Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 598

 

 

 

 

 

 

 

   2020         09           21                                       2020 /ШЦТ/598

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч: Н.Нарангэрэл /томилолтоор/,   

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010013840742 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... тоот регистрийн дугаартай, Б.Б-.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны орой Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 38-9 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Н-г хардалтын улмаас гараараа нүүрэн тус газар нь цохиж, түүний биед тархи доргилт, зүүн чих, духанд шарх, дээд уруулын салстад язрал, баруун сарвуу, гуя, өлмийд цус хуралт гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.”

 

Хоёр. Эрүүгийн 2010013840742 дугаартай хэргээс талуудын судалсан болон хэрэгт цугларсан бусад баримтууд:  

 

  1. Хохирогч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 03-ны орой 23:00 цагийн үед би хүүхдүүд Оюундарь, Батсуурь нарыг гадаа тоглуулж байгаад оруулж ирэхэд манай нөхөр Б- байхгүй байсан. Би явсан газраараа түлхүүрээ хайж байгаад гэртээ орж ирээд нүүр гараа угаагаад орондоо ороод хэвтэж байсан чинь гэрийн хаалганы хонх дугарсан. Би орноос босоод хаалга тайлсан чинь нөхөр Б- согтуу орж ирээд миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд хэрүүл  маргаан үүсээд Б- миний дух руу гараараа цохисон чинь духнаас цус гарсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-10 дугаар хуудас/,

 

2. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжавын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 7729 дугаартай дүгнэлтэд :

- Б.Н-гийн биед тархи доргилт, зүүн чих, духанд шарх, дээд уруулын салстад язрал, баруун сарвуу, гуя, өлмийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 19-20 дугаар хуудас/,

 

3. Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би хохирогч Б.Н-гийн биед хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хэрэг гарсан өдрөөс хойш ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-н 31-34 дүгээр хуудас/,

 

4. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 37 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны орой Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 38-9 тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Б.Н-г хардалтын улмаас гараараа нүүрэн тус газар нь цохиж, түүний биед тархи доргилт, зүүн чих, духанд шарх, дээд уруулын салстад язрал, баруун сарвуу, гуя, өлмийд цус хуралт гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 03-нд ...нөхөр Б- согтуу орж ирээд миний нүүр лүү гараараа цохисон. ...маргаан үүсгээд Б- миний дух руу гараараа цохисон чинь духнаас цус гарсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-10 дугаар хуудас/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 7729 дугаартай дүгнэлт /хх-н 19-20 дугаар хуудас/,

-Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би хохирогч Б.Н-гийн биед хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 31-34 дүгээр хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Хохирогч Б.Н-гийн биед халдсан шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдсан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна. Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд хохирогчоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  дүгнэв.  

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

   Шүүгдэгч Б.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь тогтоогдсон ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж, мөн  хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.Б-ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон: 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуу тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,  гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН