Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 601

 

 

 

 

 

 

 

   2020         09           21                                       2020/ШЦТ/601

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Ц.Ганчимэг,

шүүгдэгч Т.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010008890702 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... регистрийн дугаартай, Т.Г-.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.Г- нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ...од Б.О- миний хөл, гарыг холбож хүлээд зодож цохин, баруун гуяны хэсэгт хутгалж эрүүл мэндэд баруун өвдөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г- мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Эрүүгийн 2010008890702 дугаартай хэргээс:

 

  1. Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор:

 

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: Очироо ахынд очтол О- эгч хуурай агсан тавиад намайг олсоор гар, хөл хүлээд намайг зодсон. ... гэх мэдүүлэг /хх-н 8 дугаар хуудас/,

 

2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...О- эгч гэнэт уурлаад нөхөртэйгээ нийлж хүлээд намайг зодсон. Хүлээтэй байж байхад хажуугаар зөрөх тоолондоо баруун нүд рүү алгадаад байсан. Баруун хөлний гуян дээр хутгалсан байсан. Би О- эгчийг бодоод цагдаад учирсан гэмтлээ нуугаад хэлээгүй. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Хүн хутгалж гэмтээчихээд асууж санаа зовсон зүйл байхгүй, хэл амаар доромжлоод байсан. Миний нүд хавдаж улайж хөхөрч, зүүн чих маажсан. Миний нүд болон чихэнд О- эгч гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-10 дугаар хуудас/,

 

  1. Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн дэнжийн 4-44 тоотод амьдардаг. Одоогоор өөрийн хүү А-ийнд түр амьдарч байна. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны орой 19 цаг өнгөрч байхад Өлзийтийн гэртээ очсон. Би хашааны хаалга тогшиход хаалгаа онгойлгохгүй, нохой хуцаад байхаар нь би хашаагаа давж гэртээ орсон. Гэрт ортол манаач О-, миний авга дүү Г- нар согтуу архи хувааж уусан, хоорондоо муудалцсан байдалтай байсан. Учир нь намайг гэрт ороход Г- нь О-г орон дээр дараад байж байсан. Би тэгээд Г-д цай чанаж өгөөд юм ярих гэтэл тэрээр согтуу ярих чадваргүй байсан. Тэгээд байж байтал Г- О-г дахин орон дээр хэвтүүлээд дээрээс нь дарсан. Энэ үед Г- О-г хэл амаар доромжлоод мөн миний амьдралыг заах маягтай байсан. Тэгтэл О- “чи яахаараа хашаа давж орж ирчихээд намайг дарамталдаг юм бэ, би 60 гаруй настай хүн байна” гэж хэлсэн. Би  Г-д хандан “чи яахаараа над дээр архитай орж ирж байгаа юм бэ, архи ууж эхнэр хүүхдээ зовоож байх юм” гэж хэлсэн. Гэтэл Г- босч ирээд “та миний ээжийг алсан, яахаараа энэ хүнийг хашаандаа байлгаад байгаа юм бэ” гэхээр нь би “чи согтуу байна, чи намайг дүгнэдэг юу юм бэ” гэсэн. Би тэгэхээр нь Г-ыг хүлмээр байна гэхэд тэг тэг гээд өөрөө гараа өгсөн. Тэгэхээр нь дээлний бүсээр түүний хоёр гарыг хүлсэн. Тэгтэл тэрээр зүгээр болохгүй өшиглөх гээд байсан бөгөөд ширээг минь өшиглөж авсан. Тэгэхээр нь би Г-ыг орон дээр суулгаад хоёр хөлийг нь хүлсэн. Тэр над руу дайраад хэл амаараа доромжлоод зүгээр болохгүй байхаар нь би түүний нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгээд ч зүгээр болохгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхэд Г- надаас уучлалт гуйсан. Г- бид хоёрыг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-н 52-53 дугаар хуудас/,

 

3.Шүүгдэгч Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

О- эгчтэй мэнд усаа мэдээд юм яриад байж байтал юу болсоныг нь мэдээгүй О- эгч миний хөл, гарыг холбоод хүлчихсэн юм. Би тухайн үед согтуудаа агсрах маягтай байсан учраас л эгч маань намайг хүлсэн. Миний биед учирсан баруун өвдөгт шарх гэмтлийг би өөрөө аав Т-ын унасан хашаануудыг засаж янзалж байхдаа нэг хашааны банзанд зоогдсон байсан хадаасыг нь харалгүй өвдгөө урчихсан. Тэгээд эмнэлэгт хандаагүй. ...харин цагдаа иртэл яачихсан юм гээд байхаар нь би эмнэлэгт үзүүлж нэг оёо тавиулсан. ...баруун нүдний дээд, доод зовхи, хацар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлийг би хот руу ирэхийн өмнөх өдөр Дарханд согтуу явж байгаад нэг зүс таних залуутай маргалдаад нүүр рүүгээ 2 удаа цохиулсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 54-55 дугаар хуудас/,

 

4. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-7 дугаар хуудас/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5124 дугаар дүгнэлтэд:

-Т.Г-ын биед баруун өвдөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүдээс баруун өвдөгний шарх нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, зүүн нүдний дээд зовхины цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх-н 14-15 дугаар хуудас/,

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:

Шүүгдэгч Т.Г-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 41 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 60 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Т.Г-, Б.О- нар нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хоорондоо маргалдсан, Б.О- нь Т.Г-ыг согтуурхаж агсам тавих үе түүний хөл, гарыг хүлсэн, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5124 дугаар дүгнэлтээр Т.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Харин Т.Г-ын биед учирсан хөнгөн хохирлыг Б.О- учруулаагүй, Т.Г- нь Дархан-Уул аймагт бусад зодуулсан, мөн хадаасанд өвдгөө урсан зэргээ нууж, Б.О- зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан мэтээр буюу 2020 оны 4 дүгээр сарын 22, 27-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн өрөөнд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа:

- ...од Б.О- зодож цохин, баруун гуяны хэсэгт хутгалж эрүүл мэндэд баруун өвдөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:

Т.Г-ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-8-10 дугаар хуудас/, гэрч Б.О-ийн мэдүүлэг /хх-н 52-53 дугаар хуудас/, Т.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 54-55 дугаар хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Худал мэдүүлэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин нэгдүгээр бүлэгт буюу “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-т хамаардаг. Энэ гэмт хэргийн улмаас хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах болон бусад зорилгоор зориуд худал мэдүүлэг өгч, эсвэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийж хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд халдаж, шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхийг гэмт хэрэгт тооцон хуульчилсан. Мөн худал мэдүүлэг гаргах гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардаагүй ч, хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхөөс гадна хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүрдэг ноцтой хор уршигтай юм.

Иймд шүүгдэгч Т.Г- нь хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг гаргасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн шүүгдэгч Т.Г- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

   Шүүгдэгч Т.Г- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь тогтоогдсон ба,  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Г-ыг хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Т.Г-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд  биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Г-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Г-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН