Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 870

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00540 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Туулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Түвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 0192 дугаар шийдвэрээр Д.Туулаас 64 602 715 төгрөг гаргуулж “Мөнгөн зоос ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгийг төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнээ тохиролц гэж шийдвэр гүйцэтгэгч шахаж шаардаж байсан тул тухайн үед төлбөр төлөгчтэй хөрөнгийн үнэлгээг тохиролцсон. Шийдвэр гүйцэтгэгч надад үл хөдлөх эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнэ ханшийг судлах боломж, хугацаа өгөөгүйгээс барьцааны үл хөдлөх хөрөнгийг Д.Туул төлбөр төлөгчтэй хэтэрхийн доогуур үнэлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ гэсний дагуу энэ гомдлыг гаргасан байгаа. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгийг 260 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 192 дугаар шийдвэрээр Д.Туулаас 64 083 000 төгрөгийг гаргуулж “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004481 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 41 тоот, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч Д.Туул 260 000 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч “Мөнгөн зоос кредит” ББСБ ХХК зөвшөөрсөн талаар албан бичгээр мэдэгдсэн тул үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцсон гэж үзэн албадан дуудлага худалдаа зарласан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан ч нэхэмжлэгч үнэлгээ тогтоосноос хойш 4 cap 18 хоногийн дараа буюу гомдол гаргах хугацаа дууссаны дараа шүүхэд хандсан байх тул гомдол гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

    Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, барьцааны хөрөнгийг 260 000 000 төгрөгөөр үнэлгээ тогтоосныг хүчингүй болгуулах тухай Д.Туулын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

                 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заагдсан журмын дагуу явуулаагүй. Тухайлбал: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах дарааллыг тогтоож өгсөн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь эхлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53.3-д заасны дагуу “гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна" гэж заасны дагуу дансанд нь халдах ажиллагаа хийгдэх шаардлагатай ёстой. Өөрөөр хэлбэл хариуцагчийн өмчлөлийн зүйлсэд дараах байдлаар халдах ёстой. -банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах. Гэтэл хариуцагч нь хуулиар тогтоосон журмын дагуу төлбөр төлөгчийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцан дансанд байгаа мөнгөн хөрөнгөд халдах ажиллагааг явуулахгүйгээр хуульд заасан журмыг зөрчиж төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэлүүлэх ажиллагаа хийж байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах дарааллыг зөрчсөн. Иймд үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөлгүй хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д “Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ ...” гэж заасан байна. Гэтэл хариуцагч нь уг эрхийг нэхэмжлэгчид эдлүүлээгүй хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх хууль зүйн хувьд үнэлэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “... Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй ...” гэж заасан байна. Гэтэл төлбөр авагч "Мөнгөн зоос кредит" ББСБ-ын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах болон үнэлүүлэх талаар шаардлага гаргаж байгаагүй. Хариуцагчийн зүгээс хийсэн ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч барьцааны хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өөрийнх нь санал болгосон үнэ болох 260 000 000 төгрөгөөр үнэлснийг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т  заасан хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 71 дүгээр зүйлээс 73 дугаар зүйлд хугацааг тоолох нийтлэг журмыг хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд хугацааг тоолох тусгайлсан журмыг заагаагүй. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-д "Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ" гэж заасан байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан "үнэлгээ тогтоосон өдөр" гэснийг төлбөр төлөгч болон төлбөр авагчид мэдэгдсэн өдрөөс хойш тоолно. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барыдаа хөрөнгийг 260 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн зарим дүгнэлтийг залруулан дүгнэх нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч Д.Туул нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/0192 дугаар шийдвэрээр Д.Туулаас 64 083 000 төгрөг гаргуулж “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байр, 41 тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байр, 41 тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан байна. /хх-ийн 6-7 дугаар тал/

 

Эд хөрөнгө битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасантай нийцжээ.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны үнийн саналд тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 260 000 000 төгрөгөөр тогтоосон байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг  260 000 000 төгрөгийн 70 хувь буюу 182 000 000 төгрөгөөр оруулахаар зарласан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх-ийн 8 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээгээр дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, бодит байдалд нийцээгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой саналаа өөрөө гаргасан байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас  2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9/290 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг нэхэмжлэгчийн оршин суух хаягаар албан бичгээр мэдэгдэхээр баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх байдал баримтаар нотлогдоогүй байна. Төлбөр төлөгч 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9/290 тоот тогтоолыг хэзээ мэдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00540 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ