Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 007

 

 

Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзах тухай

 

Хэргийн индекс: 114/2018/0038/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 8-р хэсэг, 00 тоотод оршин суух, Баадай овогт Лувсаншаравын Эхбаригчийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 106 тоот захирамжийн Ё.Вандансүрэнд холбогдох хэсэг, 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаартай захирамжийн “БОТМ” ХХК-д холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгуулах”  шаардлагатай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.Эхбаригч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:- Л.Эхбаригч миний бие 2002 оноос эхлэн Хонгор сумын Бэрх-уулын ар гэдэг газар амьдарч ирсэн бөгөөд 6 жилийн турш эзэмшиж байсан газраа хувьчилж авахыг хүсэж Хонгор сумын газрын даамалд 2013 онд өргөдлөө өгсөн. Ингээд энэ өргөдлийнхөө араас бүхэл бүтэн 6 жил хөөцөлдөж асууж сураглаж явсан. Тэгэхэд таны өргөдөл шийдэгдэхгүй байна хүлээж бай гээд явуулаад байсан. 2018 оны 10 сарын 15-ны өдөр Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг “таны хөөцөлдөж яваа газрыг 2015 оны 5-р сарын 06-ны өдрийн 106 тоот захирамжаар Ё.Вандансүрэнд, 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаартай захирамжаар “БОТМ” ХХК-д олгосон байна” гэж хэлсэн. Ингэж би эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдэж Аймгийн Засаг даргад өргөдөл гомдол гаргасан. Энэ өргөдөл гомдлын хариуг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн.

            Иймд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын                06-ны өдрийн 106 тоот захирамжийн Ё.Вандансүрэнд холбогдох хэсэг, 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаартай захирамжийн “БОТМ” ХХК-д холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

              Гэвч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг нь намайг өргөдлөө дахин гаргаж өөрийн авахыг хүссэн газрыг өмчлөлд авах асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой гэж хэлсэн учраас энэ хэлснийх нь дагуу Засаг даргад хандах бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Өндөр настан надад өргөдлийн минь дагуу хүссэн газрыг минь өгөх байх гэж найдаж энэ шийдвэрт хүрсэн юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч Л.Эхбаригч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах,...” мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд  2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирүүлснийг шүүх хүлээн авсан болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаар энэ хэргийн гуравдагч этгээд Ё.Вандансүрэн, “БОТМ” ХХК-ийн эзэмшил газартай маргах эрхээ алдах бөгөөд өөр бусад газарт газар эзэмших, өмчлөх хүсэлт гаргаж захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүхийн шийдвэрийн үр  дагаврыг тайлбарласан болно.

Иймд нэхэмжлэгч Л.Эхбаригч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2018/0038/3 дугаар бүхий индекстэй  захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Эхбаригч нь хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 106 тоот захирамжийн Ё.Вандансүрэнд холбогдох хэсэг, 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаартай захирамжийн “БОТМ” ХХК-д холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Л.Эхбаригчид олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

   4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг нэхэмжлэгчид  мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                          З.ЭНХТУЯА