Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 841

 

 

 

 

 

 

 

  2020             9           25                                     2020/ШЦТ/841

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч Ж.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705014470546 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0 эхийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хорооны 00 дугаар байрны  0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:000000000/ Б овогт Г.Х-.

 

 2. Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-нд Төв аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхийн хамт  Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны Булгийн 0  дугаар гудамжны 0 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн /РД:000000/, Б овогт Г.Д-.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.Х- нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бурхант зочид буудлын өрөөнд байрлаж байсан хохирогч П.М- виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картнаас 3.200.000 төгрөгийг авч хохирол учруулсан гэх хэрэгт“...наад залуугийн чинь дансанд мөнгө орсон байсан уу, кодыг нь би мэднэ” хэмээн урьдчилан амлаж яллагдагч Г.Д-г санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон болох нь:

Г.Д- нь Г.Х-тай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бурхант зочид буудлын өрөөнд байрлаж байсан хохирогч П.М- виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картнаас 3.200.000 төгрөгийг авч хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                      

  ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Х- шүүх хуралдаанд: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байгаа.  Би хохирогч П.М- 1.600.000 төгрөг өгсөн. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв. 

       Шүүгдэгч Г.Д- шүүх хуралдаанд:  Би гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирогчид би 260.000 төгрөг өгсөн. Одоо 1.340.000 төгрөгийн төлөх төлбөртэй байгаа гэв.

       Хавтаст хэргээс хохирогч П.П.М- мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 19-нээс 20-нд шилжих шөнө ажлаа тараад интернэт зарын дагуу санхүү авна гэсэн 8878-0660 гэсэн юнителийн дугаар руу залгаж нэг хүүхэнтэй холбогдоод уулзах боломж байна уу гэж асуусан чинь байна. Одоо би паласын энд явж байна би нэг найзтайгаа байна машин эвдэрчихлээ надад 100.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн тэгээд тэр хоёр хүүхэн намайг ирж аваад хороолол өгсөөд 6 дугаар бичил хорооллын хажуугийн Бурхант нэртэй буудалд өрөө аваад бид 3 хамт орсон. Нэг хүүхэн нь надтай буудалд үлдээд нөгөө хүүхэн нь гарч машинаа тавина гээд гараад явсан. Надтай үлдсэн хүүхэнтэй бид хоёр архи уусан. Машин тавих гээд гарсан  найз нь орж ирээд хамт архи уугаад дуусахаар нь дахиж 1 шил 0,75 гр Экс архи авч ууж байхад гаднаас нөгөө хоёрын найз гээд 2 эмэгтэй орж ирээд бид хэд хамт архи ууж байгаад би тасраад унтаад сэрсэн чинь нөгөө хүүхнүүд байхгүй байсан. Би тэгээд нөгөө утас руу залгаад хаана байгааг нь асуухад би Ялалтын энд удахгүй очлоо таксины мөнгө бэлдээд байж байгаарай гэхээр нь би буудлын гадаа хүлээж байгаад ирсэн таксигаар нь хорооллын Нэхий плаза дэлгүүрийн АТМ-с нөгөө хүүхэнд 100.000 төгрөг авч өгчихөөд буцаад буудалдаа орохдоо замдаа нэг шил архи ундаа ус авсан. Буудалд ороод авсан архиа уугаад би согтоод унасан. Өдөр 17 цагийн үед сэрэхэд миний банкны картууд байхгүй манай эхнэрийн утсанд данснаас нь мөнгө гарсан мэдээлэл очсон байсан. Тэгээд би цагдаад хандсан. Би энэ хүүхнүүдтэй бэлгийн харилцаанд ороогүй. Над дээр ирсэн хүүхэн бол дунд зэргийн махлагдуу 30 орчим насны хүүхэн байсан. Машин барьж байсан хүүхэн бол мөн 30 орчим насны эмэгтэй байсан. Машины маркийг бол санахгүй байна.  Надад нийт 3.200.000 төгрөгийн хохирол учирсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

Д.О-н Голомт банкны дансны хуулга “2017 оны 11 сарын 20-ны өдөр 800.500 төгрөгийн зарлага 4 удаагийн үйлдлээр гаргасан баримт /хх-ийн 21/

 

Гэрч Б.М- мөрдөн байцаалтанд “Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой миний таньдаг найз над руу залгаад уулзах уу Өргөө дээр байна хүрээд ир гэхээр нь би өөрийн найз болох О.Ж- хамт очиход Бөртэ Өргөөгийн арын Бурхант зочид буудалд нэг залуу Бөртэ хоёр байсан. Удалгүй гаднаас миний танил Г.Х- гээд охин орж ирсэн. Тэгээд бид 5 жаахан юм ярьж сууж байгаад нөгөө залуу үлдээд бид 4 гараад Ахуй үйлчилгээний арын нэг буудалд цагаар ороод үлдсэн архи пиво уусан. Тэгээд Г.Х- найз залуудаа хоол аваачиж өгнө гээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/

 

Яллагдагчаар Г.Д- мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ...Г.Х- над руу залгаад уулзъя мөнгө хэрэгтэй байна  гэж ярьсан. Тэгээд удалгүй Г.Х- намайг ирж авсан юм замдаа явж байхдаа бид өөрийн дугаараас санхүү авна гэх зар тавьсан. Тэгээд 25-р эмийн сан орчим явж байхад нэг залуу залгаад одоо уулзъя ажлаа тараад явж байна Өргөө дээр ирээд авчих гэсэн тэгээд бид хоёр дээшээ өгсөөд Өргөө театрын доор байх Петровис шатахуун түгээх станц дээр очоод залгаж уулзаад Бурхант гэх буудалд П.М- бид хоёр түрүүлээд орсон. 10 минутын дараа Г.Х- машинаа тавиад орж ирсэн. Тэгээд бид 3 хамт архи уусан удалгүй уусан архи дуусаад Г.Х- архинд явахаар болоод П.М-гийн картыг аваад дэлгүүр орж архи авч ирээд бид гурав хувааж ууж байгаад Г.Х- бид хоёр гарч найз нартайгаа караокед суусан. Тэгээд салцгаагаад би натурын тэнд байх буудалд ганцаараа орж хоносон. Тэгээд маргааш өглөө нь 7 цагийн үед П.М- над руу залгаад хаана байгаа юм хүрээд ир гэхээр нь би эрт байна бас надад мөнгө байхгүй гэж хэлэхэд такси бариад хүрээд ир би мөнгийг нь өгье гэхээр нь очтол тэр залуу ганцаараа архи уучихсан согтуу байж байсан. Тэгээд П.М- би буудлаа хоногоор сунгачихсан Г.Х-г дуудчих гэхээр нь дуудсан. Удалгүй Г.Х- ирээд П.М- картаа Г.Х-д өгөөд дэлгүүр гаргасан тэгээд гаднаас орж ирэхдээ архи авчихсан байсан бид гурав архиа хувааж уугаад удалгүй Г.Х- явлаа гээд явсан. Бид хоёр ууж байгаад тасраад унтчихсан байсан тэгээд байж байсан Г.Х- над руу залгаад юу хийж байна гэхээр нь буудалдаа унтаж байгаа сая сэрээд байж л байна гэсэн чинь наад залуугийн чинь картанд мөнгө байна лээ мэдсэн үү гэхээр нь би мэдээгүй мэдээд ч яах билээ ямар нууц дугаарыг нь мэдэх биш гэсэн чинь Г.Х- би мэднэ гэхээр нь картыг нь аваад гарч Г.Х-той уулзсан. Бид хоёр 3200.000 төгрөг аваад 1.600.000 төгрөг тус тус авсан. Би 1.000.000 төгрөгөөр нь дүү Дашнямын сургалтын төлбөрийг нь төлсөн. Үлдсэн мөнгийг нь өөртөө зарцуулж утас, гутал, хувцас гэх мэт  зүйлс авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол мөнгийг нь төлж барагдуулна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 66-68/

 

        Яллагдагчаар Г.Х- мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр найз Г.Д-тай утсаар холбогдоход Г.Д- Бурхант буудалд байна хүрээд ир гэсэн. Тэгээд би очсон чинь Г.Д-, П.М- нар 0,75 л Тайга нэртэй архи уучихсан архи нь талдаа орчихсон сууж байсан тэгээд намайг ороход Г.Д- уух уу гэхээр нь би пиво ууя гэсэн чинь П.М- надад банкны картаа өгөөд нууц дугаараа хэлээд дэлгүүр рүү гаргасан би дэлгүүр ороод уух зүйл аваад буцаад буудлын өрөөнд ороод уугаад сууж байхад Г.Д- бид хоёрын таньдаг Зулаа, Жагаа 2 бид хоёр дээр ирээд тэгээд бид 4 буудлын өрөөнөөс гараад явсан. П.М- ганцаараа үлдсэн...Маргааш нь Г.Д- над руу залгаад хүрээд ир нөгөө буудалдаа байна гэж хэлсэн. Тэгээд очсон чинь Г.Д- П.М- нар архи нэмээд уучихсан сууж байсан. Тэгээд би орж тамхи татчихаад гараад явсан чинь 30 орчим минутын дараа Г.Д- над руу залгаад хүрээд ир гээд байхаар нь завгүй ажилтай байна гэхэд мөнгө өгье мөнгө хэрэгтэй биз дээ гээд байхаар нь очсон чинь Г.Д- буудлын үүдэнд гараад ирчихсэн зогсож байсан. Тэгэхэд Г.Д- П.М-гийн банкны картыг аваад гараад ирсэн байсан тэгэхээр нь би яах гээд байгаа юм хөгшөөн дэмий юм биш үү гэж хэлэхэд зүгээрээ би араа даана гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хорооллын эцсийн Нэхий палаза дээр байдаг Хаан банкны АТМ ороод П.М-гийн картнаас 3.200.000 төгрөг бэлнээр аваад 1.600.000 төгрөг тус тус хувааж аваад салсан. Би авсан мөнгөө хэрэглээндээ зарцуулаад дуусгасан. Би хулгайн хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохиролыг мөнгийг бүрэн төлж барагдуулах бөгөөд хохирогчийг хохиролгүй болгоно” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 52-54/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч Г.Д- эрүүгийн хариуцлага хүлээж байсан болохыг нотолсон ял шалгах хуудас /хх-ийн 96/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 111/, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 386 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 98-101/, шүүгдэгч Г.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүйг нотолсон ял шалгах хуудас /хх-ийн 78/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг шүүх шинжлэн судлав.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

 

        Шүүгдэгч нарын  гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

        Шүүгдэгч Г.Д- 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бурхант зочид буудлын өрөөнд байсан хохирогч П.М- виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар виза картнаас 3.200.000 төгрөгийг шүүгдэгч Г.Х-тай бүлэглэн авч уг мөнгийг Г.Д-, Г.Х- нар тэнцүү хувааж авсан болох нь:

        мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Г.Д-гийн   “...нууц дугаарыг нь мэдэх биш гэсэн чинь Г.Х- би мэднэ гэхээр нь картыг нь аваад гарч Г.Х-той уулзсан. Бид хоёр 3200.000 төгрөг аваад 1.600.000 төгрөг тус тус авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-68/, Г.Х-ын“...Г.Д- П.М-гийн банкны картыг аваад гараад ирсэн байсан...тэгээд бид 2 хорооллын эцсийн Нэхий плаза дээр байдаг Хаан банкны АТМ ороод П.М-гийн картнаас 3.200.000 төгрөг бэлнээр аваад 1.600.000 төгрөг тус тус хувааж аваад салсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 52-54/, хохирогч П.М- “...өдөр 17 цагийн үед сэрсэн чинь миний банкны картууд байхгүй манай эхнэрийн утсанд данснаас нь мөнгө гарсан гэсэн мэдээлэл очсон байсан...Надад нийт 3.200.000 төгрөгийн хохирол учирсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/ болон Д.О-н Голомт банкны данснаас  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 800.500 зарлага 4 удаа хийгдсэн баримт /хх-ийн 21/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Д-, Г.Х- нар бүлэглэн хохирогч П.М- картнаас 3.200.000 төгрөг авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

         Г.Д-, Г.Х- нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

        Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй.

     

         Иймд шүүгдэгч Г.Д-, Г.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцов.

 

         Гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 3.200.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч Г.Х- өөрт оногдох хэсэг 1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.  Үлдэх 1.600.000 төгрөгийн хохирлоос  шүүгдэгч Г.Д- 260.000 төгрөг хохирогчид төлснийг хасаж тооцон төлөгдөөгүй үлдсэн 1.340.000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч П.П.М- олгох нь нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Д-, Г.Х- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

 

       Шүүгдэгч Г.Х- бусадтай бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос өөрт ногдох хэсгээ нөхөн төлсөн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад “..тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.

         Иймд шүүгдэгч Г.Х-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэхээр шүүх шийдвэрлэлээ.

       Шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж хулгайн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан хувийн байдал болон хүний өмчлөх эрхэд халдаж дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхэд хэрэг хянагдах явцад шүүхээс оргон зайлж Шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулсан зэрэг байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Шүүгдэгч Г.Д-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж байна.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:                                            

1. Шүүгдэгч  Б овогт Г.Д-, Б овогт Г.Х- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

шүүгдэгч Г.Х-ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Г.Д-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Д-гаас 1.340.000 төгрөг гаргуулж хохирогч П.П.М- олгосугай.

 

5. Г.Д-гийн хоригдсон 10 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

         6. Г.Х- цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдсугай.

         7.  Г.Х- тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.5-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

         8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

        9. Г.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

       10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах,  Г.Д-д авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ