Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 843

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Протек” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                  

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/00190 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Протек” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Мегапластик системс” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж 2 464 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 824 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Отгонжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Батбаяр, Л.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтэд байрлах барилгад 5.23 хэмжээтэй Geneo S980  материалаар хаалгыг 2 824 200 төгрөгөөр хийлгэхээр “Мегапластик системс” ХХК-тай тохиролцсон. Хариуцагч компанид 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хаалгыг захиалгын дагуу хийж гүйцэтгээгүй ба бариул дутуу, нээж хаахад доголдолтой байсан. Чанарын шаардлага хангахгүй хаалгыг эвдрэл гэмтлийг засварлах зохих ёсны зардалд 464 000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан зардал 180 000 төгрөг нийт  2 464 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч тал хариу тайлбартаа 3-4 удаа хаалганд үйлчилгээ засвар хийж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч бичсэн, анхнаасаа чанарын шаардлага хангаагүй хаалга суурилуулсан гэдэг нь нотлогдож байгаа гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, Л.Энхжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ буюу аман хэлцэл байгуулсан. Анх “Протек” ХХК нь нэг ширхэг хуванцар гадна хаалга захиалсан. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа төлбөр блох 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Урьдчилгаа төлбөр нэхэмжлэгч талаас орж ирснээр захиалга баталгаажиж, ажил хийгдсэн. Хаалганы материал Герман Улсаас захиалж авчирдаг учраас материал ирэх гэж удна гэдгийг нэхэмжлэгч талд сануулж байсан. Герман улсаас хаалгын материал 2015 оны 2 дугаар 02-ны өдөр ирээд 2 дугаар сарын 15-ны өдөр хаалгыг суурилуулсан. “Протек” ХХК-д 2015 оны 2  сард хүлээлгэн өгсөн тухайн үед ямар нэгэн биет байдлын доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгөөгүй, захиалагч компаний зүгээс гомдлын шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч 1 жилийн дараа буюу 2016 оны 2 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Протек” ХХК-ийн хүсэлтийн дагуу хаалганы шил солих зэрэг ажиллагааг 2-3 удаа хийж өгсөн. Захиалагч компани нь бариул нь таалагдахгүй байна сольж өг гэхээр нь бид нар сольж өгч байсан. Анх уг хэрэг маргаан үүсэх болсон шалтгаан нь жижиг бариул байна том хаалга хийж өг гэж хэлснээр үүссэн. Хариуцагч компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийн доголдолгүй хаалгыг хүлээлгэн өгсөн. Иймд одоо гэрээний аль нэг гэрээнээс татгалзах эрхгүй. Ирээдүйд гарах зардлын тооцоог нотолсон нотлох баримт байхгүй учир үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч талд бид нар итгэхгүй байна. Манай талаас гэрээний үүргээ бүрэн биелүүлж, хэвийн ашиглах боломжтой хаалгыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн. 2-3 удаа тухайн хаалганд засвар үйлчилгээ хийсэн нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэх зорилгоор нэмэлт үйлчилгээ хийсэн. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулсан байхыг шаарддаг боловч талууд гэрээ байгуулаагүй бол тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжтой байхыг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзнэ гэх заалтын дагуу хэвийн ашиглах боломжтой хаалгыг хариуцагч компани хүлээлгэн өгсөн. 2 824 200 төгрөгөөр уг маргаан бүхий хаалгыг суурилуулахаар талууд тохиролцсноос нэхэмжлэгч компани 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд үлдэгдэл 824 200 төгрөгийг нэхэмжлэгч компаниас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Биет байдлын доголдолтой хаалга хүлээлгэн өгөөгүй. Тухайн маргаан бүхий хаалгыг хүлээлгэн өгснөөс 2 жилийн дараа нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Дээрх 2 жилийн хугацаанд хаалга эзэмшигч ашиглалтын явцад хаалганд элэгдэл, хорогдол үүссэн байх магадлалтай гэжээ.

 

   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талууд гүйцэтгэсэн ажлыг акт үйлдэж биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгч тал нь бүрэн хүлээн авсны дараа үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан учраас үлдэгдэл төлбөрийг хариуцагч талд шилжүүлээгүй. Үлдэгдэл төлбөрийг аман хэлцэл ёсоор акт үйлдэж хаалгыг хүлээлгэн өгсний дараа төлөхөөр талууд тохиролцсон байсан. Биет байдлын доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгсөн учраас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байна. Анхнаасаа биет байдлын доголдолтой хаалга суурилуулсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэжээ.

 

    Шүүх:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Мегапластик системс“ ХХК-иас хаалга захиалгын урьдчилгаанд төлсөн  2 464 000 төгрөгийг  буцаан гаргуулахыг хүссэн “Протек” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “Протек” ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 824 200 төгрөг гаргуулахыг хүссэн “Мегапластик системс“ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Протек” ХХК-ийн  төлсөн 54 380 төгрөг,  хариуцагч “Мегапластик системс“ ХХК-ийн төлсөн 24 330 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч болох “Протек” ХХК нь хариуцагчаас 2 464 000 тегрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан бол Иргэний хуулийн 352.2.1 352.2.2 352.2.3 дахь хэсэгт заасан шаардлагуудыг гаргах эрхтэй байна” гэжээ. Гэтэл мөн хэсэгтээ ажлын доголдолтой байсан талаар дүгнэсэн хэрнээ нэхэмжлэгчийг шаардах эрх гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө ч гэсэн хариуцагчаас уг хаалгыг захиалгын дагуу буюу анх тохирсон гэрээний дагуу хийж гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан ба хариуцагч “Мегапластик системс” ХХК нь өөрийн гүйцэтгэсэн ажлыг засварлаж өгөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах үед ч гэсэн мэдэгдэж байсан. Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар "үүрэг хүлээсэн этгээд ... бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана " гэж хуульчилсан ба шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагч нь уг хаалгыг засварлаж өгнө гэж удаа дараа мэдэгдэж байсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсаныг харуулж байна. Мөн энэ нь хэргийн оролцогчдын тайлбараар бүрэн тогтоогдож байдаг. Ер нь чанарын шаардлага хангаагүй буюу эд хөрөнгийн доголдолтой ажил гүйцэтгэсэн гэдгийг тогтоосон хоёрын хоёр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хариуцагчид уг ажлын доголдлыг арилгах хугацаа өгч байсан ба үүнийг хариуцагч нь зөвшөөрч байсан нь бүрэн тогтоогдож байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Протек” ХХК-ийн шаардлага гаргах хугацаа нь 2015 оны 6 сард үүсэх бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сарын 29-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан "шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна" гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ. Шүүх Иргэний хуулийн 349.1 дэх хэсгийг хэрэглэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл 349.3 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно" гэсэн байх ба 2015 оны 6 сараас эхлэн шаардлага гаргах хугацааг тоолох ба энэ 6 cap нь 2015 оны 12 cap, 2015 оны 12 сараас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор хуульчилсан байхад нэхэмжлэгчийн хариуцагчаас ажлын доголдлоо арилгахыг шаардах хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаатай сольж хэрэглэж байгаа нь өөрөө хууль бус шийдвэр болсныг тогтоож байна. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж, манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Протек” ХХК нь хариуцагч “Мегапластик системс” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж 2 464 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 824 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Зохигчид ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Мегапластик системс” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтэд байрлах барилгад “Geneo S980” загварын материалаар хийгдсэн 1 ширхэг хаалга суурилуулах, захиалагч “Протек” ХХК нь ажлын хөлс 2 824 200 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

             Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын байгуулсан дээрх тохиролцоог бичгээр байгуулах хуулийн шаардлагагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

            Гүйцэтгэгч “Мегапластик системс” ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хаалгыг суурилуулж өгсөн талаар талууд маргаагүй, захиалагч “Протек” ХХК-иас ажлын хөлс 2 000 000 төгрөг төлсөн болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 6 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь буруу байна.

            Тодруулбал, гүйцэтгэгч “Мегапластик системс” ХХК нь ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөс хойш чанарын доголдолтой холбогдуулж захиалагч “Протек” ХХК нь шаардлага гаргаснаар хаалганы шилийг сольж, тохиргоо үйлчилгээг 3-4 удаа хийсэн байгаа нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлгүй юм. 

 

Харин захиалагч “Протек” ХХК нь гэрээний зүйл болох хаалгыг ашиглаж байгаа боловч уг хаалга нь чанарын шаардлага хангаагүй, ажлын хөлсөнд төлсөн 2 000 000 төгрөг, хаалганы гэмтэл засварлахад гарсан зардал 464 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. 

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасан.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  тайлбартаа  хаалгыг одоо ашиглаж байгаа гэсэн бөгөөд талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээний зүйл болох хаалганы чанар байдал ямар байх талаар тухайлан тохиролцоогүй атлаа нэхэмжлэгч нь чанарын доголдолтой үр дүнг гүйцэтгэгч хүлээлгэн өгсөн гэсэн үндэслэл зааж шаардлага нь үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч “Мегапластик системс” ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл 824 200 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх гүйцэтгэгч нь хаалганд удаа дараа тохиргоо хийж, бариул болон шилийг сольсон зэргээс үзэхэд ашиглалтын шаардлага хангаагүй ажлын үр дүн хүлээлгэж өгсөн тул ажлын хөлсний үлдэгдэл  төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Мөн хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/00190 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 374 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ       

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ