Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 732

 

 

 

 

 

 

 

       2020          08           03                                   2020/ШЦТ/732

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч Г.Сундуй,

          шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909044440863 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эх, ах нарын хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.М /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч О.М нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны орой Б.Лхагвадорж нартай Туул голын эрэг дээр зугаалж байх үедээ түүний виза картаар дэлгүүрээс архи, бусад зүйл худалдан авч ирэхээр нууц дугаарыг нь хэлүүлж авч явсан боловч дэлгүүрээс захисан зүйлийг нь авчирч өгөлгүйгээр хоорондын харилцааны явцад бий болсон бусдын итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдүүлэн Б.Лхагвадоржийн 5029660049 дугаартай данснаас 1.287.300 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ардын эрхийн хажуугийн АТМ-ээс 1.200.000 төгрөгийн бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/,

 

Хохирогч Б.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр би Мөнхбадрах, Мөнхцолмон нарын хамт Маршалын гүүрний хажууд Туул голын эрэг дээр зугаалахаар явсан. Тэгээд 20 цагийн орчимд Мөнхцолмонд картаа өгөөд ”дэлгүүрээс юм аваад ир“ гэж хэлсэн. Тэгээд Мөнхцолмон нь Мөнхбадрахтай цуг миний машиныг аваад явсан боловч 23 цаг болоход буцаж ирээгүй бөгөөд би хүний утсаар ярих үед очиж байна гэсэн боловч ирээгүй. Тэгээд би гэр рүүгээ таксигаар харьсан. Маргааш өглөө нь Мөнхцолмон руу залгахад утас нь холбогдохгүй байсан, Баатараа гээд найз руугаа залгахад “Мөнхцолмон сая ирээд түлхүүрийг чинь өгсөн гэж хэлсэн. Тэгээд би Баатараа дээр очоод түлхүүрээ аваад машинаа онгойлгох үед дотор нь миний гар утас.карт 2 байсан. Тэгээд гар утсаа асаахад миний банкны данснаас зарлага хийгдсэн мэдээлэл ирсэн. Тэгэхээр нь Мөнхцолмонгийн гэрт нь очиход байгаагүй, гар утас руу нь залгахад” би өчигдөр оройны юмыг санахгүй байна, өглөө сэрэхэд миний халаасанд бэлэн 200.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэрнээ хойш Мөнхцолмонгоос одоог хүртэл мөнгөө авч чадаагүй байна. Миний хаан банкны 5029660049 дугаартай данснаас нийт 6 удаагийн гүйлгээгээр 1.287.300 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан, хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын эрхийн Хаан банкны АТМ-ээс зарлага гарсан байсан. Би дэлгүүрээс юм аваад ир гэж картаа өгсөн. Тэгэхээс биш мөнгө авч зарцуул гэж өгөөгүй юм,уг гүйлгээ 2019 оны 05 дугаар сарын 23-24-ний өдөрт шилжих шөнө зөвшөөрөлгүй хийгдсэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-18/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-47/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.М нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны орой Б.Лхагвадорж нартай Туул голын эрэг дээр зугаалж байх үедээ түүний виза картаар дэлгүүрээс архи, бусад зүйл худалдан авч ирэхээр нууц дугаарыг нь хэлүүлж авч явсан боловч дэлгүүрээс захисан зүйлийг нь авчирч өгөлгүйгээр хоорондын харилцааны явцад бий болсон бусдын итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдүүлэн Б.Лхагвадоржийн 5029660049 дугаартай данснаас 1.287.300 төгрөгийг авсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Лхагвадоржийн мэдүүлгүүд, шүүгдэгч О.Мгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Мгийн дээрх хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Мгийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Лхагвадоржид 1.287.300 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирлыг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Мгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч О.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч О.Мд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч О.М нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.М Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР