Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 591

 

 

 

 

 

 

 

   2020         09           15                                       2020/ШЦТ/591

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010012480764 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..... тоот регистртэй, Б.Т-.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Т- нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 1-55 тоот хашаанд иргэн Г.С-ыг “хашаанд хулгай хийх гэж явлаа” гэж толгой руу нь гараараа цохиж, бие рүү нь хөлөөрөө өшиглөж, газраар чирж биед нь хамрын ясны цөмөрсөн далд хугарал, таславчийн мурийлт, баруун 7 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, баруун хацар, уруул, хоёр чамархай, зүүн зулайн хуйх, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ууц, ахар сүүл орчмын зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт, зүүн тохой, баруун дал, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Эрүүгийн 2010012480764 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 08:59:04 цагт ирсэн дуудлагын бүртгэл, лавлагаа /хх-н 2 дугаар хуудас/,

 

  1. Хохирогч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 06 дугаар сарын 17-ны  өдөр 08 цаг өнгөрч байхад өөрийн ажилтан Д-гийн гэрийг хайж Яармагийн 2 дугаар буудлын ар талын 2 давхар улаан тоосгон байшингийн хойд талд очиж зогссон. Тэгтэл хашааны жижиг цэнхэр хаалга онгорхой байхаар нь яваад ортол 1 давхар, цагаан шавран байшинтай айл байсан. Тэр айлаас нэг хүүхэд гарч ирсэн. Тэр хүүхдээс урд айл руу яаж ордог юм бэ гэхэд мэдэхгүй гэсэн. Би буцаад гарч явтал өөдөөс нэг хар хувцастай согтуу залуу хашаанд орж ирсэн. Тэгсэнээ намайг “энд юу хийж яваа юм бэ” гэхээр нь би “айл асуух” гэсэн юм гэтэл шууд намайг зодож эхэлсэн. Энэ үед байшин дотор нэг эмэгтэй бид хоёрыг харж байсан. Би тэр эмэгтэйг гараад ирээч ээ гэтэл тэр гарч ирээгүй. Тэгээд би тэр хашаанаас зугтаахад нөгөө залуу араас гарч ирээд наад хулгайчаа бариад ав гэж орилсон. Миний араас чулуу шидээд байсан. Би гүйж байтал тухайн гудамжны үзүүрт 10 гаруй залуус бөөгнөрөөд зогсож байсан. Улаан фотволктой махлагдуу залуу намайг барьж авсан. Тэгтэл араас нөгөө залуу гүйж ирээд намайг бас зодож эхэлсэн. Би тэгэхээр нь дахин зугтаатал нөгөө залуу дахин гүйж ирээд намайг зодсон. Тэнд байсан 10 гаруй залуусын хоёр нь намайг зодоод байсан залуугаас салгаж зугтаалгасан. Тухайн айлын хашаанд таарсан согтуу залуу нь хашаан дотор миний зүүн баруун шанаа руу гараараа нэг нэг удаа цохисон, өгзөг рүү 1 удаа өшиглөсөн. Дараа нь хашааны гадаа намайг үсдэж аваад нүүр рүү 4-5 удаа өшиглөсөн, газар унагаагаад толгой руу олон удаа дэвссэн. Мөн цээжний баруун болон зүүн хэсэг, ахар сүүл, 2 өвдөг гар руу зөндөө олон өшиглөсөн. ...Би толгойн зураг авахуулсан 120.000 төгрөг, ахар сүүл хавирганы зураг авахуулсан 85.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, хамрын хугарал засуулсан 100.000 төгрөг, хууль зүйн зөвлөгөө авсан 10.000 төгрөг, мөнгөн бөгжний үнэлсэн үнэ 22.500 төгрөг, мөнгөн гинжний үнэ 33.000 төгрөг болон цаашид эмчилгээ хийлгэх 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-н 10-11 дүгээр хуудас/,

3. Хохирогч Г.С-ын эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт /хх-н 6-7 дугаар хуудас/,

 

4. Гэрч Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Үндсэн хуульд заасан эрх, үүргийг ойлгож мэдлээ. Мэдүүлэг өгнө. Би 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 40 минутын үед гэрийнхээ хойд өрөөнд ороо хурааж байтал манай нөхөр хашааныхаа хойд хаалгаар орж ирж харагдсан. Тэгтэл нөхрийн өөдөөс бас нэг эрэгтэй хүн явж харагдсан. Би юун хүнтэй орж ирж байгаа юм бол гэж бодоод цонхоо онгойлгоод хартал манай нөхөр тэр хүнийг чи хэн бэ, юун хүн бэ гэсэн. Тэгтэл нөгөө хүн зугатаасан. Манай нөхөр араас нь хашааны хаалган дээр барьж авсан. Тэгтэл тэр хүн айл андуурчихлаа гэж хэлтэл манай нөхөр нүүр рүү нь гараараа цохисон. Тэгэхээр нь би гэрээс гартал тэр 2 хашаанаас гарчихсан байсан. Тэгэхээр нь хашаанаас гартал нөхөр болон нөгөө хүн харагдахгүй байхаар нь би буцаад гэр лүүгээ хувцас өмсөхөөр орсон. Тэгтэл удаа ч үгүй нөхөр орж ирээд юун хүн бэ гэхээр нь мэдэхгүй ээ гэтэл тэрээр буцаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа нөхөр маань цагдаа дээр байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 22-23 дугаар хуудас/,

 

5. Гэрч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад явж байгаад Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд Яармагийн 4 дүгээр гудамжны ойролцоо найз Т-, зүс таних Дашдэлгэр, Бачка нартай тааралдсан. Бид нар дэлгүүр орох гээд явж байтал Т-ын хашааны арын хаалга нь онгойчихсон харагдсан. Тэгтэл Т- “хаалгаа хаачихаад ирье” гээд гэр рүүгээ орсон. Удалгүй Т-ын хашаанаас зүс үл таних эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Араас нь Т- хөөгөөд гараад ирсэн. Тэр хоёр зууралдаад байсан. Т- нь цагдаа дууд гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Бачкагийн хамт тэр хоёр дээр очсон. Т-ын хашаанаас гарч ирсэн хүнийг салгаад явуулсан. Ингээд дэлгүүрээс нэг шил архи аваад хувааж уух гээд байж байтал цагдаа нар ирээд Т-ыг аваад явсан. Харин цагдаагийн машинд нөгөө Т-аас салгаж явуулсан ах сууж байсан. Ийм л үйл явдал болсон...” гэх мэдүүлэг /хх-н 25 дугаар хуудас/,

 

6. Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би 2020 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан. “Мөнхийн рашаан” дэлгүүрийн урд найз Т-тай тааралдсан.  Т- ганц юм аваад ирье гээд дэлгүүр орж 0.75 литрийн нэг шил архи авсан. Бид хоёр Т-ын гэр лүү явж байтал араас М-, М- нар ирж, бид 4 цааш явсан. Т-ын гудамж руу эргэтэл тэдний хашаанаас нэг согтуу хүн гараад ирсэн. Т- тэр хүнд хандан “чи яахаараа айлын хашаанаас гарч ирдэг юм. Би чамайг танихгүй юм байна” гэтэл тэрээр өөдөөс нь “би нийтийн байр андуураад орчихлоо” гэж байсан. Тэгээд нөгөө хашаанаас гарч  ирсэн хүн цаашаа алхтал Т- нөгөө хүний араас очиж гуя руу нь 1 удаа өшиглөсөн. Тэгтэл нөгөө ах зугтаасан. Би Т-ыг боль гээд тэвэрч үлдсэн. Ингээд бид дөрөв гудамж руу ороод архиа уух гэтэл цагдаа нар ирсэн. Дотор нь нөгөө Т-ын хашаанаас гарч ирсэн ах сууж байсан. Цагдаа нар Т-ыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 26 дугаар хуудас/,

 

7. Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 6 дугаар сарын 17-ны 15 цаг өнгөрч байхад манай нөхөр С- гэртээ ирсэн. Тэгтэл түүний хувцас нь цус болоод урагдсан, хамрандаа чихээс хийлгээд, нүд нь хөхрөөд хавдчихсан, баруун далны орчим халцарсан, ахар сүүл нь хөхөрсөн, баруун гарын тохой хэсэг нь хөхрөөд хавдчихсан, толгойны ар дагз хэсэг нь хавдсан, хоёр өвдөг нь халцарсан байсан. Тэгээд надад хандан “ажлын газрын Давааг нийтийн байрны гэрээс нь очиж авах гэж байгаад айл андуураад ортол гэрийн эзэн нь намайг зодчихлоо гэсэн. Тэр өдрөө манай нөхөр толгойны зураг авахуулсан. Түүний хамар хугараад чихээс хийлгэсэн байсан. Маргааш нь эмнэлэгээр явахад хавирга нь хугарсан, нуруу нь цуурсан, тархи нь хавантай байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-н 31 дүгээр хуудас/,

 

8. Гэрч А.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би С- ахтай нэг бригад болж угсралтын ажил хийж гүйцэтгэдэг юм. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа очоогүй. С- ах манай гэрт очих гээд явсан байсан. ...С- ах манайхыг хайж яваад айл андуурч ороод гэрийн эзэнд нь зодуулсан гэж байсан. Намайг ажилдаа очиход С- ахын нүд, хамар нь хөхөрсөн, бие нь өвдөөд байна гээд зовиуртай, хавирга, ахар сүүл нь зовиуртай байна гээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 32 дугаар хуудас/,

 

9. Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа ирэхэд Д- ирээгүй байсан. С- ах надаас Д-гийн гэрийг заалгаад тэднийх рүү очих гээд явсан. Замдаа над руу утсаар ярьж хаягийг нь заалгаж явсан. Тэгээд ярьж байтал хөөе ахын дүү яагаад байгаа юм бэ гээд дуу чимээ гараад л утас нь тасарсан. Маргааш нь С- ахыг харахад түүний нүүр ам нь хөх няц болоод битүү хавдчихсан, босож чадахгүй байна гээд гэртээ орон дээрээ хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 33 дугаар хуудас/,

 

10. Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч хойшоо явж “Алаг адуут” гэдэг нэртэй дэлгүүр орж тамхи авч, буцаад гэр рүүгээ орсон. Тэгтэл манай хашаан дотор гэрээс гарч ирж буй мэт өөдөөс нэг танихгүй ах ганцаараа явж ирсэн. Тэгэхээр нь “юун хүн бэ, яагаад манай хашаанд явж байгаа юм бэ” гэтэл тэрээр юм хэлэхгүй, шууд намайг түлхээд хажуугаар гараад гүйсэн. Тэгэхээр нь би түүний араас хөөж хаалган дээр барьж автал тэрээр өөдөөс сарвалзсан. Тэгэхээр нь би түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиход түүний зүүн хөмсөгнөөс цус гарч эхэлсэн. Тэр хүн хаалга онгойлгоод гараад зугтахаар нь би араас нь хөөж барьж аваад зулгаасан. Би тэр хүнээс юу хийж явааг асуутал тэрээр “би айл андуурчихсан байна”, танайх нийтийн байр биздээ” гэхээр нь би “манайх нийтийн байр биш” гэж хэлсэн. Энэ үед манай хорооны Дашдэлгэр, Б- бусад 3-4 хүн ирээд намайг боль боль гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнийг тавихад тэр хүн автобусны буудал руу явсан. Би тэдгээр хүмүүстэй 1 шил архи уух гээд байж байтал цагдаа нар нөгөө хүнтэй хамт ирсэн. Ийм л үйл явдал болсон. Би эхлээд түүний зүүн хөмсөг рүү гараараа нэг цохиж сэтэлсэн. Дараа нь хашааны гадаа зүүн гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Түүний биед учирсан гэмтлүүдийг нүүр рүү нь гараараа хоёр удаа, зүүн гуя руу нь нэг удаа өшиглөж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 60-61 дүгээр хуудас/,

 

11. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7100 дугаартай дүгнэлтэд:

 

-Г.С-ын биед хамрын ясны цөмөрсөн далд хугарал, таславчийн мурийлт, баруун долдугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруул хоёр чамархай, зүүн зулайн хуйх, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ууц ахар сүүл орчимын зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт, зүүн тохой, баруун дал, хоёр өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 35-37 дугаар хуудас/,

 

12. Шинжээч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Г.С-ын биед учирсан хамар ясны цөмөрсөн далд хугарал, таславчийн мурийлт, баруун долдугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Харин баруун хацар, уруул хоёр чамархай, зүүн зулайн хуйх, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ууц ахар сүүл орчимын зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт, зүүн тохой, баруун дал, хоёр өвдөгт зулгаралт зэрэг гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 42-43  дугаар хуудас/,

 

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч Б.Т-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1378 дугаар шийтгэх тогтоол /хх-н 77-78 дугаар хуудас/, “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1-1/2579 дугаартай “...тус байгууллагад Б.Т- засварчнаар 15 жил ажиллаж байгаа”  тухай тодорхойлолт /хх-н 68 дугаар хуудас/ Б.Т-ын 2019 оны 1 сараас -2020 оны 7 сарын хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-н 69 дүгээр хуудас/,  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Т- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажаваас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт зүйлчлэлд маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар мараагүй.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Т-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Т- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 1-55 тоот өөрийн хашаанд иргэн Г.С-ыг “хашаанд хулгай хийх гэж явлаа” гэх шалтгаанаар толгой руу нь гараараа цохиж, бие рүү нь хөлөөрөө өшиглөж, газраар чирч биед нь “хамрын ясны цөмөрсөн далд хугарал, таславчийн мурийлт, баруун 7 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, баруун хацар, уруул, хоёр чамархай, зүүн зулайн хуйх, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ууц, ахар сүүл орчмын зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт, зүүн тохой, баруун дал, хоёр өвдөгт зулгаралт бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсэн дуудлагын бүртгэл, лавлагаа /хх-н 2 дугаар хуудас/,     

-Хохирогч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...цэнхэр хаалга онгорхой байхаар нь ортол ...өөдөөс хар хувцастай согтуу залуу хашаанд орж ирээд “энд юу хийж яваа юм бэ” гэхээр нь “айл асуух” гэсэн юм гэтэл шууд намайг зодож эхэлсэн. ...зугтаахад ...араас нөгөө залуу гүйж ирээд намайг бас зодож эхэлсэн. ...согтуу залуу нь хашаан дотор миний зүүн баруун шанаа руу гараараа нэг, нэг удаа цохисон, өгзөг рүү нэг удаа өшиглөсөн. ...хашааны гадаа намайг үсдэж аваад нүүр рүү 4-5 удаа өшиглөсөн, газар унагаагаад толгой руу олон удаа дэвссэн. Мөн цээжний баруун болон зүүн хэсэг, ахар сүүл, 2 өвдөг гар руу зөндөө олон өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-н 10-11 дүгээр хуудас/,

-Гэрч Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 40 минутын үед ...манай нөхөр хашааныхаа хойд хаалгаар орж ирж харагдсан. ...нөхрийн өөдөөс бас нэг эрэгтэй хүн явж харагдсан. ...манай нөхөр тэр хүнийг чи хэн бэ, юун хүн бэ гэсэн. ...тэр хүн айл андуурчихлаа гэж хэлтэл манай нөхөр нүүр рүү нь гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-н 22-23 дугаар хуудас/,

-Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед...Т- “хаалгаа хаачихаад ирье” гээд гэр рүүгээ орсон. Удалгүй Т-ын хашаанаас зүс үл таних эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Араас нь Т- хөөгөөд гараад ирсэн. Тэр хоёр зууралдаад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 25 дугаар хуудас/,

 Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ...Т-тай тааралдсан.  ...Т-ын гудамж руу эргэтэл тэдний хашаанаас согтуу хүн гараад ирсэн. Т- “чи яахаараа айлын хашаанаас гарч ирдэг юм, чамайг танихгүй юм байна” гэхэд өөдөөс нь “би нийтийн байр андуураад орчихлоо” гэж байсан. ...Т- нөгөө хүний араас очиж гуя руу нь 1 удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-н 26 дугаар хуудас/,

-Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 6 дугаар сарын 17-ны 15 цаг өнгөрч байхад нөхөр С- гэртээ ...хувцас нь цус болоод урагдсан, хамрандаа чихээс хийлгээд, нүд нь хөхрөөд хавдчихсан, баруун далны орчим халцарсан, ахар сүүл нь хөхөрсөн, баруун гарын тохой хэсэг нь хөхрөөд хавдчихсан, толгойны ар дагз хэсэг нь хавдсан, хоёр өвдөг нь халцарсан ирсэн. ...айл андуураад ортол гэрийн эзэн нь намайг зодчихлоо гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-н 31 дүгээр хуудас/,

-Гэрч А.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С- ах манайхыг хайж яваад айл андуурч ороод гэрийн эзэнд нь зодуулсан гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 32 дугаар хуудас/,

-Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ...С- ах надаас Д-гийн гэрийг заалгаад тэднийх рүү очих гээд явсан. ...Маргааш нь С- ахыг харахад түүний нүүр ам нь хөх няц болоод битүү хавдчихсан, босож чадахгүй байна гээд гэртээ орон дээрээ хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 33 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...хашаан дотор ...танихгүй ах ганцаараа явж ирсэн. ...“юун хүн бэ, яагаад манай хашаанд явж байгаа юм бэ” гэсэн. ...би түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиход түүний зүүн хөмсөгнөөс цус гарч эхэлсэн. ...араас нь хөөж барьж аваад зулгаасан. ...Би эхлээд түүний зүүн хөмсөг рүү гараараа нэг цохиж сэтэлсэн. Дараа нь хашааны гадаа зүүн гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Түүний биед учирсан гэмтлүүдийг нүүр рүү нь гараараа хоёр удаа, зүүн гуя руу нь нэг удаа өшиглөж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 60-61 дүгээр хуудас/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7100 дугаартай дүгнэлт /хх-н 35-37 дугаар хуудас/, шинжээч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 42-43  дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Т-ын хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл юм.

 

Мөн шүүгдэгч Б.Т- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх ба, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Тус хэргийн улмаас хохирогч Г.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 315.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Б.Т- нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Г.С-ын “Хаан” банкинд эзэмшдэг дансанд 320.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтыг хэрэгт ирүүлсэн тул хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй тул энэ тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч Г.С- нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардалд 2.000.000 төгрөг гэж нэхэмжлэх боловч энэ талаар баримтгүй, шүүх нотлох баримтгүйгээр иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй тул энэхүү хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “...шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлсөн” зэргийг нь харгалзан шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажаваас “...улсын яллагчийн гаргасан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү гэсэн...” дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

   Шүүгдэгч Б.Т- урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1378 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан байх ба ялыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр биелүүлсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлсэн /хх-н 89 дүгээр  хуудас/ тул түүнд энэ тогтоолоор нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдал буюу тодорхой эрхэлсэн ажилтай, цалин хөлс орлогтой зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд  дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Т-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,  гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.С- нь энэ хэргийн улмаас цаашид гарах  хор уршигийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд  шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН