Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0349

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Оийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Нэхэмжлэгч Ө.О

Хариуцагч нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0723/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.О нь нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаар шийдвэрээр:

2.1. “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 21.2, 21.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.5-д тус тус заасныг баримтлан Ө.Оийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг тус тус хүчингүй болгожшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд "Хуулийн 40 ..." гэдгийг дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр .... гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж заасан.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн "газрыг 2 жил дараалан ашиглаагүй" гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар Дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн "хүндэтгэн үзэх шалтгаан" гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч Өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ тус тус заасан.

Харин анхан шатны шүүхээс үзэхдээ "иргэн Д.Г-аас нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр "ЭМБ" ХХК-тай байгуулсан газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ, тус хуулийн этгээдээр хийлгэсэн талбайн газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ, тус хуулийн этгээдээр хийлгэсэн талбайн газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын тайлан зэргээс дүгнэхэд түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй" гэж дүгнэсэн.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4-т "газрын төлөв байдал. чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх" гэж заасны дагуу 5 жил тутам газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэх нь газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагаар дүгнэлт хийлгүүлснийг зориулалтын дагуу ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан ч нэхэмжлэгч Ө.От газар эзэмшүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны А/799 дүгээр захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх хүртэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрэн бүрдсэн тул нийслэлийн Засаг даргын 2021 оны А/599 дүгээр захирамж нь зорилгодоо нийцсэн захиргааны акт юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

3. Шүүх хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 2475 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн боловч 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамжаар “...нэхэмжлэгч нь газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрөн маргасан байна.

3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газар эзэмшигч газраа “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй бол захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.

3.3. Гэтэл энэ тохиолдолд маргаан бүхий газартай холбоотой Д.Г-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд тус хэрэгт Ө.О нь гуравдагч этгээдээр татагдан оролцож байсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 6635 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо маргаан бүхий актыг өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бөгөөд зорилгодоо нийцсэн хэмээн тайлбарлаж байх боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглах боломжтой байсан эсэхийг тодруулж дүгнэх нь зүйтэй.

3.5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасан нь маргаан бүхий газрыг дахин шинэ этгээдэд олгохгүй байх хуулийн зохицуулалт тул уг хэрэгт хамааралгүй боловч нэхэмжлэгч нь тасралтгүй уг газартай холбоотой захиргааны маргаанд оролцож байсан нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

3.6. Иймд нэгэнт нэхэмжлэгч нь өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас газраа ашиглаж чадаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд нөгөөтэйгүүр, 2 жил дараалан ашиглаагүй нь Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид заасантай нийцэж буй эсэх нь уг маргаанд хамааралгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3.7. Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэргийн оролцогчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж зааснаар дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

3.8. Тодруулбал шүүхийн шийдвэр ойлгомжтой, нэг мөр, шууд биелэгдэх боломжтой байх бөгөөд энэ тохиолдолд анхан шатны шүүх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хожим эргэлзээ төрүүлэх тул 13 дахь хэсгийн иргэн Ө.От холбогдох хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулав.

3.9. Хэдийгээр нэхэмжлэгч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч өмнө шийдэгдэж дууссан Д.Г ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь гуравдагч этгээд Ө.От эзэмшүүлсэн газар эзэмших эрхтэй маргаж байсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.О нь маргаан бүхий 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн өөрт холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн зэргээс үзэхэд 13 дахь хэсэгт дурдагдсан 50000 м.кв талбай бүхий газрыг бүхэлд нь биш харин өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй гэж үзэхээр байна.

3.10. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулуулахаар анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж үзээд хуралдааны явцад хэргийн оролцогчдоос асууж тодруулсны үндсэн дээр маргааны үйл баримт, нөхцөл байдалд тохируулан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын үүднээс уг өөрчлөлтийг оруулсан болно.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн бичиглэлд өөрчлөлт оруулж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 222 шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...13 дахь хэсгийг...” “...13 дахь хэсгийн иргэн Ө.От холбогдох хэсгийг...” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА