Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01437

 

“ДЮСЭТ”компаний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00452 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1130 дугаар магадлалтай,

“ДЮСЭТ”компаний нэхэмжлэлтэй

“Ө Х” ХХК, Д.Н, “Б Т”ХХК, Ц.Цнарт  холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 189 289 813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:хариуцагч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын W.CH.trade.со компанийн захирал B W CH/Б Ү Ч/ миний бие М.Сандуйжав, түүний эхнэр Д.Н нартай 2012 онд танилцаж Монгол улсад хатаасан май загас, хатаасан далайн байцаа нийлүүлэхээр тохиролцсон. Бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд хуулийн этгээдтэй гэрээ байгуулах ёстой гэсний дагуу Д.Нын үүсгэн байгуулсан “Ө Х” ХХК-тай экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. “Ө Х” ХХК-ийн захирал Солонгос улсад ирж Жинми Сүсан компанийн далай гаралтай бүтээгдэхүүн Монгол улсад борлуулахаар урьдчилан тохиролцож 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр БНСУ-ын Пёнтэк боомтоос Haeyang marine /Хэ ян сү сан/ компанийн 33 521 ам.долларын бүтээгдэхүүнийг нийлүүлж, “Ө Х” ХХК 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан. Монгол улсад борлуулалт сайн байна, дахин нийлүүлж өгнө үү гэсэн тэдний хүсэлтийн дагуу W.CH.trade.CO компанийн нэрээс 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Пёнтэк боомтоос 14 546 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлж “Ө Х” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан. W.CH.trade.CO компанийн нэрээр дахин 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Пёнтэк боомтоос 38 982 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлж “Ө Х” ХХК 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан. Худалдах худалдан авах гэрээний дагуу борлуулалтын дараа бүтээгдэхүүний үнийг төлөхөөр тохиролцсон боловч нэг ч удаа төлбөр хийгээгүй. Борлуулалт сайн байна гэж 3 удаа чингэлэг ачаа авсан нь залилан мэхэлсэн үйлдэл гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч гэрээ байгуулсан тул иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Дүүргийн хоёрдугаар Прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тогтоол гарсан учир шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагч нараас худалдан авсан бүтээгдэхүүний үнэ 87 049 ам.долларыг гэрээний хугацаа дуусгавар болж үүрэг үүсэх үеийн 2014 оны 08дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкны ханш 1811 төгрөгөөр тооцож 157 647 459 төгрөг, үүргээ биелүүлээгүйгээс Монголд ирж төлбөр шаардсан, Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байцаан шийтгэх ажиллагаанд оролцсонтой холбоотой зардлын хамт гаргуулана. Хариуцагч “Ө Х” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч давхар хариуцлага хүлээнэ гэсний дагуу хувьцаа эзэмшигч Д.Н, ”Ө Х” ХХК-иас төлбөрийг шаардсан. Монгол улсад 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Эйр маркет ХХК-ийн 10 удаагийн нислэгийн тийз 8 923 453 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Кореан эйр компанийн 610 800 вон буюу тухайн өдрийн ханш 1 068 900 төгрөг, нийт тийзний үнэ 9 992 353 төгрөг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хуульчийн зардал 20 000 000 төгрөг, бүтээгдэхүүний төлбөр 87 049 ам.доллар буюу 157 647 460 төгрөг, орчуулгын 1 650 000 төгрөг, нийт 189 289 813 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж хохиролгүй болгохыг хүснэ. Хариуцагч “Ө Х” ХХК нь дээрх бүтээгдэхүүнээс ”Б Т”ХХК-ийн захирал Ц.Цэрэнпүрэвт 85 000 000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн тул уг компани болон иргэнийг хариуцагчаар татан оролцуулах шаардлага үүссэн. Иймд “Б Т”ХХК болон иргэн Ц.Цэрэнпүрэвээс 85 000 000 төгрөгийг, 104 289 813 төгрөгийг “Ө Х” ХХК болон иргэн Д.Н нараас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ө Х” ХХК, Д.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Солонгосын иргэн Бэк 2012 оноос2013 он хүртэл хамтран ажиллая гэхээр нь эхний ээлжинд дээж авч, судалгаа шинжилгээнд өгч үзье гэсэн боловч их хэмжээгээр явуулж, энэ бол наймаа биш, Монголд үйл ажиллагаа явуулах халхавч шүү. Үүнээс мөнгө төгрөг хуримтлагдахгүй гэж байнга хэлдэг байсан. Гэтэл нэг л өдөр би Ц.Цэрэнпүрэвтэй хамтарч ажиллана бараа бүтээгдэхүүнийг энэ хүнд өг гэсэн, тэгвэл албан тоот гарын үсэгтэйгээ албан тоот хийгээд өг гэхэд бичиг баримтын хэрэггүй гэж уурлан хашгирч сүр болгосоор бараагаа авсан. Энэ хүртэл бидуг бүтээгдэхүүнийг хүмүүст ярьж танилцуулах, борлуулах ажил хийж байсан. Борлуулалт их муу байна хийх газар ч олдохгүй хэцүү,нэмж бараа авахгүй гээд байхад бидэнд мэдэгдэхгүй дур мэдэн бараа явуулаад аваарай гэж утсаар мэдэгдэж байсан. Бараа нь 2013 оны 03 дугаар сарын 20-нд 2 дахь чингэлэг, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3 дахь чингэлэг ирсэн. Мөнгөний боломжгүйгээс бараа нь гааль дээр 10-14 хоног хүлээгдсэн боловч гааль ачаагаа ав гэж удаа дараа утастаад байсны улмаас арга буюу хүнээс мөнгө 0.5 хувийн хүүтэй зээлж авсан. Үүнийг өөрт нь хэлж ярихад хамаагүй хүнээс зээлээд ав би удахгүй очоод өгнө гэж байсан. Өөрөө ирээд барааг үзэж хараад, бид ч энд борлогдохгүй байгааг болон хадгалах нөхцөл хэцүүг хэлэхэд би мэдэж байна гэдэг байсан. Бид ядаж л гаалийн татвар, ачааны хөлсөө олох гэж бодож нэр бүхий дэлгүүрүүдтэй гэрээ хийж ажилласан боловч Монголчууд хэрэглэж заншаагүй учир борлогдоогүй юм. Энэ бүгдэд ажилчин, унаа машин, агуулах гээд маш их зардал чирэгдэл болсон талаар өөрөө болон орчуулагч нар нь энэ бүгдийг мэдэж байгаа. Бэк нь намайг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэгт гүтгэж олон сараар цагдаад байцаагдаж ажил амьдралаараа хохирсонд гомдолтой байгаа. 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсны дагуу шаардлага гаргаж байна гэх боловч гэрээ огт байгуулагдаагүй. Д.Н нь нэг ч удаа Солонгос улс явж байгаагүй. Биднийг эхний удаад барааг сурталчилж өгөөч гэсний дагуу хамтран ажилласан, худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Барааг хүлээж авахгүй гэтэл ”Ө Х” ХХК-ийн нэр дээр ирсэн учир гаалийн байгууллага хүлээж авахыг шаарддаг байсан.Зардлыг Б Ү Ч төлөх ёстой боловч төлөөгүй учир гааль, төмөр зам тээврийн зардалд 23 052 244 төгрөг, НӨАТ-т 2 048 365 төгрөг, тээвэр үйлчилгээнд 7 000 000 төгрөг, агуулахад 2 400 000 төгрөг, ажилчдын хөлс 1 936 000 төгрөг, сурталчилгаанд 135 000 төгрөг тус тус зарцуулсан. Борлуулалтаас 3 800 000 төгрөгийг Б Ү Чд өгсөн. Мөн 674 300 төгрөгийн далайн байцаа, хатаасан загасыг гэр бүл, садан төрлийн хүмүүстээ өгнө гээд Б Ү Ч буцаан авсан. “Б Т”ХХК-д барааг шилжүүлэхэд ч манай компаниас зардал гарсан. Эрүүгийн хэрэг шалгагдаж байхад үлдсэн байцааг хурааж битүүмжилсэн. Эдгээрийг нэхэмжлэлийн үнээс хасах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орчуулагчийн зардал нь баримтын шаардлага хангаагүй. Хуульчийн зардал нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг Цагдаагийн байгууллага устгалд оруулсан, бүтээгдэхүүн гааль дээр “Ө Х” ХХК-ийн нэр дээр ирсэн учир Д.Н ч нэхэмжлэлд огт хамааралгүй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б Т”ХХК-ийн төлөөлөгч Ц.Цшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Надаас болон манай компаниас 85 000 000 төгрөг нэхэмжилжээ. БНСУ-ын иргэн Б Ү Ч надтай хамтран ажиллаж бизнесийн хамтрагч болно гэж жоншны наймаа эрхлэх талаар ярьж анх уулзаж байсан. Би энэ хүнтэй далайн байцаа худалдан авах талаар огт гэрээ хийгээгүй. Монголчуудад таниулах үүднээс барааг хүлээн авч, компанийн зүгээс лийрний мөнгө 10 000 ам.доллар шилжүүлсэн байсан. ”Б Т”ХХК нь анх нэхэмжлэгч Б Ү Чтай хамтран бизнес хийх болж 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, нэхэмжлэгчийн хүсэлт шаардлагын дагуу “Ө Х” ХХК-иас 4209 хайрцаг далайн байцааг хүлээн авч борлуулах, түүнтэй холбоотой бэлтгэл үйл ажиллагааг 2013 оны 06 сараас эхлээд, далайн байцааны хадгалах хугацаа дуусах 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 15 сарын хугацаанд явуулсан. Энэ хугацаанд бэлнээр 39 100 000 төгрөг, дансаар 58 000 000 төгрөг, нийт 97 100 000 төгрөгийн борлуулалтын орлоготой, 79 800 000 төгрөгийн зардалтай ажилласан. Дунджаар үзвэл 1 сард 6 500 000 төгрөгийн борлуулалттай 5 300 000 төгрөгийн зардалтай ажилласан. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй сүлжээ дэлгүүрийн 200 орчим салбар, Нарантуул, Барс, Хархорин, Дэнжийн мянга, Бөмбөгөр, Орхон, Баянзүрх зэрэг захууд, Өмнөговь, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Налайх, Өвөрхангай, Дорноговь аймгууд, Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд байрлах 100 орчим жижиг хүнсний дэлгүүрүүдэд түгээлт, борлуулалт хийж, 8 хүнийг цалинжуулж ажиллуулсан ба тэдний дунд нэхэмжлэгч Б Ү Чы орчуулагч нарын цалин ч багтаж, сард дунджаар 2-5 хүнд цалин олгож ажилласнаар нийт 23 900 000 төгрөгийг цалин, гэрээт ажлын хөлсөнд зарцуулж, дундаж цалин 1 600 000 төгрөг, Хүн амын орлогын албан татвар 1 200 000 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлд 3 700 000 төгрөг, Нэмэгдсэн өртгийн татварт 4 900 000 төгрөг, нийт 9 800 000 төгрөгийн татвар улсад төлсөн. Ажлын байрны хувьд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд Рааш булаг төвийн 404 тоот тавилгатай 1 өрөөг 2013 оны 08 сараас 2014 оны 2 дугаар сарын 25 хүртэл 7 сар түрээслэн 3 300 000 төгрөг зарцуулсан. Барааг нэхэмжлэгчийн сонгосон Амгаланд байрлах 430 м.кв агуулахад хадгалсан боловч борооны ус нэвтэрч байцааг норгож байсан тул дээврийг зассан боловч их борооны ус орсон. Энэ агуулах нь зохион байгуулалтын хувьд 1 хөргүүртэй ба энэ хэсэгт загас хадгалах, 1 хэсэгтээ цонхгүй тул далайн байцааг хадгалах, орох хаалганы хэсгийн том талбайд тасалгааны хэмд жимс хадгалахад тохирох бүгд төвлөрсөн гэж Б Ү Ч өөрөө үзэн сонгосон. Гэвч хүнсний бүтээгдэхүүн хадгалах эрүүл ахуй, халдваргүйжилттэй холбоотой агуулах солих болж 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сонсголонд Интердесижн ХХК-ийн агуулахад шилжүүлсэн боловч далайн байцааны гол дайсан хулганатай болохыг мэдэж, 11 сард Зурагтад хүний контейнер түрээсэлэн нүүдэл хийсэн. Дэнжийн 1000, Хайлааст, Гурвалжингийн гүүрний дэргэдэх агуулахаас Амгалангийн агуулахад 8 удаа, Амгалангаас Сонсголон руу 4 удаа, Сонсголонгоос Зурагтад 3 удаа, Зурагтаас Шарга морьтод 3 удаа, нийт 18 удаагийн шөнийн тээвэрлэлт хийсэн. Далайн байцааг стандартад нийцсэн машинаар бараа хүлээж авах хуваарьт цагуудад борлуулалтын цэг дэлгүүрт түгээх 2014 оны 01 сараас 2014 оны 07 сар хүртэл граш зориулалтын машин түрээсэлсэн. Нийт 15 сарын хугацаанд ажлын байр, агуулах, нүүлгэлт, тээвэр, борлуулалтын түгээлтийн тээвэр, түрээсийн зардалд нийт 23 000 000 төгрөг зарцуулсан. 3500 000 төгрөгт хоол, маркетинг, шинжилгээ, борлуулалтын машин, зогсоолын төлбөр гэх мэт элдэв шимтгэл зардлууд тусгагдсан. Бэк нь далайн байцаанаас огт ашиг олохгүй, энэ бол бидний эхлүүлэх бизнесийн эхлэл, халхавч юм шүү, Монголд байгаа Солонгосчууд намайг далайн байцаа л борлуулах гэж байгаа юм байна гэж харна. Тиймээс далайн байцаанаас ашиг харах хэрэггүй. Чи дараагийн бизнестээ бэлдээд байж байгаарай гэж хэлдэг байсан атлаа намайг эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн нэр хүндэд халдсан нь маш хүндээр туссан. Надад яг 85 000 000 төгрөгийн бараа өгсөн гэдгийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлдоггүй. Би “Ө Х” ХХК-иас 4209 хайрцаг далайн байцаа хүлээн авсан нь үнэн. Эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас байцааг битүүмжилсэн, хэрэгсэхгүй болсны дараа бүх барааны хугацаа дууссан байсан тул хогийн цэг дээр аваачиж устгасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар бүрэн тодорхойлогдохгүй байгаа учир хангахгүй байх үндэслэлтэй. “ДЮСЭТ”ХХК нь Солонгос талын тээвэрлэлтийн бусад компанийг төлөөлөх бүрэн эрхгүй. 85 000 000 төгрөгийг би болон компани бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00452 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 491 дүгээр зүйлийн 491.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө Х” ХХК-иас 41 346 390 төгрөг, хариуцагч “Б Т”ХХК-иас 5 206 384 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ДЮСЭТ”компанид олгож, “Ө Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 62 943 423 төгрөгийн шаардлагыг, “Б Т”ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 79 793 616 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Д.Н, Ц.Цнарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ДЮСЭТ”компаниас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 104 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 364 681 төгрөг, хариуцагч “Б Т”ХХК-иас 98 252 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ДЮСЭТ”компанид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1130 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ө Х” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ө Х” ХХК-ийн төлсөн 364 682 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. “ДЮСЭТ”ХХК нь хариуцагчаар “Ө Х” ХХК, Булган тээлийн хөндий ХХК, Д.Н, Ц.Цнарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 189 289 813 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, 4 хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй, талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, даалгавар өгөгдөөгүй, далайн гаралтай бүтээгдэхүүний нэг бүрийн үнийг тогтоогоогүй, үнийг тохиролцоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх “Ө Х” ХХК-иас даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзээд 41 346 390 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн агуулга, үндэслэлээ нэхэмжлэгч тайлбарлахдаа “Ө Х” ХХК-тай байгуулсан гэх “экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн нэхэмжлэл гаргасан. Энэ гэрээ байгуулагдаагүй байна гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн атлаа далайн гаралтай бүтээгдэхүүний үнийг тооцоолон гаргаад байгаа нь хэрэгт цугларсан ямар баримтыг үндэслэж байгаа нь тодорхойгүй байгаа юмаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан “экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ны 1 дүгээр заалтад нэгжийн үнийг Солонгос улсын мөнгөн тэмдэгт болох “вон” байхаар, мөн Гаалийн ерөнхий газраас ирсэн нотлох баримтуудад хавсаргагдан, нэхэмжлэлдээ хавсарган ирүүлснээс өөр агуулга, утгатай “экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 1 дүгээр зүйл гэсэнд нэгжийн үнийг Солонгос улсын мөнгөн тэмдэгт болох “вон” байхаар заасан. Гаалийн хилээр нэвтрэх барааны 0756354, 0809419, 0810256 дугаартай мэдүүлгүүдийн 38 дугаар хүснэгт буюу гаалийн үнийг тодорхойлох арга “1”-ээр Гааль үнийг тогтоосон ба энэ нь Гаалийн тарифийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан “хэлцлийн үнийн арга”-аар үнэлсэн, энэ үнэлгээ нь дагалдах баримтууд болох тээврийн баримт, экспорт, импортын гэрээ, гадаад төлбөрийн нэхэмжлэл, баглаа боодлын жагсаалтад заасан үнэлгээ буюу Солонгос улсаас буюу нэхэмжлэгч байгууллагын үнэлсэн үнэлгээг үндэслэн Гаалийн байгууллага үнэлсэн баримт хэрэгт авагдсан, энэ мэт зөрүүтэй нотлох баримтууд, нэхэмжлэлийн үнэ зэргийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. “Ө Х” ХХК нь Гаалийн хилээр орж ирсэн 3 чингэлэг далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг хүлээн авсан нь үнэн. Харин “ДЮСЭТ”ХХК нь хариуцагч “Ө Х” ХХК, Булган тээлийн хөндий ХХК, Д.Н, Ц.Цнараар даалгавар гүйцэтгүүлэх, далайн гаралтай бүтээгдэхүүнийг худалдаж үнийг эргүүлэн төлөхөөр даалгавар өгөөгүй, даалгавар гүйцэтгэхээр харилцан тохиролцсон зүйл огт байхгүй. Анх БНСУ-ын иргэн Б Ү Ч нь Д.Н, М.Сандуйжав нарт “хамтран ажиллая, ашиг олох зорилготой биш, Монголчуудад далайн байцааг сурталчилан таниулах, мөн би өөрийн Монголд явуулж буй бизнесийн халхавч болгож байгаа, энэ бол ашгийн төлөө биш, худалдсан ч ашиг олохгүй, үүгээр дамжуулж олон хүнтэй танилцах зорилготой” гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан “ашигтай байна дахиад явуул гэхээр нь явуулсан” гэсэн тайлбар огт худлаа ба “Ө Х” ХХК нь “эхний ээлжинд судлаад үзье, дээж авч шинжилгээнд өгч үзье” гэсэн боловч чингэлэгээр нь явуулсан байсан. Барааг авахгүй гэдгээ тухайн үед хэлсэн боловч Б Ү Ч “энэ бол наймаа биш, Монголд үйл ажиллагаа явуулах халхавч шүү. Үүнээс мөнгө төгрөг хуримтлагдахгүй” гэж байнга хэлдэг байсан. Гааль ачаагаа ав гэж удаа дараа утастаад байсны улмаас арга буюу хүнээс мөнгө 0.5 хувийн хүүтэй зээлж авсан, үүнийг өөрт нь хэлж ярихад хамаагүй хүнээс зээлээд ав би удахгүй очоод өгнө гэж байсан. Энэ мэт Б Ү Ч нь “Ө Х” ХХК-ийг маш хүнд байдалд зориуд оруулсан. Хэрэв тухайн үед Б Ү Ч нь явуулсан барааныхаа үнийг эргүүлэн өгнө шүү, 1 ширхэг далайн гаралтай бүтээгдэхүүний үнэ энэ шүү, үүнийг худалдах үнэ нь энэ шүү, өөртөө тэдэн төгрөгийн ашиг аваарай, дэлгүүрүүдэд амталгаат худалдаа явуулахгүй шүү, эсхүл явуулсан бол энэ хэмжээг л зориулна шүү, амталгаа сурталчилгаанд тэдэн төгрөг зарцуулаарай гэж огт хэлээгүй, огт тохиролцоогүй, анхнаасаа үүнийгээ тохирсон бол “Ө Х” ХХК нь нэг бүрийн үнийг тогтоож, гэрээ байгуулан ажиллах байсан. Б Ү Чы гомдлоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэгт Д.Н, М.Санджуйжав, Ц.Цнарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, харин Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын прокурорын 2015 оны 2 заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирол учруулаагүй, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй гэж тогтоосон. Харин энэ Прокурорын тогтоол дээр иргэний журмаар шүүхэд хандах талаар огт дурьдаагүйн дээр Б Ү Ч буюу “ДЮСЭТ”ХХК-ыг хохироогүй байна гэж тогтоосон. “Ө Х” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч би Иргэний хуулийн 399 заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй, харин Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд  үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хяналтын шатны шүүхээс хариуцагч “Ө Х” ХХКомпанийн биелүүлэх үүргийг хэмжээг зөвтгөж, хариуцагч Д.Нд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийсэн атлаа шийдвэрлээгүй орхисон алдааг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв. Хариуцагч “Ө Х” ХХКомпанийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч БНСУ-ын хуулийн этгээд “ДЮСЭТ”компани нь хариуцагч “Ө Х” ХХК, Д.Н нараас 104 289 813 төгрөгийг, хариуцагч, “Б Т”ХХК, Ц.Цнараас 85 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэлд дурьдсан 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн бүтээгдэхүүнийг БНСУ-ын Haeyang marine /Хэ ян сү сан/ компани илгээсэн ба тус компанийн захирал Ким ги дү нь “2017 онд хариуцагч “Ө Х” ХХК-ийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан чингэлэг /SKHU 9207461/-тэй холбоотой бүх эрх, хариуцлагыг “ДЮСЭТ”компанийн захирал Пэг үн чанг эдэлнэ.” гэсэн 2 удаагийн итгэмжлэл /1хх17, 2хх-6/ олгосноос үзэхэд нэхэмжлэгч этгээдэд шүүхэд өөрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийн эрх, үүргийг эдлэх эрхийг олгоогүй боловч уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгосон агуулгаараа нэхэмжлэгч нь өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй байна. Уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй, шүүх гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй гэх хариуцагч “Ө Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх “Ө Х” ХХК-иас 41 346 390 төгрөгийг, хариуцагч “Б Т”ХХК-иас 5 206 384 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд “Ө Х” ХХК нь нэхэмжлэгч “ДЮСЭТ”компанийн зүгээс 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр илгээсэн 14 546 ам.долларын, 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр илгээсэн 38 982 ам.долларын үнэ бүхий хатаасан далайн байцааг, Солонгос улсын Haeyang marine /Хэ ян сүсан/ компаниас 2013   оны 1 дүгээр сарын 16-ны өдөр илгээсэн 33 521 ам.долларын үнэ бүхий давсалсан загас, хатаасан далайн байцааг хүлээн авсан, гаалийн татвар, хураамжийг төлсөн, уг бүтээгдэхүүнийг Монгол улсад борлуулсан, хүлээн авсан бараанаас 85 616 919 төгрөгийн барааг нэхэмжлэгчийн заасан этгээд “Б Т”ХХК-ийн захирал Ц.Цэрэнпүрэвт хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Хоёр шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо гэрээний талууд, гэрээний агуулга, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг зэрэг эрх зүйн асуудлаар зайлшгүй хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, “ДЮСЭТ”компани болон “Ө Х” ХХК, “Б Т”ХХК-ийн хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хариуцагч Д.Н, Ц.Цнарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт нийцжээ.

Тэрээр хариуцагч нарын биелүүлэх үүргийн хэмжээг тогтоохдоо хариуцагч тус бүрийн хүлээн авсан бүтээгдэхүүн, бүтээгдэхүүнийг борлуулахад гарсан тээвэр, хадгалалтын зардал, хураагдаж устгагдсан бүтээгдэхүүний үнэ, бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулж ирэх үед төлсөн гаалийн татвар, хураамж зэрэг асуудлаар дүгнэлт хийсэн нь зөв боловч хэрэгт цугларсан баримтыг бүх талаас нь харьцуулан бүрэн үнэлж чадаагүйгээс “Ө Х” ХХКомпанийн үүргийг үндэслэлтэй тогтоож чадаагүй алдааг залруулах боломжтой байна.

Шүүх хариуцагч “Ө Х” ХХК-ийн биелүүлэх үүргийг тогтоохдоо 72 647 460 төгрөгийн барааг хүлээн авсан гэж үзэж, түүнээс гаалийн татварт төлсөн 20 281 930 төгрөг, тээврийн зардалд төлсөн 8 491200 төгрөг, шинжилгээ, тээвэр зууч, хадгалалтын зардал 377 940 төгрөг, бэлнээр өгсөн 3 800 000 төгрөг, нийт 32 951 070 төгрөгийг хасч, үлдэх 41 346 390 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 3 удаагийн тээвэрлэлтээр нийт 87 049 ам.долларын бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн, үнийг 2014 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож, 157 647 459 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж нэхэмжлэлдээ тодорхойлсон тул 157 647 459 төгрөгөөс хариуцагч “Б Т”ХХК-д баримтаар хүлээлгэн өгсөн 85 616 919 төгрөгийн барааг хасахад “Ө Х” ХХК нь 72 030 540 төгрөгийн барааг хүлээн авсан байна. Үүнээс “Ө Х” ХХКомпанийн зүгээс гарсан зардал буюу гаальд төлсөн 20 281 930 төгрөг, тээврийн зардал 8 491200 төгрөг, шинжилгээ, тээвэр зууч, хадгалалтын зардал 377 940 төгрөг, бэлнээр өгсөн 3 800 000 төгрөгийг хасч тооцоход 39 079 470 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байжээ. Энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1130 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00452 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...41 346 390...гэснийг ...39 079 470...гэж, ...62 943 423 ...гэснийг 65 210 343...гэж, 2 дах заалтад ...364 681 ...гэснийг 353 347...гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч “Ө Х” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364 682 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА