| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0806/Э |
| Дугаар | 1021 |
| Огноо | 2020-09-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 1021
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
иргэдийн төлөөлөгч Э.Сэргэлэнбаатар,
улсын яллагч А.Ганзориг,
хохирогч Э.Э,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа /ШТЭД-3070/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 2008 ... ... дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ... төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэл-Аялал жуулчлал орчуулагч, хөтөч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
А овогт Дийн Б /РД:.../.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Этэй “...хүүхэд загналаа...” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар хутга буюу зэвсэг хэрэглэн түүний гар, цээжин тус газар нь хутгаар хутгалж, бие махбодид нь “...цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэн, өрц, ходоодыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн сарвууны эрхий хуруунд зүсэгдсэн шарх...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 729 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан баримтуудыг шинжлэн судласан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: /давхацаагүй байдлаар/ гэрч Д.Бийнмэдүүлэг /хх42-44/, гэрч Г.Бийн мэдүүлэг /хх50/,тусгай шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт /хх116/, цагдаагийн дуудлага мэдээллийн талаарх лавлагаа /хх167/, Сонгинохайрхан дүүргийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх178-180/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх190-230/ зэрэг холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Д.Бийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх7-15/,
2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд, уг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх18-20/,
3. Д.Бээр эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх164/,
4. Хохирогч Б.Эийн мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх36-41/,
5. Хохирогч Б.Эийн “...Тухайн үед бага хүү болох Цэнгүүнийг орилж хашигчаад сахилгагүйтээд гүйгээд байхаар нь “чимээгүй байгаач ээ” гээд чанга дуугаар загнасны төлөө эхнэр Б “чи хүүхэд загналаа гэх шалтгаанаар надад уурлаж эхэлсэн” тэгэхээр нь би наадах чинь миний хүүхэд юм байгаа биздээ би хүүхдэдээ үг хэлж болохгүй юм уу гэж хэрүүл эхэлсэн. Тэгсэн эхнэр Б уурлаж босож ирээд намайг цохих гэж дайрсан тэгэхээр нь би биеэ хамгаалаад шилэн хүзүүнээс нь дарсан чинь үс нь гарт зууралдахаар нь доошоо 3-5 секунд дараад “тайвшир аа” гээд тавьтал нилээн уурласан босож ирээд гал тогооны хананд өлгөөтэй байсан хар иштэй хутгыг аваад над руу дайраад хутгаараа савахаар нь зүүн гараараа хаатал зүүн гарын эрхий хурууг эсгээд цаашаа зүүн талын цээж хэсэг рүү хутгаараа хутгалчихсан, хутгалуулсан газраа хартал хутганы иш нь байхгүй ишний төмөр нь биенээс цухуйчихсан биед хутга дүрэгдчихсэн байсан. Харин хутганы хар пивор иш нь Бийн гарт харагдсан, миний биенээс хутганы ишний төмөр үзүүр цухуйж байхаар нь би баруун гарынхаа хоёр хуруугаар чимхэж байгаад ишгүй хутгаа татаж гаргасан...2020 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00:00 цагаас 01:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ... тоотод хүүхэд загналаа гэх шалтгаанаар эхнэр Б уурлаж улмаар хутгаар цээжний зүүн хэсэгт хутгалсан юм...Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй дундаасаа 3 хүүхэдтэй, 15 жил хамт амьдарч байгаа хүмүүс байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх28-29/, мөн шүүх хуралдаанд “...би шилэн хүзүүнээс нь дарчихсан. Үс нь урт учраас гарт орооцолдоод дарчихсан байсан. Би цохих гэхээсээ илүү нудраад тайвшруулах гэж оролдож байсан...би эхнэрийнхээ огцом ууртайг мэддэг мөртлөө тэвчиж чадалгүй ийм зүйл болсон. Манай эхнэр зүрхний өвчтэй байх гэж бодож байна. Тухайн үед маш их уурлаж, босч ирээд ийм зүйл болсон. Өмнө нь тэгж уурлаж байхыг нь харж байгаагүй...нүүр нь улайгаал аймар уурлаад байсан...хутгалсан гэдгээ Б өөрөө санахгүй байсан. Гартаа бариул барьчихсан байсан. Би “чи намайг хутгалчихлаа” гэсэн чинь сандраад утсаа хайгаад байсан...” гэсэн мэдүүлэг гаргажээ.
6. Гэрч Г.Бийн “...2020 оны 01 дүгээр сарын 01 цагийн орчим гэртээ ирээд хоол ундаа идчихээд байж байхад манай чанх өөдөөс харсан хөрш айлын Э, Б хоёр хэрэлдээд орилж хашхираад байсан. 01 цаг 30 минутын орчим манай хаалгыг нэг хүн тогшоод туслаарай түргэн дуудаад өгөөч гээд орилоод байхаар нь би хаалгаа нээтэл, манай хөрш айлын Э манай хаалганы үүдэнд коридорын шалан дээр баруун талын мөрөөрөө манай хаалганы хажуу талыг налчихсан, зүүн талын цээж уушгины орчим газраас маш их хэмжээний цус гарч байсан...би цагдаа, түргэнд дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх50/,
7. Гэрч Б.Машбаярын /эргүүлийн офицер/“...2020 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дуулгат-114 дүгээр чиглэлд эргүүлийн жолооч цагдаа цагдаагийн ахлах ахлах Б.Мөнхнасангийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Дуулгат-10-аас ...байрны 4 давхарт хажуу айлын хүн зүрхэн тус газраа хутгалуулсан орилоод хэвтэж байна. Эхнэр хүүхэд нь гэртээ байна гэх дуудлагаар очиход уг байрны давхрын 21 тоот айлын гадна орцонд /сүүлд нэрийг мэдсэн/ Эийн зүүн суга хавирга орчмоос цус алдсан байдалтай хэвтэж байсан...Эийн амнаас үг гарч юм хэлж чадахгүй нүдээ аньчих гээд байхаар нь бид хоёр сатааруулах байдалтай биеийн байдал нь яаж байна гээд асуухад толгой дохихоор өөр үйлдэл гаргаж чадахгүй байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх58/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1150 дугаартай шинжээчийн “...Б.Э-н биед цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэн, өрц, ходоодыг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн сарвууны эрхий хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх63-65/,
9. Шинжээч эмч Н.Туяагийн “...Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Б.Эийн цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины дээд дэлбэн, өрц, ходоодыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн сарвууны эрхий хуруунд зүсэгдсэн шарх дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх66-67/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2964 дугаартай шинжээчийн “...Хэргийн оролцогч Б.Эийн гэх цусны ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. Д.Бээс авсан гэх цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжээчийн 2020 оны №422 дугаартай дүгнэлтээр хөнжил дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Б.Эийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хэргийн газраас хураан авсан гэх 16 см урттай хутганы ажлын хэсэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Б.Эийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх110-112/,
11. шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 21 цагийн орчим ажлаасаа гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ 2.5 литрийн “Нийслэл” пиво нэг ширхгийг авчирсан юм. Уг авчирсан пивийг бид хоёр хувааж уусан. Пиво дууссан тэгтэл манай нөхөр дахин нэг пиво ууя гээд манай нөхөр өөрөө гараад дэлгүүрээс 2.5 литрийн “Нийслэл” пиво нэг ширхгийг авчирсан. Сүүлд авчирсан пивоноос би бараг уугаагүй манай нөхөр голлон уусан юм. Тэгээд байж байхад манай дунд охин Энэрэл коршикон дээр суугаад шээж байхад, манай бага хүү шээнэ гэж орилоод байсан. Би нөхрийгөө чи хүүгээ 00 руу ороод шээлгэчих гэж хэлсэн. Манай нөхөр хүүгээ аваад 00 ороод шээлгэх гэсэн боловч шээхгүй байсан, учир манай хүү 00 суултууран дээр сууж шээж чадахгүй болохоор шээхгүй байсан... Тэгээд тэр хоёр гарч ирээд манай нөхөр надад хандаж “чи хүүхдээ өмөөрлөө, хүүхдүүд чинь аашны тулам болчихсон байна” гэж хэлээд буйдан дээр сууж байхад миний толгойн тус газарт хоёроос гурван удаа цохиж байгаад үснээс чирээд газарт унагааж байгаад шилэн хүзүүн дээр дараад босгохгүй байсан. Мөн хажуу талаас нөхөр маань өшиглөөд байсан. Тэгээд би юу болсныг санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Э намайг чи хутгалчихлаа шүү дээ гэж хэлж байсан... Миний бие нөхөртөө хүнд гэмтэл учруулсан нь үнэн, харин хэрхэн ямар байдлаар яаж учруулснаа санахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх155-159/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.Б:
Шүүгдэгч Д.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч шүүгдэгч Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр мэтгэлцэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар, дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Б, хохирогч Б.Э нар нь гэр бүлээ албан ёсоор батуулаагүй боловч дундаасаа 3 хүүхэдтэй, 15 жил хамт амьдарсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хохирогч, шүүгдэгч нар болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүхээс дараах үндэслэлээр шүүгдэгч Д.Бийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Үйл баримтыг сэргээн тодруулбал, шүүгдэгч Д.Б, хохирогч Б.Э нар нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ... хотхоны 10/б/ байрны 21 тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл /пиво/ уусан. Шүүгдэгч нь хохирогч нар “...хүүхдээ загналаа..., ...хүүхдээ өмөөрлөө...” гэх шалтгаанаар хоорондоо маргалдсан, хохирогч нь шүүгдэгчийг үснээс нь татан газарт унагаан дарж, нударч цохисон, хохирогч уурлан босч ирэнгүйтээ хажуугийн эргэнэг /гал тогооны/ дээрээс хутга аван шууд хутгалсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Б.Эийн “...эхнэр Б “чи хүүхэд загналаа гэх шалтгаанаар надад уурлаж эхэлсэн” тэгэхээр нь би наадах чинь миний хүүхэд юм байгаа биздээ би хүүхдэдээ үг хэлж болохгүй юм уу гэж хэрүүл эхэлсэн. ...Тэгсэн эхнэр Б уурлаж босож ирээд намайг цохих гэж дайрсан тэгэхээр нь би биеэ хамгаалаад шилэн хүзүүнээс нь дарсан чинь үс нь гарт зууралдахаар нь доошоо 3-5 секунд дараад “тайвшир аа” гээд тавьтал нилээн уурласан босож ирээд гал тогооны хананд өлгөөтэй байсан хар иштэй хутгыг аваад над руу дайраад хутгаараа савахаар нь зүүн гараараа хаатал зүүн гарын эрхий хурууг эсгээд цаашаа зүүн талын цээж хэсэг рүү хутгаараа хутгалчихсан...би шилэн хүзүүнээс нь дарчихсан. Үс нь урт учраас гарт орооцолдоод дарчихсан байсан. Би цохих гэхээсээ илүү нудраад тайвшруулах гэж оролдож байсан...би эхнэрийнхээ огцом ууртайг мэддэг мөртлөө тэвчиж чадалгүй ийм зүйл болсон. Манай эхнэр зүрхний өвчтэй байх гэж бодож байна. Тухайн үед маш их уурлаж, босч ирээд ийм зүйл болсон. Өмнө нь тэгж уурлаж байхыг нь харж байгаагүй...нүүр нь улайгаал аймар уурлаад байсан...хутгалсан гэдгээ Б өөрөө санахгүй байсан. Гартаа бариул барьчихсан байсан. Би “чи намайг хутгалчихлаа” гэсэн чинь сандраад утсаа хайгаад байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Г.Бийн “...манай хаалгыг нэг хүн тогшоод туслаарай түргэн дуудаад өгөөч гээд орилоод байхаар нь би хаалгаа нээтэл, манай хөрш айлын Э манай хаалганы үүдэнд коридорын шалан дээр баруун талын мөрөөрөө манай хаалганы хажуу талыг налчихсан, зүүн талын цээж уушгины орчим газраас маш их хэмжээний цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Машбаярын /эргүүлийн офицер/ “...Эийн зүүн суга хавирга орчмоос цус алдсан байдалтай хэвтэж байсан...Эийн амнаас үг гарч юм хэлж чадахгүй нүдээ аньчих гээд байхаар нь бид хоёр сатааруулах байдалтай биеийн байдал нь яаж байна гээд асуухад толгой дохихоор өөр үйлдэл гаргаж чадахгүй байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн “...миний толгойн тус газарт хоёроос гурван удаа цохиж байгаад үснээс чирээд газарт унагааж байгаад шилэн хүзүүн дээр дараад босгохгүй байсан. Мөн хажуу талаас нөхөр маань өшиглөөд байсан. Тэгээд би юу болсныг санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Э намайг чи хутгалчихлаа шүү дээ гэж хэлж байсан... Миний бие нөхөртөө хүнд гэмтэл учруулсан нь үнэн, харин хэрхэн ямар байдлаар яаж учруулснаа санахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт болон хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хохирогчийг цээжин тус газар хутгалсан үйлдлийн улмаас хохирогч Б.Эийн эрүүл мэндэд “...биед цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэн, өрц, ходоодыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн сарвууны эрхий хуруунд зүсэгдсэн шарх...” бүхий гэмтэл учирсан, Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1150 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүхээс гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлж өрхийн амжиргаагааг залгуулдаг, нөхөр нь хүүхдүүдээ хардаг, тухайн үед нөхөр нь хүүхдээ уйлуулаад загнасан, мөн бага насны 3 хүүхдийнх нь дэргэд өөрийг нь үснээс нь татан газарт унагаан дарсан, гараараа цохиж, нударсан үйлдлээс шалтгаалан цочролд орж, гэнэт үүссэн санаагаар буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ.
Тухайлбал, хохирогч шүүх хуралдаанд эхнэрийгээ “...өмнө нь тэгж уурлаж байхыг нь харж байгаагүй...нүүр нь улайгаал аймар уурлаад байсан...” гэсэн ба үүнийгээ галзуурсан мэт гэсэн үгээр илэрхийлж тайлбарласан, мөн эхнэрийгээ тухайн үедээ өөрийг нь хутгалсанг мэдэхгүй, “хутгалчихлаа шдээ” гэж хэлсэний дараа шүүгдэгчийг сандарч, түргэн дуудахаар утсаа хайж эхэлсэн, утсаа хайгаад олохгүй байсан зэрэг талаар мэдүүлсэн.
Мөн шүүгдэгч яллагдагчаар өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан “...нөхөр бага хүүгээ загнаад уйлуулаад байсан ...нэг мэдэхэд л ийм асуудал болсон байсан, хэрхэн яаж гэмтэл учруулсанаа мэдэхгүй байна...” гэж мэдүүлсэнг үнэлэх боломжтой гэж дүгнэв.
Хохирогч нь шүүгдэгчийг уурласан гэх шалтгаанаар тайвшруулах гэсэн үйлдэл хийсэн гэж тайлбарлах боловч эсрэгээрээ хохирогчийн тухайн хүч хэрэглэсэн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн бие махбодын шинжтэй хүчирхийлэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь хохирогч өөрөө хүүхдээ загнаж уйлуулсан, хүүхэд өмөөрлөө гэж согтуурхан бага насны хүүхдүүдийнхээ дэргэд, эхнэрийнхээ үснээс татан, шалан дээр үсдэж дараад, нудрах, цохих үйлдэл хийгээд байгаа нь хохирогч зүй бус, хууль бус үйлдэл гаргасан байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагад хандсан дуудлага, мэдээллийн жагсаалтад бичигдсэнээр шүүгдэгч Д.Б нь “нөхөр согтуу танхайраад, агсам тавиад байна”, “нөхөр согтуу дарамтлаад, оруулахгүй байна” зэрэг дуудлага өгч байсан, мөн гэрч Д.Бийн“...Э бол ажил хийхгүй, архи их уудаг, уухаараа дүүг хардаж зодсон байсан, дүүгийн нүд хөхөрсөн байсан, цаг хугацааг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, гэр бүл хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, 20 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргээс шүүгдэгч нь өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдож байна.
Иймд хохирогчийн энэхүү зүй бус, хууль бус, хүчирхийллийн шинжтэй үйлдлээс шалтгаалж хоромхон зуурын хугацаанд хутга аван, хутгалж гэмтэл учруулсан байдал, мөн хохирогчийн тухайн үед эхнэрийнхээ шинж байдал ямар байсныг дүрслэн хэлсэн байдал, шүүгдэгч өөрөө нэг мэдэхэд ийм зүйл болсон байсан зэргээс тухайн нөхцөл байдалд шүүгдэгч өөрийн үйлдлээ удирдах чадвараа түр хугацаанд алдсан, сэтгэхүйн хүчтэй цочролд орсон, сэтгэл зүйн хэвийн байдал гэнэт алдагдаж дээрх үйлдлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэргийн субъектив санаа нь гэмт этгээд үйлдлээ ухамсарлаж, хүсч хэрэгжүүлсэн, хор уршигт зориуд хүргэсэн байдаг бол санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэгт хохирогчоос зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан тэрхэн агшинд өөрийгөө удирдах чадваргүйгээр гэнэтийн үйлдэл хийсэн байхаар яллагддаг.
Улсын яллагчаас шүүгдэгч нь тухайн үед согтууруулах ундааны зүйл уусан, түүний сэтгэцийн байдал хийсэн шинжилгээ дүгнэлтээр санаа сэтгэл нь хүчтэй цочирон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй /хх134/ гэсэн дүгнэлтийг дараах байдлаар хүлээн авах боломжгүй байна.
Хэдийгээр шүүгдэгч, хохирогч хоёр согтууруулах ундааны зүйл болох пиво уусан гэж мэдүүлэх боловч хэрэг болсон өдөр 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүгдэгч Д.Бийн шээснээс авсан дээжинд спиртийн агууламж илрээгүй нь түүний согтолт бага байсан гэж үзэх үндэслэлд хамаарна. Мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн шинжилгээг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн нь цаг хугацааны хувьд ач холбогдолтой байж чадах эсэх нь эргэлзээтэй, шинжээч ямар үндэслэлээр сэтгэцийн байдал алдагдсан шинжгүй гэсэн үндэслэл нь тодорхойгүй, үндэслэлээ тайлбарлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.
Мөн уг гэмт хэргийн объектив талын шинж болох хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл байсан эсэх, тухайн үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан шинж байдал гаргасан эсэх, улмаар гэнэтийн хариу үйлдэл болгон хохирол учруулсан байх шинжүүд нь баримтад үндэслэн үнэлэлт, дүгнэлт өгөх хууль зүйн ойлголт тул зөвхөн тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлтээр хязгаарлагдахгүй болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгчийн үйлдлийн шинж нь гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй, мөн хэргийн нөхцөл байдлын хувьд өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалсан байх тул санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүхээс үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Хохирогч Б.Э нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргажээ.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, бага насны 3 хүүхэдтэй, гэм буруугаа анхнаасаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг, бусдад төлөх төлбөргүй, холбогдсон гэмт хэргийн хувьд хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Бт нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл шалтгаалсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Б нь хувийн байдлын хувьд бага насны 3 хүүхэдтэй, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал, бусдад төлөх төлбөргүйг харгалзан эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоон шийдвэрлэх нь зөв байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоов.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хутга, хутганы ишийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч нарт анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Дийн Бт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Дийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, хутганы ишийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧИД Г.ГАНБААТАР
Г.АЛТАНЦЭЦЭГ