| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0791/Э |
| Дугаар | 999 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 999
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Б.Энэрэл /томилолтоор/,
хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /ШТЭД-0096/
шүүгдэгч А.А, М.Б, Э.М, тэдгээрийн өмгөөлөгч Э.Түвшинтөгс /ШТЭД-3109/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А, М.Б, Э.М нарт,
Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 ... ... дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин, шивээсчин мэргэлжилтэй, “...”ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот, “...” тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Б овогт Аийн А /РД:.../.
2. Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, тусгай дунд боловсролтой, барилгын инженер мэргэлжилтэй, “...” ХХК-ны жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот, “...” тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Сартуул овогт Мийн Б /РД:.../.
3. Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэлжилгүй, “...” ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот, “...” тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Б овогт Эийн М /РД:У.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.А, М.Б, Э.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар гудамжинд байрлах “...” нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээд гарч явсан “Т” ХХК-ийн туслах ажилтан Д.Чийг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хоёр удаа мөрлөж, улмаар нүүр рүү нь мөргөх, цохих зэрэг хүч хэрэглэсэн, уг үйлдлийг салгах гэсэн Т.Д, Ц.Д, Г.Д, Б.О нарын халдашгүй, чөлөөтэй байх хууль ёсны эрхэд хүч хэрэглэн халдаж, “Т” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Шүүгдэгч Э.М нь дээрх олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа шаардлага тавьсан Б.Оыг хашаан дээрээс татаж унагаан, нүүр рүү нь өшиглөж, түүний эрүүл мэндэд “эрүү ясны хоёрлосон хугарал, зүүн шуу ясны далд хугарал, буйлны шарх, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Иргэн Т.Д, Д.Ч нараас гаргасан гомдол, гомдолыг хүлээн авсан тэмдэглэл /хх8-10/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх74-78/, хохирогч Б.Оын мэдүүлэг /хх20/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх33-34/, гэрч Г.Бын мэдүүлэг /хх52/, гэрч Л.Бгийн мэдүүлэг /хх24/, Д.Чийн хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх16, 57/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9076 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх46/, Т.Дийн хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх13, 59/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх40/, гэрч Г.Дгийн мэдүүлэг /хх61/, гэрч Б.Чийн мэдүүлэг /хх220/, Ц.Дын хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх66-67, 219/, Э.М, А.А, М.Б нарын эрүүлжүүлэгдсэн бүртгэл, тэмдэглэл /хх104-105, 118-119, 130-131/, Э.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх183-185/, М.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх195-197/, А.Ан яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх207-209/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт /хх106,109-115, 120-127, 132-144/,
Хохирогчийн өмгөөлөгч: /давхцаагүй байдлаар/ хохирогч Б.Оын цалингийн тодорхойлолт /хх82/, хөдөлмөрийн гэрээ /хх86/, дансны хуулга /хх97-102/ зэрэг хохиролтой холбоотой баримтууд,
Шүүдэгчийн өмгөөлөгч: /давхцаагүй байдлаар/ шүүгдэгч нарын гэрчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэл /хх69, 71/ болон хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч А.А, М.Б, Э.М нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1.Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар гудамжийг харсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...шүүгдэгч нарын маргаан үүсгэн, хохирогч нарын эрүүл мэндэд халдаж, бүлэглэн танхайрч байгааг тодорхой харуулсан дүрс бичлэг буужээ...” /хх74-78/,
2. Хохирогч Б.Оын “...2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 45-628 тоот гэртээ эхнэр Б хүүхдүүдийн хамт байж байхад 17 цагийн үед хашааны гадаа хүмүүс орилоод хашаа руу чулуу шидээд байсан. Би гэрээс гарч хашаан дээр гараад болиоч гэхэд нэг согтуу залуу ирсэн сүүлд нэрийг нь М гэж мэдсэн тэр залуу миний хувцаснаас татаж газар унагаахад зүүн гар эвгүй болчихсон. Тэгээд босох гэж байхад М эрүү рүү өшиглөсөн би газраас баруун гараараа тулаад зүүн гараараа М гарыг тавиулах гээд барьцалдсан чигтээ босоод ирсэн. Тэр үед ойр хавьд байсан хүмүүс ирж салгаад цагдаа ирж тэр гурван согтуу залууг аваад явсан... ” гэсэн мэдүүлэг /хх33-34/,
3. Д.Чийн хохирогч болон гэрчээр өгсөн “...3 согтуу залуу урдаас ирж байсан эхний цээж нүцгэн залуу нь намайг мөрлөхөөр нь би хажуугаар нь гараад явсан араас нь хар цамцтай залуу мөрлөөд түлхсэн. Тэр үед цээж нүцгэн сүүлд нэрийг нь Б гэж мэдсэн залуу миний толгой руу мөргөж зүүн шанааруу гараараа нэг удаа цохиж, нуруу гуяруу хөлөөрөө өшиглөсөн. Би зугтааж байхад Д, Д 2 ирээд юу болсон талаар асуухад тэр 3 залуу бид нар руу дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх16, 57/,
4. Т.Дийн хохирогч болон гэрчээр өгсөн “:.. хажуугийн дэлгүүрийн үүдэнд Чийг 3 залуу зодож байхаар нь бид 2 гүйж ирсэн. Тэгээд больцгоо гээд салгах гэхэд Ч хажуугаар тойроод хойшоо холдсон. ...М гэх залуу үгийн зөрөөгүй ирээд зүүн шанааруу гараараа цохиж нүүр рүү хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгэхээр нь би хойшоо ухарч холдоход араас хөгөөд та нарыг ална шүү, манай дошин дээр юу хийж байгаа юм гээд байсан. Тэгэхээр нь би бид нар камер суурьлуулж байна. Тэгээд Ч бид 2-г хөөгөөд байхаар нь тэр чигтээ гүйсээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны цагдаагийн хэсэг дээр ирж цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх13, 59/,
5. Ц.Дгийн хохирогч болон гэрчээр өгсөн “...Чийг 3 залуу зодож байгаа харагдсан. Тэгэхээр нь би шууд гүйж очоод боль энд камер ажиллаж байгаа шүү гэж хэлэхэд тэр камер чинь хамаагүй гэж хэлээд зодох гээд дайраад байсан. Тэгээд... Дийг улаан цамцтай М гэх залуу нүүр рүү нь хэд хэдэн удаа цохьсон. Бид нар хойшоо ухраад холдсон чинь бид нарыг зодох гэж араас хөөсөн. Тэгээд Д, Ч нарыг хөөгөөд, намайг цээж нүцгэлсэн байсан Б гэх залуу хөөгөөд байсан. Би зугтаж явсаар байгаад захирал Дгийн гар утасруу залгаж бид нар зодуулж байна гэж хэлээд дуудсан... Б гэх залуу дахин зодох гэж хөөсөн... Б гэх залуу Дгийн зүүн шанаа орчим гараараа нэг удаа цохиж газар унагасан. Энэ үед Д босч ирээд түүнийг цохиж холдуулаад байж байхад араас нь хар цамцтай байсан А гэх залуу гүйж ирээд жийж унагасан. ...М гэх залуу ирж байхаар нь би машин руугаа гүйсэн...” гэсэн мэдүүлэг, “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэгтээ “...тухайн зодооноос болж манай компаний 3 өдрийн ажил алдагдсан байдаг бөгөөд ...900.000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. /хх66-67, 219/,
6. Гэрч Дгийн “...Намайг Д дээр явж очоод юу болсон талаар асуугаад машин руугаа алхаж байхад дээгүүрээ нүцгэн байсан Б гэх залуу бид 2-ыг харчихаад өөдөөс гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би зугталгүй зогсож байхад миний зүүн шанаа орчим гараараа нэг удаа цохиж газар унагасан. Би босч ирээд цээж нүцгэн Б гэх залуугийн толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд араас хар хувцастай явсан А гэх залуу намайг өшиглөж газар унагасан. Дахин босч ирээд хар хувцастай А гэх залууг гараараа нэг удаа цохиж байхад Д машин руугаа зугтаад гүйж байсан. Тэгэхэд улаан хувцастай Мн гэх залуу ирж байсан болохоор би мөн адил Дгийн араас гүйсэн. ...Чимэдорж, Д 2 ирсэн, мөн олон хүмүүс ирчихсэн байсан. ... Тэр 3 залуус бид нараас өөр дахин нэг хүний гарыг хугалсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх61/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1206 дугаартай “... Б.Оын биед эрүү ясны хоёрлосон хугарал, зүүн шуу ясны далд хугарал, буйлны шарх, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх33-34/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9076 дугаартай “...Д.Чийн биед зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх46/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9075 дугаартай “...Т.Дийн биед үүдэн зүүн дээд 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх46/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч А.А, М.Б, Э.М нар :
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.А, М.Б, Э.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон ба шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьнаас оролцсон болохыг дурдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан баримтаас дүгнэн үзэхэд шүүгдэгч А.А, М.Б, Э.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар гудамжинд байрлах “Баян Сэлэнгэ” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо албан ажлаа гүйцэтгэж байсан “Т” ХХК-ийн ажилтан Д.Ч, Т.Д, Ц.Д, Г.Д нартай маргаан үүсгэж, тэдний эрх чөлөөнд халдан зодсон.
Мөн шүүгдэгч Э.М нь хохирогч Б.Оыг “больцгоо гэсэн” шаардлага тавьлаа гэж хашаан дээрээс татан унагааж, нүүрэн тус газарт өшиглөн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ.
Энэ нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Чийн “...3 согтуу залуу урдаас ирж байсан эхний цээж нүцгэн залуу нь намайг мөрлөхөөр нь би хажуугаар нь гараад явсан араас нь хар цамцтай залуу мөрлөөд түлхсэн. Тэр үед цээж нүцгэн сүүлд нэрийг нь Б гэж мэдсэн залуу миний толгой руу мөргөж зүүн шанааруу гараараа нэг удаа цохиж, нуруу гуяруу хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,
хохирогч Ц.Дгийн “...Чийг 3 залуу зодож байгаа харагдсан. Тэгэхээр нь би шууд гүйж очоод боль энд камер ажиллаж байгаа шүү гэж хэлэхэд тэр камер чинь хамаагүй гэж хэлээд зодох гээд дайраад байсан. Тэгээд... Дийг улаан цамцтай М гэх залуу нүүр рүү нь хэд хэдэн удаа цохьсон. ...намайг цээж нүцгэлсэн байсан Б гэх залуу хөөгөөд байсан. Би зугтаж явсаар байгаад захирал Дгийн гар утасруу залгаж бид нар зодуулж байна гэж хэлээд дуудсан..” гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Д, Б.О, гэрч Г.Д нарын мэдүүлэг, шинжээчийн 9075, 9076 дугаар дүгнэлтүүд болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээж байгаа мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Э.М нь хохирогч Б.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хохирогчийн “... гэртээ эхнэр Б хүүхдүүдийн хамт байж байхад 17 цагийн үед хашааны гадаа хүмүүс орилоод хашааруу чулуу шидээд байсан. Би гэрээс гарч хашаан дээр гараад болиоч гэхэд нэг согтуу залуу ирсэн сүүлд нэрийг нь М гэж мэдсэн тэр залуу миний хувцаснаас татаж газар унагаахад зүүн гар эвгүй болчихсон. Тэгээд босох гэж байхад М эрүү рүү өшиглөсөн би газраас баруун гараараа тулаад зүүн гараараа М гарыг тавиулах гээд барьцалдсан чигтээ босоод ирсэн. Тэр үед ойр хавьд байсан хүмүүс ирж салгаад цагдаа ирж тэр 3 согтуу залууг аваад явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Дгийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.М үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль үйлдлийн улмаас хохирогч Б.Оын биед “...эрүү ясны хоёрлосон хугарал, зүүн шуу ясны далд хугарал, буйлны шарх, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан нь шинжээч эмчийн 1206 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.А, М.Б, Э.М нарын үйлдэл нь танхайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртай, согтууруулах ундааны зүйл уусан үедээ бүлэглэн албан ажлаа гүйцэтгэж байсан болон гэртээ байсан хохирогч нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэд хүч хэрэглэн халдаж, зодсон мөн байгууллагын үйл ажиллагаа алдагдуулан, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэл хийсэн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Э.Мийг дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Б.Оыг зодож, гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 1.860.529 төгрөг, мөн “...” ХХК-д жолоочоор ажилладаг /хх82/ байсан ба 1 жилийн хугацаанд ажилгүй байсан хохиролд 14.400.000 төгрөг тус тус нэхэмжилжээ.
Үүнээс шүүгдэгч Э.М нь хохирогчид 1.110.000 төгрөгний хохирол төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас 1 жилийн хугацаанд хөдөлмөр эрхэлж чадаагүй гэх боловч эрүүл мэндэд учирсан хохирол нь хөдөлмөр эрхлэхэд хэрхэн саад болж байсан талаар холбогдох баримт, нийгмийн даатгалын дэвтэрийг шүүхэд ирүүлээгүй. Мөн шүүх хуралдаанд нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч байгаа талаар мэдүүлсэн бөгөөд шүүхээс хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин, хөлсний зөрүүг бодох боломжгүй гэж дүгнэн хэлцэхгүй орхив.
Иймд хохирогчийн баримтаар гаргаж өгсөн хохирлын үлдэгдэл 750.529 төгрөгийг шүүгдэгч Э.Мэс гаргуулж, хохирогч нь холбогдох баримтыг бүрдүүлэн ажилгүй байсан хугацааны хохирол /дутуу авсан цалин хөлс/, эрүүл мэндийн гэм хортой холбоотой хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.
Хохирогч Д.Ч, Т.Д, Ц.Д нар нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, мөн хохирогч Ц.Д нь “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон хохирол нэхэмжилж байна гэсэн боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлцэхгүй боломжгүй болно.
Иймд хохирогч нар нь холбогдох баримтыг бүрдүүлэн хохирлоо Иргэний хэргийн шүүхийн журмаар хохирлоо гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Улмаар шүүгдэгч А.А, М.Б нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.А, М.Б, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар оногдуулах ялыг нэмж нэгтгүүлэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой. Шүүгдэгч А.А, М.Б нарын хувьд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, мөн шүүгдэгч Э.Мд холбогдох хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмын дагуу тэнсэж өгнө үү, эсвэл хуульд заасан хорих ялын сонголтот ял болох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч А.А, М.Б, Э.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч А.А, М.Б нарын хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, насны байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.
Харин шүүгдэгч Э.М хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх хууль зүйн боломжгүй. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн урьдач нөхцөл болох буюу тусдаа журам гэж үзэхгүйг дурдаж байна.
Мөн шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй болно. Учир нь тус ялын хэрэгжилтийн хугацааг 2016 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2021 оноос хэрэгжүүлэхээр заасан.
Шүүгдэгч Э.М хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийн тухайд:
Шүүгдэгч Э.Мийг дээрх гэмт хэргүүдэд 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан тул шүүгдэгч Э.Мд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн болно.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч А.А, М.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.А, М.Б нарт “зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэв.
Шүүгдэгч Э.Мий гэмт хэрэг үйлдсэн шинж, гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал, насны байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн тооцож, нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч Э.М хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, М.Б нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч нарт анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аийн А, Мийн Б, Эийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Эийн Мийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, М.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
Шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.А, М.Б нарт “зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, М.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мэс 750.529 /долоон зуун тавин мянга, таван зуун хорин ес/ төгрөг гаргуулж хохирогч Б.От, хохирогч нь гэм хор болон цалин хөлстэй холбоотой хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлтэй болохыг, мөн хохирогч Д.Ч, Т.Д, Ц.Д нар нь холбогдох баримтыг бүрдүүлэн өөрт учирсан хохирлоо Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч А.А, М.Б нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР