Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 842

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Итгэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00530 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Итгэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн санал болгох хурлын шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоолгох, 2016 оны 1 сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Итгэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Урангэрэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Үүлэнсолонго, Э.Батхишиг,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Намсрайжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 2 сарын 24-ний өдрийн 258 дугаар захирамжаар Д.Итгэл надаас 54 926 100 төгрөгийг гаргуулж, Б.Нямцэрэнд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлийн явцад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 23-58 тоот орон сууцыг удаа дараагийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй ба 2015 оны 12 сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Э.Үүлэнсолонгын дуудсанаар очиход 1 сарын 4-ний өдөр хүртэл төлбөр төлөх хугацааг сунгаж түүн дээр надаар гарын үсэг зуруулсан билээ. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 1 сарын 5-ны өдөр 3/431 тоот мэдэгдэл ирүүлсэн ба уг мэдэгдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөрт тооцон төлбөр авагчид шууд шилжүүлэхээр шийдвэр гарсан тул орон байраа 1 сарын 8-ны дотор суллахыг шаардсан байсан. Миний бие энэхүү шийдвэр гүйцэтгэлийн албаны тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ц.Бямбасүрэнгийн 3/431 тоотыг эс зөвшөөрч түүний явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж өмчлөх эрхийг минь зөрчсөн тухай гомдлоо тус албаны даргад гаргахад гомдлын хариуг Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Оюунчимэг 2016 оны 1 сарын 22-ны өдөр 2/36 тоот хариу мэдэгдэх хуудсаар албан ёсоор өгсөн тул уг хариуг зөвшөөрөхгүй байгаа тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Гэтэл шүүх 2016 оны 2 сарын 1-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шүүгчийн захирамж гарган нэхэмжлэлийг буцаасан билээ. Миний бие шийдвэр гүйцэтгэх албаны даргад өгсөн гомдлын хариуг Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Оюунчимэг 2016 оны 1 сарын 22-ны өдөр албан ёсоор өгсөн одоо дахин хариу өгөх шаардлагагүй гэж хэлснийг шүүхэд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний зөрчигдсөн эрхээ хамгаалан мэдүүлэх эрхийг минь санаатайгаар хязгаарлан, тус албаны ажилтнуудын ашиг сонирхолдоо хөтлөгдөн хийж байгаа хууль зөрчсөн үйлдэл нь шүүхэд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар ажиллагаа хийгдээгүй мэтээр харагдуулах гэсэн явуургүй ажиллагаанаас болж миний эрх шүүхийн шатанд дахин зөрчигдөж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 сарын 16-ны өдрийн санал болгох хурлаас ямар шийдвэр гарсан талаар надад мэдэгдээгүй, миний бие тус албаны шат шатны удирдлагад хуулийн дагуу гомдол гаргасан боловч нэгтгэж нэг хариу өгч байна гэж хэлээд 2016 оны 1 сарын 22-ны өдөр 2/32 тоот мэдэгдэл хуудас өгснийг шүүх анхаарна уу. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 сарын 16-ны өдрийн санал болгох хурлаар барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шууд шилжүүлэхээр гаргасан шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү. Иргэн Д.Итгэл 2016 оны 1 сарын 5-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн апбаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэнгийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дах хэсэгт заасныг үндэслэсэн мэдэгдлийг хүлээн аваад түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 23 дугаар байрны 58 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй болохыг мэдсэн байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн санал болгох хурлаар төлбөр төлөгч Итгэлийг шүүгчийн захирамжинд заасан төлбөрийг 20 хоногийн дотор төлж дуусгах, төлөхгүй бол орон сууцыг төлбөр авагчид шилжүүлнэ гэсэн агуулгатай байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэг нь үл хөдлөх хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тохиолдолд төлбөр авагчид санал болгохоор заасан байна. Миний бие хэдэн төгрөгийн үнийн саналаар, ямар, хэзээний албадан дуудлага худалдаагаар орон сууц нь борлогдоогүйг огт мэдээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа түүний буюу төлбөр төлөгчийн хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн гэж үзэж маргаж байна. Иймд 2015 оны 12 сарын 16-ны өдрийн санал болгох хурал нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох шаардлага дээрээ нэмж түүний үр дагавраар 2016 оны 1 сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Үүлэнсолонго, Э.Батхишиг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 2 сарын 24-ний өдрийн 258 дугаар захирамжаар Д.Итгэлээс 55 142 120 төгрөгийг гаргуулж Б.Нямцэрэнд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, төлбөр авагч Б.Нямцэрэнгийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2012 оны 10 сарын 22-ны өдөр үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2012 оны 11 сарын 2-ны өдөр төлбөр төлөгч Д.Итгэлд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан байна. Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг төлж, барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 58 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авч, талуудын харилцан тохиролцсон зах зээлийн үнэ 120 000 000 төгрөгийн 70 хувь болох 84 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 10 сарын 2-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу талуудын харилцан тохиролцож, тогтоосон зах зээлийн үнэ 120 000 000 төгрөгийн 50 хувь болох 60 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоон 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу барьцаа хөрөнгийг төлбөр авагч Б.Нямцэрэнд төлбөрт тооцон авахыг санал болгон 2015 оны 12 сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Д.Итгэлийг оролцуулан хурал хийж, төлбөр төлөгчөөс төлбөр барагдуулах хугацаа хүссэнтэй холбогдуулан 2016 оны 1 сарын 4-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөх хугацаа олгон, заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дурдсан хугацаанд төлбөр төлөгч Д.Итгэл төлбөрийг төлж, барагдуулаагүй бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 1 сарын 5-ны өдрийн 3/431 дүгээр албан бичгээр орон сууцыг сайн дураар султган чөлөөлөхийг мэдэгдсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд орон сууцыг чөлөөлөөгүй тул 2016 оны 1 сарын 14-ний өдөр албадан нүүлгэж, доторх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, орон сууцыг төлбөр авагчид тус тус хүлээлгэн өгсөн байна. Төлбөр төлөгч Д.Итгэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж ирснийг 3 шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Д.Итгэлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 23 дугаар байрны 58 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2015 оны 10 сарын 2-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг 2015 оны 9 сарын 22-ний өдрийн 3/32806 тоот мэдэгдлээр, 2 дахь албадан дуудлага худалдаанд 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 10 цагт оруулах болсныг 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 3/36842 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн болно. Тус алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 11 сарын 22-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар 187 000 000 төгрөгөөр, 2014 оны 10 сарын 24-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар 92 000 000 төгрөгөөр тус тус худалдан борлогдож байсан болно. Төлбөр төлөгч Д.Итгэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрт шүүхэд гомдол гаргаж байснаас дуудлага худалдааны ялагч нар дэнчингээ буцаан авч албадан дуудлага худалдаа хүчингүй болж байсан. Төлбөр төлөгч Д.Итгэл нь албадан дуудлага худалдаа хэзээ явагдсан гэдгийг мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж ирснийг 3 шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул дууссан тогтоол хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  •     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын 94 дугаартай протокол, 2016 оны 1 сарын 21-ний өдрийн 40 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 3 сарын 4-ний өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 2016 оны 4 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөг нийт 140 400 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож  шийдвэрлэжээ.

 

                 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг хэрэглэхдээ мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад нийцүүлсэн байх ёстой, гэж шүүх  шийдвэрээ үндэслэлээ. Тухайн зүйлд "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэнэ" гэж заажээ. Шүүх ийнхүү төлбөр төлөгч иргэний эрх, ашиг сонирхлын асуудалд хүндэтгэлтэй хандахад гол анхаарлаа чиглүүлэн дүгнэлт хийхдээ гуравдагч этгээд болох төлбөр авагч иргэнд ч мөн хууль ёсны эрх ашиг байдаг, түүнд ч мөн төрийн хуулийн энэрэнгүй зарчим үйлчлэх ёстойг огоорч, хэргийн зохигчдод тэгш, шударга хандах хуулийн шаардлагыг хангасангүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2011 онд гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр "шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шуурхай" байх өмнө дурдсан 3-р зүйлийн зарчмаа зөрчин бүтэн 6 жилийн туршид ажиллахдаа харин ч төлбөр төлөгчийн \нэхэмжлэгчийн\ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэсэн, гэж бид үзэж байна. Гэвч аливаа зүйлд хэмжээ, хязгаар байх ёстой тул төлбөр төлөхөөс элдэв аргаар зайлсхийж байгаа төлбөр төлөгчийн орон сууцанд халдаж төлбөрийг биелүүлэхээс өөр зам уул байгууллагад үлдээгүй нь хэргээс бас харагддаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан 6 жилийн хугацаанд төлбөр авагчийн авах мөнгөн дүн төгрөгийн сулралаар чанарын хувьд 2 дахин үнэгүйдсэн \шүүхийн шийдвэр 2011 онд гарах үед 1 ам.доллар 1200 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо 1400 гараад байгаа\ бол мөн хугацаанд орон сууцны үнэ, тэр дотроо хуучин орон сууцны үнэ хэр унасан нь нотлох шаардлагагүй үнэн. Ийм нөхцөлд төлбөр төлөгч болон төлбөр авагч орон сууцыг 120 000 000 төгрөгөөр үнэлж байсан, гэсэн үндэслэл шүүх зааж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөрчөөгүй, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагаа мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг зөрчсөн ямар ч үйл баримт илрээгүй, тогтоогдоогүй байхад шүүх ийнхүү хуульд нийцэн явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосноороо хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр заавал биелэгдэж байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн шаардлагыг биелүүлэхэд саад хийсэн төдийгүй, төлбөр авагч иргэний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг ноцтойгоор зөрчлөө. Нэхэмжлэгч Д.Итгэл шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж 5 жил шахам явсныхаа дараа 2015 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын санал болгох хуралдаан дээр, “надад 45 хоногийн хугацаа өгвөл би төлбөрийг төлөхөд бэлэн байна” гэж байсан атлаа түүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрөөд байхад нэг ч төгрөг нэмж төлөөгүй, төлөх талаар ямар ч санаачлага гаргаагүй юм. Төлбөр авагч Нямцэрэнгийн хувьд, Д.Итгэлийн орон сууцыг төлбөртөө авах ямар ч хүсэлгүй байсан боловч гагцхүү түүнийг авахаас татгалзвал, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа дуусгавар болж, төлбөрөө авч чадахгүйд хүрэх учир авахаас өөр аргагүй байдалд орсон хүн юм. Д.Итгэл шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлчихвөл тэрээр одоо ч түүний орон сууцыг буцаан өгөхөд бэлэн байгаа. Харин Нямцэрэн орон сууцыг нь 80 000 000 төгрөгөөр бусдад худалдсан гэх мэтийн зүйлийг Д.Итгэл анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж байгаа нь гүтгэлэг бөгөөд өмчлөх эрх шилжих ажиллагаа шүүхийн энэхүү маргааны улмаас үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллага дээр түдгэлзсэн байгаа тул Нямцэрэн уул хөрөнгийг захиран зарцуулах ямар ч боломжгүй байгаа болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Итгэл нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн санал болгох хурлын шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоолгох, 2016 оны 1 сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 258 дугаар захирамжаар Д.Итгэлээс 54 926 100 төгрөг гаргуулж Б.Нямцэрэнд олгуулах, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 23-58 тоотод байрлах, 40 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 59 дүгээр тал/

 

Дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай гүйцэтгэх хуудас 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гарсаны дагуу 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсчээ. /хх-ийн 60 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 23-58 тоотод байрлах, 40 м.кв талбайтай орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 139/206 дугаар тогтоолоор битүүмжилж, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 139/01 дүгээр тогтоолоор  хураасан байна. /хх-ийн 66-73 дугаар тал/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь талуудаас үнийн санал авч, уг үнэлгээгээр анхны болон хоёрдахь дуудлага худалдааг зарласан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасантай нийцсэн, дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад хуульд зааснаар хүргүүлсэн ба дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-ийн 76-94 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд хоёр дахь албадан дуудлага худалдаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд хоёр дахь албадан дуудлага худалдаа нь хууль зөрчиж явагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно.

 

Үл хөдлөх эд хөрөнгө дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр санал болгох комиссын хурал зарлаж, уг хуралдаанаар төлбөр төлөгч Д.Итгэлийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 23-58 тоотод байрлах, 40 м.кв талбайтай орон сууцыг төлбөр авагч  Б.Нямцэрэнгийн авах өр төлбөрт тооцож өгөхөөр шийдвэрлэжээ. /ХХ-ийн 96-100 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... санал болгох комиссын тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн ажиллагаа болсон” гэж тайлбарласан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч  Д.Итгэл нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн ямар ажиллагаа явуулсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, тухайн эд хөрөнгийн үнэ ямар байхаас үл хамааран уг эд хөрөнгийг төлбөр авагчид тооцон санал болгох эрх олгосон заалт биш гэж дүгнэсэн нь  үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн төлбөр төлөгч Д.Итгэл нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр санал болгох комиссын хуралд өөрийн биеэр оролцсон байх бөгөөд уг хурлаар “…төлбөр авагчийн бусдад төлөх төлбөр 1 532 910 төгрөг, төлбөр төлөгчөөс төлсөн 7 050 000 төгрөг, урамшууллын мөнгөний хамт албаны дансанд байршуулсан тохиолдолд барьцаа хөрөнгийг шилжүүлэн авахаар” шийдвэрлэсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж “үнийн зөрүүгийн талаар шийдвэр гаргаагүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэж буруу дүгнэсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн санал болгох комиссын хурал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 40 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00530 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн санал болгох хурлын шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоолгох, 2016 оны 1 сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Итгэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ        

                                   

                                                     ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                  

                                                                                                              Г.ДАВААДОРЖ