Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 225

 

         М.М-, Т.М-, Н.Б- нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Ууганцэцэг,

шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн,

шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Чинбат,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 556 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М.М-, шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.М-, Т.М-, Н.Б- нарт холбогдох 2016260012840 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Сартуул овогт М-н М-, 1993 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД: /,

2. Буяндэлгэр овогт Т-н М-, 1993 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Өвөрхангай аймагт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

3. Боржигон овогт Н-н Б-, 1997 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, салхивч, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Термо тех” ХХК-д текникч ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Дархан-Уул аймагт оршин суух, ял шийтгэлгүй /РД:,

М.М-, Т.М-, Н.Б- нар нь 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вьетнам засварын газар”-т БНСВУ-ын иргэн TRUONG VAN SON /Троунг Ван Сон/, NGUYEN NGOC TOAN /Нгуен Нгок Тоан/ нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, NGUYEN NGOC TOAN-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, TRUONG VAN SON-ны 50.000 төгрөгийг дээрэмдэн авсан,

Мөн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус газарт БНСВУ-ын иргэн TRUONG VAN SON-ны эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, “IPhone 5S” загварын гар утсыг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: М.М-, Т.М-, Н.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.М-, Т.М-, Н.Б- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Т.М-, Н.Б- нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, М.М-, Т.М-, Н.Б- нарын цагдан хоригдсон 17 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, М.М-ийн 2 ширхэг гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, М.М-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хүчингүй болгож, Улаанбаатар банкин дахь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2601038092 тоот данснаас 4.500.000 төгрөгийг гаргуулж М.М- /УШ93052616/-т олгож, Ж.Эрдэнэчимэгийн өмчлөлийн 86-54 УБЭ улсын дугаартай, “Toyota Crown” загварын суудлыг автомашиныг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцож, М.М-, Т.М-, Н.Б- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие тухайн үед автомашинаа засуулах гэж очсон бөгөөд тэд нарын дээрэнгүй, үл тоомсорлосон, шунахай байдал, мөн нохойд хайртай өөрийн зангаасаа болж болчимгүй үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Би тэр хоёр Вьетнамыг айлгаж, хашраах гэсэн дүр эсгэж хэдэн удаа цохисон. Дээрэм хийх бодол байгаагүй. Би анхнаасаа хийсэн үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар бүрэн төлсөн. Хохирогч нар гомдол саналгүй болсон. Миний бие нас залуу, цаашид сурч боловсрох, ажил хөдөлмөр хийж эх орондоо хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй байна. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Т.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Цаашид дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй, чин шударгаар амьдрах хүсэл эрмэлзэлтэй байна. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Т.М-гийн өмгөөлөгч Г.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд мэтгэлцээний зарчмыг баримтлан гэмт хэргийн сэдэлт дээр өөрийн санааг тайлбарлан оролцсон болохоос гэмт хэргийг үйлдээгүй гэсэн санааг илэрхийлээгүй. Шүүгдэгч Т.М-гийн хувьд бусдын биед гэмтэл учруулаагүй, 1 удаа алгадсан, авсан мөнгөө хувааж хэрэглэсэн зэргээр тодорхой ярьж мэдүүлсэн бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээсэн байдаг. Ийм байхад шүүх “шүүгдэгч нар гэм буруугаа хүлээгээгүй” гэж үзэн тэдэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлээгүйг эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Т.М- нь өөрийн гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй болно. Дээрх нөхцөл байдал болон ар гэрийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан БНСВУ-ын иргэн хохирогч NGUYEN NGOC TOAN, TRUONG VAN SON, яллагдагч, шүүгдэгч М.М-, Т.М- нарын мэдүүлгүүдийг шинжлэн судлахад М.М-, Т.М- нар хохирогч нарыг зодсон эсэх, мөнгө, эд зүйлийг нь авахыг Н.Б- харсан эсэх асуудал нь илтэд эргэлзээтэй, хохирогч нараас энэ талаар нарийвчлан асууж тодруулах шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд орчуулагчаар оролцсон БНСВУ-ын иргэн THI THUY-гийн боловсролын баримт бичгээс үзэхэд тэрээр хуулийн зохих шаардлагыг хангаж, орчуулагчаар оролцох эрхгүй этгээд болох нь харагддаг. Гэвч миний үйлчлүүлэгч Н.Б- нь шийтгэх тогтоолыг уншиж танилцаад, өмгөөлөгчтэйгээ биечлэн уулзахдаа өөрөө дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд биечлэн оролцоогүй ч гэсэн М.М-, Т.М- нартай хамт явсан, дээрэмдсэн эд зүйлийг нь хувааж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, үүндээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Иймд Н.Б-ийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлж, гэм хороо бүрэн арилгасан байдал, тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо болон ар гэр, хувийн байдлыг нь харгалзан үзэж хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзсан. Энэ талаараа шүүгдэгч М.М-т танилцуулж, түүний зөвшөөрлийг авсан. Шүүгдэгч М.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа ба түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй болсон зэрэг нөхцөл байдал болон ар гэр, хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн дээрмийн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан. 2015 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарт 2017 оны 7 дугаар сард ял өөрчлөн сонсгож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй байна.

Прокуророос М.М-, Т.М-, Н.Б- нарыг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вьетнам засварын газар”-т БНСВУ-ын иргэн TRUONG VAN SON,  NGUYEN NGOC TOAN нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, NGUYEN NGOC TOAN-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, TRUONG VAN SON-ны 50.000 төгрөгийг дээрэмдэн авсан, мөн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус газарт иргэн TRUONG VAN SON-ны эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, “IPhone 5S” загварын гар утсыг нь дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс М.М-, Т.М-, Н.Б- нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчилан тодорхойлсон ба энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”,

- 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”

- 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж,

Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа ... гэмт хэргийн шинжийг өөрөө илрүүлсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах... эрхтэй.”,  

- 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Мөрдөгч, прокурор ... гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн ... тохиолдолд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч шалгана.” гэж тус тус заажээ.

Хэргийн материалыг судлахад, мөрдөн байцаалтын явцад гэрч NGUYEN BA THANG нь “...2016 оны 12 дугаар сарын дундуур ажил дээрээ байж байхад 3 залуу орж ирээд надад Монголоор “машинаа засуулах гэсэн юм” гэхээр нь би хаалга руу дөхөөд очиход махлаг, сахалтай залуу миний куртикийг татаад зогсоосон. Тэгэхэд миний куртикний халаасанд байсан гар утас газарт унасан ба хэн нэгэн нь авсан байх. Намайг махлаг залуу нь цохиж зодоод байхаар нь өөрийнхөө халаасанд байсан бэлэн 130.000 төгрөгийг түүнд гаргаж өгсөн...” /1хх-ийн 41-42/ талаар мэдүүлсэн байх ба шүүгдэгч Т.М- нь уг иргэнд хүч хэрэглэж, түүний бэлэн мөнгө, гар утас зэргийг М.М-, Н.Б- нартай хувааж авсан талаар мөн мэдүүлжээ. /1хх-ийн 21-22/,

Түүнчлэн шүүгдэгч М.М-, Т.М-, Н.Б- нараас “Samsung”, “LG” загварын гар утас болон бэлэн 130.000 төгрөг зэргийг тус тус хураан авч, иргэн NGUYEN BA THANG-д хүлээлгэн өгсөн байна. /1хх-ийн 10-13/,

Үүнээс үзэхэд иргэн NGUYEN BA THANG нь энэ гэмт явдлын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол хүлээсэн байхад мөрдөн байцаалтын явцад түүнд хүч хэрэглэж, эд зүйлийг нь авсан гэмт хэргийн шинжтэй байж болох үйлдлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалгүй орхигдуулж, зөвхөн иргэн TRUONG VAN SON, NGUYEN NGOC TOAN нарыг уг хэрэгт хохирогчоор тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.

Энэ талаар прокурор Д.Ууганцэцэг нь тус шүүх хуралдаанд “иргэн NGUYEN BA THANG нь алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан ба тэрээр ямар нэгэн гомдол, саналгүй тул цагдаагийн байгууллагад шалгуулахгүй гэсэн” гэх тайлбарыг өгөх боловч уг шалтгаанаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүй байх хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах” тухай заалт нь шүүгдэгчид ял сонсгоогүй, шүүхэд шилжүүлээгүй гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс хязгаарлаж байгаа заалт бөгөөд харин шүүхэд шилжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзэхгүй болно.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр заасан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.М-, Т.М-, Н.Б- нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч М.М-, Т.М-, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаад шийдвэрлээгүй болохыг дурьдвал зохино.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 556 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.М-, Т.М-, Н.Б- нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд нь буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол М.М-, Т.М-, Н.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                                           Н.БАТСАЙХАН