| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1580/Э |
| Дугаар | 1685 |
| Огноо | 2020-09-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 1685
2020 09 18 2020/ШЦТ/1685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч С.Солонго,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б-н Д-д холбогдох эрүүгийн 1811 02412 0402 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завъяа” үнэт эдлэлийн дэлгүүр дотор худалдаа эрхэлж байсан хохирогч Г.Ганцогоос “ мөнгийг нь интернет банкаар шилжүүлчихлээ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуучны хэт хутга , ширмэн хаш хөөрөг зэргийг залилан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Хар сувд үнэт эдлэлийн дэлгүүр дотор худалдаа эрхэлж байсан хохирогч Д.Амгаагаас мөнгийг нь интернет банкаар шилжүүлчихлээ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, алтан бөгж, монетон бөгж, гинж, мөнгөн гинж, 60.000 төгрөг зэргийг залилан авч 2.504.600 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ш.Уулаад алдсан адууных нь сургийг гаргаж өгнө хэмээн хуурч, улмаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 500.000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 5.504.600 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Г.Ганцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Намайг 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Мөнгөн завъяа дэлгүүрт худалдаа хийж байхад өглөө 11 цагийн үед танихгүй эрэгтэй хүн манай лангуун дээр хүрч ирээд лангуун дээр байх бараануудыг маань үзэж байгаад тэр хүн надад хандан Хутга хөөргөө, хэдэн төгрөгөөр өгөх вэ гэж асуусан. Тэгээд би үнэ ханшийг нь хэлэхэд хэт хутга, эмээл, хөөргийг чинь нийлүүлээд 10.000.000 төгрөгөөр авъяа гэж хэлэхэд нь зөвшөөрч тохиролцсон. Ингээд би тооцоогоо бэлэн мөнгөөр хийх үү гэж асуухад үгүй ээ мобайл банкаар шилжүүлчихье, тэгэхгүй бол АТМ-ээс ийм их хэмжээний мөнгө бэлнээр гарахгүй гэж надад хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд тэр хүн миний Хаан банкны 5220016559 дугаартай дансруу Төрийн банкны данснаасаа 10.000.000 төгрөг шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай хийгдчихсэн шүү гэж хэлээд өөрийнхөө утаснаас гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн бичгийг үзүүлсэн ба тэр хүн одоо энэ хөөрөг, хэт хутга хоёрыг аваад явъя , эмээлээ маргааш миний дуудсан газар аваад ирээрэй гэж хэлээд бид тохиролцсон юм. Би тэр хүнээс та миний эд зүйлийг авч байгаа юм чинь, би Төрийн банкнаас гүйлгээ хийгдсэн талаар лавлаж асуух хэрэгтэй байна, миний банкны гүйлгээн дээр мөнгө орсон гэсэн мэдээлэл ирээгүй байна гэж хэлээд Төрийн банкруу утасдаж асуусан, тухайн банкнаас мэдээлэхдээ 10.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол маргааш өдөр нь ордог гэж надад хэлсэн. Тэгээд тухайн банкны ажилтнаас тухайн мөнгө шилжүүлсэн хүний дансны гүйлгээг шалгуулж болох уу гэж асуухад боломжгүй гэсэн хариу өгсөн. Би тухайн үед тэр хүнд би танд итгэхгүй байна, дансны гүйлгээ хийгдээгүй байна гэж хэлэхэд тэр хүн надад би чамайг хулхидаж луйвардах хүн биш, надад итгэхгүй байгаа бол миний жолооны үнэмлэхний зургийг ав, хэрэв худлаа ярьсан байх юм бол цагдаагийн байгууллагад хандаж болно шүү дээ, би тийм зүйл хийхээр хүн биш, харин маргааш үлдсэн эмээлээ надтай холбогдож байгаад миний байгаа газарт авч ирээд өгчихөөрэй гэж хэлсэн. Ингээд би тухайн барааныхаа баглаа боодлыг хийж өгөөд өгч явуулсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 30-32 дугаар хуудас/ ,
Гэрч О.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... намайг 2019 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлалтаар зарлуулчихсан байсан ба гэртээ байж байхад 2 цагдаа гэрт орж ирээд намайг Сүхбаатар аймагруу аваад явсан. Ингээд тус Цагдаагийн газарт шалгагдаж байгаад миний үнэмлэхээр залилан хийгээд байсан хүнийг цагдаа нар олчихсон гээд намайг явуулсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 36 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 23-26 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 47-52 дугаар хуудас/
Хохирогч Д.Амгаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед дэлгүүр лүүгээ орох үед бусад лангууны хүмүүс ирсэн байсан учир дэлгүүр онгорхой байсан. Тэгээд би өөрийн түрээслэдэг лангуугаа нээгээд алт, монет, мөнгөн эдлэлээ лангуун дээрээ тараагаад тавьж байх үед гаднаас нэг үл таних хүн орж ирсэн. Тэр хүн надаас хөдөө явах гэж байна өндөр граммтай монетон бөгж , монетон гинж, алтан бөгж авмаар байна гээд сонгож байгаад тус бүрээс нь нэг нэгийг сонгосон үүний дараа мөнгөн гинж байна уу гээд хамгийн өндөр граммтай мөнгөн гинжийг нь авна хайрцганд хийчих гэж хэлээд сонгосон зүйлсээ үлдээгээд манай дэлгүүрт байдаг бусад лангуун дээрээс домбо, гар хийцийн мөнгөн аяга гэх мэт зүйлсийг үзэж үнэ мөнгийг нь асуугаад байсан. Ингээд буцаж манай лангуунд ирээд хэд болсон бэ гэж асуухаар нь 2.440.000 төгрөг болсон байна гэхэд за тэгвэл нэг мөсөн 2.500.000 төгрөг таны дансанд хийлээ 60.000 төгрөг хариулаад өг гэсэн. Тэр 60.000 төгрөгийг нь өгчихөөд байж байтал мөнгө нь дансанд орохгүй байсан. Надад мөнгө нь орсон гэж мэдээлэл ирэхгүй байна гэхэд би Төрийн данстай өнөөдөр орохгүй маргааш орно хамт Төрийн банк явж асууя гээд Төрийн банкинд ирж уулзахад банкны теллер нь бүтэн сайн өдөр хийсэн гүйлгээ нэг дэх өдрийн 12 цагаас хойш орно гэж хэлсэн. Банкнаас гарч ирээд би тэр залууд итгэхгүй байна юмаа авъя гэхэд би ямар хулгайч дээрэмчин байна уу, хөдөө явах гээд байна гэж хэлээд байхад, миний мөнгийг өг гэх мэтээр загнаад байсан. Тэгээд би итгээд явуулчихсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 155-156 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх-ийн 157-160 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 47-52 дугаар хуудас/,
Хохирогч Ш.Уулаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай 13 тооны адуу алдсан юм. Тэгээд 12 дугаар сарын
05-ны өдөр Улаанбаатар хотод ажлаар орж ирээд Малчин ТВ-д Хээр азаргатай, саарал гүү, хар унагатай, шарга гүү даагатайгаа, халзан хээр морь 1 халзан халзан хүрэн морь, 1 дэлтэй, дэлгүй хүрэн үрээ 2, саарал үрээ 1, зэгэл байдас 1, хээр үрээ2, нийт 13 тооны адуу алдагдсан, харсан хүн холбоо барина уу ... Нэг эрэгтэй хүн ярьлаа, манай алдагдсан адууг хаана байгаа газрыг хэлж өгье, 1.000.000 төгрөг өгчих гэж байна гээд 99755952 дугаарыг өгсөн ...Тухайн үед манай хүүтэй ярихдаа Ах нь булган аймгийн хүн, манай ойролцоо шоронгоор олон жил явсан хүн байдаг юм, тэр л хараад байна, мөнгөө хийчихвэл хаана байгаа газрыг нь хэлээд өгье гэж хэлсэн. Тэгээд итгээд мөнгөө 5006270985 дугаарын дансанд 500.000 төгрөг Адууны мөнгө гэж бичээд шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 211-212 дугаар хуудас/
Гэрч П.Ихбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Баянхошуунаас уруудаж явж байхад 105 дугаар сургуулийн хажуу талын уулзвараас 30 орчим насны залуу Хөдөө аж ахуйн яам орно гэж суусан. Ингээд надад сууж явж байхдаа миний утсыг гуйж залгасан. Явж байх замдаа утсаар яриад мал зарах гэж байгаа юм шиг мөнгө авах юм ярьж байснаа надаас карт байгаа эсэхийг асуухаар нь би байгаа гэж хэлсэн. Ингээд миний дансыг аваад нөгөө хүнрүү утсаар хэлсэн. Тэр залуу Баянзүрхийн зах оръё гэхээр нь Баянзүрх захын гадаа очсон чинь миний картыг аваад буухаар нь би араас нь дагаад орсон чинь АТМ-ээс бэлэн мөнгө авч байсан ... би тэр залуугийн нэрийг мэдэхгүй, замдаа ярьж байхыг нь сонсоход Булган аймгийнх гэж байсан. Мөн Баянхошууны нуурын тэнд байдаг дэлгүүртэй Жавзаагийн гэдэг айлд ирсэн гэж өөрөө ярьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 213 дугаар хуудас/,
Мөнгө шилжүүлсэн баримт /1 хх-ийн 194 дүгээр хуудас/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хх-ийн 204-207 дугаар хуудас/, болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан
2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завъяа үнэт эдлэлийн дэлгүүрт худалдаа эрхэлж байсан хохирогч Г.Ганцогоос “мөнгөө интернет банкаар шилжүүлчихлээ” гэж итгүүлэн хэт хутга, ширмэн хаш хөөрөг зэргийг авч залилан 2.500.000 төгрөгийн,
2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар сувд үнэт эдлэлийн дэлгүүрт худалдаа эрхэлж байсан хохирогч Д.Амгаагаас “мөнгөө интернет банкаар шилжүүлчихлээ” гэж итгүүлэн алтан бөгж, монетон бөгж, гинж, мөнгөн гинж, биет 60.000 төгрөг зэргийг авч залилан 2.504.600 төгрөгийн,
2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс хохирогч Ш.Уулаад “алдсан адууных нь сургийг гаргаж өгнө” гэж итгүүлэн 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан нийт 5.504.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн” гэх мэдүүлэг, хохирогч Г.Ганцогтын “... танихгүй эрэгтэй хүн манай лангуун дээр хүрч ирээд лангуун дээр байх бараануудыг маань үзэж байгаад тэр хүн надад хандан Хутга хөөргөө, хэдэн төгрөгөөр өгөх вэ гэж асуусан. Тэгээд би үнэ ханшийг нь хэлэхэд хэт хутга, эмээл, хөөргийг чинь нийлүүлээд 10.000.000 төгрөгөөр авъя гэж хэлэхэд нь зөвшөөрч тохиролцсон. Ингээд би тооцоогоо бэлэн мөнгөөр хийх үү гэж асуухад үгүй ээ мобайл банкаар шилжүүлчихье, тэгэхгүй бол АТМ-ээс ийм их хэмжээний мөнгө бэлнээр гарахгүй гэж надад хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд тэр хүн миний Хаан банкны 5220016559 дугаартай дансуруу Төрийн банкны данснаасаа 10.000.000 төгрөг шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай хийгдчихсэн шүү гэж хэлээд өөрийнхөө утаснаас гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн бичгийг үзүүлсэн ба тэр хүн одоо энэ хөөрөг, хэт хутга хоёрыг аваад явъя , эмээлээ маргааш миний дуудсан газар аваад ирээрэй гэж хэлээд бид тохиролцсон. Би тэр хүнээс та миний эд зүйлийг авч байгаа юм чинь, би Төрийн банкнаас гүйлгээ хийгдсэн талаар лавлаж асуух хэрэгтэй байна, миний банкны гүйлгээн дээр мөнгө орсон гэсэн мэдээлэл ирээгүй байна гэж хэлээд Төрийн банкруу утасдаж асуусан, тухайн банкнаас мэдээлэхдээ 10.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол маргааш өдөр нь ордог юм гэж надад хэлсэн. Тэгээд тухайн банкны ажилтнаас тухайн мөнгө шилжүүлсэн хүний дансны гүйлгээг шалгуулж болох уу гэж асуухад боломжгүй гэсэн хариу өгсөн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 30-32/, гэрч О.Нямсүрэнгийн “... намайг 2019 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлалтаар зарлуулчихсан байсан ба гэртээ байж байхад 2 цагдаа гэрт орж ирээд намайг Сүхбаатар аймагруу авч явсан ... миний үнэмлэхээр залилан хийгээд байсан хүнийг цагдаа нар олчихсон гээд намайг явуулсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 36/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 23-26/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 47-52/, хохирогч Д.Амгаагийн “... Тэр хүн надаас хөдөө явах гэж байна өндөр граммтай монетон бөгж , монетон гинж, алтан бөгж авмаар байна гээд сонгож байгаад тус бүрээс нь нэг нэгийг сонгосон үүний дараа мөнгөн гинж байна уу гээд хамгийн өндөр граммтай мөнгөн гинжийг нь авна хайрцаганд хийчих гэж хэлээд сонгосон зүйлсээ үлдээгээд манай дэлгүүрт байдаг бусад лангуун дээрээс домбо, гар хийцийн мөнгөн аяга гэх мэт зүйлсийг үзэж үнэ мөнгийг нь асуугаад байсан. Ингээд буцаж манай лангуунд ирээд хэд болсон бэ гэж асуухаар нь 2.440.000 төгрөг болсон байна гэхэд за тэгвэл нэг мөсөн 2.500.000 төгрөг таны дансанд хийлээ 60.000 төгрөг хариулаад өг гэсэн. Тэр 60.000 төгрөгийг нь өгчихөөд байж байтал мөнгө нь дансанд орохгүй байсан. Надад мөнгө нь орсон гэж мэдээлэл ирэхгүй байна гэхэд би Төрийн данстай өнөөдөр орохгүй маргааш орно хамт Төрийн банк явж асууя гээд Төрийн банкинд ирж уулзахад банкны теллер нь бүтэн сайн өдөр хийсэн гүйлгээ нэг дэх өдрийн 12 цагаас хойш орно гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 155-156/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 157-160/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 47-52/, хохирогч Ш.Уулаагийн “... Нэг эрэгтэй хүн ярьлаа, манай алдагдсан адууг хаана байгаа газрыг хэлж өгье, 1.000.000 төгрөг өгчих гэж байна гээд 99755952 дугаарыг өгсөн ...Тухайн үед манай хүүтэй ярихдаа ах нь Булган аймгийн хүн, манай ойролцоо шоронгоор олон жил явсан хүн байдаг юм, тэр л хараад байна, мөнгөө хийчихвэл хаана байгаа газрыг нь хэлээд өгье гэж хэлсэн. Тэгээд итгээд мөнгөө 5006270985 дугаарын дансанд 500.000 төгрөг Адууны мөнгө гэж бичээд шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 211-212/, гэрч П.Ихбаярын “... 30 орчим насны залуу Хөдөө аж ахуйн яам орно гэж суусан ... явж байхдаа миний утсыг гуйж залгасан ... явж байх замдаа утсаар яриад мал зарах гэж байгаа юм шиг мөнгө авах юм ярьж байснаа надаас карт байгаа эсэхийг асуухаар нь би байгаа гэж хэлсэн. Ингээд миний дансыг аваад нөгөө хүнрүү утсаар хэлсэн. Тэр залуу Баянзүрхийн зах оръё гэхээр нь Баянзүрх захын гадаа очсон чинь миний картыг аваад буухаар нь би араас нь дагаад орсон чинь АТМ-ээс бэлэн мөнгө авч байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 213/, мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 194/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-ийн 204-207/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Б.Д- нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гаас нийт 5.504.600 гаргуулж, хохирогч Г.Ганцогт 2.500.000 төгрөг, хохирогч Д.Амгаад 2.504.600 төгрөг, хохирогч Ш.Уулаад 500.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу дээрх төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсний дараа өмнөх үйлдэл илэрсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ жил 10 /арав/ сар 3 /гурав/ хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Д-гийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс цагдан хоригдсон 136 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хорих ангиас Б.Д-гийн ялын тооцоог 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр бодож эдлээгүй үлдсэн ялыг 5 жил 10 сар 05 хоногоор тооцсон боловч Б.Д-г энэ хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс шүүгчийн захирамж яллагдагчаар цагдан хорьсон байх тул цагдан хоригдсон хугацааг тус өдрөөс тооцож 136 хоног гэж, эдлээгүй үлдсэн ялыг цагдан хоригдсон өдөр хүртэл тооцож 5 жил 10 сар 3 хоног гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О овогт Б-н Д-г “Хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ жил 10 /арав/ сар 3 /гурав/ хоног хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сар 3 /гурав/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сар 3 /гурав/ хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Д-гийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 136 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-гаас нийт 5.504.600 гаргуулж, хохирогч Г.Ганцогт 2.500.000 төгрөг, хохирогч Д.Амгаад 2.504.600 төгрөг, хохирогч Ш.Уулаад 500.000 төгрөг тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ