| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0954/Э |
| Дугаар | 998 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 998
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхнаран,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Жд холбогдох эрүүгийн 2008 ... ... дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Дгийн Ж /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, 7 кадр гэрэл зургийн үзүүлэлтүүд /зураг №7 нь заазуурын зураг/ /хх6-9/, Хохирогч Д.Шийн мэдүүлэг /хх19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №2959 дугаартай дүгнэлт /хх32-33/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Д.Жг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, 7 кадр гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх6-9/,
2. Хохирогч Д.Шийн “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр...Ж нэг гартаа заазуур барьчихсан нөгөө гараараа Хатанбаатарыг заамдчихсан байхаар нь болиочээ гэж хэлтэл Ж над руу “чамд ямар хамаатай юм бэ? чамайг ч гэсэн алийшүү гэж хэлэхээр нь би гарыг нь тавиулах гээд салгах санаатай ноцолдож байтал Ж миний нүүрийг гартаа барьсан заазуураар зүссэн. Тэгээд манай эхнэр орж ирээд 102 луу залгаж цагдаагийн байгууллагад хандах болсон... шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хамрын нуруу, баруун хацарт шарх, хүзүүнд зулгаралт гэмтлүүдийг Ж согтуудаа миний нүүрийг заазуураар зүсэж, хүзүүний гэмтлийг миний куртикны захаар миний хоолойг боож учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх19-20/
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 02–ны өдрийн №2959 дугаартай /үзлэгийг 2020 оны 02 дугаар сарын 22-нд хийсэн/ “...Д.Шийн биед хамрын нуруу, баруун хацарт шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн дүгнэлт /хх32-33/
4. Д.Жгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...манай төрсөн дүү Агийн нөхөр согтуу орж ирээд хэл амаар доромжлоод тэжээвэр гөлөг гээд доромжлоод байхаар нь гал тогооны тавиур дээр байсан зааззурыг аваад Шийн нүүр рүү нь цохитол Шийн хамар хэсгээс нь цус гараад эхэлсэн... гэсэн мэдүүлэг /хх 94/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Д.Ж хохирогч Д.Ш нар нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ... тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн.
Улмаар шүүгдэгч Д.Ж нь хохирогч Д.Штэй маргалдан, хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсэг буюу заазуур хэрэглэн түүний нүүр хэсэгт заазуураар зүсэж, хоолойг нь боож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн “...Ж нэг гартаа заазуур барьчихсан нөгөө гараараа Хатанбаатарыг заамдчихсан байхаар нь болиочээ гэж хэлтэл над руу “ чамд ямар хамаатай юм бэ? чамайг ч гэсэн алийшүү гэж хэлэхээр нь би гарыг нь тавиулах санаатай ноцолдож байтал Ж миний нүүрийг гартаа барьсан заазуураар зүссэн...” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгчийн “...манай төрсөн дүү Агийн нөхөр согтуу орж ирээд хэл амаар доромжлоод тэжээвэр гөлөг гээд доромжлоод байхаар нь гал тогооны тавиур дээр байсан зааззурыг аваад Шийн нүүр рүү нь цохитол Шийн хамар хэсгээс нь цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 94/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хохирогчийн эрүүл мэндэд хөнгөх хохирол учирсанг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Жгийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Шийн биед “...хамрын нуруу, баруун хацарт шарх, хүзүүнд зулгаралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2959 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол баримтаар нэхэмжлээгүй байх тул Д.Жг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Мөн хохирогч Д.Ш нь холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Д.Жгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дгийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд 500 нэгж буюу 500.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /150 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Д.Ш нь холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг заазуурыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР