| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1002/э |
| Дугаар | 1061 |
| Огноо | 2020-10-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 1061
2020 10 01
2020/ШЦТ/1061
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч А.Тунгалагтуяа (томилолтоор),
иргэдийн төлөөлөгч Ц.Оюунчимэг,
шүүгдэгч Э.Э түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар (үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, настай, эмэгтэй бүрэн дунд боловсролтой барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт хаягтай боловч суух, ял шийтгэлгүй, М овогт Э Э,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим тоотод “чи нойлд миний хойноос хийчих” гэж хэллээ гэх шалтгаанаар марган, цээжин тус газар нь хутгаар хутгалж биед цээжний баруун доод хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шархаар, баруун 6-7 дугаар хавирганы завсараар өрцөнд хатгагдаж, зүсэгдэж, цээж хөндийн рүү нэвтэрсэн шарх, цээж, хэвлийн хөндийд шингэн хуралдалт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эаас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас),
2. Хохирогч Б.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2020 оны 05 дүгээр сарын 14-ны өдөр 9 цагийн орчим тоотод гэртээ байж байсан чинь манай найз М залгаад “танай гэрт очиж гэрийг чинь янзлах уу” гэхээр нь “завтай бол тэгээч” гэсэн чинь удалгүй Ц.М, Н.М, Э.Э нар нэг шил архи бариад орж ирсэн. Тэгээд авчирсан архиа Ц.М, Н.М, Э.Э нартай хувааж уусан. Ц.М, Н.М нар гэрийн хоёр талын орон дээр хэвтээд унтаад өгсөн. Тэгтэл Э.Э надад хоёулаа нойл ороод уулзадхъя, чи миний хойноос хийчих” гэхээр би “чи хаанаас ирсэн янхан бэ” гэж хэлээд М, М нарыг сэрээгээд “энэ хүүхнээ аваад яв, наад хүүхэн чинь чи нойлд миний араас хийх үү гээд байсан” гэж хэлсэн чинь Э над руу гутал авч шидээд “чи энэ хоёрт хэлээд байхдаа яадаг юм” гэж хэлсэн. Тухайн өглөө би ажлынхаа Оийг гэртээ дуудсан байсан. О над руу залгаад “би танай автобусны буудал дээр ирчихлээ” гэхээр нь би Мтай хамт явж Оийг тосоод замаараа нэг шил архи аваад ирсэн. Тогоонд адууны мах чанаж байснаа гаргаад гэрийн гадаа М, Э, О бид дөрөв идэж байсан. М байхгүй болчихсон байсан...Мт О архинаас аяганд хийгээд өгсөн. М “хөөе чи хүн хутгалчихлаа” гээд орилсон. Тэгэхээр нь би босоод өөрийнхөө хэвлийг харсан чинь цамцнаас цус гоожиж байсан. Миний баруун талд Э зүүн гартаа хутгатай, баруун гараараа амаа дараад байж байсан. М, Э, О нар эмнэлэг, цагдаа дуудъя гэж хэлээд манай хашаанаас гараад явсан. Тэгтэл нэг мэдсэн түргэн, цагдаа нар ирсэн. Би түргэний машинтай -д очсон. Тухайн үед би М, О, М нарт “миний хойноос хийх үү” гэж хэлснээс болоод Э уурласан байх. Түүнээс өөр ямар нэгэн маргаан болоогүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас)
3. Гэрч Л.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...О надад тодорхой зүйл яриагүй. Нэг эмэгтэй намайг хутгалсан талаар ярьж байсан. Манай гэрт шар өнгийн хуванцар барзгар иштэй хутга байдаг. Манайд өөр хутга байдаггүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),
4. Гэрч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хамтран амьдрагч Эын хамтаар гэртээ байж байсан чинь 8 цагийн орчим найз М манай гэрт ирээд “О хөдөөнөөс ирсэн байна хоёулаа очъё” гээд Э, М бид гурав Оы гэрт нэг шил архи аваад очсон. Тэгээд бид нар авчирсан архиа хувааж уусан. Би ядраад байхаар нь “унтлаа” гэж хэлээд унтсан. Сэрсэн чинь О адууны гэдэс чанаад гаргаж байсан. О, Э бид гурав гэрийн гадаа адууны гэдэс идээд байж байсан чинь Э “яана би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл би О руу харсан чинь Оы баруун талын хөхнийх нь доод хэсгээс цус гарч байсан. Тэгтэл О “муу гичий минь эндээс зайл” гээд байсан. Тэгэхээр нь би Эыг дагуулаад гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас),
5. Гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...бид гурав Оы гэрт очсон. Э, М, О бид нар авчирсан нэг шил архиа хувааж ууж байгаад би ядраад байхаар нь унтаад өгсөн. Тэгтэл О намайг сэрээгээд “адууны гэдэс чанасан босоод ид” гэсэн. Би адууны гэдэс идээд байж байсан чинь О Эыг хэл амаар доромжлоод “энэ хүүхэн чинь намайг нойл орж унтах уу гэж ярьж байна" гээд байсан. Тэгээд би гэрээс хөнжил гудас аваад гэрийн баруун хойд талд очоод унтаад өгсөн. Унтаж байсан чинь намайг хоёр цагдаа сэрээгээд юу болсон талаар асуусан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),
6. Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр цагийг нь мэдэхгүй байна над руу Э.Э залгаад би санаандгүй хүн хутгалчихлаа” гэж хэлээд уйлаад байсан. Тэгэхээр нь би чи эмнэлэг, цагдаад хандсан уу гэсэн чинь “би эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн” гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дугаар хуудас)
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн дүгээр: “Хэсэг газрын үзлэгт цээжний баруун хажуу доод хэсэгт 6-7-p хавирганы түвшинд 2.5см урт мэс заслын оёдол бүхий шархтай, хэвлийн гол дунд хэсэгт 15см урт босоо байрлалтай мэс заслын оёдол бүхий шархтай, хэвлийн баруун доод хэсэгт гуурстай,
1. Б.Оы биед цээжний баруун доод хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шархаар, баруун 6-7-p хавирганы завсараар өрцөнд хатгагдаж, зүсэгдэж, цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээж, хэвлийн хөндийд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас),
8. Шинжээч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Дээрх гэмтлийг тогтоохдоо Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын баталсан гэмтлийн зэрэг тогтоох журмыг үндэслэн тогтоосон. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас цээж хэвлийн хөндийн шингэн хуралдах шинж илэрсэн бол гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж заасан байдаг. Дээрх гэмтэл нь хэдий хугацаанд эдгэрэх нь тухайн хүний нас бие махбодийн онцлогоос шалтгаална. Тухайн гэмтлийг аваад эмнэлгийн тусламж үйлчилгээг тэр даруйд нь авч цээж хэвлийн хөндийн хуралдсан шингэнийг оношилж соруулж аваагүй бол учрах үедээ амь биед аюултай гэмтэл...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас)
9. Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“... Тэр үед би хувин дотор байсан махнаас хутгаар идээд байж байсан. Би тухайн үед ямар үйлдэл хийсэн талаараа сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь баруун гартаа хутга бариад зогсож байсан. Н.М надад “чи хүн хутгалчихлаа ш дээ, яаж байгаа юм гэж” хэлсэн. Тэгтэл Оы цээжний баруун талаас цус гарч байсан. Гартаа байсан хутгаа хойш нь шидээд эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гэж орилсон. Би -д хэвтэн эмчлүүлж байхад бэлнээр 500.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85-88 дугаар хуудас)
10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нар гэм буруу, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим “чи нойлд миний хойноос хийчих” гэж хэллээ гэх шалтгаанаар Б.Отай марган, цээжин тус газарт хутгаар хутгалж түүний биед нь цээжний баруун доод хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун 6-7 дугаар хавиргаы завсараар өрцөнд хатгагдаж, зүсэгдэж, цээж хөндийн рүү нэвтэрсэн шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх3-9), хохирогч Б.Оы мэдүүлэг (хх20-24), гэрч Н.Мын мэдүүлэг (хх36-37), гэрч С.Э мэдүүлэг (хх-39), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 5951 дүгээр дүгнэлт (хх43-45), шинжээч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг (хх 60-62), шүүгдэгч Э.Эын мэдүүлэг (хх88-89) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Э нь хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогч Б.Оы биед хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн дүгээр дүгнэлт, эд мөрийн баримтаар хураан авсан нэг ширхэг хутга (хх-15) зэргээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: -Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэж хууль тогтоогчоос тайлбарласан.
Хууль тогтоогчийн аутентик тайлбараар хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл бөгөөд хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Э.Эыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүхээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилжээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.О нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг болон хүсэлтийг (хх-23,102) гаргасан байх тул шүүгдэгч Э.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатараас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Э.Э нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-63) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж,
- 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар хэрэглэж болно” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан саналыг хүлээн авч, шүүхээс шүүгдэгч Э.Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Э.Э нь 7 настай, охин Э.А, 4 настай, хүү Э.Ч гэсэн хүүхэдтэй, ганц бие эх болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар (хх95-96), тодорхойлолт (хх97) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар “... эх нь хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд...”-ийг асран хамгаална,
Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “..хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ...” гэж заасан байх тул 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Э.А, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.Ч нарт асран хамгаалагч тогтоох, түүнтэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.