Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 871

 

 

 

 

 

 

 

 

 

                                            Б.Гантөмөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Гантөмөрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва, Төрийн банк дахь Багануур салбарт тус тус холбогдох

 

Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх, чөлөөлөх шийдвэрийг Багануур дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд 267 667 561 төгрөгийг гаргуулах  тухай хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баярмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Оюунтунгалаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Б.Алтангэрэл, Я.Отгонбаатар нартай уулзахад миний өмчлөлийн “Их суудал” ХХК-ийг бүхэлд нь худалдан авах санал тавьсныг би зөвшөөрсөн. Тэд нар шууд худалдан авах бэлэн мөнгөгүй тул эхлээд компанийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж аваад, дараа нь зээлийн барьцаанд тавьж, зээл авч надад мөнгө өгнө гэж учирлан гуйсан. Би тэдний гуйлтаар хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, бүх эрхээ 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 281 дугаартай нотариатчаар гэрчлүүлэн, Б.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарын нэр дээр шилжүүлсэн. Дараа нь Б.Алтангэрэл, Ц.Сэрдагва нар өнөө маргаашгүй гадаад, дотоодоос мөнгө орж ирэх гэж байгаа, хүлээж байгаарай, удахгүй мөнгийг чинь өгнө, зээл хөөцөлдөж байна гэсээр 2014 оны 7 дугаар сар гаргасан. Үүнээс хойш надтай уулзахдаа мөнгө зээлэх гэхээр компанийг худалдах, худалдан авах гэрээ хийсэн байх шаардлагатай тэгвэл банк мөнгө олгоно гэсэн. Чи одоо бид нартай худалдах, худалдан авах гэрээ хийх шаардлагатай байна. Банк компанийн үл хөдлөх хөрөнгийг хэдэн төгрөгөөр худалдан авсан гэрээгээ авчирч, үнийг тодорхойлж байж зээл ав гэсэн гээд миний өмчлөлийн компанийг бүрэн шилжүүлж авсан бөгөөд төлбөр тооцоогоо дуусгаагүй байж төлбөрийг төлөхгүйгээр өөрсдийн болгох, санаа зорилгыг агуулсан байжээ. Тухайн үед Б.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт бэлэн мөнгө байгаагүй боловч би тэдэнд итгэж өөрийн эзэмшлийн компанийн эрхийг бага бус, асар их мөнгөөр үнэлэгдэх, үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлсэн. Гэвч миний эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсныг далимдуулан, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан мөнгөө, зээл авч байгаад төлнө гэж гэрээ байгуулан төөрөгдүүлж, өнөөдрийг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зайлсхийж байна. Иймд Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарын хооронд хийгдсэн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Их суудал” ХХК-ийн хувьцаа бэлэглэлийн гэрээ мөн компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчингүйд тооцуулах, Төрийн банкны Багануур салбараас авсан 85 000 000 төгрөгийн зээл болон барьцаат зээлийн гэрээг хүчингүйд тооцуулж, Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө нь “Их суудал” ХХК-ийг худалдаа, үйлчилгээний чиглэлээр баригдсан барилгыг барьцаанд тавих асуудлаар Төрийн банкны захирал Отгонбаатартай уулзахад найдваргүй зээлдэгч тул зээл олгох боломжгүй харин хамтран ажиллаж болно, обьектыг чинь худалдаж авах хүн байгаа гээд хариуцагч Б.Алтангэрэлтэй уулзуулсан байдаг. Ингээд үл хөдлөх хөрөнгийг худалдан авах тухай аман хэлцлүүд хийгдэж эхэлсэн. Б.Алтангэрэл 350 000 000 төгрөгөөр худалдаж авах болоод төлбөрийг нь төлөхөөр Төрийн банк-наас зээл хөөцөлдсөн. Зээл бүтэхгүй болонгуут эхний ээлжинд 50 000 000 төгрөгийг бэлнээр, 50 000 000 төгрөгт суудлын автомашин өгнө гээд компанийг өөрийн нэр дээр шилжүүлэн, зээл авч, үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн хэлцэл хийгдсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийх гэхээр мөнгө байхгүй учир хувьцааг бэлэглэлийн гэрээгээр хийж, хариуцагч нар урьдчилгаа 50 000 000 төгрөг бэлнээр, 18 500 000 төгрөгт тооцож AUDI маркийн машин, мөн LX-470 маркийн машиныг өгнө гэж хэлээд хувьцаа бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Багануур дүүргийн тойргийн нотариатч Рэнцэнханд дээр очиж байгуулсан. Үүнээс хойш мөнгө бүтэхээр өгнө, зээл аваад өгнө гэж явсаар 2014 оны 7 дугаар сар хүрсэн бөгөөд Б.Гантөмөр, бид нар өмнө нь хамтран ажиллаж байсан тул энэ асуудлаар бидэнд хандсан. Бид Д.Алтангэрэлд үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулсан утгатай мэдэгдлийг явуулахад, 2014 оны 12 дугаар сард хариуцагч Д.Алтангэрэл уулзан, зээл авах гээд хөөцөлдөж байгаа боловч худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байх шаардлагатай гэж байна, худалдах, худалдан авах гэрээ хийе гэсэн асуудлыг тавьсан боловч худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй гэдгээ Б.Гантөмөр хэлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа “Их суудал” ХХК-ийн хөрөнгө зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаар лавлагаа гаргуулахад Төрийн банкны Багануур салбарт 2014 оны 5 дугаар сард зээлийн барьцаанд тавигдсан гэсэн албан бичиг ирсэн. Энэ лавлагааг үндэслээд, зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үндсэндээ Д.Алтангэрэл, нэхэмжлэгч Б.Гантөмөрийн эрхийг зөрчиж, дүр үзүүлсэн хэлцлийг байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн банкны Багануур салбарыг хамтран хариуцагчаар татсан байгаа. Төрийн банкны Багануур салбар Д.Алтангэрэлийн Б.Гантөмөрөөс шилжүүлж авсан хөрөнгийг зээлийн барьцаанд авч болохгүй гэдгийг мэдсээр байж зээл олгосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их суудал” ХХК-ийн захирал Б.Гантөмөр өөрийнхөө компанийн хөрөнгө болох зоогийн газар, диско баар зэргийг хувьцааны үнэлгээнд оруулж, 100 ширхэг хувьцааны нэг бүрийн үнийг 30 000 төгрөг гэж Д.Алтангэрэлд 50 ширхэг хувьцаа, Ц.Сэрдагвад 50 ширхэг хувьцааг тооцон, дээрх хувьцаа болон компаниа 350 000 000 төгрөгөөр үнэлж, бид хоёрт худалдахаар тохирч, 2014 оны 01 дүгээр сарын 27-нд хэлцлийг байгуулсан. Б.Гантөмөр дээрх худалдсан үнийн урьдчилгаа болгон Д.Алтангэрэл надаас 100 000 000 төгрөг авч, үлдсэн 250 000 000 төгрөгийг үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох үедээ төлөхөөр харилцан тохиролцсон. “Их суудал” ХХК одоо бидний нэр дээр байгаа бөгөөд татварын газарт Д.Алтангэрэлийг захирлаар томилон бүртгүүлж, татварын тайлангаа гарган өгч, “Их суудал” ХХК-ийн зоогийн газар, баарны үйлчилгээний үл хөдлөх хөрөнгөнд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлэн, засвар үйлчилгээг хийсэн бөгөөд энэ хугацаанд маш их асуудалтай тулгаран, засварын ажил 4 сар үргэлжилж, 2014 оны 12 дугаар сард дуусаж, архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гарч, шинэ жилийн өмнөхөн үйл ажиллагаа эхлүүлэн ажиллаж байгаа тул Б.Гантөмөртэй хийсэн хэлцэлд дурдсан, ашиг орлого олоогүй болохоор одоохондоо өгөх ёстой 250 000 000 төгрөгөө өгч чадаагүй байгаа нь үнэн. Б.Гантөмөр бид нартай хийсэн хэлцэлдээ тодорхой хугацаа заагаагүй харин ашигтай ажиллахаар 250 000 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохирсон байгааг шүүх анхаарч үзнэ үү. Бид энэ тухай уулзаж, ярилцаж байгаад эвлэрэх боломжтой  гэжээ.

 

Хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Гантөмөр 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Их суудал” ХХК-ийн 50 ширхэг 1 500 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг Д.Алтангэрэлд, 50 ширхэг 1 500 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг Ц.Сэрдагва нарт бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн. Дүр үзүүлж хийсэн хэлцлийг өөрөө санаачилж, анх “Их суудал” ХХК-ийг 350 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 100 000 000 төгрөгийг эхний ээлжинд төлөхөөр болсон. “Их суудал” ХХК-ийг хүлээж авахад 2009 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, баар, зоогийн газрын цахилгаан, дулаан, бохирын шугам, дээвэр зэрэг нь шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй, баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, газар өмчлөх эрх зөрчилтэй, 2006 онд үл хөдлөхийн гэрчилгээний хугацаа дууссан байсан тул удаан хугацааны туршид хөөцөлдөж, өр төлбөрийг төлөн, үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ бүгдийг Б.Гантөмөр өөрөө маш сайн мэдэж байгаа. Гэвч бидний үйл ажиллагаа огт жигдрээгүй, ашиг орлого олж чадаагүй, биднээс өчнөөн төгрөгийн зардал гарч, обьектыг ажиллуулах боломжтой болонгуут гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь санаатай хууль бус, залилан мэхэлж байгаа үйлдэл. Миний бие дээрх обьектыг хэвийн үйл ажиллагаатай болгохын тулд Төрийн банк, “Бичил глобус” ХЗХ-ноос зээл болон цалингийн зээл гээд нийт 140 588 740 төгрөгийн зээлээ одоо болтол төлж дуусаагүй, үндсэн зээл болон хүүг төлөөд явж байна. Мөн обьектын бүх тоног төхөөрөмж, барилгын материал, эд хогшилыг БНХАУ-аас очиж авч ирсэн ба нэхэмжлэлд БНХАУ-аас авсан өртгөөр нэхэмжилсэн байгаа болно. Уг тоног төхөөрөмж, эд хогшил, компьютер, хөгжим аппаратур зэрэг нь салгаж болохооргүй суурилагдсан. Б.Гантөмөр хүчин төгөлдөр бус хэлцлийг хийхэд өөрөө буруутай гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдээс өөрт учирсан хохирол нийт 267 667 561 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Эрх нь зөрчигдсөн хэн ч нэхэмжлэл гаргах эрхтэй. Ямар үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй. Хууль бус хэлцлийн улмаас хохирсон, тийм учраас сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж хэлж байна. Сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлээ хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэл байдаг. Хариуцагч Д.Алтангэрэл “... Б.Гантөмөрийг ашиг олсны татвар төлөхөөс зайлсхийж, намайг хуурч мэхэлсэн гэж үзэж байгаа ... анхнаасаа худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой байсан” гэх утга бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба иргэн Б.Гантөмөр, Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нартай байгуулсан хэлцлийн улмаас Б.Гантөмөрийн эрх ашиг ноцтойгоор хөндөгдсөн, иргэн Б.Гантөмөр өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон компанийн эрхээ бусдыг хуурч мэхэлж, бусдад шилжүүлэн, өөрөө өөрийгөө илт хохироох гэдэг асуудал байх боломжгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Доржсэмбээгийн Алтангэрэл, Бугаар овогт Цэндийн Сэрдагва нарт холбогдох компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээнүүд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байсан болохыг дурдаж, хариуцагч Д.Алтангэрэл, Төрийн банкны Багануур салбарын хооронд байгуулагдсан зээл болон барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөр, Б.Галхүүгийн өмчлөлийн AUDI маркийн УНО 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 54 950 000 төгрөгийг хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт, хариуцагч нар “Их суудал” ХХК-ийн 30 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг, компанийн эзэмших эрхийн хамт Б.Гантөмөрт буцааж,

“Их суудал” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Багануур дүүргийн Төрийн банк зөвшөөрснийг баталж,

 Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 139 416 582 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 128 250 497 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дүгээр зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөрөөсулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 354 005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 1 177 003 төгрөгийг гаргуулж Б.Гантөмөрт, хариуцагч Д.Алтангэрэлээс сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 444 337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан 139 416 582 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 85  033 төгрөгийг Б.Гантөмөрөөс гаргуулж, нэхэмжлэгч Д.Алтангэрэлд, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дугаартай гүйцэтгэх хуудсаар төлөх 582 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 291 475 төгрөгийг, хариуцагч Багануур дүүргийн Төрийн банкны салбараас улсын тэмдэгтийн хураамж 291 475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гантөмөрт олгуулахаар шийдвэрлэжээ.

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, өмгөөлөгч О.Оюунтунгалаг нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ удаа дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэт нэг талд үйлчлэн хариуцагчид илэрхий давуу байдал олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцахад  нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Багануур дүүргийн "Төрийн банк" хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлан нэхэмжлэлийн "Төрийн банк"-ны Багануур дахь салбарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэжээ" гэж ойлгогдож байна. Анхан шатны шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой авч үзэж хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг зөв зүйтэй үнэлээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн баримтлан хэргийг шийдвэрлэх байтлаа Иргэний хуулийн 228 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус гарсан болохыг нотлож байгаа болно. Шүүх нэхэмжлэгчийн үндсэн болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж ойлгогдохоор шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсан атлаа улсын тэмдэгтийн хураамжийг нь зөв хувиарлаж шийдвэрлээгүй, хариуцагч Д.Алтангэрэлийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 139 416 582 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс гаргуулан хариуцагч Д.Алтангэрэлд олгуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль бус шийдвэр гэж үзэж байна. Маргаан бүхий иргэний хэрэг Улсын дээд шүүхээс хэрэг 2016 оны 01 дүгээр зүйлийн 14-ний өдрийн 001\ХТ2016\00025 дугаар тогтоолын дагуу Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргэгдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж улмаар "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт хүргэгдэн ирж 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргээгдсэн өдөр нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгч өөрөө дур мэдэн өөрчилж үндэслэлгүйгээр 1 845 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид нөхөн төлүүлэх тухай захирамж гарган улмаар Багануур дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шүүхийн шийдвэргүй гүйцэтгэх хуудас бичин хүргүүлж нэхэмжлэгчид хууль бусаар дарамт шахалт үзүүлсэн нь илт хууль бус үндэслэл гэж үзэж байна. Хэрвээ анхан шатны шүүх зохигч талуудаас улсын тэмдэгтийн хураамжийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн өмнө заавал шүүхээс гүйцэтгэх хуудас бичин нөхөн төлүүлэх үүрэгтэй байдаг юм бол хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх төлбөрөөс 51 950 төгрөгийг дутуу төлсөн байсан. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 51 950 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн  573 дугаар захирамж гарсан. Уг захирамж  хүчин төгөлдөр байсаар атал дээрхитэй ижил хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 51 950 төгрөгийг гаргуулах гүйцэтгэх хуудсыг Багануур дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд яагаад хүргүүлээгүй байгаа нь ойлгомжгүй бөгөөд үүгээрээ шүүх талуудыг илт ялгаварлан, хариуцагч талд илт давуу байдал олгосон гэж үзэж байна. Нөгөө талаар хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нотлох баримт болох “Хөрөнгийн Үнэлгээний Төв” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №328 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №720 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчид гаргасан дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйл 11.1,11.3,11.4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн.  Шүүх үүнийг  мэдсээр атлаа, мөн 1-р хх-ийн 167 дугаар талд авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй, "Их Суудал" ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг Б.Гантөмөрөөс шилжүүлэн авсанаас хойшхи үйл ажиллагааны зардлуудыг жагсаасан баримтыг нотлох баримтаар үнэлэн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...бусад хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ...." гэсэн нь хууль бус гэж үзэж байна. Хариуцагч Д.Алтангэрэл нар нь “Их суудал" ХХК-ийг Б.Гантөмөрөөс 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн авсанаас хойш үйл ажиллагаа явуулж ирсэн үйл ажиллагааны зардлыг ямар учраас Б.Гантөмөр нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэг хүлээж Д.Алтангэрэл нарт төлөх үүрэгтэй болсон, энэ нь ямар нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон болохыг огт ойлгохгүй байна. Шүүгч Б.Гантөмөр, Ц.Сэрдагва, Б.Алтангэрэл нарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Хувьцаа бэлэглэлийн гэрээ" болон " Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-нүүдийг Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн  56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж үүнийг шийдвэртээ тусгаж өгчээ гэж ойлгож байна. Гэтэл сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар Б.Гантөмөр нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох нь ямар баримтаар нотлогдож байгаа тухай огт зааж өгөөгүй" атлаа нэхэмжлэгч Б.Гантөмөрийг дангаараа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж тооцон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар талууд анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу "талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг нь төлөх үүрэгтэй" тул Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нар нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн "Хувьцаа бэлэглэлийн гэрээ" болон "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-ээр шилжүүлэн авсан "Их Суудал" ХХК-ний хувьцаа болон компанийн эрхийг Б.Гантөмөрт буцаан шилжүүлэн өгч харин Б.Гантөмөр нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.Алтангэрэлээс авсан 50 000 000 төгрөг, "Ауди" маркийн автомашиныг Д.Алтангэрэлд буцаан шилжүүлэн өгөх шийдвэр гаргах нь хуульд нийцсэн шийдвэр байх байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа нь Иргэний хуулийн 228-р зүйлийн 228.1 дэх хэсгийг хэрэглэн       "гэм хорыг арилгах бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно" гэж зааснаар хариуцагч Б.Гантөмөрөөс  “Хөрөнгийн Үнэлгээний Төв" ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 720 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр 24 811 000 төгрөг, Хөрөнгийн Үнэлгээний Төв" ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №328 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 69 072 441 төгрөг, "Их суудал" ХХК-тай холбоотой гарсан зардлуудын тооцоо 16 983 320 төгрөг, нэхэмжлэгч Д.Алтангэрэл өөрийн нэр дээр тоног төхөөрөмж, тавилга, эргэлтийн хөрөнгө худалдан авахаар Багануур дүүргийн "Төрийн банк"-ны салбартай  2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 10 удаагийн үйлдлээр төлсөн зээлийн төлбөрийн дүн 28 549 821 төгрөг, нийт 139 416 582 төгрөгийн хохирол гаргуулах хуульзүйн үндэстэй байна " гэж дүгнэн  шийдвэр гаргасан нь үнэхээр ойлгомжгүй байна. "Их суудал" ХХК-ийг 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртэж буй этгээд болох Д.Алтангэрэлийн ашиг орлого олохын тулд зарцуулсан мөнгө, үйл ажиллагааны зардал, зээлийн төлбөрийг нь яагаад Б.Гантөмөр хариуцах ёстой юм. Б.Гантөмөр нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд буруутай байсан юм уу, эсвэл Д.Алтангэрэл нь буруутай байсан юм уу гэдгийг    шүүх   яагаад   ялган ойлгохыг хүсэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. "Төрийн банк"-ны Багануур дахь салбарын захирал Я.Отгонбаатарыг таньдаг тул Б.Гантөмөр эхлэн харьцсан, хөрөнгөө худалдах буюу эсвэл зээлийн барьцаанд тавьж үйл ажиллагаа явуулах хүслээ хэлсэн байдаг. Я.Отгонбаатар нь өөрийн нэр дээр хувьцааг шилжүүлэн авах боломжгүй тул хойд эцэг Ц.Сэрдагвыгаа өөрийн төлөөлөл болгон мөн Д.Алтангэрэлийг Б.Гантөмөртэй танилцуулан шилжүүлэн авч буй хөрөнгийг нь барьцаалан зээл авч мөнгийг нь гаргаж өгөхөөр тохиролцсон тул Б.Гантөмөр хөрөнгөө Д.Алтангэрэл нарт компаниа шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүх анхнаасаа 350 000 000 төгрөг төлөх чадваргүйн улмаас "Худалдан худалдах авах гэрээ" хийгээгүй "Хувьцаа бэлэглэлийн гэрээ"-ээр компанийн эрх, хувьцаа, компанийн хувьцааг дагалдуулан үл хөдлөх эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва, ар талын нууц ноёнтой Я.Отгонбаатар нарыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлий 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн буруутай этгээдүүд гэж тооцоогүй. Харин 350 000 000 төгрөгөөр үнэлж худалдах, худалдан авахаар тохирсон боловч тохиролцсон үнийнхээ 20 хувьд ч хүрэхгүй 50 000 000 төгрөг, 18 500 000 төгрөгт үнэлэгдсэн "Ауди" маркийн машиныг авч Я.Отгонбаатарын үлдэх 31 500 000 төгрөгт тооцон өгнө гэсэн “Жип” машинаа ч болов өгөхийг нь хүлээж мөн үлдэгдэл төлбөр болох 250 000 000 төгрөгийг төлөхийг нь хүлээн  тэдэнд илт хууртагдсан Б.Гантөмөрийг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж яагаад дүгнэсэнээ шийдвэртээ зааж өгөөгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судалсан атлаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан нотлох баримтыг шинжлэн судласны дараагаар талуудаас тайлбар аваагүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчихөд бас хүргэсэн. Үүгээр хууль бус шийдвэр гарах үндэс болжээ гэж үзэж байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа зөрчиж байсан тул хуульд заасан үндэслэлээр  илт үндэслэлгүй захирамжийг нь хүчингүй болгуулах, шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцүүлэн гаргуулахын тулд дахин шинжээч томилуулах, улсын тэмдэгтийн хураамжийн талаархи асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх, хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гаргуулах, огт байхгүй хуулийн заалтыг хэрэглэн гаргасан захирамжийг нь хүчингүй болгуулах гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргаад ч шүүх хүлээж авдаггүй. Мөн захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн “захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэх эрхгүй” гэж үзсэн атлаа нэг ижил эрх мэдэл бүхий өөр шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан шийдвэрлэдэг, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн дагуу шүүгч хэргийн оролцогчдод хувийн байдлаа илэрхийлсэн тайлбар гаргадаг, хэргийн оролцогчийн талаар хувийн үзэл бодлоо илэрхийлдэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүх хуралдааны тэмдэглэл илт дутуу, буруу бичигдсэн байсан тул хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүх хуралдааны бичлэгтэй танилцан шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг албан ёсоор гаргахад нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэлгүйгээр эзгүйд нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа ч шүүх хуралдаан хийж захирамж ч юм уу тэмдэглэл ч юм уу зүйлийг хэрэгт хавсаргах гэх мэтээр шүүх тоочоод ч барахгүй шахам илт хууль бус үйлдлүүдийг гаргасан. Энэ нь шүүхийн шийдвэр хууль бус гарахад нөлөөлж нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ашиг хөндөгдөхөд нөлөөлж байгаад гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн 139 416 582 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарын өмгөөлөгч С.Өлзий-Отгон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. "Их суудал" ХХК-ийг Б.Гантөмөрөөс хувьцаа бэлэглэлийн гэрээ болон, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагч нарын эзэмшилд шилжүүлж авахад хариуцагч Ц.Сэрдагвын хувьд нэхэмжлэгчид нэг ч төгрөг өгөөгүй ба “Ауди” маркийн УН0 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 54 950 000 төгрөгийг хариуцагч Д.Алтангэрэл өөрөөсөө гаргаж өгсөн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч Ц.Сэрдагва нар хүлээн зөвшөөрч шүүх хурал дээр мэдүүлдэг. Гэтэл шүүх  ““Ауди” маркийн УН0 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 54 950 000 төгрөгийг хариуцагч нарт буцаасугай" гэж шийдвэрлэснийг “хариуцагч Д.Алтангэрэлд” гэж өөрчлөлт оруулж өгнө үү. Хариуцагч Д.Алтангэрэл нь хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд 267 667 561 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Б.Гантөмөртэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн дагуу шилжүүлсэн бэлэн мөнгө 54 950 000 төгрөг, 18 500 000 төгрөгт тооцож шилжүүлсэн “Ауди” маркийн УН0 89-82 улсын дугаартай суудлын автомашин, "Их суудал" ХХК-ийн барилгад их засвар хийсэн зардал 69 072 441 төгрөг, дотоод тохижилтод зарцуулсан зардал 24 811 000 төгрөг, тус компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай бичиг баримтуудыг авах, үйлчилгээ хийлгэхэд гарсан зардалд 16 983 320 төгрөг, "Их суудал" ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах, засвар үйлчилгээ, тохижилт хийхийн тулд "Төрийн банк"-ны Багануур салбараас авсан зээлийн төлбөрт 28 549 821 төгрөг нийт 212 866 582 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.Алтангэрэл нь "Төрийн банк"-ны Багануур салбартай байгуулсан "Зээл болон барьцаат зээлийн гэрээ"-ний үүргээ өнөөдрийг хүртэл цаг тухай бүр биелүүлсээр ирсэн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлйн 56.6 дахь хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлээс хангаагүй орхисон 54 800 979 төгрөгийг Б.Гантөмөрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Б.Гантөмөр нь хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва, Төрийн банк дахь Багануур салбарт тус тус холбогдуулан компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх, чөлөөлөх шийдвэрийг Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нар эс зөвшөөрч хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд 267 667 561 төгрөгийг гаргуулах  тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

 Тодруулбал, маргааны зүйл болох “Их суудал” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөд  хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нар нь засвар хийсэн, тоног төхөөрөмж болон эд зүйл шинээр суурилуулсан гэх зардалд 267 667 561 төгрөг зарцуулсан гэж сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

 

               Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 328, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 720 тоот дүгнэлтүүдийг шийдвэрийн үндэслэл болгожээ.

 

               Зохигчдын хоорондох эрх зүйн маргааны гол зүйл болох асуудлаарх шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхаараагүй, нотлох баримт бүрдүүлэх шаардлагыг хангасан гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

              Анхан шатны шүүх хариуцагч Д.Алтангэрэлийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамжаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд шинээр суурилуулсан тавилга, тоног төхөөрөмжүүдийн зах зээлийн үнэлгээнд дүгнэлт гаргахыг даалгажээ.

           

            Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогч нартай ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан байна.

 

            Тодруулбал, шүүх шинжээч томилохоос өмнө тухайн маргаанд шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой гэж үзсэн этгээдийг дуудан ирүүлж, уг хэрэгт дүгнэлт гаргахад мэргэжил, чадварын талаар болон хэргийн оролцогч нартай ямар харилцаатай болох, тэдгээрийн нөлөөнд автахгүйгээр шинжилгээ хийх боломжтой эсэхийг тодруулах ажиллагааг өөрөө явуулах нь учиртай. Гэвч анхан шатны шүүх шинжээч томилсон шүүгчийн захирамжийн хамт шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтыг хүргүүлсэн байгааг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй юм.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн атлаа зохигчдоос гаргасан хүсэлтийг хүлээн авч тухай бүр хэргийг сэргээж, хүсэлтийг шийдвэрлээд хэргийг дахин түдгэлзүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт нийцээгүй байна. /3-р хх-ийн 670-671, 4-р хх-ийн 22-25 дугаар тал/

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 2 490 900 /62 950+1 845 000+ 582 950/ төгрөг төлсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн  хураамжийг буруу хуваарилсан байна.

 

            Мөн нэхэмжлэгч талаас тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзсан байхад уг татгалзлыг шийдвэрлэхдээ гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсгийг зөрчжээ. /4-р хх-ийн 175-176/

 

Иймд анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагаас төлсөн 855 100 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өлзий-Отгоноос төлсөн 431 960 төгрөгийг тус тус буцаан олгохыг дурдсугай.

                                                                                           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

                                              ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                Г.ДАВААДОРЖ