Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 616

 

 

 

 

 

 

 

   2020         09           24                                       2020/ШЦТ/616

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Ц.Ганчимэг,

шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2010000000786 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... регистрийн дугаартай, П.Б-.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч П.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 09.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны харуулын байрны орчим Б.Х-тэй маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун завьжны дотор салстад шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хөмсөгт цус хуралт, баруун чамархайн хуйх, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Хоёр: Эрүүгийн 2010000000786 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:

“...2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би “...” хотхоны харуулын байранд ажилд гараад буух гэж байтал Б- ээлж солиулахаар ирсэн. Тэгээд ажлын хувиараас болоод Б- уурласан, би чимээгүй зогсож байтал Б- толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохьсон. Дараа нь модон сандлаар толгой руу хоёр удаа цохьсон. Би харуулын байрнаас гарч зугтааж салсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан, би толгой өвдөөд хоёр хоног ажилдаа явж чадаагүй. Эмчилгээний зардлаа өгчихвөл надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/,

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9493 дугаартай дүгнэлтэд:

-Х-н биед тархи доргилт, баруун завьжны дотор салстад шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хөмсөгт цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чамархайн хуйх, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй./шинжээч М.Золжаргал/ ...” гэсэн дүгнэлт /хх-н 22-23 дугаар хуудас/,

 

3. Шүүгдэгч П.Б- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан Хилсс хотхоны харуулуудын ээлжийг солилцохоор очсон. Уг хотхоны үүдний постонд орсон чинь харуулууд цугласан байсан. ...Хувиарийн дагуу ажиллах шаардлага тавьсан чинь Х-уурлаад би ажлаасаа гарчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хэний төлөө ажиллаж байгаа юм бэ гэж хэлээд хувиарийн дагуу ажлаа хийх ёстой гэж хэлэхэд чадахгүй гэсэн. Уур хүрээд Х-н нүүрэнд гараараа хэд хэд цохитол Х-өрөөнөөс гарч зугтаагаад цагдаад дуудлага өгөөд байх шиг байсан. Цагдаа ирээгүй, би байрнаас гараад оффисын байр руу орсон чинь Х-намайг үгээр доромжлоод байсан. Нэг мэдсэн Х-явсан байсан. Х-г зодсон нь үнэн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.“.../хх-н 55 дугаар хуудас/,

 

4. Хохирогч Б.Х-н эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт /хх-н 26 дугаар хуудас/,

 

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36 дугаар хуудас/, “Могул Эбиз” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн П.Б- нь харуулын албанд ахлах албан тушаалд 1.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг тухай тодорхойлолт /хх-н 32 дугаар хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтанд шүүгдэгч П.Б- нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч П.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч П.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 09.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны харуулын байрны орчим Б.Х-тэй маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун завьжны дотор салстад шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хөмсөгт цус хуралт, баруун чамархайн хуйх, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ...Б- ээлж солиулахаар ирсэн. ...хувиараас болоод Б- уурласан, би чимээгүй зогсож байтал Б- толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохьсон. Дараа нь модон сандлаар толгой руу хоёр удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9493 дугаартай дүгнэлт /хх-н 22-23 дугаар хуудас/,

-Шүүгдэгч П.Б- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ...хувиарийн дагуу ажиллах шаардлага тавьсан чинь Х-уурлаад би ажлаасаа гарчихъя гэж хэлсэн. ...Уур хүрээд Х-н нүүрэнд гараараа хэд хэд цохитол Х-өрөөнөөс гарч зугтаагаад цагдаад дуудлага өгөөд байх шиг байсан. ...Х-г зодсон нь үнэн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.“... гэх мэдүүлэг /хх-н 55 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

 

Шүүгдэгч П.Б- нь хохирогч Б.Х-н эрүүл мэндэд хөнгөн  гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж,

-16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл гэрч гэх А.Чинзориг, Б.Мягмарсүрэн нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр тогтоох ажиллагаа явуулаагүй, Эрүүгийн хуулийг сануулж, мэдүүлэг аваагүй атлаа прокуророос яллах дүгнэлтдээ тэдний Зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тусгаж хууль зөрчсөн зөрчил байгааг дурдаж, энэхүү зөрчил нь хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхөөргүй гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд хэрэгт цугларсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч П.Б-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч П.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтуудаар тогтоогдож байна.  

 

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч П.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Тус хэрэгт шүүгдэгч П.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б- нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш дөрөв сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Б-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,  гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН