Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 003

 

;;

                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 114/2018/0018/3/

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нямдоржийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хорооны Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 49 тоот байрлах “Монгаз Ойл” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 Хариуцагч  Дархан-Уул аймгийн  Улсын бүртгэлийн хэлтэс, Дархан-Уул аймгийн Засаг дарга                                                                                                                                                                                                                                                                                                                                    АА

           Гуравдагч этгээд “Алтан тариа” ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн   Ү-2003010679 тоот дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн 000064704 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг, Үйлдвэрийн районд байрлах 8 ширхэг силос буюу 280,8 м.куб бэлэн бүтээгдэхүүн ачих дамжлагыг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/23 дугаар захирамжийг хүчингүй болгох, “Монгаз Ойл” ХХК-д Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг, Үйлдвэрлэлийн районд байрлах 800 метр урттай төмөр замын эзэмшил 7871 м.кв газрын эзэмших эрх олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах”  шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн               П.Зоригт

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                               Р.Батцогт

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                        Ц.Чулуунцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                        Б.Хишгээ

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Б.Мягмарбат

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч                                       П.Цэрэн-очир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

           Нэхэмжлэгч “Монгайз Ойл” ХХК-ийн захирал Д.Нармандах шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Зоригт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- “Монгаз Ойл” ХХК нь “Керамзит” ХХК-тай харилцан тохиролцож 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эд хөрөнгө худалдах, худалдан авах “Кер 2005/10/25 гэрээ байгуулан Дархан-Уул аймаг Дархан сумын 15 дугаар багийн Үйлдвэрлэлийн районд байрлах 800 метр урттай төмөр замыг худалдан авсан бөгөөд 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 000202721 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010676 дугаар бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан билээ.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавьж банкны зээл авч байсан ба 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Зоос банкны эрх хүлээн авагчийн хусэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж барьцаа чөлөөлүүлсэн болно. Манай компани 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуучнаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас лавлагаа авахад 8 ширхэг силос буюу 280.8 м.куб бэлэн бүтээгдэхүүн ачих дамжлагын  үл хөдлөх эд хөрөнгө “Монгаз Ойл” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй хэвээр байгаа тухай хариу өгч байсан.

“Алтан тариа” ХХК нь манай эзэмшлийн 800 м урт төмөр замыг өөрийн эзэмшилд худалдан авч улсын бүртгэлийн Ү-2003010679 дугаарт давхар бүртгүүлсэн гэж ойлгож дээрх давхардуулан олгосон төмөр замтай холбоотой бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, шүүхээс хийсэн үзлэгээр төмөр замын байршил нь огт өөр газарт болох нь тогтоогдсон тул Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010679 тоот дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн 000064704 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухайгаа түрүүчийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн зарим шаардлагасаа татгалзсан тухай тайлбарыг хүргүүлсэн байгаа.

“Керамзит” ХХК нь анх өөрийн өмчлөлийн объектоо 5 хувааж улсын бүртгэлд бүртгүүлсэн. 1-рт Захиргаа, контор, бэлэн бүтээгдэхүүн хөргөлтийн хэсгийн 3 давхар 1728 м.кв талбайтай барилга,  улсын бүртгэлийн Ү-2003003457 дугаартай, 2-рт Зуухан цех, элеваторын барилга 816 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003010678 дугаартай, 3-рт бэлтгэх цехийн барилга  2508 м.кв  талбайтай,  850 м урт төмөр замтай, улсын бүртгэлийн

Ү-2003010679 дугаартай, 4-рт Бэлэн бүтээгдэхүүн  ачих дамжлага, 8 ширхэг силос, 280,8 м.куб багтаамжтай, 800 метр урт төмөр замтай, Ү-2003010676 дугаартай, 5-рт Мазутын аж ахуйн барилга, 1600 м.куб багтаамжтай  4 ш савтай, 626 метр урт төмөр замтай, Ү-2003010677 дугаарт тус тус бүртгэлтэй байсан. Улсын бүртгэлийн Ү-2003010676, Ү-2003010677 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “Монгаз Ойл” ХХК-д  худалдсан, мазутын объектыг одоо “Эрд хул” ХХК эзэмшиж байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байгаа. Манай байгууллагаас  8 ширхэг силосын хувьд  буруутай зүйл бий, мөн Улсын бүртгэлийн байгууллагын буруутай зүйл бий, “Керамзит” ХХК-аас шилжүүлэн авсан эд хөрөнгөө дутуу бүртгүүлсэн. Гэвч энэ эд хөрөнгө нь манай байгууллагын өмчлөлийнх болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын ерөнхий улсын бүртгэгчийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 тоот тушаалаар нотлогдох тул дээрх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж өгөхийг даалгаж өгнө үү.

Манай компани нь өөрийн эзэмшлийн төмөр замын хамт 7871 м.кв газрыг эзэмшиж авахаар 2005,2007 онуудад хүсэлтээ гаргаж байсан. Газрыг Газрын албанаас “Монгаз Ойл” ХХК-д  шилжүүлэн өгсөн акт байгаа ба энэ акт нь Улсын бүртгэлийн хувийн хэрэгт хадгалагдаж байна. Дээрх газраа эзэмших хүсэлтийг гаргасаар байтал шилжүүлж өгөөгүй бөгөөд гаргасан хүсэлтийг 10 жил болсон гээд устгасан байна. Тухайн үед манай компаний захирал Л.Батмөнх гэдэг хүн хөөцөлдөж байсан ба тэр хүн 2008 онд нас барсан, 2005, 2007 онуудад гаргаж байсан хүсэлтийг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Дархан-Уул аймгийн Засаг дарга болон сумын газрын  даамалд хандаж байсан боловч элдэв арга саам хийж, шалтаг шалтгаан тоочсоор одоо болтол газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй хирнээ манай өмчлөлийн төмөр замын доорх газрыг “ Алтан тариа” ХХК-д эзэмшүүлсэн болохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 290 дугаар албан бичгийг хүлээн авснаар олж мэдлээ. Уг төмөр замын доод талын 7871 м.кв талбай бүхий газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-н өдрийн А/23 дугаар захирамжаар “ Алтан тариа” ХХК-д хууль бусаар нэмж шилжүүлж  эзэмших эрхтэй болсон тухай мэдсэн болно. “Алтан тариа” ХХК нь анх 29583,2м.кв газрыг “Керамзит” ХХК-аас шилжүүлэн авсныг үндэслэлгүйгээр нэмж 2015 онд 36343 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байна.

Манай компанид 7871 м.кв газрыг Газрын албанаас хүлээлгэж өгсөн мөртлөө одоо болохоор зургийг бид зураагүй гээд мэлзээд байх юм, энэ газар хүлээлгэн өгсөн актыг бид Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас авсан шүү дээ. 2006 онд нарийн хэмжилтийн багаж төхөөрөмж байхгүй байсан гэж байна. Тэр яриад байгаа багаж төхөөрөмж нь 2010 онд ирсэн байдаг, гэтэл 2011 онд “Керамзит” ХХК-аас “Алтан тариа” ХХК-д газар шилжүүлэх үед нарийн хэмжилтийн багаж төхөөрөмжийг ашиглаж хэрэглэдэг байсан байна.

Иймд  бусдын эзэмшлийн газрыг үндэслэлгүйгээр шилжүүлсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/23 дугаар  захирамжийг  хүчингүй

болгох, “Монгаз Ойл” ХХК-д Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн үйлдвэрлэлийн районд байрлах 800 метр урттай төмөр замын эзэмшил 7871 м.кв газрын эзэмших эрх олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах шаардлага гаргаж байна гэв.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээгээс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:- “Керамзит” ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө 5 хуваан 1728.0 м.кв талбайтай захиргаа, контор, бэлэн бүтээгдэхүүн хөргөлтийн хэсгийг Ү-2003003457 дугаарт, 1600 м.куб багтаамжтай мазутын аж ахуйн барилга, 620 м урт төмөр замыг                      Ү-2003010677 дугаарт, 8 ширхэг силос, 800 м урт төмөр замыг Ү-2003010676 дугаарт, 816 м.кв талбайтай, зуухан цех, элеваторын барилгыг Ү-2003010678 дугаарт, 2508 м.кв талбайтай бэлтгэх цехийн барилга, 850 м урт төмөр замыг Ү-2003010679 дугаарт салган бүртгүүлсэн. 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ү-2003010676 дугаарт бшүртгэгдсэн 8 ширхэг силос, 800 м урт төмөр замын бүртгэлээс зөвхөн 800 м урт төмөр замыг нотариатч Ш.Алтанцэцэгийн гэрчилсэн “Керамзит” ХХК болон “Монгаз Ойл” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний зүйл 800 м урт төмөр замыг шилжүүлэн авах эрхийн улсын бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийн дагуу улсын бүртгэлийн Ү-2003010676 дугаарт бүртгэсэн. Бүртгэл болон гэрчилгээ хүчинтэй байгаа болно. Ү-2003000677 дугаарт 800 м төмөр зам гэж бичсэн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр процессын алдаа гарсан байгаа. Үүнээс болж байгууллагын эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна.

            Улсын бүртгэлийн Y-2003010679 дугаарт бүртгэгдсэн 15 дугаар Үйлдвэрийн районд байрлах 2508,0 мкв талбайтай бэлтгэх цехийн барилга, 850.0 м урттай төмөр замыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байна гэж ойлголоо.

            Харин 8 ширхэг силос, 280,8 м.куб багтаамжтай ачих дамжлагын хувьд “Монгаз Ойл” ХХК болон “Алтан тариа” ХХК-ийн аль алинд нь бүртгэлгүй, “Керамзит” ХХК-ийн өмчлөлд байгаа гэж үзэх үндэслэлтэй.Өмчлөх эрх нь зөвхөн гэрээ болон хуульд зааснаар үүсдэг учир дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулах боломжгүй, “Керамзит” ХХК-аас 800 м урт төмөр зам шилжүүлэх гэрээ байгаа, гэрээний дагуу бүртгэл хийгдсэн байгаа, иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Анх 2005 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Керамзит” ХК-иас Дархан-Уул аймгийн Газрын албанд  ирүүлсэн эзэмшил газартаа хэмжилт хийлгэх тухай хүсэлтийн дагуу хэмжилтийг хийж гүйцэтгэсэн байна. Тухайн үед өндөр нарийвчлалтай хэмжих хэмжилтийн багаж болон программ хангамж байхгүй байсан учраас уг талбайг 50 метрийн ган лентээр тойруулан хэмжиж, хэмжилтийн үр дүнгээр талбайн хэмжээг 29583.2 м.кв гэж бодож гаргасан. Тус зургийг үндэслэн “Керамзит”ХК-тай аймгийн Засаг даргын 2010 оны 05 сарын 17-ны өдрийн 202 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

            Дархан-Уул аймгийн Засаг даргын 2011 оны 06 сарын 20-ны 276 захирамжаар “Керамзит” ХК-иас “Алтан тариа” ХХК-д газар эзэмших эрх шилжихдээ талбайн хэмжээ 29583.2 м.кв талбайтаагаар шилжсэн байна. Тухайн үед газрын кадастрын мэдээллийн санд байгаа талбайн хэмжээ уг захирамжаар олгогдсон талбайн хэмжээтэй зөрүүтэй байсан учраас “Алтан тариа” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байна.

          Тиймээс “Алтан тариа” ХХК-ийн хүсэлтээр  зөрүүтэй талбайд хэмжилт хийж, хэмжилтийг тухайн үед хэрэглэж эхэлсэн Ланд менежер программ хангамжийн тусламжтайгаар хийж, талбайн хэмжээг 36343 м.кв  болгож өөрчилж, аймгийн Засаг даргын 2015 оны 02 сарын 12-ны өдрийн А/23 дугаар захирамжаар талбайн хэмжээг 36343 м.кв болгосон. Гэвч “ Керамзит” ХК-ий эзэмшлийн талбай нь газар дээрээ нэмэгдэж өөрчлөгдөөгүй. 2005 оны гар хэмжилтээр хийсэн зурагтай адилхан байх бөгөөд талбайн зөрүү нь гараар хэмжсэн хэмжилт болон бодолтын алдаанаас үүдэлтэй юм.

            “Монгаз Ойл” ХХК нь 2011 оноос өмнө 7871 м.кв газар эзэмших өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй болно. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь 2009 оноос өмнөх баримт бичгээ аймгийн Төв архивт хүлээлгэн өгсөн байгаа. Иймд аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/23 дугаар захирамжийг хүчингүй болгох,  800 метр урттай төмөр замын эзэмшил 7871 м.кв талбайг эзэмших эрх олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Гуравдагч этгээд “Алтан тариа” ХХК-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь 2011 оны 05 сарын 28-ны “ Керамзит” ХХК-тай  Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай“ ДГ-037/11 тоот гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Үйлдвэрийн Районы 15-р багт байрлах 1728.0 м.кв талбайтай захиргаа контор бэлэн бүтээгдэхүүний хөргөлтийн хэсэг обьект, улсын бүртгэлийн Y-2003003757 дугаар,  000064703 тоот гэрчилгээтэй, 2508.0 м.кв талбайтай бэлтгэх цех, 850,0 м урттай төмөр замууд, бусад дагалдах обеькт, хашаа, улсын бүртгэлийн Y-2003010679 дугаар, 000064704 тоот гэрчилгээтэй, 816,0 м.кв талбайтай зуухан цех, элеваторын барилга, улсын бүртгэлийн Y-2003010678 дугаар, 000064705 тоот гэрчилгээтэй, 29 583.2 м.кв талбай бүхий газартай, газар эзэмших эрхийн 0174672 тоот гэрчилгээтэй, газрын кадастрын зургийн хамт дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуулийн дагуу шилжүүлэн авсан.

           8 ширхэг силосын хувьд анхдагч бүртгэл нь “Керамзит” ХХК- бүртгэлтэй байсан, “Монгаз Ойл” ХХК нь төмөр замыг шилжүүлэн авсан гэх гэрээнд ч 8 ширхэг силосын талаар дурьдаагүй байгаа. Иймд 8 ширхэг силосыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            “Алтан тариа” ХХК нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын албанд ДГ-037/11 тоот гэрээний дагуу худалдан авсан газрын эзэмших эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу 2011 оны 06 сарын 20-ны өдрийн 276 тоот захирамжаар “ Керамзит” ХХК-аас кадастрын зургаар 29  583,2 м.кв эзэмших эрхийг шилжүүлсэн.Тухайн үед газрын кадастрын шинэчилсэн мэдээллийн санд байгаа талбайн хэмжээ нь уг захирамжаар олгогдсон талбайн хэмжээнээс зөрүүтэй байсан тул манай компанитай гэзэр эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй. Иймээс кадастрын зургийг шинээр гаргуулж, 2015 оны 01 дүгээр сарын 06-нд Дархан-уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт шинэчилсэн кадастрын зургийн дагуу холбогдох бичиг баримтуудыг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасан.

Аймгийн Засаг даргаас 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/23 дугаар захирамжаар газрын хэмжээг 36 343 м.кв болгож, кадастрын мэдээллийн санд газрын хэмжээг 36 343 м.кв болгож бүртгэсэн. Дээрх талбайн зөрүү нь өмнөх гар хэмжилт, бодолтын алдаанаас гарсан болохыг тодорхойлсон. “Монгаз Ойл” ХХК-ийн ямар нэгэн газартай давхцаагүй учир Засаг даргын 2015 оны А/23 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

“Монгаз-Ойл” ХХК нь өөрийн өмчлөлийн 800 м урттай төмөр замыг манай байгууллагын хашаан доторх төмөр зам гэж ойлгож, “Алтан тариа” ХХК одоо андууран ашиглаж байна гэж байна. 2011 онд “ Керамзит” ХХК-аас төмөр зам, газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авснаас хойш үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын татвар бусад төлбөрүүдийг тасралтгүй төлж ирсэн бөгөөд худалдан авсан 850м төмөр замыг “УБТЗ ХНН”-д өөрийн компанийн эзэмшилд шилжүүлэх хүсэлтийг гаргаснаар “Дагнасан хэрэглээний зам талбай эзэмшигчийн эзэмшлийн салбар замд төмөр замын зүтгүүрээр вагон тавьж өгөх, татаж авах тухай гэрээ”-г УБТЗ-ын замын 1-р ангитай байгуулан“Замын урсгал засвар хийж гүйцэтгүүлэх зам арчлалтын гэрээ”-ний дагуу жил бүр салбар замын ашиглалт, зам арчлалтын төлбөрийг төлж, засвар үйлчилгээг хийж байна.

ҮНДЭСЛЭХ  нь:

 

1. Нэхэмжлэгч “Монгаз Ойл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010679 тоот дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн 000064704 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох” шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” , мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд  заасан  үндэслэл,  нөхцөл  байдал  илэрвэл  ... нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ  татгалзсан,

...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудтай холбоотойгоор хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

2.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг, Үйлдвэрийн районд байрлах 8 ширхэг силос буюу 280,8 м.куб бэлэн бүтээгдэхүүн ачих дамжлагыг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”  шаардлагын тухайд:

“Керамзит” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө 5 хувааж бүртгүүлж, 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг, Үйлдвэрийн районд байрлах 8 ширхэг силос буюу 280,8 м.куб бэлэн бүтээгдэхүүн ачих дамжлага, 800 м урт төмөр замыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010676 дугаарт бүртгүүлж,  өмчлөх эрхийн гэрчилгээг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Керамзит” ХК-аас гаргасан “улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой  эд хөрөнгийн бусад эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000128669 тоот гэрчилгээ, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Монгаз Ойл” ХХК нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010676 дугаарт бүртгэлтэй 800 м урт төмөр замыг 280,8 м.куб бэлэн бүтээгдэхүүн ачих дамжлагын хамт  “Керамзит” ХХК-аас худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч   “Керамзит” ХХК-аас зөвхөн 800 м урт төмөр замыг худалдан авч, өмчлөлийн гэрчилгээг шилжүүлэн авсан болох нь “Керамзит” ХХК, “Монгаз Ойл” ХХК-ийн хооронд 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан  №Кер2005/10/25 гэрээ, Улсын бүртгэлийн хэлтэст  800 м урт төмөр замыг өөрийн өмчлөлд бүртгүүлэх тухай “Монгаз Ойл” ХХК-аас  2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан анхны улсын бүртгэлийн мэдүүлэг, эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээгээ гээгдүүлснээр шинээр гэрчилгээ авахаар 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг, “Монгаз Ойл” ХХК нь Зоос банктай байгуулсан  барьцааны гэрээ,  улсын бүртгэлийн Ү-2003010676 дугаар бүртгэгдсэн 000202721 тоот эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 002299011 тоот лавлагаа зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Керамзит” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хэн нэгэнд

шилжүүлсэн тухай баримт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сан болон хувийн хэрэгт байхгүй байна” гэсэн тайлбар зэргээр “Керамзит” ХХК-ийн өмчлөлд байсан 8 ширхэг силос, 280,8 м.куб бэлэн бүтээгдэхүүн ачих дамжлага нь нэхэмжлэгч “Монгаз Ойл” ХХК болон гуравдагч этгээд “Алтан тариа”ХХК-ийн аль нэгний өмчлөлд бүртгэгдээгүй, нэхэмжлэгч дээрх эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь нотлогдохгүй байхад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасан улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчимтай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Монгаз Ойл” ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлаар иргэний журмаар нэхэмжлэл гарган иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй  бөгөөд өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлсэний дараа улсын бүртгэлийн талаар шүүхэд хандах боломжтой юм.

 

3.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/23 дугаар захирамжийг хүчингүй болгох,  “Монгаз Ойл” ХХК-д Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг, Үйлдвэрлэлийн районд байрлах 800 метр урттай төмөр замын эзэмшил 7871 м.кв газрын эзэмших эрх олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/23 дугаар захирамжаар 24 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших талбайн хэмжээг өөрчилж газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх захирамжийн хавсралтын 22 дугаарт “Алтан тариа” ХХК-ийн эзэмшлийн 29583.2 м талбайг 36343 м.кв талбай болгон өөрчилсөн байна. Нэхэмжлэгч нь дээрх талбайн хэмжээг нэмэхдээ өөрийн эзэмшлийн гэх 7871 м.кв талбайг нэмж 36343 м.кв болголоо гэж маргаж байна.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “Керамзит” ХХК нь 2005 онд эзэмшил газартаа хэмжилт хийлгүүлэхээр Дархан-Уул аймгийн Газрын албанд хүсэлт гаргаснаар  газрын талбайн хэмжээг 50 метрийн ган лентээр тойруулан гараар хэмжилт хийж, 29583.2 м.кв-аар тогтоосон байх ба “Керамзит” ХХК-аас “Алтан тариа” ХХК-д шилжсэний дараа  талбайн хэмжээ газрын мэдээллийн санд зөрүүтэй байсан тул “Алтан тариа” ХХК-ийн хүсэлтээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын хүсэлтээр Ланд менежер программ  хангамжийн нарийвчилсан багажаар талбайн хэмжээг хэмжиж 36343 м.кв талбай бүхий газар болохыг тогтоосон байна. Гэвч уг эзэмшил талбай нь “Керамзит” ХХК-д газрыг шилжүүлэхдээ хэмжсэн газрын зураг, “Алтан тариа” ХХК-ийн 2015 оны газрын байршлын кадастрын зургаар газрын талбай нэмэгдэж өөрчлөгдөөгүй, 2005,2015 онд хийсэн хэмжилтийн хэмжээ нь адил хэвээр болох нь  кадастрын зургаар нотлогдож байна.

 Нэхэмжлэгчээс  800 м урт  төмөр  замтай  хамт  7871 м.кв талбайтай газар эзэмших хүсэлтээ 2005, 2007 онуудад Дархан-Уул аймгийн Газрын албанд гаргаж өгсөн гэж нотлох баримтаар 2 албан бичгийг ирүүлсэн боловч энэ тухай баримт аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй, тухайн онуудын бүртгэл нь Архивын тухай хуульд зааснаар устгагдсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “2007 оноос хойш хүсэлтээ гаргаагүй” гэсэн тайлбар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас томилогдсон шинжээчийн “Монгаз Ойл” ХХК-ийн Ү-2003010676 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 000202721 дугаар гэрчилгээтэй 800 м урт төмөр зам, ... дагуух зурвас газрыг эзэмшиж, ашиглаж байгаа бүртгэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэх дүгнэлт зэргээр нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна. Мөн “Монгаз Ойл” ХХК-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  Ү-2003010676 дугаар бүртгэлтэй хувийн хэрэгт Дархан-Уул аймгийн Газрын албанаас “Монгаз Ойл” ХХК-д газар хүлээлгэн өгсөн тухай актын хуулбар байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар хүлээлгэн өгсөн актад газрын хэмжээг компъютераар бичиж өгдөг, энэ актад гараар хэмжилтийн тоо, газрын хэмжээг гараар бичсэн, энэ баримтын эх хувь байхгүй” гэсэн тайлбар, газрыг хүлээлгэн өгсөн актад газрын хэмжээг гараар бичсэн, бусад хүснэгтэд бичигдэх зүйлүүд бичигдээгүй, эх баримт архивт хадгалагдаагүй зэргээс үзэхэд нэхэмжлэгчид 7871 м.кв талбай бүхий газар эзэмшүүлэхээр хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй  байна.

Дээрх баримтуудаас дүгнэлт хийхэд нэхэмжлэгч “Монгаз Ойл” ХХК нь газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмаар газар эзэмших хүсэлтээ гаргаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, мөн “Алтан тариа” ХХК-д газар нэмж олгосон нь “Монгаз Ойл”ХХК-д 7871 м.кв талбай бүхий газар хүлээлгэн өгсөн нь баримтуудаар тус тус тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны А/23 дугаар захирамж бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/23 дугаар захирамжийг хүчингүй болгох, “Монгаз Ойл” ХХК-д  800 метр урттай төмөр замын эзэмшил 7871 м.кв газрын эзэмших эрх олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч” Монгаз Ойл” ХХК нь шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн “ Дархан-Уул аймгийн  Улсын  бүртгэлийн хэлтсийн 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн                Ү-2003010679 тоот дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн 000064704 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

2.  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Монгаз Ойл” ХХК-аас гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг, Үйлдвэрийн районд байрлах 8 ширхэг силос буюу 280,8 м.куб бэлэн бүтээгдэхүүн ачих дамжлагыг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/23 дугаар захирамжийг хүчингүй болгох, “Монгаз Ойл” ХХК-д Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг, Үйлдвэрлэлийн районд байрлах 800 метр урттай төмөр замын эзэмшил 7871 м.кв газрын эзэмших эрх олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоусгай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар шүүхийн шийдвэрийг хүрэлцэн ирж гардан авах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                                                                                                                                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ЭНХТУЯА