Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 840

 

                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Ш.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шааравын Ш.Н-д холбогдох эрүүгийн 2005001911209 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ш.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 31-нээс 2020 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө хохирогч Я.Л- эзэмшлийн Баянгол дүүргийн 00 дугаар хороо Орхоны 0 дүгээр гудамжны 0 тоот байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Эл-Жи загварын 32 инчийн хар өнгийн зурагтыг хулгайлан авч 220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Н- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би буруу зүйл хийсэндээ харамсаж байна.  Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Я.Л- мөрдөн байцаалтанд “2019 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр 08 цагийн орчим танил найзууд болох Ш.Н-, М- нар нь нэг хүрэн өнгийн жижиг зурагт бариад манай гэрт ирсэн юм. Тэгээд улмаар зурагтыг 10.000 төгрөгөөр тухайн зурагтыг нь худалдаж авсан бөгөөд 10.000 төгрөгөө аваад М-, Ш.Н- нар нь яваад өгсөн юм. Тэгээд тухайн өдрөө би гэрээсээ удалгүй гараад гадуур танилуудтайгаа архи ууж байгаад орой 19 цагаас 20 цагийн хооронд гэртээ эргээд ирсэн манай байшинд ямар нэгэн байдлаар хүн нэвтэрсэн байгаагүй бөгөөд тухайн үед шинэ жилийн баярын өдөр байсан учраас намайг дахин гэрээсээ гарч яваад эргээд ирэхэд байшингийн хаалганы хажуу талын шилгүй салхивчны хэсэг татагдаад сөхөгдсөн байдалтай байсан юм. Тэгэхээр нь би түлхүүрээрээ байшингийн гадна хаалгаа онгойлгоод ороход манай гэрийн зурагт байхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хадсан. Манай байшин гадна хаалга болон дотор хаалга гэсэн 2 хаалгатай бөгөөд тухайн үед би гарахдаа дотор хаалгаа түгжээгүй, гадна талын хаалгаа зүүдэг цоожоор түгжээд гарсан юм. Манай байшин руу хаалганаас өөр байдлаар нэвтрэн орох боломжтой юм. Яагаад гэвэл манай үүдний хаалганы хажууд цонхгүй салхивч байдаг бөгөөд уг салхивчны нимгэн төмрийг сөхөөд манай гэр рүү нэвтрэх боломжтой. Манай гэрээс хар өнгөтэй LG брэндийн зурагт алдагдсан. Би алдагдсан зурагтаа 2016 онд 550.000 төгрөгөөр хорооллын Нэкст электрониксоос худалдаж авч байсан юм. Би Ш.Н-ыг сэжиглэж байгаа бөгөөд тухайн үед Гандангийн ойролцоо нэг хар зурагт барьчихсан явж байна гэж танилууд маань хэлсэн юм. Миний бие нь 2016 онд анх Ш.Н-тай танилцаж байсан бөгөөд хааяа хамт архи уудаг байсан. Зүс танина. Ш.Н- нь архи уучихараа хааяа агсамдуу зантай хүн. Надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20/

 

Гэрч Н.М- мөрдөн байцаалтанд “2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7 буудлаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ганданд 12 цагийн орчимд ирээд гэрт байсан 21 инчийн хар өнгийн хятад зурагтаа аваад Модны хоёртгэх танилын гэрт ирсэн юм. Тэгээд тухайн зурагтыг Л-д үзүүлсэн чинь авахгүй гээд голоод байсан бөгөөд 10.000 төгрөгөөр зараад зурагтаа үлдээсэн юм. Тухайн үед Л-гийн гэрт LG эвдэрсэн 1 ширхэг зурагт байсан бөгөөд зурагтгүй байгаа учраас наад зурагтыг чинь авъя гэж хэлсэн юм. Уг 10.000 төгрөгийг нь Ш.Н- авах шиг болсон. Тэгээд явж байтал Модны хоёрт Ш.Н-тай тааралдсан бөгөөд тухайн үед Ш.Н- нь “манай ахын зурагт байгаа юм ломбарданд тавиад архи хувааж ууя” гэж хэлээд намайг Баянгол дүүргийн Модны 2-ын зам дагуу нэг ломбард руу ороод зурагт авах уу” гэж асуухад тухайн ломбардны хүн нь зурагт авахгүй гээд би болон Ш.Н- бид хоёр гараад явсан. Тэгэхэд гадаа нэг таксины жолооч зогсоод тухайн зурагтыг үзээдэхье гэж хэлээд шалгаад 50.000 төгрөгөөр худалдаж авья гэж хэлэхээр нь Ш.Н- тухайн зурагтаа зарахаар болоод нэг дэлгүүр рүү орж шалгуулаад зарсан юм. Уг мөнгөөр нь модны 2-ын автобусны ойролцоо байх “2 Тэмка” нэртэй хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн Стандарт нэртэй архи, 1 сав үзэмний шүүс аваад Ш.Н-тай хувааж уусан. Ш.Н- хар зурагт бариад яваад байсан. Тэр зурагтаа манай ахын зурагт гэж хэлж байсан. Ш.Н- нь намайг ийшээ ороод зурагт авах нь уу асуугаад ир гэж хэлсэн юм. Намайг орсны дараа Ш.Н- нь мөн ардаас орж ирээд буцаад хамт гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

Яллагдагч Ш.Н- мөрдөн байцаалтанд “Миний бие тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд архи худалдаж авах мөнгө хэрэгтэй байсан учраас найз Лхамжавын гэр болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхон 4-32 тоот байшин руу ороод хар өнгийн 1 зурагтыг нь хулгайлаад гарсан. Тухайн зурагтаа үл таних таксины жолоочид 50.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи уугаад дуусгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/

 

Ашид билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “LG брендийн 32 инчийн зурагт 220.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэжээ. /хх-ийн 28-30х/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ш.Н- 2019 оны 12 дугаар сарын 31-нээс 2020 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 4 дүгээр гудамжны 32 тоотод байрлах найз Я.Л-  амьдардаг байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч LG загварын 32 инчийн хар өнгийн зурагтыг хулгайлан авч 220.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Я.Л-“...би түлхүүрээрээ байшингийн гадна хаалгаа онгойлгоод ороход манай гэрийн зурагт байхгүй байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20/, гэрч Н.М-ийн “...Ш.Н- нь “манай ахын зурагт байгаа юм ломбарданд тавиад, архи хувааж ууя” гэж хэлээд...гадаа нэг таксины жолооч зогсоод тухайн зурагтыг үзээдхэе гэж хэлээд шалгаад 50.000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлэхээр нь Ш.Н- тухайн зурагтаа зарахаар болоод нэг дэлгүүр рүү орж шалгуулаад зарсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28-30/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ш.Н- нь хохирогч Я.Л- амьдардаг байшинд нэвтэрч 220.0000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

 

     

       Ш.Н-ын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

      Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй.

     

         Иймд шүүгдэгч Ш. Ш.Н-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

         Гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодит байдлаар төлөгдөөгүй боловч хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-ийн 98/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ш.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

        

       Шүүгдэгч Ш.Н-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын хэр хэмжээ зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол ...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

       Ш.Н- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй  хувийн байдал зэргийг нь харгалзан түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                           

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Ш.Н-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ш.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Ш.Н-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Н-ын цагдан хоригдсон 31 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Ш.Н- бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

        6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ