| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0955/Э |
| Дугаар | 1023 |
| Огноо | 2020-09-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 1023
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Ч.Батбаатар,
хохирогч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Батням /ШТЭД-3199/,
иргэний хариуцагч Баянгол дүүргийн “Б” ОНӨААТҮГ-н хууль ёсны төлөөлөгч Э.Б, өмгөөлөгч Б.Булгантамир /ШТЭД-2591/,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг /ШТЭД-1007/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мт холбогдох эрүүгийн 2003 ... ... дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1961 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
М овогт Дийн М /РД: /
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хишигт Од бөөний төвийн урд замд “CLW-5060” маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж М.Бын жолоодож явсан “Тоёота ипсум” маркийн ... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж мөргөж М.Бын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 279 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судласан бол,
Хохирогчийн өмгөөлөгч: хөрөнгийн үнэлгээний тайлан /хх22/, иргэний хариуцагчаар тогтоосон тогтоол /хх86/, гар утасны үнэлгээ /хх96/, хохирогчийн эмчилгээний зардал /хх104/, зээлийн гэрээ /хх112, ажлын байрны тодорхойлолт, зээлийн гэрээ, жижиг дунд үйлдвэр эрхэлдэгтэй холбоотой баримтууд зэргийг судлав.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх17, гэрч Ц.Гын мэдүүлэг /хх28/, Д.Мын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх39/, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байсан талаарх баримт /хх74-75/, Баянгол дүүргийн “Б” ОНӨААТҮГ-н аюулгүй ажиллагааны дэвтэр /хх91-92/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх13/, гэрч Ц.Гын мэдүүлэг, гэрч Ц.Элдэвсонингийн мэдүүлэг /хх34/, иргэний хариуцагчийн төлөөлөгч Э.Бийн мэдүүлэг /хх87-88/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх45/ болон хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Д.Мыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-12/,
2. Хяналтын камерын бичлэгийн дэлгэцэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх20/,
3. Хохирогч М.Бын “...2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 40 минутын орчим өөрийн унаж хэрэглэдэг “Тоёота Ипсум” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ажилтнаа авахаар 21 дүгээр хорооллоос Толгойт руу ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал өөдөөс гэнэт хог ачдаг ачааны машин урсгал сөрж ирээд миний машины урдаас мөргөсөн... Би хувиараа оёдол эрхэлдэг, ажлаа хийж чадахгүй байгаа, оёдол хийх газраа сарын 350,000 төгрөгөөр түрээсэлдэг, мөн автомашины зээлтэй сарын 570,000 төгрөг төлдөг зээлийн гэрээ байгаа. Бизнесийн зээлд 3,798,000 төгрөг төлдөг банктай хийсэн гэрээ байгаа эдгээрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх25-26/,
4. Гэрч Ц.Гын “...2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ ирээд хуваарийн дагуу Мтай нэг ээлжинд уг өдөр ажил хийхээр болсон... Толгойтын Их нарангийн уулзвараар зүүн эргээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигтээ явж байхад жолооч М сандраад тоормосгүй болчихлоо, жолооны хүрд ажиллахгүй байна гэж хэлээд машинтайгаа ноцолдоод явж байхад машин нь урсгал сөрөөд нэг машин мөргөөд замаас гараад зогссон...миний биед учирсан гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх28-29/,
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6191 дугаартай шинжээчийн “...М.Бын биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн сарвуу шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх47-48/,
6. “Хас үнэлгээ” ХХК-ийн автомашины хохирлын үнэлгээний: “Тоёота Ипсум” маркийн ...улсын дугаартай автомашинд 9.170.000 төгрөгийн шууд, 9.330.000 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх тайлан /хх54-55/,
7. 77 дугаар мөрдөгчийн магадалгаанд “...жолооч Д.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...жолооч М.Б нь ...дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэжээ. /хх152-153/,
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбараас шүүгдэгч Д.М нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хишигт Од бөөний төвийн урд замд “CLW-5060” маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эсрэг урсгалд орж М.Бын жолоодож явсан “Тоёота ипсум” маркийн ... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч М.Б, гэрч Ц.Г нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Түүнчлэн Баянгол дүүргийн “Б” ОНӨААТҮГ-ын эрх бүхий албан тушаалтан нь тухайн үед харуулын албан тушаалд томилогдон ажиллаж байсан шүүгдэгч Д.Мыг “CLW-5060” маркийн ...УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ээлжийн амралт авсан гэсэн шалтгаанаар уг тээврийн хэрэгслийг жолоодуулан ажил гүйцэтгүүлж байсан нь тогтогдсоныг дурдаж байна.
Энэхүү ослын улмаас хохирогч М.Бын эрүүл мэндэд “...бүсэлхийн 1 дүгээр нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн сарвуу шилбэнд зулгаралт...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 6191 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн 77 дугаар мөрдөгчийн магадалгаанд “...жолооч Д.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...жолооч М.Б нь ...дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн нь хэргийн үйл баримттай тохирсон, үндэслэл бүхий магадалгаа гэж дүгнэлээ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.
Дээрх тохиолдолд шүүгдэгч Д.М нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлж, анхаарал болгоомжтой зорчоогүй, мөн техникийн бүрэн бүтэн ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхийг нягтлаагүй ажилд гарсны улмаас осол гаргажээ.
Иймд шүүгдэгч Д.М нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул улсын яллагчийн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч М.Б нь эрүүл мэнд, эд хөрөнгө, ажилгүй байсан хугацааны хохирлыг иргэний хариуцагч байгууллагаас нэхэмжилжээ.
Иргэний хариуцагч талаас хохирогчийн тээврийн хэрэгслийн урьдчилгаанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хохирогчид даатгалаас төлөгдсөн төлбөрийг хасч тооцуулах, эмчилгээний зардал гаргасан талаарх баримтууд хамааралтай эсэх нь эргэлзээтэй, мөн олох ёстой байсан орлогыг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Мыг ... дүүргийн “Б” ...-ын эрх бүхий албан тушаалтан нь осол гаргасан тээврийн хэрэгслийг жолоодон ажилд гарахыг даалгасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар иргэний хариуцагч талаас үндэслэл бүхий няцаалт хийгээгүй болно.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”,
мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Иймд иргэний хариуцагч хуулийн этгээд болох Баянгол дүүргийн “Б” ОНӨААТҮГ нь өөрийн ажилтны албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан хохирогчид төлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч нь тээврийн хэрэгслийн хохиролд /даатгалын байгууллагаас нөхөн төлбөрт төлсөн үнийн дүнг хасаж/ 2.808.473 төгрөг, автомашины зээлийн урьдчилгаанд төлсөн 2.915.936 төгрөг, 1 сарын хугацаанд банкны зээлээ төлж чадаагүй 3.798.400 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр 350.000 төгрөг, автомашины 4 сарын зээлийн төлбөр 2.308.000 төгрөг, эмчилгээ, эм тариа болон бусад зардалд 1.580.000 төгрөг /физик эмчилгээ хийлгэсэн зардал ороод/, нурууны бүс 150.000 төгрөг, автомашин түрээслэн ажиллуулсан төлбөрт 1.540.000 төгрөг нийтдээ 15.450.809 төгрөг нэхэмжилжээ.
Үүнээс автомашины урьдчилгаа 2.915.936 төгрөг нэхэмжилсэн нь хохиролд хамааралгүй үндэслэлээр, 4 сарын автомашин түрээслэн ажиллуулсан төлбөрт 1.540.000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч М.Б нь хувиараа жижиг, дунд үйлдвэр эрхэлдэг байсан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тодорхойлолт, зээлийн гэрээ холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.
Улмаар ослын улмаас хүндэвтэр хохирол учирч /хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар сарниулах/ 1 сарын хугацаанд хөдөлмөр эрхэлж чадаагүй байх тул Иргэний хуулийн дээрх заалтад заасан цалин хөлстэй адилтгах орлогод Хаан банканд төлөх 1 сарын зээлийн төлбөр 3.798.400 /хх110/, 1 сарын түрээсийн төлбөр 350.000 төгрөг, автомашины 4 сарын хугацааны зээлийн төлбөр 2.308.000 төгрөгийг тус тус хамааруулан иргэний хариуцагчаас гаргуулах нь зөв байна.
Мөн эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан зардал болон бусад зардалд 1.580.000 төгрөг /физик эмчилгээ хийлгэсэн зардал ороод/, нурууны бүс 150.000 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд /даатгалын байгууллагаас нөхөн төлбөрт төлсөн үнийн дүнг хасаж/ 2.808.473 төгрөгийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Иймд нийт 10.994.873 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Түүнчлэн хохирогч М.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Д.М нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг болон дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний жолооны 29698 дугаар үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа буцаан олгох болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь, 38.1 дүгээр зүйлийн 5 хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Доржийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Баянгол дүүргийн “Б” ОНӨААТҮГ-аас 10.994.873 /арван сая, есөн зуун ерэн дөрвөн мянга, найман зуун далан гурав/ гаргуулж хохирогч М.Бт олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Мын жолооны 29698 дугаар үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа буцаан олгож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР