| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1759/Э |
| Дугаар | 1807 |
| Огноо | 2020-10-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 1807
2020 10 16 2020/ШЦТ/1807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бовогт Д-н Э-д холбогдох эрүүгийн 2006 00000 2472 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э- нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Зүүн Жанжины Төмөр замын 7-3 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Отгонбаярыг түлхэн унагааж баруун шуу, богтос ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Зүүн Жанжины Төмөр замын 7 дугаар гудамжны 3 тоотод хохирогч Б.Отгонбаярыг түлхэн унагааж эрүүл мэндэд нь баруун шуу, богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:
Шүүгдэгч Д.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Алтанцэцэгийн хашаанаас хүүгийн хашаа руу алхаад явж байтал гудманд нэг танихгүй 50 орчим насны эрэгтэй хүн тааралдаад би Алтайг танина, хаана байгааг нь мэднэ, манай гэр рүү хамт оръё гэж хэлэхээр нь би танайд орж болох юм уу гэсэн чинь болно гэж хэлсэн. Тэгээд би тэдний хашаа руу дагаж ороод гэрт нь орсон ... тэр эрэгтэй хүн архинаасаа өөрөө 1 удаа хийж ууснаа би урд шөнө нэг охинтой унтсан гээд унтах хэвтэх юм яриад эхэлсэн. Тэгэхээр нь би өөртэй чинь унтаж хэвтэх юм байхгүй гээд байшингаас нь гарах гээд хаалгыг нь онгойлготол тэр эрэгтэй хүн намайг араас түлхээд би үүдний амбаарын коридорын модон шалан дээр баруун гараа дараад уначихсан. Тэгээд би босоод уйлаад тэдний хашаанаас гүйж гараад хүүхдийнхээ гэр рүү очсон ... гэрээс нь гарах гэхэд хойноос түлхэж би унахдаа баруун гараа дарж унасан. Улмаар уг уналтаас болж миний биед баруун шуу, богтос ясны далд хугарал гэмтэл үүссэн. Надад учирсан гэмтлийг уг эрэгтэй хүн учруулсан ... Тэгээд орсон чинь цай хийж өгөөд ярьж сууж байгаад хачин сонин сонин юм яриад унтах хэвтэх юм яриад байхаар нь би юу солиороод байгаа юм тийм юм байхгүй гээд гарах гэсэн чинь гарах гэж байхад араас түлхээд унагасан. Тэгсэн миний гар хугарцан би уйлаад гарч гүйгээд хүүгийндээ очиход манай 2 охин байгаад цагдаа түргэн 2 дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12, 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Энх-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Манай ээж болох Отгонбаяр нь найзынхруугаа гарлаа гээд ахын гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй 20-оос 30 минутын дараа гараа бариад ороод ирсэн. Гарыг нь хартал бугуйгаараа эргэчихсэн хугарчихсан шинжтэй унжчихсан байсан. Тэгээд яасан юм бэ яагаад гар чинь ийм аймаар болчихсон юм гэж асуухад найз маань гэртээ байхгүй байсан тэгээд буцаад харьж байтал танихгүй эрэгтэй согтуу хүн тааралдаад ээжийн гарыг гэмтээсэн талаар хэлсэн. Яг яаж тэр эрэгтэй хүн ээжийн гарыг гэмтээсэн талаар нь би ээжээс асуугаагүй. Ээж маш их айсан шинжтэй ёолоод гэртээ орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10289 дугаартай “Б.Отгонбаяр-н биед баруун шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Д.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн “ ... Отгонбаяр гэх эмэгтэйг түлхэж унагааж гарыг нь гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Э-гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Д.Э-гийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Д.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Э-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Отгонбаярын хохирол төлбөрөө хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Э-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Э- нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Э-гийн хохирол төлбөрөө төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э-гийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Ариунболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д-н Э-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Д.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ