Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 842

 

                             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин /томилолтоор/

шүүгдэгч Э.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б овогт Э.О холбогдох эрүүгийн 2005000001391 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  нөхөр  хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:00000000/ Б овогт Э.О-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:   

  Э.О- нь 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элбэг” их дэлгүүрт гээгдүүлсэн Г.С- эзэмшлийн “Самсунг А7” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:        

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       Шүүгдэгч Э.О- шүүх хуралдаанд: Би гэм буруу болон хэргийн зүйлчлэл, ялын саналыг зөвшөөрч байгаа гэв.  

       Хавтаст хэргээс хохирогч Г.С- мөрдөн байцаалтанд "2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн үед “Элбэг” их дэлгүүрийн гутлын тасагт гутал үзэж байгаад гар утсаа хажуудаа тавьсан байж байгаад алдсан. Тухайн үед миний хажууд  хүүхдээ дагуулсан өндөр шар хүүхэн байсан ба би дэлгүүрээс гутлаа үзчихээд гарч явахад тухайн эмэгтэй уг дэлгүүрийн гутлын тасагт үлдсэн. ...Самсунг А-7 загварын утас 1  хоногийн өмнө 330.000 төгрөгөөр авсан. Хяналтын камерт бичигдсэн нэг бүсгүйг сэжиглэж байна” гэсэн мэдүүлэг / хх-ийн 10/

 

Яллагдагч Э.О- мөрдөн байцаалтанд “Би охины хамт хорооллын Элбэг их дэлгүүр орж гутал авахаар орсон. Гутал үзэж яваад 4 дүгээр давхрын гутлын тасагт гутал үзэхээр орсон ба охин гутал өмсөж үзээд би сандал дээр сууж байсан чинь маркийг нь мэдэхгүй, ямар ч байсан андройд гар утас байсан. Тэгэхээр нь эзэн нь ирэх болов уу гэж хүлээж байгаад 20 минутын дараа тухайн гар утсыг аваад дэлгүүрээс гарсан. Тэгсэн чинь 9 дүгээр сарын 07-ны өглөө над руу цагдаагийн байгууллагаас залгаад ир гэхээр нь ирсэн чинь хүний гээгдэл хөрөнгө авсан байна гэж хэлсэн. Тухайн гар утсыг ашиглаж амжаагүй эзэнд нь буцаагаад өгсөн. Ямар ч байсан хүний эд зүйлийг хаясан юм байна гэж бодоод авч болохгүй юм байна гэдгийг ойлголоо” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

 

“Кости- Эстимэйт” ХХК-ний үнэлгээгээр “...Samsung А-7 маркийн гар утасны зах зээлийн үнийг одоогийн байдлаар 330.000 /гурван зуун гучин мянган төгрөг/-өөр тогтоолоо...”  гэжээ. /хх-20/

 

Яллагдагч Э.О-гийн “миний бие нь хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Олсон эд зүйлээ бүрэн бүтэн буцааж өгсөн” гэсэн хүсэлт /хх-ийн 35/

 

Хохирогч Г.С- “гар утсаа бүрэн буцааж авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 40/

 

Шүүгдэгч Э.О-гийн хувийн байдалтай холбоотой  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                     

                                                                                                 

Шүүгдэгч  Э.О- нь 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элбэг” их дэлгүүрт гээгдүүлсэн иргэн Г.С- эзэмшлийн “Самсунг А7” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

 үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Э.О-гийн“...тухайн гар утсыг аваад дэлүүрээс гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, хохирогч Г.С- “Элбэг их дэлгүүрийн гутлын тасагт гутал үзэж байгаад гар утсаа хажуудаа тавьсан байж байгаа алдсан...” хх-ийн 10/ гэсэн мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Улсын яллагчаас Э.О-г “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 330.000 төгрөгийг хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Э.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.О-г “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж” бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.О-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

         Шүүгдэгч Э.О- нь хохирогч Г.С- эзэмшлийн “Самсунг А7” загварын 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг буцаан биет байдлаар өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

       Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

        1. Б овогт Э.О-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

                                                                                         

2. Шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

 4. Э.О- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ