Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 835

 

 

 

 

 

 

 

2020              9          23                                               2020/ШЦТ/ 835                         

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Т.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

хохирогч Ж.Т-

шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

        Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн,  настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Вест супермаркет худалдагч ажилтай,  ам бүл  нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн  дугаар хороо Хангайн  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:00000000/ А овогт С.О- холбогдох эрүүгийн 2005023021274 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

С.О- нь 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Вест нэртэй супермаркет дотор маргааны улмаас Ж.Т-ын толгойн тус газар хавтсаар цохиж тархи доргилт, духны зүүн хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн долоовор хурууны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч С.О- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа.  Ж.Т-аас би уучлалт гуйсан. Миний буруу гэмшиж байна” гэв.

 

         Хохирогч Ж.Т- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би “хүний өр байнга төлөөд байх хэцүү юм” гэж нягтланд хэлсэн чинь нягтлан “өрийг нь бичээд ир” гэхээр нь би бичиж өгсөн юм. Тэгээд С.О- бид 2 ээлж хүлээлцэхэд С-О- над руу уурлаад тооллогын материалын хавтсаар миний толгой руу цохисон чинь хавтас нь хугараад унасан. Тэгсэн чинь “чи энийг төлөөрэй” гээд над руу шидсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Миний хувьд С-О- цохиж зодсон асуудал байхгүй. Энэ асуудлаас хойш миний толгой их өвддөг болсон. Толгойны томографи зураг авахуулах 350.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинд 245.000 төгрөг,  уусан эмний үнэ 50000 төгрөг буюу нийтдээ 645.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

 

       Хавтаст хэргээс хохирогч Ж.Т-ын мөрдөн байцаалтанд “2020 оны 7 дугаар сарын 14-ний өглөө хамт ажилладаг С-О-д ээлжээ хүлээлгэж өгсөн. Тэгтэл С-О- та миний өрийг өрөнд бүртгэж авлаа гээд над руу уурлаад тооллого хийж байсан хавтастай дэвтрээр миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд дахиад цохих гэхээр нь би С-О- түлхсэн тэгтэл С-О- миний толгой руу гартаа барьж байсан хавтсаа шидсэн тэр нь миний толгойг оноод шалбалсан тэгээд би шууд цагдаад мэдэгдсэн...Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Энэ гэмтлүүдийг С-О- миний биед учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

     

         Гэрч М.Б- мөрдөн байцаалтанд “Тухайн өдөр өглөө ээлж хүлээлцэж байхад Тэгшжаргал, С-О- хоёр гэнэт маргалдаад чанга чанга хашгираад эхэлсэн тэгээд харсан чинь С-О- гартаа барьж байсан хавтсаараа Ж.Т- цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

           

         Яллагдагч С.О- мөрдөн байцаалтанд: “...2020 оны 7 дугаар сарын 14-ний өглөө Тэгшжаргал бид хоёр Вест супермаркет дээр ээлж солилцож байгаад “өр зээл миний нэр дээр орууллаа” гэснээс болж хоорондоо маргалдаад би гартаа барьж байсан хавтсаар Ж.Т- толгой руу нь нэг цохисон завсарт нь байсан бал Ж.Т- нүүрийг нь урсан байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/

        

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8127 дугаартай “Ж.Т-ын биед тархи доргилт духны зүүн хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн долоовор хурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. тархи доргилт духны зүүн хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн долоовор хурууны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 26/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/  зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүхийн дүгнэлт:

С.О-, Ж.Т- нар Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вест” супермаркет дэлгүүрт худалдагчаар ажилладаг байх бөгөөд  2020 оны 7 дугаар сарын 14-ний өглөө ээлж солилцохдоо С.О- нь “миний нэр дээр өр бичлээ” гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас  үүдэлтэйгээр маргалдаж улмаар Ж.Т-ын толгой руу тооллогын материалын хавтсаар цохиж бие махбодид нь тархи доргилт, духны зүүн хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн долоовор хурууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

      үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн С.О-ийн “...би гартаа барьж байсан хавтсаар Ж.Т- толгой руу нь нэг цохисон завсарт нь байсан бал Ж.Т- нүүрийг нь урсан байсан...”/хх-ийн 34-35/ гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Т-ын “...С-О- та миний өрийг өрөнд бүртгэж авлаа гээд над руу уурлаад тооллого хийж байсан хавтастай дэвтрээр миний толгой руу 2-3 удаа цохисон...С-О- миний толгой руу гартаа барьж байсан хавтсаа шидсэн тэр нь миний толгойг оноод шалбалсан...” /хх-ийн 11-12/ гэсэн мэдүүлэг, гэрч М.Б-гийн “...С-О- гартаа барьж байсан хавтсаараа Ж.Т- цохисон...” /хх-ийн 23/ гэсэн мэдүүлэг болон  шинжээчийн 8127 дугаартай дүгнэлт /хх-ийн 26х/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Гэм буруугийн талаар улсын яллагчаас С.О-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

        Шүүгдэгч С.О-, хохирогч Ж.Т-ын толгой руу нь хавтсаар цохиж бие махбодид нь тархи доргилт духны зүүн хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн долоовор хурууны цус хуралт гэмтэл учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн,   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

        Шүүгдэгч С.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

       С.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Хохирогч Ж.Т- өөрт учирсан хохиролтой холбогдуулан шүүгдэгч С.О-ээс “толгойны томограф зураг авхуулах 350.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинд 245.000 төгрөг,  уусан эмний үнэ 50000 төгрөг буюу нийтдээ 645.000 төгрөг нэхэмжилнэ” гэх боловч нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтаа хэрэгт хавсаргаагүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч Ж.Т- хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд С.О-ээс нэхэмжлэх эрх нь  нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

        1.А овогт С-О- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3.Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

        4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

         5.Хохирогч өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

     

       6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ