Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 188

 

Х.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор З.Оюундэлгэр,

            Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Г.Бат-Очирын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 6 дугаартай эсэргүүцлээр Х.Б-д холбогдох эрүүгийн 1709019880295 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 507 дугаар байрны цайны газарт хууль сахиулагч С.Б-г албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан доромжлон, улмаар хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Быг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Бат-Очир бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Барга овогт Халтархүүгийн Х.Быг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл  гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх,  эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэж заасан нь хорих ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлөх, тэнсэх гэж ойлгогдож байгаа юм. Гэтэл хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнэ хуульд заагаагүй санал гаргаж, шүүх шийдсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна. Иймд ... 504 дугаартай шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор З.Оюундэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Г.Бат-Очирын бичсэн эсэргүүцлээр Х.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хангай хотхоны 507 дугаар байрны цайны газарт хууль сахиулагч С.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан доромжлон, улмаар хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Б-гийн “...Миний бие Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст, эргүүлийн офицерийн ажил эрхэлдэг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхонд байрлах Бэлх 31 постонд 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаад 16 цагийн орчим, Хангай хотхоны 507 дугаар байранд байх Хангай хотхон гэх хаягтай цайны газарт үйлчлүүлж байхад гаднаас ... эрэгтэй хүн орж ирээд хоол захиалчихаад эргэж харснаа над руу ирээд “өө ямар том гар вэ, цагдаагийн дүрэмт хувцастай хоол идээд, та нар муу сайн юмнууд ингэж дүрэмт хувцастай цайны газраар хэсэж дарамтлаад үнэгүй хуушуур олж иддэг юм уу” гэх зэргээр хэл амаар доромжилхоор нь “та олон нийтийн газар ийм авир гаргаж болохгүй, би тайван хоолоо идмээр байна, холдоод ширээндээ суу” гэхэд над руу салаавч гаргаж “май гичий минь чамаар яахаа заалгахгүй, чам шиг ийм бүдүүн тарган авгай цагдаагийн албанд арын хаалгаар орсон юм уу. Цагдаагийн газар тарган хүн ажилд авдаггүй ш дээ. Ийшээ гараад 100 метр гүйчихээд ирж чадах уу янхан минь. Би чамаас уучлалт гуйхгүй, гоё сайхан биетэй хүүхэн байсан бол уучлалт гуйя гэхсэн, явж турчихаад ирвэл харин уучлалтаа гуйя” гэх зэргээр маш ихээр хэл амаар доромжилж, сандал авч цохих гэж зангаад цайны газрын эд хогшлыг тараах үйлдэл гаргаж эхлэх үед хэлтсийн жижүүр лүү болон хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаа мэдэгдсэн. Дуудлагын дагуу Бэлх 111 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан а/д Б.Нямдорж, а/а Э.Хуягбаатар нар ирж, уг этгээдийг саатуулахаар авч явсан. Саатуулах байр луу явах үед автомашины урд талд цагдаа жолооч, бид хоёр, ард талд уг хүнийг а/д Б.Нямдорж харгалзан сууж явсан. Гэтэл Х.Б нь “араа харж яв, сүүдрээ хараарай, чи Хангай хотхоноос хаа холдох юм, хоёр хөлийг чинь хуга цохино, яаж чадахыг хараарай” хэмээн заналхийлж, гартаа үс ороон араас зулгааж, цамцны захыг татаж хоолой боосон. Энэ үед хамт явсан цагдаагийн 2 алба хаагч нилээн оролдож байж гарыг нь тавиулсан. Миний толгойн зүүн хэсэгт үс туг тугаараа унасан, хуйх нилээн хөндүүр, толгой маш их дүйнгэтэж өвдөж байна. Хоолой баруун хэсэгтээ зулгарсан, шүлс залгихад хөндүүр ихтэй байна. Тухайн үед миний амьсгал боогдоод нүд харанхуй татаж байсан. ...” /Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Х.Бын “...Би хөнгөн гэмтэл учруулсан болон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирогчийн цамцны хойноос нь цагдаагийн алаг машин дотор суугаад явж байхдаа татсан юм. Тэгэхдээ үснээс нь хамт татсан юм шиг байна. ...Би цайны газарт ороод хоолоо захиалчихаад хохирогчийн хажуугийн сандлын дэргэд очоод “энд суучих уу” гэсэн чинь хохирогч “энд суулгахгүй. Цаанаа очоод суу” гэж хэлснээс болоод маргалдсан. Хэсэг маргалдаж байгаад би уучлал гуйгаад эхнэрээ дуудаад бид 2 хамт уучлал гуйсан. Тэгсэн чинь хохирогч цагдаагийн алаг тэргээ дуудаад намайг дагуулаад хамт яваад саатуулсан. ...” /Хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн №13715 дугаартай “...С.Б-гийн биед хоолой, дагзны хуйханд цус хуралт, хавантай тогтоогдлоо. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. ...” гэх шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 17 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, цайны газарт хоол идэж байсан цагдаагийн албан хаагч, хохирогч С.Б-г хэл амаар доромжилсон, улмаар саатуулахаар автомашинд авч явж байхад урд суудалд сууж явсан С.Б-гийн үснээс нь зулгааж, хоолойг нь боож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Х.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гээд мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ялын төрлүүдийг заажээ.

 

Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож, 1 жил хорих ялын санал гаргасан нь хуульд нийцсэн байх бөгөөд прокурорын санал дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх, гэм буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн ялын төрөлтэй зүйл, хэсэг дотроос эхлээд ялын төрлийг сонгож, дараа нь тухайн ялын хэмжээг тогтоох учиртай.

 

Хорих ялыг сонгож хэрэглээгүй, хэмжээг нь тогтоогоогүй байхад уг ялаас чөлөөлөх нь гэм буруутай этгээдийн талаар шүүх дүгнэлт хийсэн эсэхэд эргэлзээ бүхий байдлыг бий болгож байна.  

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялаас чөлөөлөх ойлголт нь хорих ял оногдуулаад, уг оногдуулсан ялыг эдлүүлэхгүй байх утгыг илэрхийлнэ.

 

Хорих ял оногдуулаагүй бол уг ялаас чөлөөлөх ойлголт үүсэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялаас чөлөөлөх ойлголтыг хорих ял дээр хэрэглэх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад ялаас чөлөөлөх ойлголттой хамааралгүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, прокурорын саналыг үндэслэн Х.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Бат-Очирын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 6 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.