Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 844

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Макс лайн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00376 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Макс лайн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хөгжил финанс ББСБ” ХХК болон Х.Баттулгад тус тус холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9 575 161 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч “Хөгжил финанс ББСБ” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Өлзийбат,

Хариуцагч: Х.Баттулга,

Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Болдбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Герман Улсын Бугатги брэндийн албан ёсны борлуулагч бөгөөд тус компаниас татан авсан барааны төлбөрт 10 462.40 еврог 2012 оны 2 сарын 28-ны өдөр Бугатти компанийн “Commerzbank” банкин дахь дансанд шилжүүлсэн бөгөөд манай компанийн санхүүгийн ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болж Бугатти компанид барааны төлбөрийг ямар нэгэн зөрүүтэй шилжүүлсэн гэж тооцож явсан. Гэтэл 2016 оны 4 сарын 13-ны өдөр Бугати компанийн менежер Dagmar Kuge-ээс манай компанийг барааны төлбөрт 3 713.98 еврог илүү шилжүүлсэн гээд уг илүү шилжүүлсэн төлбөрийг “Хөгжил финанс” ББСБ-ын Худалдаа хөгжлийн банкин дахь 404089287 тоот валютын дансанд буцаан шилжүүлсэн талаарх мэдээллийг [email protected]-аас цахим шуудангаар ирүүлсэн. Ингээд манай компанийн зүгээс Бугатти компанитай холбогдож дээрх асуудлыг шалгаж манай компанид брэнд менежерээр ажиллаж байсан Хадаа овогтой Баттулга (ЧР81062171) албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Макс лайн” ХХК-ийн зүгээс Бугатги барааны төлбөрийг илүү шилжүүлсэн байгааг олж мэдэнгүүтээ Бугатги компанитай биечлэн харилцаж, тус компанийг төөрөгдөлд оруулах замаар өөрийн төрсөн ээж болох Хишгээгийн ажиллуулдаг “Хөгжил финанс” ББСБ-ын худалдаа хөгжлийн банкин дахь 404089287 тоот дансыг Бугатги компанид өгч “Макс лайн” ХХК-иас илүү шилжүүлсэн 3 713.98 еврог шилжүүлүүлэн авсан. “Макс лайн” ХХК нь 3 713.98 еврогийн хууль ёсны эзэмшигч, Х.Баттулга нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар бусдын эд хөрөнгийн хууль бусаар захиран зарцуулсан өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөр компантай үгсэн тохиролцсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Оюуны өмч улсын бүртгэлийн газрын лавлагаанд Х.Баттулгын эх Ө.Хишгээ нь “Хөгжил финанс ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч байгаа. “Хөгжил финанс ББСБ” ХХК-аас өгсөн хариу тайлбар дээр одоо Ө.Хишгээ ажлаас гарсан манайд хамаагүй гэдэг боловч үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэдэг нь нотлогдож байгаа тул хариуцагчийн хариу тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн “Хөгжил финанс ББСБ” ХХК нь хариу тайлбартаа Х.Баттулга манай зээлдэгч байсан 3 710 еврог зээлийн төлбөрт хаасан гэж тайлбарладаг. Гэтэл Х.Баттулга, “Хөгжил финанс” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан зээлдэгч гэдэг нь нотлогдохгүй байгаа. Зээлийн хуулга гэж баримт гаргаж өгсөн байсан нь бодит баримт биш дотооддоо хуурамчаар хийж гаргаж ирэх боломжтой зээлдэгч Х.Баттулга нь 7 000 000 төгрөг зээлээд гэрээгээр хүлээсэн үүргээ Бугатти компанаас шилжиж ирсэн мөнгөөр хаасан юм шиг харагдаж байгаа. Үндсэндээ бодитоор биш зээлийг зохиосон юм шиг харагдаж байна. “Макс лайн” ХХК бол энэ эд хөрөнгийн шударга өмчлөгч, эзэмшигч тул өөрийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан этгээдүүдээс төлбөрөө нэхэмжилж байгаа. Бугатти компаниас “Макс лайн” ХХК-иас илүү шилжүүлсэн мөнгийг нь буцаан төлөхдөө замаас нь өөр компанийн данс руу орсон. Бугатти компани төлбөр төлөхдөө “Макс лайн” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн учраас энэ мөнгө бол “Макс лайн” ХХК-ийн өмч юм. Иймээс Бугатти компаниас ”Хөгжил финанс” ХХК-ийн данс руу орсон 3 713.98 евро “Макс лайн” ХХК-ийн данс руу орох ёстой байсан мөнгө тул үндэслэлгүйгээр хөрөнгөжих замаар “Хөгжил финанс” ХХК-ийн данс руу орсон 3 713.98 евро буюу 9 522 719  ”Хөгжил финанс” ХХК-аас гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагч Х.Баттулгыг татсан байгаа тул хэн буруутай гэж үзсэн этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч “Хөгжил финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөгжил финанс” банк бус санхүүгийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд харилцагч зээлийн төлбөрөө манай байгууллагын харилцах дансаар дамжуулан хийдэг журамтай. “Макс лайн” ХХК-ийн нэхэмжлэл, гүйлгээтэй холбогдох иргэн Хадаа овоггой Баттулга нь тухайн үед манай байгууллагын зээлдэгч байсан. 2012 оны 3 сарын 09-ний өдөр зээлдэгч Х.Баттулгын хүсэлтээр зээлийн төлбөрт манай байгууллагын Худалдаа хөгжлийн банкин дахь ам.долларын 404089287 тоот дансанд шилжиж ирсэн 3 713.98 еврог банкны тухайн үеийн ханшаар тооцож 6 510 606 төгрөг 94 мөнгө манай 404085181 тоот төгрөгийн дансанд орсоныг Х.Баттулгын зээлийн төлбөрт авсан. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Өргөндалай овогтой Хишигээ нь 2016 оны 8 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн болно. Манай тал бол үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй. Х.Баттулга нь манай байгууллагаас 2012 оны 1 сарын 05-ны өдрийн 12/04 тоот гэрээгээр 10 000 000 төгрөгийг зээлж авсан байдаг. Харин зээлийн гэрээг нэмэлт нотлох баримтаар гаргаж өгөх гэж байсан боловч шаардаагүй тул авчирч өгөөгүй. Зээлийн дансны хуулгыг бүтнээр нь зээлийн гэрээг гаргаж өгөх боломжтой. 2012 оны 3 сарын 09-ны өдөр манай байгууллагын төгрөгийн дансанд 6 500 010 төгрөгийн гүйлгээ орсон байдаг. Гүйлгээ орсоны дараа Х.Баттулга манай оффис дээр ирээд, танай данс руу мөнгө орж ирсэн үү, энэ миний зээлийн эргэн төлөлт юм гэж хэлсний дагуу зээлийн төлбөрт нь суутгасан. Манай данс бол бүх зээлдэгч нарт нээлттэй байдаг. Хишигээ захирал бол 8 сарын 01-ээс ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбар гаргаснаас манай компанитай хамааралгүй болсон гэж бичээгүй. Х.Баттулгатай холбоотой маргаан, энэ мөнгийг хаанаас авсан ямар эх үүсвэрээс орж ирсэн гэдгийг бид мэдэхгүй, ойлгомжгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

    Хариуцагч Х.Баттулга шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилж буй мөнгө нь “Макс лайн” ХХК-ийн мөнгө биш байна. Би Бугатти  компанитай 2011, 2012 онд “Макс лайн” ХХК-ийн нэрийн өмнөөс хамтран ажиллаж байсан. 2012 оны 01 сард уулзахад тухайн үед жилийн 40,000-50,000 еврогын захиалга заавал “Макс лайн” ХХК-тай хийгдэж байна. Тэгвэл чамд тодорхой хэмжээний мөнгө өгнө гэсэн үүний дагуу 3 713.98 еврог  Бугатти компаниас надад шилжүүлсэн, би тухайн үед “Хөгжил финанс” ХХК-нд зээлийн өртэй байсан болохор “Хөгжил финанс” ХХК-ийн данс руу шилжүүлсэн, мөн үлдэгдэл төлбөрийг өөрт байсан мөнгөнөөс нэмж хаасан ийм л процесс болж байсан юм. Энэ нэхэмжилж байгаа мөнгө бол “Макс лайн” ХХК-ийн мөнгө биш Бугатти компанаас надад өгсөн мөнгө юм. “Хөгжил финанс” ХХК-ийн данс руу орсон мөнгө бол Бугатти компаниас шилжиж орсон мөнгө байдаг. Иргэний хуулийн 64 зүйлд зааснаар “Макс лайн” ХХК бол Бугатти компаний зүгээс шилжүүлсэн 3 713.98 еврог Х.Баттулгаас шаардах, мөн “Хөгжил финанс” ХХК-аас шаардаж авч болно гэсэн эрх байхгүй. Нэхэмжлэх эрх бол “Макс лайн” ХХК-д байхгүй хэрэв хохирсон гэж үзэж байвал Бугтти компаниас нэхэмжлэх шаардлагатай. Энэ харилцаа бол байгууллага хоорондын харилцаа байж нэг ч албан бичгийн үндсэн дээр харилцсан зүйл байдаггүй. Гадаадын байгууллагатай харилцахад албан бичиг хэрэглэдэг. Тийм байхад “Макс лайн” ХХК хавтас хэрэгт гаргаж өгч байгаа материалууд зөвхөн цахим баримтууд байдаг. Коммерз банкны баримтыг нотлох баримтаас хасуулъя гэсэн. Энэ баримт бол Бугатти компанаас “Хөгжил финанс” ХХК-ийн данс руу шилжүүлсэн гэдгийг нотлох баримт болохоос “Макс лайн” ХХК-ийн мөнгийг дамжуулан өгч байна гэдгийг нотолсон  баримт биш юм. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу Бугатти компаний нэрийн өмнөөс “Хөгжил финанс” ХХК болон Х.Баттулгаас нэхэмжлэл гаргах итгэмжлэлийг авсан байх ёстой. Бугатти компанийг төлөөлөх эрхгүй этгээд учир  3 713.98 еврог шаардах нь “Макс лайн” ХХК-д хамааралгүй юм. Х.Баттулга, “Хөгжил финанс”  ХХК-ийн хооронд 3 713.98 евротой холбоотой “Макс лайн” ХХК, “Хөгжил финанс ББСБ” ХХК-ийн хооронд ямар ч харилцаа үүсээгүй байгаа. Иймд “Макс лайн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар “Хөгжил финанс ББСБ” ХХК-иас 9 575 161 /есөн сая таван зуун далан таван мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж “Макс лайн” ХХК-д олгож, Х.Баттулгад холбогдох  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Макс лайн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 314 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хөгжил финанс ББСБ” ХХК-иас 167 314 төгрөгийг гаргуулж “Макс лайн” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

     Хариуцагч “Хөгжил финанс ББСБ” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийг зөв тодорхойлж чадаагүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үүний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Анхан шатны шүүх маргааны зүйл болох 3 713.98 евро хэний хөрөнгө болохыг зөв тодорхойлж чадаагүй байна. Энэ талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “… Макс лайн ХХК-иас барааны төлбөрт илүү шилжүүлсэн мөнгийг Герман Улсын Бугатти компаниас буцаан шилжүүлсэн тул 3 713.98 евро “Макс лайн” ХХК-ийн хөрөнгө байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлэг, и-мэйл захидлууд, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, коммерз банкны баримт, "Хөгжил финанс ББСБ" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь харилцагчийн дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг зэрэг нотлох баримтуудаар “Хөгжил финанс ББСБ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 404089287 тоот дансанд шилжиж ирсэн 3 713.98 евро "Макс лайн ХХК-иас барааны төлбөрт илүү шилжүүлсэн мөнгө", "Макс лайн” ХХК-ийн хөрөнгө  болох нь нотлогдож тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт маргааны зүйл болох 3 713.98 евро "Макс лайн ХХК-иас барааны төлбөрт илүү шилжүүлсэн мөнгө, "Макс лайн” ХХК-ийн хөрөнгө" болохыг нотолсон баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх "3 713.98 евро барааны төлбөрт илүү шилжүүлсэн “Макс лайн” ХХК-ийн хөрөнгө байна" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуулиар   тогтоосон   хэрэг   хянан   шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан коммерз банкны баримт, "Хөгжил финанс ББСБ" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь харилцагчийн дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг зэрэг нотлох баримтуудаар Герман Улсын Бугатти компаниас “Хөгжил финанс ББСБ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 404089287 тоот дансанд 3 713.98 евро шилжүүлсэн болох нь нотлогдсон, байна. Гэтэл Герман Улсын Бугатти компаниас “Хөгжил финанс ББСБ” ХХК-д шилжүүлсэн 3 713.98 еврог “Макс лайн” ХХК-иас нэхэмжилсэн. "Макс лайн" ХХК-ийн нэхэмжилсэн 3 713.98 еврог Герман Улсын Бугатти компаниас “Хөгжил финанс ББСБ” ХХК-д шилжүүлсэн, нэхэмжлэлийн зүйл болох 3 713.98 евро "Макс лайн ХХК-ийн хөрөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, тогтоогдоогүй, Герман Улсын Бугатти компаниас "Макс лайн" ХХК-д шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан "Макс лайн" ХХК-ийг нэхэмжлэл гаргахгүй этгээд гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана", 117 дугаар зүйлийн 117.1-д "Энэ хуулийн 65.1.5-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заасан байдаг. Нэхэмжлэл гаргасан "Макс лайн" ХХК нь Герман Улсын Бугатти компаниас "Хөгжил финанс ББСБ" ХХК-д шилжүүлсэн 3 713.98 еврог нэхэмжлэх эрхгүй буюу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр "Макс лайн" ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал хариуцагч "Хөгжил финанс ББСБ" ХХК-иас 9 575 161 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдэд олгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаа болсон байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн тухай Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн зохицуулалтаас үзэхэд шаардлага гаргах эрх бүхий этгээд нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд байна. Хавтаст хэрэгт авагдсан коммерз банкны баримт, "Хөгжил финанс ББСБ" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь харилцагчийн дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг зэрэг нотлох баримтуудаар Герман Улсын Бугатти компаниас “Хөгжил финанс ББСБ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 404089287 тоот дансанд 3 713.98 евро шилжүүлсэн болох нь нотлогдсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардлага гаргах эрх “Хөгжил финанс ББСБ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 404089287 тоот дансанд 3 713.98 евро шилжүүлсэн Герман Улсын Бугатти компанид олгогдсон байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Нэхэмжлэлийн зүйл болох 3 713.98 еврог “Хөгжил финанс ББСБ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 404089287 тоот дансанд Герман Улсын Бугатти компани шилжүүлсэн, "Макс лайн" ХХК шилжүүлээгүй байх тул "Макс лайн" ХХК Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу "Хөгжил финанс ББСБ" ХХК-иас 3 713.98 еврог шаардах эрхгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч "Макс лайн" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч, шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч “Макс лайн” ХХК нь хариуцагч “Хөгжил финанс ББСБ” ХХК болон Х.Баттулга нарт холбогдуулан 9 575 161 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Х.Баттулга нь нэхэмжлэгч “Макс лайн” ХХК-д брэнд менежерээр ажиллаж байх хугацаандаа Герман Улсын Бугатти компаниас 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч компанид шилжүүлсэн барааны зөрүү төлбөр болох 3 713.98 еврог “Хөгжил финанс ББСБ” ХХК-иас зээлсэн өөрийн өр төлбөрт шилжүүлж, зээлийг хаасан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, энэ талаархи бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 10-33, 45-46 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх Герман Улсын Бугатти компаниас шилжүүлсэн 3 713.98 евро нь “Макс лайн” ХХК-ийн хөрөнгө байна гэж зөв дүгнэжээ.

 

            Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч “Хөгжил финанс ББСБ” ХХК-ийг гуравдагч этгээдийн хууль бус үйлдэлтэй холбоотойгоор 3 713.98 еврог үндэслэлгүйгээр олж авсан гэж дүгнэж уг мөнгөн хөрөнгийг “Хөгжил финанс ББСБ” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

            Хариуцагч Х.Баттулга нь нэхэмжлэгч “Макс лайн” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр уг компанийн мөнгөн хөрөнгийг өөрийн төлөх зээлийн өр төлбөрт шилжүүлж, ашигласан болох нь тогтоогдсон тул түүнээс 3 713.98 еврог гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

                Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “Хөгжил финанс ББСБ” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00376 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Баттулгаас 9 575 161 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Макс лайн” ХХК-д олгож, хариуцагч “Хөгжил финанс ББСБ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “… “Хөгжил финанс ББСБ” ХХК-иас …” гэснийг “Х.Баттулгаас” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Хөгжил финанс ББСБ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 314 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Н.БАТЗОРИГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ       

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ