Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 004

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                      Хэргийн индекс: 114/2018/0040/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Тэмүүжинг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Б.Батбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

Гуравдагч этгээд Л.Энхжаргал

 

Нэхэмжлэлийн “Даянбүүвэй овогтой Батбаярын Пүрэвчимэдийг 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хонгор сумын төрөлтийн бүртгэлийн 03-т бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, эхийн нэрийг Дандарон Дыма болгон дахин шинээр бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах” шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                          Б.Батбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                           Б.Хишгээ  нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Б.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Б.Батбаяр миний бие нь 2000 оны 9 сард ОХУ-ын иргэн Дандарон Дыматай танилцаж хамт амьдарсан. Бидний хамтын амьдарлын хугацаанд буюу  2002 оны 2 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Пүрэвчимэд төрсөн. Охиныхоо төрсний гэрчилгээг авах үед эхнэр бид 2 салсан байсан учир ангийн охин Л.Энхжаргалаас охиндоо төрсний гэрчилгээ авах гэсэн юм гээд учир байдлаа хэлж түүний бичиг баримтыг ашиглаж охиндоо төрсний гэрчилгээг нь авсан. Одоо охин минь Монгол Улсын иргэний үнэмлэх авах шаардлагатай болсон. Үүнтэй холбоотойгоор бичиг баримтанд эхийн нэрийг үнэн зөвөөр бичүүлэх шаардлагатай байна. Иймд төрсний бүртгэлд Б.Пүрэвчимэдийн эх Л.Энхжаргал гэж бүртгэгдсэнийг өөрчилж Дандарон Дыма болгох хүсэлтэй байгаа тул төрсөн охин Б.Пүрэвчимэдийн 2006 оны 12 дугаар сарын 29-нд Хонгор сумын төрөлтийн 03-т бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, эхийн нэрийг Дандарон Дыма болгон дахин шинээр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд Батбаярын Пүрэвчимэдийг 2002 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрснөөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2006 оны төрсний бүртгэлийн 03 дугаарт бүртгэсэн бөгөөд эхийн мэдээлэл хэсэгт Ламзавын Энхжаргал /ТГ68081301/-ийн мэдээлэл бүртгэгдсэн ба төрсний бүртгэлийг 2006 оны 12 сарын 29-ний өдөр  бүртгэсэн байх боловч 2007 оны төрсний бүртгэлийн 03 дугаарт бүртгэл хөтөлсөн нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2006-2013 онуудын төрсний бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байна. Иргэний баримтын архивт Батбаярын Пүрэвчимэдийг 2002 оны 02 сарын 14-ний өдөр “Оюу энхжин” эмнэлэгт 3800 гр жинтэй 50 см урттай, эх Ламзавын Энхжаргалын 5 дахь хүүхэд болон төрснийг бүртгэж ТЮ02221401 регистрийн дугаар олгосон ХААТР-11/Хүн амын автоматжуулсан төв регистр/ байна.

Б.Батбаяр нь Улсын бүртгэлийн хэлтэст хандаж хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэд охин Пүрэвчимэдийг 2002 оны 02 сарын 21-ний өдөр “Оюу энхжин” эмнэлэгт төрсөн бөгөөд эх нь Дандарон Дыма мөн гэж эмнэлгийн төрсний журналыг хуулбарлан ирүүлснийг хянан үзэхэд 2002 оны 02 сарын 14-ний өдөр төрсөн Пүрэвчимэд/ эх нь Л.Энхжаргал/, 2002 оны 02 сарын 21-ний өдөр төрсөн Пүрэвчимэд /эх нь Дыма/ гэх охиныг нэг хүн буюу Б.Батбаярын төрсөн охин гэх нотлох баримт байхгүй байна. Б.Батбаяр нь Л.Энхжаргал болон Д.Дыма нартай аль алинтай нь ч гэрлэсний бүртгэл бүртгэгдээгүй нь Гэр бүлийн тухай хуулийн 7.1, 7.2-д заасны дагуу гэр бүл гэж үзэх үндэслэл  байхгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Л.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:-Миний нэр дээр Батбаярын Пүрэвчимэд гэсэн охин 2002 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрснөөр бүртгэгдсэн байгаа. Энэ хүүхэд нь миний хүүхэд биш учир эхийн нэрийг сольж, улсын бүртгэлээс хасч өгнө үү гэжээ.

 

Гэрч Д.Дыма мэдүүлэгтээ: Миний бие Б.Батбаяртай 2000 онд танилцаж нэг хэсэг хамт амьдарсан. Бидний хамтын амьдарлын хугацаанд охин Б.Пүрэвчимэд төрсөн. Б.Пүрэвчимэд нь  миний охин. Б.Батбаяр нь охины төрсний гэрчилгээг авч эхийн нэр дээр өөр хүнээр бүртгүүлснийг сая л мэдлээ. Б.Пүрэвчимэдийг иргэний үнэмлэх авах гэж байгааг мэдэж байгаа. Иймд Б.Пүрэвчимэдийн төрсний гэрчилгээнд бичигдсэн эхийн нэрийг сольж миний нэрээр бичүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.

 

                                                  ҮНДЭСЛЭХ  нь:

 

 

Шүүх нэхэмжлэгч,  хариуцагч, гуравдагч  этгээд  нарын шүүхэд гаргасан тайлбар болон

шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлэг, бусад холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

 

1.Нэхэмжлэлийн “Батбаярын Пүрэвчимэдийг 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хонгор сумын төрөлтийн бүртгэлийн 03-т бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Батбаяр нь өөрийн төрсөн охин гэх Б.Пүрэвчимэдийн төрсний бүртгэлийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэний бүртгэлийн 2007 оны бүртгэлийн 03 дугаарт 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн төрсний бүртгэлд бүртгүүлжээ. Б.Пүрэвчимэдэд олгосон төрсний гэрчилгээнд түүнийг 2002 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрснөөр бүртгэж, ТЮ02221401 регистрийн дугаар олгож, эцгийн нэр дээр Даянбүүвэй овогтой Батдэлэгийн Батбаяр, эхийн нэр дээр Монгол овогтой Ламзавын Энхжаргал гэж бүртгэсэн болох нь 465/000905 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэний бүртгэлийн хүүхэд төрсний бүртгэлийн дэвтэр, хүүхэд төрснийг бүртгэж регистрийн дугаар олгосон ХААТР-11 маягт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 Хавтаст хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий Консулын газраас олгосон I-MH №503765 тоот төрсний гэрчилгээ болон Монгол Улсад оршин суух № 0228033 тоот үнэмлэхний хуулбар, ОХУ-ын иргэн Дандарон Дымагийн Монгол Улсад оршин суух  үнэмлэх, нэхэмжлэгч Б.Батбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Д.Дымагийн мэдүүлэг зэргээр Дандарон Батбаяр Пүрэвчимэд нь Б.Батбаяр, Д.Дыма нарын дундаас төрсөн хүүхэд байх ба Дандарон Батбаяр Пүрэвчимэд нь 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын нутаг дэвсгэр Дархан-Уул аймагт төрснийг 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий Консулын газраас бүртгэж ОХУ-ын иргэний төрсний гэрчилгээг олгосон болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.Пүрэвчимэдийг 2002 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрснөөр бүртгэж, ТЮ02221401 регистрийн дугаар олгож, төрсний гэрчилгээн дээр эхийн нэр гэсэн бичилтэд эх Ламзавын Энхжаргал гэж бүртгэсэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэний бүртгэлийн 2007 оны бүртгэлийн 03 дугаарт 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн төрсний бүртгэл нь Иргэний бүртгэлийн тухай /1999 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д “бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах”, 12 дугаар зүйлийн 12.15-д “Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат, ...тэдний дундаас тус улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн энэ зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ” гэж заасныг зөрчсөн, баримт бичгийн бүрдэл, баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаагүй, эцэг, эхийн хүсэлтийг аваагүй, төрсөн эхийн нэрийг буруу ташаа бичсэн нь гуравдагч этгээд Л.Энхжаргалын тайлбар, гэрч Д.Дымагийн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд иймд төрсний бүртгэлд хийсэн бичилт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэлийн “эхийн нэрийг Дандарон Дыма болгон дахин шинээр бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах” шаардлагын тухайд:

Дандарон Батбаяр Пүрэвчимэд нь ОХУ-аас төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд төрсний гэрчилгээнд эцгийн нэр бичигдээгүй, эхийн нэр дээр Дандарон Дыма Аюшеевна гэж бичигдсэн, Оросын Холбооны Улсын иргэн болох нь ОХУ-ын Ерөнхий Консулын газраас олгосон I-MH №503765 тоот төрсний гэрчилгээ болон Монгол Улсад оршин суух № 0228033 тоот үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгч, гэрч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

ОХУ-ын иргэн Дандарон Батбаяр Пүрэвчимэдийн төрсний гэрчилгээнээс үзэхэд 16 нас хүрсэн байх ба төрсний гэрчилгээнд эцэг тогтоогоогүй, иргэний харьяаллаа өөрчлөөгүй байхад Монгол улсын иргэний бүртгэлд бүртгэж, эхийн нэрийг солих  нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Б.Батбаярын нэхэмжлэлд дурьдсанаар Дандарон Батбаяр Пүрэвчимэд нь 16 нас хүрсэн, Монгол Улсын иргэний үнэмлэх авах гэж байгаа бол Монгол Улсын Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй”, 2-т “Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай. Хэрэв тухайн гадаад улсын хууль тогтоомжид өөр улсын харьяат болсноор  иргэний харьяаллаа алдахаар зохицуулагдсан бол тухайн улсынхаа харьяатаас гарсан байхыг шаардахгүй бөгөөд энэ тухай холбогдох байгуулллагын тодорхойлолт авсан байвал зохино” гэж зааснаар эхлээд иргэний харьяаллын асуудлаа оршин суугаа нутгийн Засаг даргаар уламжлуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний бүртгэлийн тухай /1999 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 12 дугаар зүйлийн 12.5, 35 дугаар зүйлийн 35.1, Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батбаяраас гаргасан зарим нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Батбаярын Пүрэвчимэдийг 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын төрөлтийн бүртгэлийн 2007 оны 03 дугаарт бүртгэсэн иргэний төрсний бүртгэлд хийсэн бичилт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож,  үлдэх нэхэмжлэлийн “Б.Пүрэвчимэдийн эхийн нэрийг Дандарон Дыма болгон дахин шинээр бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар шүүхийн шийдвэрийг хүрэлцэн ирж гардан авах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                                                                                                                                                           

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ЭНХТУЯА