөөр арилжааны ерөнхий гэрээг байгуулан 2007 он хүртэл 4 жил хамтран ажилласан. Гэрээний дагуу бүх зүйл хэвийн явагдаж, жил тутам гэрээний хугацааг сунгаж, Монголбанкны үнэт металл олборлогч, арилжаалагчдын хүсэлтээр арилжаа хийхэд мөрдөх журамын 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу Монголбанк тодорхой хэмжээний хувь, шимтгэлийг тус компаниас Монголбанкинд суутгуулж байсан. Монголбанк 2007 онд арилжааг зогсоосон ба арилжаа зогсоох болон гэрээ цуцлах талаар манай компанид урьдчилан мэдэгдээгүй. Гэнэт нэг талын санаачилгаар арилжааны гэрээг цуцалж, эрсдлийг тооцох боломжгүй нөхцөл байдал бий болж, арилжааг зогсоосноор алдагдал үүссэн. Хэрэв арилжаа цаашид үргэлжлэн хийгдсэн бол гэрээний талуудын хооронд төлбөр тооцооны маргаан гарахгүй байсан. Тооцоо нийлсэн актуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэлийн дүн хоорондоо зөрүүтэй байгаа. Тооцоо нийлсэн актыг үндэслэж нэхэмжлэлийн дүнг тооцвол 36 832 000 төгрөг, 1,029,343 ам.доллар болох байтал Монголбанк 7,214,623 ам.доллар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Монголбанк шаардах эрхийн дагуу шүүхэд хандаагүй. Шаардах эрх үүссэнээс хойш даруй 10 жил орчмийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгт хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир 36 832 000 төгрөг, 7,214,623 ам.долларыг Монголбанк нэхэмжлэх эрхгүй байна. Түүнчлэн, 36 832 000 төгрөг, 7,214,623 ам долларыг гэм хорын хохирол хэмээн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Гэм хорын хохирол нь гэрээний бус үүрэгтэй холбоотой байдаг ба талуудын хооронд арилжааны ерөнхий гэрээ, хэлцэл байгуулагдсан учир гэм хорын хохирол биш. Арилжааны урамшуулалд 484,880 ам.доллар нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэсэн заалтыг зөрчиж байгаа учир нэхэмжлэх болон төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Монголбанк нь алтны арилжааны үндсэн дээр тодорхой хэмжээний хувь хүртэх хэлбэрээр ашиг олох зорилгоор хийсэн үйлдэл нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23.1.7-д заасан Монголбанкны үйл ажиллагаанд хориглосон хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл болж байна. Талуудын хооронд байгуулсан арилжааны ерөнхий гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь онолын болон хууль хэрэглээний хувьд боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан үндэслэл нь талуудын хооронд байгуулсан хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байхыг ойлгоно. Гэтэл талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр арилжааны ерөнхий гэрээг байгуулж, нэг талаас олборлосон алтаа Монголбанкаар дамжуулан захиалга өгч олон улсын зах дээр арилжих, нөгөө талаас Монголбанк алт олборлогч компанийн арилжааны захиалгыг хийж гүйцэтгэх нөхцөлөөр 2007 он хүртэл хамтран ажиллаж гэрээний харилцаа дуусгавар болсон байдаг. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалт нь гэрээний бус үүргийн улмаас үүссэн үүргийн харилцаа байдаг тул талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад хамааралгүй юм. Учир нь талуудын хооронд арилжааны ерөнхий гэрээ байгуулагдаж, талууд гэрээгээр харилцан эрх эдэлж, үүрэг хүлээх байдлаар оролцож, гэрээний харилцаа дуусгавар болсон байдаг. Иймд Монголбанкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

    Хариуцагч Р.Батхишиг шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн нэрээр Монголбанктай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй. Монголбанкны өмнө хууль болон гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. “Эрдэс холдинг” ХХК-нийг төлөөлж эрх зүйн харилцаанд оролцсон байж болох ч хувь иргэнээр Монголбанктай ямар нэгэн харилцаагүй болно. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасанчлан … иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэж заасны дагуу эрх зүйн харилцааны тусдаа бие даасан субъектүүд. “Эрдэс холдинг” ХХК нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг өөрийн хөрөнгөөр хариуцдаг бие даасан хуулийн этгээд юм. Иймд Монголбанкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  •     Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.4, 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагч “Эрдэс холдинг” ХХК-иас 484,880 ам.доллар буюу 950 912 714.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монголбанкинд олгож, үлдэх 36 832 000 төгрөг, 7,214,623 ам.доллар болон хариуцагч Р.Батхишигт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Эрдэс холдинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 912 514 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

 Хариуцагч “Эрдэс холдинг” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй. Монгол Улсын Засгийн газраас алт хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэнийг Монголбанк дэмжиж алтны арилжааг олон улсын зах зээл дээр явуулах эрх зүйн орчин холбогдох журмыг Монголбанк авч хэрэгжүүлсэн байдаг. Монголбанк өөрийн эрх зүйн байдлыг тодорхойлдог Төв банкны тухай хуулиа зөрчиж хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэх нь алт олборлогч үндэсний хуулийн этгээдэд хамааралгүй. Хууль зөрчсөн эсэхийг магадлан шалгах үүрэггүй. Монголбанкнаас баталсан арилжааны журам, түүний хавсралтаар батлагдсан арилжааны ерөнхий гэрээний загвар гэрээг байгуулж, Монголбанк алт олборлогч компанийн нэрийн өмнөөс олон улсын зах зээл дээр алтны арилжаанд оролцох /гүйцэтгэгч/-оор, алт олборлогч компани олборлосон алтаа Монголбанкинд тушааж алтны арилжааны захиалга өгөх /захиалагч/-өөр тохиролцон арилжааны ерөнхий гэрээг байгуулж жил бүр шинэчилэн байгуулж ирсэн. Гэрээгээр тохиролцсон ажил хэвийн үргэлжилж байхад Монголбанк дур мэдэн гэрээний нөгөө талд мэдэгдэлгүйгээр алтны арилжааг гэнэт зогсоож, арилжаа явуулж байсан журам, заавраа хүчингүй болгосон. Монголбанк гэрээний үүргээ илтэд зөрчсөний улмаас арилжаагаар үүссэн алдагдлаа хаах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Гэтэл анхан шатны шүүх Монголбанкны буруутай үйлдлийг зөвтгөсөн алдаатай шийдвэр гаргасан. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцлүүд бүгд хууль зөрчсөн гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан гэж дүгнэлт өгөхдөө Монголбанкны буруутай үйлдэлд эрх зүйн талаас үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Хэрэв талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол Монголбанкны тухайн үеийн удирдлагын хууль зөрчсөн буруутай үйлдлийг алт олборлогч үндэсний компани хариуцах нь зүйд нийцэж байгаа эсэх дээр хууль зүйн дүгнэлт өгөх ёстой байсан. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан арилжааны ерөнхий гэрээ, худалдааны хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасанд нийцсэн гэж үзэж байгаа бол талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр заасныг дутуу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь шүүх нэгэнт хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол өгсөн авсанаа харилцан буцаах буюу Монголбанк арилжааны захиалга гүйцэтгэсний шимтгэлд тогтмол авч байсан 5 хувийг, манай компанийн зүгээс Монголбанкинд арилжаанд оролцохоор тушаасан нийт алтыг буцааж өгөх ёстой энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулж зөвхөн арилжааны урамшуулалыг компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна. Эрх зүйн ач холбогдол бүхий нэр томъёог анхан шатны шүүх хууль зүйн үүднээс тодорхойлж чадаагүйгээс алдаатай шийдвэр гаргахад хүрсэн. Талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний дагуу олон улсын зах зээлд арилжаанд оролцож эерэг үр дүнд хүрч тодорхой хэмжээний урамшууллыг захиалагч талд 2002 онд 2 удаагийн шилжүүлгээр нийт 484,880 ам.доллар шилжүүлсэн байдаг. Арилжааны урамшуулал шилжүүлсэн талаар талууд маргаагүй, шүүхийн шийдвэрт арилжааны урамшуулал гэж зөв нэршсэн хэдий ч анхан шатны шүүх арилжааны урамшуулал гэдгийг хууль зүйн агуулгаар нь зөв тодорхойлоогүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь тайлбарлаж чадаагүй. Арилжааны урамшуулал бол гэрээнд оролцогч талуудын гэрээт ажлын үр дүнд бий болсон гэрээний дагуу захиалагч талд очих ёстой үр шим юм. Өөрөөр хэлбэл арилжааны урамшуулал Монголбанкны өмч биш өмчлөлийн зүйлд хамаарахгүй. Монголбанк арилжааны урамшууллыг захиран зарцуулах эрхгүй, зөвхөн захиалагч талд шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх Монголбанк өөрийн мөнгөн хөрөнгөөр хохирсон мэтээр манай компанийг үндэслэлгүй хөрөнгөжсэн гэж хууль зүйн үндэслэлгүй алдаатай дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Анхан шатны шүүх гэрээний болон гэрээний бус үүргийг ялгаж тайлбарлаагүйгээс алдаатай шийдвэр гаргахад хүрсэн. Анхан шатны шүүх маргагч талуудын хооронд байгуулагдсан бүх гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэлт өгсөн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... талууд 2007 оны 01 сарын 30-ны өдөр 004, 008, 012 тоот тооцоо нийлсэн акт үйлдсэн байх ба ...” гэж ойлгомжгүй алдаатай дүгнэлт өгсөн. Учир нь уг тооцоо нийлсэн актууд нь талуудын хооронд байгуулсан арилжааны ерөнхий гэрээнүүдэд үндэслэж хийгдсэн байтал анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн атлаа гэрээнд үндэслэж байгуулагдсан тооцоо нийлсэн актуудыг шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв шүүх гэрээний харилцаа байгаа гэж үзэж байгаа бол гэрээний бус үүрэг буюу үндэслэлгүй хөрөнгөжсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Дээрх тооцоо нийлсэн актуудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасантай шууд зөрчилдөж байгаа бөгөөд гэрээний болон гэрээний бус үүргийг маргааны нэг үйл баримтанд хамтад нь хэрэглэх боломжгүй юм. Эндээс анхан шатны шүүх талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэрээний харилцааг хүлээн зөвшөөрч байгаа атлаа хэргийг буруу зүйлчилсэн гэдэг нь харагдаж байна. Анхан шатны шүүх эрх зүйн ач холбогдол бүхий нэр томъёог хууль зүйн агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд оновчтой байдлаар тодорхойлоогүй үүний улмаас илтэд хууль бус алдаатай шийдвэр гаргахад хүрсэн байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/00172 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Монголбанкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Монголбанк нь хариуцагч “Эрдэс холдинг” ХХК болон Р.Батхишигт тус тус холбогдуулан худалдааны хэлцэл, арилжааны ерөнхий гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 484 880 ам.доллар, гэм хорын хохиролд 36 832 000 төгрөг болон 7 214 623 ам.доллар тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Монголбанк нь хариуцагч “Эрдэс холдинг” ХХК-тай 2002 онд байгуулсан арилжааны ерөнхий гэрээний дагуу шилжүүлсэн арилжааны урамшуулал болох 484 880 ам.долларыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… арилжааны ерөнхий гэрээг хууль зөрчиж байгуулсан, хүчин төгөлдөр бус гэрээ тул хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой шаардлага гаргах эрхийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаархи тусгайлсан хуулийн зохицуулалтгүй байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй  дүгнэлт хийжээ.  Түүнчлэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2 дахь заалтад шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй талаар заасныг анхаараагүй нь буруу байна.

 

Нэхэмжлэгч Монголбанк нь арилжааны урамшуулал 484 880 ам.долларыг 2002 оны 11 дүгээр сарын 19, 29-ний өдрүүдэд хариуцагч “Эрдэс холдинг” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд энэ үеэс нэхэмжлэгч Монголбанкны шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож Иргэний хуулийн  78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно. /хх-ийн 73, 76 дугаар тал/

 

Тодруулбал, Монголбанкаас 2002 оны 11 дүгээр сарын 19, 29-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд  үндэслэлгүйгээр хөрөнгөсөн гэх 484 880 ам.долларыг буцаан шаардсан, хариуцагч “Эрдэс холдинг” ХХК-иас уг мөнгөн хөрөнгийг төлөх талаар хүлээн зөвшөөрсөн баталгаа гаргасан, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас шүүхэд хандах боломжгүй байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж заасан ба нэхэмжлэгч Монголбанк нь хариуцагч “Эрдэс холдинг” ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 484 880 ам.доллар шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх заалтад “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна” гэж заасан. Талууд 2007 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдэж 36 832 000 төгрөг болон 7 214 623 ам.долларын үлдэгдэлтэй байгааг тогтоожээ. /хх-ийн 7-9 дүгээр тал/

 

 Мөн хариуцагч “Эрдэс холдинг” ХХК-иас 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдөр  тооцоо нийлсэн актын дагуу төлбөр төлөх агуулга бүхий албан бичгийг Монголбанкинд хүргүүлсэн байна. /хх-ийн 211-212 дугаар тал/ Энэ үеэс нэхэмжлэгчийн гэм хорын хохирол гаргуулах тухай шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх заалтад заасан 5 жилийн хугацаа өнгөрсөн байна.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Монголбанкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Эрдэс холдинг” ХХК болон Р.Батхишигт тус тус холбогдох худалдааны хэлцэл, арилжааны ерөнхий гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 484 880 ам.доллар, гэм хорын хохиролд 36 832 000 төгрөг болон 7 214 623 ам.доллар тус тус гаргуулах тухай Монголбанкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлдөггүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 912 514 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ                                                                                                      

                                                                                                  Г.ДАВААДОРЖ