Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0348

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О

Нэхэмжлэгч Б.М

Хариуцагч Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/514 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны Эмгэг судлал, шүүх эмнэлгийн ахлах шинжээч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3,210,440 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 119 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч С.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0192/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.М нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/514 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны Эмгэг судлал, шүүх эмнэлгийн ахлах шинжээч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3,210,440 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 119 дүгээр шийдвэрээр:

2.1. “Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг баримтлан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/514 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны Эмгэг судлал, шүүх эмнэлгийн ахлах шинжээч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3,210,440 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Мы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шийдвэрт Ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгчийн эрхэлж байсан шинжээч эмчийн албан тушаал төрийн тусгай алба байх бөгөөд эрх зүйн байдлыг нь Төрийн албаны тухай хуулиар болон хууль тогтоомжийн бусад актаар тухайлбал төрийн тусгай албан тушаалын ангилал зэрэглэл, тавигдах шаардлагыг холбогдох хуулиар тогтоохоор, Цэргийн албаны тухай хуулиар цэргийн алба хаахтай холбогдсон харилцааг, тухайлбал цэргийн жинхэнэ алба хаах болзол, цэргийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлийг зохицуулсан байх тул албан тушаалаас чөлөөлсөн шийдвэртээ Цэргийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан нь үндэслэлтэй байна.

3.2. Зохион байгуулалтын бүтэц орон тооны өөрчлөлтөөс үзвэл дэд дарга шинжээч гэсэн хошуучаас дэд хурандаа цолтой ТТ-11 зэрэглэлтэй албан тушаалын 1 орон тоо нь ахлах шинжээч эмч албан тушаал болж албан тушаалын цол, зэрэглэл хэвээр батлагдсан, харин хошууч цолтой тасгийн дарга-эмгэг судлаач албан тушаал нь эмгэг судлаач эмч гэсэн нэршилтэй болж өөрчлөгдсөн хошууч цолтой байхаар зэрэглэл нь хэвээр батлагдсан бол ахмадаас хошууч цолтой байх эмгэг судлаач-шинжээч эмч албан тушаал нь хасагдаж, шинээр эс судлаач эмчийн хошууч цолтой ТТ-10 зэрэглэлтэй албан тушаалын орон тоо батлагджээ.

3.3. Нэхэмжлэгч нь дэд дарга-шинжээч гэсэн хошуучаас дэд хурандаа цолтой TT-11 зэрэглэлтэй албан тушаалд ажиллаж байгаагүй, ажиллаж байсан гэж маргаагүй атал уг албан тушаалын нэршил өөрчлөгдсөн ахлах шинжээч албан тушаал болсон байхад өөрийнх нь ажиллаж байсан "шинжээч эмч гэдэг албан тушаалыг ахлах шинжээч эмч болгож өөрчилсөн болохоос орон тоо хасагдаагүй. албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа" хэмээн маргаж буй нь үндэслэлгүй байна.

3.4. Тиймээс хариуцагч "зохион байгуулалтын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр шинжээч эмчийн албан тушаал нь хасагдсан" гэж үзсэн нь, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх “Цэргийн алба хаагчийг...орон тооны өөрчлөлтөөр албан тушаал нь хасагдсан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөх” заалтаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, тушаалын гарах болсон зорилго, шийдэлд нийцжээ.

3.5. Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах талаарх зохицуулалтад буюу Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “... эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, ажлын байраар хангуулах ..." гэж зааснаас үзвэл албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг ажил олгогчид хуулиар үүрэгжүүлээгүй байна.

3.6. Нэхэмжлэгч нь "орон тоо хасагдаагүй, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа, дээрх зүйлийн 62.1.3-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаагүй" гэж маргадаг ч дээр дүгнэснээр нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан байх тул ажил олгогч нь 62.1.3-д заасан “үргэжлүүлэн ажиллуулах", "шалгаруулж авах” үүргийг хүлээхгүй” гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

3.7. Нэгдүгээрт Б.Мы эрхэлж байсан шинжээч эмч гэсэн орон тоо хасагдаагүй бөгөөд орон тоо шинэчлэн баталсан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалд шинжээч эмчийн орон тоог хассан ямар нэгэн, үг заалт байхгүй байхад орон тоо хасагдсан үндэслэлээр түүний эрхэлж байсан албан тушаал байхгүй болсон гэж үзсэн нь үндэслэлгүй. Эмгэг судлал, шүүх эмнэлгийн байгууллагаас шинжээч эмч гэсэн орон тоог нь хасаж байхгүй болгоно гэж байхгүй, харин ахлах болгож л өөрчилсөн болохоос уг ажлын чиг үүрэг хэвээр үлдсэн гэдгийг шүүх ойлгоогүй буруу дүгнэлт хийсэн. Шинжээч эмчийн ажлыг хариуцаж хийдэг орон тоогоо байхгүй болгоод хасчих юм бол тухайн байгууллага үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болно гэдгийг шүүгч нар ойлгохгүй байна.

3.8. Хуулинд үндсэн чиг үүрэг нь хэвээр үлдсэн тохиолдолд төрийн албан хаагч тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах баталгаагаар хангагддаг бөгөөд нэхэмжлэгч энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад шүүх албан тушаалын чиг үүрэг нь байхгүй болж хасагдсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

3.9. Мөн Б.Мыг энгийнээр ажиллуулж байсан мөртлөө Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон Цэргийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Хуулийн зохицуулалтад хамрагдаж байж уг хуульд заасан эрх үүрэг хэрэгжих ёстой.

Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

 ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/190 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Мыг Батлан хамгаалах эмгэг судлал, шүүх эмнэлэгт шинжээч эмчээр энгийнээр томилж ажиллуулсан боловч 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/514 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс “...орон тоо хасагдаагүй, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа...” гэх үндэслэлээр эс зөвшөөрөн маргасан байна.

3.2. Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Цэргийн алба хаагчийг дараахь үндэслэлээр албан тушаалаас чөлөөлнө:” гээд 22.1.1-д “анги, байгууллага татан буугдсан, орон тооны өөрчлөлтөөр албан тушаал нь хасагдсан;” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаас үзвэл Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны н/02 дугаар тушаалаар Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн тайван цагийн бүтцэд дэд дарга-шинжээч гэсэн хошуучаас дэд хурандаа цолтой ТТ-11 зэрэглэлтэй 1 орон тоо, тасгийн дарга-эмгэг судлаач эмч гэсэн хошууч цолтой ТТ-9 зэрэглэлтэй 1 орон тоо, эмгэг судлаач-шинжээч эмч гэсэн ахмадаас хошууч цолтой ТТ-9 зэрэглэлтэй 1 орон тоо тус тус батлагдсан байжээ.

3.3. Харин Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн зохион байгуулалтын бүтцийн орон тоог шинэчлэн баталсан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн н/12 дугаар тушаалаар Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлэгт тайван цагт ахлах шинжээч эмч гэсэн дэд хурандаа цолтой ТТ-11 зэрэглэлтэй 1 албан тушаалын орон тоо, эс судлаач эмч гэсэн хошууч цолтой ТТ-10 зэрэглэлтэй 1 орон тоо, эмгэг судлаач гэсэн хошууч цолтой ТТ-10 зэрэглэлтэй 1 орон тоо батлагдсан байгаагаас үзвэл ахмадаас хошууч цолтой байх эмгэг судлаач-шинжээч эмч албан тушаал нь хасагдаж батлагдсан байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

3.4. Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж зааснаар хариуцагч Б.Мд төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгааг хангуулах үүрэгтэй боловч энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага нь “...Б/514 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны Эмгэг судлал, шүүх эмнэлгийн ахлах шинжээч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах...” гэсэн нь хэрэгжих үндэслэлгүй буюу орон тоо нь хасагдсан тохиолдолд тухайн албан тушаалд эгүүлэн томилуулах боломжгүй, харин дээрх хуульд заасан бусад баталгааг ажил олгогчоос нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хангах боломжтой.

3.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... даргын тушаалд шинжээч эмчийн орон тоог хассан ямар нэгэн, үг заалт байхгүй ... харин ахлах болгож л өөрчилсөн ...уг ажлын чиг үүрэг хэвээр үлдсэн ...” гэж тайлбарлаж байх боловч уг ахлах шинжээч эмч гэсэн дэд хурандаа цолтой ТТ-11 зэрэглэлтэй 1 албан тушаалын орон тоо нь нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаал гэж хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Мы өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА