Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 190

 

Д.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Р.Энх-Оюун,

            Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Тэнгис,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Ш, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

            Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 523 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Шгийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Д.Г-т холбогдох эрүүгийн 201726011172 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Дагвын Д.Г, 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамжны 351 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: НЭ90112911/.

 

Д.Г нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хамба 1 дүгээр гудамжны 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газарт Р.Бямбахүү, Я.Ш нар нь маргалдаж,  харилцан заамдалцсан байхад нь Я.Шын толгойн тус газарт нь домакратны холбоос төмрөөр цохиж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Д.Гыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 55 см урттай, 3,4 дм-тэй, 0,4 см зузаантай төмөр хоолойг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Д.Гын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Гаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Шд олгож, Я.Ш нь бусад зардлаа нотлох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Холбогдогч Д.Г-т улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөн ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, ялтан Д.Гын үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх хууль зүйн боломжгүй бөгөөд үйлдэл нь хэн нэгнийг цохих гэсэн үйлдэлдээ шууд санаатай үйлдэл юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж хуульчилсан. Д.Гын үйлдэл нь амь хохирогч Я.Шыг өмөөрч Бямбахүү гэх этгээд рүү чиглэсэн идэвхитэй үйлдэл байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдах бөгөөд Бямбахүү нь биеэ хамгаалан гэмт халдлагаас бултаж холдож амжаагүй байсан бол түүний амь бие халдлагад өртөх нөхцөл байдал үүсэх нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, Д.Гын үйлдэл нь хүний амь бие, эрүүл мэнд рүү халдах гэсэн шууд санаатай үйлдэл юм. Д.Гын бусдын амь нас, эрүүл мэнд рүү чиглэсэн шууд санаатай үйлдлийг амь хохирогч Я.Ш рүү чиглээгүй байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д “...эсхүл бусад болгоомжгүй үйлдэл ... улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж зааснаар зүйлчлэн ял шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үззж байна. Д.Гын бусдын амь бие, эрүүл мэнд рүү чиглэсэн идэвхитэй үйлдлийн улмаас Я.Шын амь нас хохирч, түүний гэр бүлд хүнд гарз, нөхөж баршгүй хохирол учраад байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд зааснаар ялтан Д.Гын үйлдсэн гэмт хэрэгт хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын үүднээс тохирсон ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүү минь нас бараад 8 сар болж байна. Маш их гомдолтой байна. Би сэтгэцийн өвчтэй эх, 80 гаруй настай өвөөтэйгөө гурвуулаа амьдардаг. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хуулийг тал бүрээс нь дүгнэж шийдвэрлэсэн хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчөөс Д.Г нь ямар нэг байдлаар ална гэсэн санаа зорилготой байсан мэтээр яриад байгаа. Хэргийн үйл баримтаас харахад, Р.Бямбахүү нь удаа дараа орж ирээд засвар хийж байсан Д.Гын багын найз Я.Ш рүү дайраад байсан. Энэ үйлдлийг таслан зогсоох гэж байсан болгоомжгүй оролдлого байдаг. Гэхдээ энэ үйлдэл нь хүний толгой руу чиглэсэн оролдлого биш. Үүнийг гэрч Ван таун гэрчилдэг. Д.Г “миний найзыг зуураад хагас боосон байдалтай байхад нь би өөрөө ташаан толгой газар нь хавсраад, цохиод найзыгаа боож байсан энэ үйлдлийг нь болиулах гэж байсан. Гэтэл тус үйлдэлдээ эргэх үйлдэл хийгдээд, найзыгаа болгоомжгүйгээр цохьсон” гэдэг. Бусдын мэдүүлж байгаа шиг заавал төмөр барихаараа хүнийг алах үйлдэл хийх гэж байсан нь ойлгомжтой гэх мэтээр дүгнэх шаардлагагүй гэж бодож байна. Хэргийн үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт өгөхдөө нотлох баримтын хэмжээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад тодорхой заасан гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоосон. Талийгаач Я.Ш, шүүгдэгч Д.Г нарын хооронд ямар нэгэн байдлаар маргалдсан, муудалцсан, үл ойлголцсон шинж байхгүй, тухайн цаг хугацаанд ажил үүрэг гүйцэтгэж байсан талаар гэрчүүд, гадны иргэн Ван таун нар тодорхой мэдүүлдэг. Тиймээс Д.Гын үйлдэл хүнийг алах гэж чиглэсэн тодорхой үйлдэл байгаагүй. Талийгаачийг бусдын гараас хамгаалах гэсэн үйлдэл нь болгоомжгүй байсны улмаас хүний амь нас хохирсон. Харин Д.Гын уг үйлдэл нь аргагүй хамгаалалт байсан эсэхийг шүүх бүрэлдэхүүн хянаж үзнэ үү. Өөрийн болон бусдын амь бие аюултай байдалд орсон нь тодорхой болсон үед хийсэн үйлдэл аргагүй хамгаалалтын шинжтэй. Иймд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн үйл баримт, хэргийн оролцогч нарын мэдүүлэг, хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудыг зөв дүгнэж, зүйлчлэлийг зөв тогтоож, 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийн хувьд их маргаантай, ээдрээтэй хэрэг байсан. Анх маргаан үүсгэж, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бий болгосон Р.Бямбахүү гэх этгээдийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байсан боловч шинээр батлагдсан хууль 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Р.Бямбахүүгийн үйлдэл эрүүгийн хэрэг биш зөрчлийн хэргийн шинжтэй болж таарсан. Тиймээс Р.Бямбахүүгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгоод зөрчлийн арга хэмжээ авахуулахаар харъяалах байгууллагад нь шилжүүлсэн. Үүнээс болж маргаан үүссэн. Зөвхөн Р.Д.Гыг шүүхэд шилжүүлэх болсонтой холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас маш их гомдол гаргаж байсан. Хэргийг шүүхэд шилжүүлээд, анхан шатны шүүх хуралдааны явцад тогтоогдсон нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдлыг харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Д.Гын үйлдлийг болгоомжгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн байгаа. Энэ шийдвэрийг улсын яллагчийн зүгээс дүгнэхдээ, яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж шийдвэр гаргасан байна гэж үзээд шийтгэх тогтоолд улсын яллагчийн эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Хохирлын хувьд шийтгэх тогтоолд нэхэмжилж буй бодит хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлээд иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй гэж үзсэн. ...” гэв.

           

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэв.

 

Д.Г нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамба 1 дүгээр гудамжны 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газарт Р.Бямбахүүтэй маргалдаж, улмаар түүнийг домакратны холбоос төмрөөр цохих үйлдэл хийхэд Р.Бямбахүү хойш гэдийн зайлсхийхэд түүний хажууд зогсож байсан Я.Шыг төмрөөрөө толгойн тус газар нь цохиж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Шгийн “...Талийгаач Я.Ш нь миний төрсөн дүү. Би эцэг, эхээс хоёулаа юм. 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад орой 20 цагийн орчим талийгаач Я.Шын түрээслэн ажиллуулдаг байсан Вьетнам засварын газарт очсон. Тэгэхэд талийгаач Я.Ш машинаа засаад ажлаа хийгээд байж байсан. Би талийгаачийн түрээслэн ажиллуулдаг байсан засварын газар хамт ажилладаг юм. Тэгээд цалингаа авах гэж очиход намайг маргааш буюу 20-ны өдөр ир гэж хэлсэн. ... 20-ны өдөр бороотой байсан тул би талийгаачийн ажил дээр очоогүй, гэртээ байж байхад орой 18 цаг 50 минутын орчим талийгаачийн эхнэр Б.Халиунаа 80839009 гэх өөрийн дугаараас над руу залгаад “та Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр хүрээд ир, өвөө, ээжид юм яриад хэрэггүй, та зүгээр хүрээд ир” гэхээр нь би гэрээсээ гараад Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очсон. Эмнэлэг дээр баз хүргэн Б.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Халиунаа 3 байж байсан. Би юу болсон талаар асуухад Б.Халиунаа надад “Я.Шыг Д.Г төмрөөр толгой руу нь цохьсон. Я.Ш одоо сэхээнд байгаа” гэж хэлсэн. Талийгаач Я.Ш намайг эмнэлэг дээр ирэхэд ухаангүй байсан. Би тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байсан. Ямар ч байсан талийгаачийг ажил дээрээ байхад түүний найз Д.Г толгой руу нь төмрөөр цохьсон л гэж хэлсэн. ... Тэгээд би зөвшөөрөөд гарын үсэг зурсан, хагалгаанд Я.Ш орой 20 цагийн орчим орсон. Хагалгаа нилээн удсан ба хэдэн цагт дууссанг мэдэхгүй байна. Хагалгаа дуусахад эмч нар юм яриагүй, “дахиж биеийн байдлыг нь тогтворжуулж байгаад дахин тархины хагалгаа хийх шаардлагатай байна, ер нь биеийн байдал нь муу байна” гэж хэлсэн. Тэгээд Я.Шыг хагалгаанаас гаргаад буцаж сэхээнд оруулж хэвтүүлсэн ба бид нар сахиж хоносон. Маргааш нь буюу 21-ний өдөр талийгаач ухаан ороогүй чигээрээ байсаар 22-ны өдөр болсон. Тэгээд 22-ны өдөр мөн адил л ухаангүй сэхээндээ хэвтэж байгаад үдээс хойшдоо цагийг нь мэдэхгүй гадаа хүлээгээд сууж байхад эмч дуудаад Я.Ш өнгөрчихлөө гэж хэлсэн. ...” /1 дүгээр хавтас, 25-26 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Бат-Эрдэнийн “...2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр би засварын газар дээрээ 11-12 цагийн хооронд очсон. Намайг очиход Я.Ш, Баагий, Б.Мөнхбат, Чинбаа нар ажлаа хийж байсан. Тэгээд би ажлаа хийж байтал Д.Г гэх залуу засварын газар өөрийн машинтай 14 цагийн үед ирээд Я.Штай хамт уулзаад яваад өгсөн ба буцаад 15-16 цагийн хооронд ирсэн. Тэр үед засварын газарт Я.Ш зүүн урд буланд машин засаад хажууд Д.Г хамт байсан. Наана нь би, Б.Мөнхбат, Баагий, Чинбаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ бид нар машин засаад байж байсан. Цаана байсан Д.Г, Я.Ш хоёр ямар ч байсан 2,5 литрийн пиво задлаад ууж байсан, пивыг хэн, хэзээ авсныг би анзаараагүй. Тэр пивоноос Чинбаа ах, Баагий, Б.Мөнхбат, бид нар нэг нэг аяга уугаад ажлаа үргэлжлүүлж хийсэн. Тэгээд тэр пиво дуусахад Я.Ш, Д.Г хоёр гараад дахиад 2,5 литрийн пиво авсан бөгөөд тэр үед урд талын гражид ажилладаг хүүхэн /нэрийг нь мэдэхгүй гэх/ орж ирээд Д.Г, Я.Ш дээр очсон. Тэгээд удалгүй гаднаас Р.Бямбахүү гэх манай завсарын түрээслүүлэгчийн хүргэн гэх залуу согтуу, ганцаараа орж ирээд миний засаж байсан машин дээр ирээд хаалгыг нь саваад намайг “буугаад ир” гээд татаад байсан. Б.Мөнхбатыг бас ажил хийлгүүлэхгүй нааш цааш нь татаж чангаагаад байсан. Тэгээд Р.Бямбахүү хойш яваад Я.Ш, Д.Г, нөгөө хүүхэн гурав дээр очсон. Миний засаж байсан машины арын хаалга онгорхой байсан учир Я.Ш, Д.Г, нөгөө хүүхэн, Р.Бямбахүүгийн байгаа газар нэвт харагдаж байсан. Тэр Р.Бямбахүү гэх залуу тэд нар дээр очоод Я.Шын сууж байсан сандлыг хөлөөрөө өшиглөхөд Я.Ш газар унаад босч байсан, би яг яаж унасныг хараагүй. Тэгээд миний харснаар тэр Р.Бямбахүү гэх залуу Д.Гыг толгойгоороо 1 удаа мөргөөд заамдаад байсан. Тэр үед Я.Ш нь Р.Бямбахүүг тайвшруулах маягтай тэврээд зогсож байсан. Тэр үед Р.Бямбахүү нь Я.Шыг заамдаад хажууд байх машин руу шахаад гараараа 1 удаа гэдэс рүү нь цохиж байгаа харагдсан. Тухайн үед би ажил хийж байсан бөгөөд нэг боолт чангалчихаад очиж салгая гэж бодоод байж байтал тэд нарын хажууд байгаа газар "түг" гэх чимээ гарахаар нь би гайхаад хартал Баагий "хөөе яана аа" гэх шиг болоод бид нар засаж байсан машинаас үсрээд буусан. Тэр үед Б.Мөнхбат "Я.Шыг цохьчихлоо ш дээ" гээд Я.Шын байгаа газарт нь гүйгээд очсон ба би, Чинбаа ах, Баагий бид 3 очсон. Миний харснаар Я.Ш тэнд газар унаж байгаа харагдсан ба намайг очиход Я.Ш дээшээ харсан байдалтай газар хэвтэж байсан. Харин нөгөө Д.Г, Р.Бямбахүү нар хоорондоо бие биеийгээ заамдчихсан зогсож байсан. Харин нөгөө хүүхэн харагдахгүй байсан. Д.Г баруун гартаа машины сэв гаргадаг цулгай турба шиг төмөр барьчихсан байсан ба удалгүй нөгөө төмрөө газар хаясан. Тухайн үед Баагий надад хандаж "чи яваад Р.Бямбахүүгийн хадам ээжийг дууд" гэхээр нь би засварын газраас гараад хажуугийн гэр лүү ороод түрээслүүлэгч эгч буюу Р.Бямбахүүгийн хадам ээжийг дуудаад эргээд засвар луу ороход нөгөө Р.Бямбахүү явчихсан байсан. Тэгээд нөгөө урд гражийн эмэгтэй түргэн тусламж дуудаад, Д.Г цагдаад дуудлага өгсөн. ...Би яг цохиулахыг нь хараагүй. Би эхлээд хэн нь хаана нь цохьсоныг мэдээгүй ба дараа нь харахад Я.Шын духны баруун талд хавдсан ба Д.Г баруун гартаа нөгөө турба шиг цулгай төмөр барьчихсан зогсож байсан. ...Намайг харахад Д.Г нь Р.Бямбахүү Я.Шыг заамдаад машин руу шахаад зогсож байсан газрын хажууханд зогсож байсан. Би бодохдоо Р.Бямбахүү гэх залуу Я.Шыг заамдаад зогсож байхад нь Д.Г тэр Р.Бямбахүүг араас нь цохих гэж байгаад Я.Шыг цохьчихсон юм болов уу гэж бодож байна. Баагий хэлэхдээ Д.Г баруун гартаа барьсан турба мэт цулгай төмрөөр Я.Шыг заамдаад зогсож байсан Р.Бямбахүүгийн араас нь цохих гэхэд Р.Бямбахүү бултахад тэр төмөр эрчиндээ Я.Шын толгой руу цохьсон гэж хэлсэн. ..." /1 дүгээр хавтас, 44-46 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнхбатын “...Пиво дуусахад талийгаач Я.Ш, Д.Г 2 засвараас гарч яваа харагдсан, удалгүй хоёулаа буцаад ороод ирсэн. Орж ирэхдээ дахин 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво авч ирээд түүнийгээ анх ууж байсан газраа уугаад сууж байсан. Тэгтэл 17 цагийн үед урд талын гражийн эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй гэх/ орж ирээд Д.Г, талийгаач Я.Штай юм яриад суусан. Тэгтэл удалгүй засварын эзний хүргэн гэх Р.Бямбахүү орж ирээд миний засаж байсан машин дээр ирээд намайг машины хаалгаар хавчаад машин дотор байсан Б.Бат-Эрдэнийг татаж чангаагаад байсан. Р.Бямбахүү засварын газар орж ирэхдээ архи үнэртүүлчихсэн байсан. Тэгснээ Р.Бямбахүү талийгаач Я.Ш, Д.Г,  урд  талын  гражийн  эмэгтэй  нарын  сууж  байгаа  газар  очоод Я.Шын сууж байсан сандлыг нь өшиглөхөд Я.Ш сууж байсан сандал дээрээсээ газар луу гараараа тулж унасан. Тэгээд талийгаач Я.Ш босоод “Р.Бямбахүү ах та яаж байна” гээд тэврээд авсан. Тэгтэл Р.Бямбахүү гэх залуу нь онгироод агсам тавих гээд байсан чинь Д.Г нөгөө Р.Бямбахүү гэх залуу дээр очоод Я.Шыг тэвэрсэн зогсож байсныг салгах гэж байсан ба тэгэхэд Р.Бямбахүү гэх залуу Д.Гын нүүр лүү 1 удаа мөргөөд, цээж рүү нь түлхээд байх шиг харагдсан. Тухайн үед би машин засаж байсан ба "түг" гэх чимээ гарахаар нь би шууд чимээ гарсан зүг буюу нөгөө хэдийн байгаа газар луу харахад засварын голд хар өнгийн Тоёота приус машины зүүн урд хаалгыг талийгаач Я.Ш нуруу хэсгээрээ налаад унаж байсан. Харин Р.Бямбахүү, Д.Г 2 бие биеийгээ заамдаад зогсож байсан ба Д.Г, Р.Бямбахүүтэй заамдалцсан байхдаа баруун гартаа цулгай 20-н турбо шиг төмөр барьчихсан зогсож байсан. Тэгэхээр би “Я.Шыг цохьчихлоо ш дээ” гээд ганцаараа талийгаач Я.Ш дээр очсон. Намайг очиход тэрээр машины урд хаалгыг налж унаад дээш харсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан. ...” /1 дүгээр хавтас, 49-53 дугаар хуудас/,

 

Гэрч А.Бямбасүрэнгийн “... Тэгээд сууж байтал гаднаас манай гражийн түрээслүүлэгч Бямбаа ганцаараа орж ирээд шууд хүрч ирээд талийгаач Я.Шыг хүзүүдээд “хоёулаа юм ярья” гээд хойш гражийн гол хэсэгт байсан хар өнгийн Приус машины хажууд очсон. Тэгтэл хар өнгийн цамцтай залуу /Ганаа/ араас нь очоод Р.Бямбахүү гэх манай гражийн түрээслүүлэгч залуугийн гараас бариад та яагаад байгаа юм бэ гэхэд нөгөө Бямбаа нь хар цамцтай залууг “цаашаа байж бай” гээд гараараа цээж рүү нь түлхээд холдуулсан. Энэ үед миний утас дуугараад гарч ярьж байхад граж дотроос хэн нэг нь “Шинээг цохьчихлоо” гэхээр нь эргээд харахад талийгаач Я.Ш толгой нь урьд зүг рүү харсан байдалтай дээш хараад хар машины дэргэд газар унасан байсан. Харин Р.Бямбахүү гэх залуу хар цамцтай залуутай заамдалцаад зогсож байсан ба хар цамцтай залуу баруун гартаа 50-60 орчим см урттай төмөр барьчихсан байсан. ...” /1 дүгээр хавтас, 60-61 дүгээр хуудас/,

 

Гэрч Ван Туаны /Van Tuan/ “...2017 оны 6 дугаар сарын 20-нд ... манай урд талд засварын газар ажиллуулдаг монгол эмэгтэйтэй орж ирээд юм асууж байх үед гаднаас талийгаач Я.Шын найз Д.Г 12 цагийн үед хамт орж ирсэн. Д.Г талийгаач Я.Ш нар уг эмэгтэйг “энд суучих, юм ярилцъя” гэж суулгаад пиво ууцгаасан. Ертөнцийн зүгээр хойд талд нь талийгаач Я.Ш, ертөнцийн зүгээр зүүн талдаа гаднаас орж ирсэн эмэгтэй, ертөнцийн зүгээр урд талдаа Д.Г сууж байсан. Би, Б.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбат, Чинболд бид нар өөрсдийнхөө ажлаа хийгээд машинаа засварлаж байсан. Гэтэл гаднаас Р.Бямбахүү гэдэг залуу согтуу орж ирээд ... талийгаач Я.Ш болон түүний найз Р.Д.Г, засварын газрын эмэгтэй гурав дээр яваад очсон юм. Р.Бямбахүү тэдэн дээр очиход Д.Г "чи хэн юм бэ" гээд маргаан болж, Р.Бямбахүү амь хохирогч Я.Ш, Д.Г хоёрын цамцны энгэрээс атгаж өргөөд босгож байгаа харагдсан. Д.Г Р.Бямбахүүг "чи гараа тавь, ална шүү" гэж хэлсэн. Р.Бямбахүү гараа тавиагүй зууралдаад явсан. Энэ үед Д.Г зууралдаж байхдаа газраас төмөр авсан. Тэд нар зууралдаад хар Приус машин орчим 1 метр зайтай очоод маргалдсан. Р.Бямбахүү тэр хоёрын цамцнаас зууралдаад барьсан чигээрээ байсан. Р.Бямбахүүгийн ертөнцийн зүгээр урьд хэсэгт буюу түүний баруун гар талд Д.Г, харин эсрэг талд буюу хойд зүгт талийгаач Я.Ш байрлаж байсан. Д.Г баруун гартаа барьсан байсан төмрөөрөө Бямбааг цохих гэж байгаад Р.Бямбахүү хойш гэдийхэд түүний урдуур найз Я.Шыг төмрөөрөө толгойн тус газар нь цохиод Я.Ш ямар ч мэдрэлгүй, тэнцвэргүй болоод Р.Бямбахүү тавихад 1-2 алхаад машины хөмсөг мөргөөд газар унасан. Р.Бямбахүү Д.Гыг тавихгүй заамдаад бариад байсан. Би машинаасаа буугаад шууд гүйж очоод Я.Шт цээжинд нь хиймэл амьсгал дарж хийсэн. ...Амь хохирогч Я.Шыг найз Д.Г нь трубо төмрөөр цохиж гэмтэл учруулсан юм. Амь хохирогчийн тархи толгойноос цус гараагүй. Духны баруун хэсэгт овойж хавдсаар том болсон юм. ...Амь хохирогч Я.Шыг Р.Бямбахүү зодож цохисоныг би хараагүй. Р.Бямбахүү харин амь хохирогч Я.Ш, Д.Г хоёрын цамцнаас гараараа бариад зогсож байсан. Тэнд хэн нэг нь ухаан алдах хэмжээний боолгуулсан,   багалзуурдсан зүйл болоогүй. ...” /1 дүгээр хавтас, 63-64 дүгээр хуудас/,

 

            Шинжээч эмч Ц.Ганболдын “...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ. ...” /1 дүгээр хавтас, 75-76 дугаар хуудас/,

 

Мөн түүний өгсөн “...Амь хохирогч Я.Шын биед хийсэн задлан шинжилгээгээр түүний хоолойны орчим ямар нэгэн зулгаралт шарх сорви байгаагүй. Мөн нас барах үед үзлэг хийсэн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн цогцосны үзлэгт энэ талаар тусгагдаагүй байсан. Дотор эрхтэнүүдэд ямар нэгэн амьсгал бүтэлтийн улмаас үүссэн шинж тэмдгүүд илрээгүй байсан. ...Толгойд үүссэн тархины гэмтэл явганаас унах, юм мөргөх үед үүсэх боломжгүй, яагаад гэвэл тархинд үүссэн гэмтэл том хэмжээтэй, цөмөрсөн хугарлаас гадна заадас нь салсан байсан. Энэ гэмтэл нь өндрөөс унах, аль эсхүл хүчтэй цохих хүч үйлчилсний улмаас үүснэ. ...” /1 дүгээр хавтас, 77 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Ж.Цэцэгмаагийн “...Би 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ШШҮХ-ийн ШЭШГ-ийн жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цагийн үед ГССҮТ-д хүн нас барсан дуудлагаар очиж цогцосны үзлэг хийсэн юм. ... Цогцосны гадна үзлэгээр ямар нэгэн зулгаралт, боолтын ул мөр үүсээгүй байсан. ...” /1 дүгээр хавтас, 78-79 дүгээр хуудас/,

 

Р.Бямбахүүгийн яллагдагчаар өгсөн “...Би Я.Шт өөрийн машины түлхүүрээ өгөх гээд дуудахад Я.Ш хариу хэлэхгүй болохоор нь би түүний цамцны захнаас татаж босгоод гражийн үүд хэсэг рүү чиглээд явсан. Тэр үед түүний найз Д.Г хүрч ирээд "тавь пизда минь" гэхээр нь би түүнийг  “чи цаашаа байж бай" гээд нэг гараараа түүний цээж рүү нь түлхээд цааш алхаад Я.Ш бид хоёр юм ярьж байхад араас хүн ирэх шиг болохоор би хажуу тийш болоход Д.Г төмрөөр миний урд байсан Я.Шыг цохиод газар унагасан. ... Я.Шыг зодож цохиогүй. Д.Гыг мөргөж цохьсон зүйл байхгүй. ...” /1 дүгээр хавтас, 189-190 дүгээр хуудас/,

 

Мөн түүний өгсөн “...Би тухайн үед Д.Гын гарт турбо төмөр байна гэж харсан. Д.Г маргааш нь эрүүлжүүлэхээс хамт гарч ирээд цагдаа дээр байхдаа “домакратны холбоос төмрөөр таны нуруу руу цохих гэж байгаад найзыгаа цохьчихлоо” гэсэн. ...” /1 дүгээр хавтас, 191-193 дугаар хуудас/,

 

Д.Гын яллагдагчаар өгсөн “...Би Я.Шт уг пивоноос хийж өгсний дараа нөгөө хүүхэн нэг аягыг хийж өгөх гэж байхад гаднаас бараан өнгийн хувцастай, махлагдуу өндөр, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй биднээс арай ахимаг насны залуу ганцаараа орж ирээд талийгаачийг сууж байсан газраас ажлын хувцасны захнаас нь боогоод Я.Шыг багалзуурдаж босгочихоод аваад явахаар нь би араас нь салгах гэж очоод тэр хоёрын дундуур орж салгахад намайг баруун гараараа цахилгаантай цамц байсны захаар боож, баруун гараараа шанаа руу цохиход би хойш алхаж дугуйнд тээглээд унах шахсан. Би хөл дээрээ тогтоод харахад Р.Бямбахүү талийгаачийг дахин барьж аваад цамцны захаар боож, талийгаачийн өөрийнх нь машинд шахаад ухаан алдаж байсан. Би зогсож байсан газарт доош харахад домакратны холбоос төмөр байхаар нь газраас аваад Р.Бямбахүүгийн бөгс орчим нэг удаа цохиод Р.Бямбахүү талийгаачийг тавиад эргэж хараад намайг ална гэгээд цамцны захаас бариад боосон. .... Би найзыгаа цохино гэж бодож цохиогүй. Би Р.Бямбахүү гэдэг хүн найзыг минь алах байх гэж сэргийлж, тийм үйлдэл хийсэн. ...” /1 дүгээр хавтас, 152-153 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 3-8 дугаар хуудас/,

 

Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 19-22 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, 194-203 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №1248 дугаартай “...Талийгаачид дух, баруун зулайн цөмөрсөн хугарал, духны дэлбэнгийн няцралт, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, духны зулгаралт тогтоогдлоо. Толгойн гэмтлийн улмаас тархи хавагнаж үхэлд хүргэсэн. …” /1 дүгээр хавтас, 72-74 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаанд гэрч Б.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбат, Ван Туаны /Van Tuan/ гэсэн хүмүүс байсан бөгөөд болж өнгөрсөн үйл явцыг бусдаасаа илүү сайн харсан хүн нь Ван Туаны /Van Tuan/ байх тул түүний мэдүүлэгт илүү ач холбогдол өгч, бусад гэрч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэж, хэргийн үйл баримтыг тогтоох боломжтой гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Гэрч Ван Туаны /Van Tuan/ мэдүүлгээр Р.Бямбахүү нь амь хохирогч Я.Ш, шүүгдэгч Д.Г хоёрын цамцны энгэрээс атгахад Д.Г нь "гараа тавь, ална шүү" гэхэд Р.Бямбахүү гараа тавиагүй зууралдаж, энэ үедээ Д.Г нь газраас төмөр авч, маргалдаж байхдаа Д.Г нь баруун гартаа барьсан байсан төмрөөрөө Р.Бямбахүүг цохих гэж байгаад Р.Бямбахүү хойш гэдийн зайлсхийхэд түүний хажууд зогсож байсан Я.Шыг төмрөөрөө толгойн тус газар нь цохиж, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

 

Д.Гын Р.Бямбахүүг төмрөөр цохих гэсэн үйлдэл нь санаатай байсан бөгөөд харин Д.Гын аюултай үйлдлээс Р.Бямбахүү зайлсхийснээр хажууд нь байсан Я.Шыг цохьсон үйлдэл нь болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэв.

 

Д.Г нь, Р.Бямбахүүг төмрөөр цохих гэсэн өөрийнх нь үйлдлээс Р.Бямбахүү овсгоо гарган зайлсхийсний улмаас хажууд нь зогсож байсан Я.Шын толгойг төмрөөр цохиж, амь насыг нь хохироож болохыг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлджээ.

 

Д.Гын Р.Бямбахүүг төмрөөр цохих гэсэн санаатай үйлдэл нь ямар гэмт хэргийн шинжтэй болохыг нягтлан үзэхэд, дээрх нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй, хамгаалвал зохих нийгмийн эрх ашгийг Эрүүгийн хуулийн хамгаалалтад авалгүй орхигдуулжээ.

 

Учир нь, Д.Г нь Р.Бямбахүүг төмрөөр цохисноор Р.Бямбахүү амь насаа алдах байсан, түүнчлэн түүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учрах байсан нь тодорхойгүй бөгөөд шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ учирч болох байсан эрсдэлийг буюу үр дагаврыг төсөөлөн авч үзэж, хэргийг зүйлчлэх нь гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэсэн зарчимтай зөрчилдөж байна.

 

Д.Г-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 523 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Шгийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.