Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01496

 

“Х” ХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн “Х” сум дахь сум дундын шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2018/00016 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 204/МА2018/00010 дугаар магадлалтай,

“Х” ХК-ний нэхэмжлэлтэй

“НН” БГБХ нөхөрлөлд холбогдох

Худалдах-худалдан гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөрт 34 000 000 төгрөг, алданги 11 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашмаа, Г.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХК-ий гүйцэтгэх захирал Р.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХК-ий менежер Р.Отгонбаяр “НН” нөхөрлөлийн дэд дарга Ч.Нарангэрэлтэй 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Суулгац худалдах, худалдан авах гэрээ байгуулан 3 настай чацарганы суулгацыг 1 ширхэгийг 1500 төгрөгөөр тооцож 25.000 ширхэг чацарганы суулгацыг худалдан авагчид нийлүүлэх, худалдагч талд хэлэлцэн тохирсон үнэ болох 37.500.000 /гучин долоон сая таван зуун мянга/ төгрөг төлөхөөр харилцан тохирч гэрээг байгуулж гарын үсэг зурж 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр худалдан авагч талд өгсөн. Гэрээний урьдчилгаа хөлс 3.500.000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсны дараа хүлээн авсан. “Х” ХК нь гэрээнд заасны дагуу 3 настай 25.000 ширхэг чацарганы суулгацыг 1 өдрийн дотор ажилтан нараар бойжуулгын талбайгаас ухуулан гаргаж “НН” нөхөрлөлийн дэд дарга Ч.Нарангэрэлд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шаардах хуудас, зарлагын падаан дээр хоёр тал гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн. “НН” нөхөрлөл нь одоогоор нийлүүлсэн чацарганы суулгацын үлдэгдэл 34.000.000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг өгөх боломжгүй үлдэгдэл хөлсийг хоёр хувааж ойрын хугацаанд төлж барагдуулна гэхэд нь би зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл өгөөгүй байгаа. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч зээл хөөцөлдөж байна гээд одоо болтол төлбөрийг өгөхгүй байгаа тул “НН” нөхөрлөлөөс “Х” ХК-ий нийлүүлсэн 3 настай суулгацын үлдэгдэл төлбөр болох 34.000.000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 327.950 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбаяр шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: ...”НН” нөхөрлөл нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Х” компаниас 3 насжилттай 250 боодол буюу 250.000 суулгацыг худалдаж авах санал гаргаж ирсэн. Тухайн үед бид нар ярилцаж тохирохдоо 3 насжилттай суулгац нь дээр баталгаа өгдөггүй. Ачилтын явцад хугарч гэмтэх тохиолдол гарах тул 2 боодол суулгац илүү өгч явуулдаг. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ЧС-ХХ-АГ 2017/08 дугаартай гэрээ байгуулж 3 насжилтай 25.000 суулгацыг нэг бүрийн үнийг 1500 төгрөгөөр бодож гэрээнд заагдсан хуваарийн дагуу урьдчилгаа 3.500.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг гэрээнд заагдсан хуваарийн дагуу төлөхөөр тохирсон. Хариуцагч тал 34.000.000 төгрөгөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд гэрээний үүрэг дээр тодорхойлсон заалт дээр худалдагч гэрээ хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги авах эрхтэй гэж зааж өгсөн байгаа тул 7 сарын хугацааны алданги 11.900.000 төгрөг тооцож гаргасан байгаа. Үндсэн гэрээний үнэ 34.000.000 төгрөг байгаа. 3.500.000 төгрөг нь төлөгдсөн байгаа. Нийт худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 45.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Нарангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр суулгац худалдах, худалдан авах гэрээг “Х” ХК-тай байгуулсан нь үнэн бөгөөд бид 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3 настай гэх 25000 ширхэг чацарганы суулгацыг авахаар гэрээгээр тохиролцсон. Гэтэл “Х” ХК нь гэрээний дагуу 3 настай суулгац нийлүүлээгүй гэж үзэж байна. Учир нь хүлээн авсан суулгац нь 100 хувь 3 насжилттай биш, чанарыг шаардлага хангахгүй сав баглаа боодолтой байсан ба мөн 25000 ширхэг суулгац (боодолдоо 100 ширхэгээр багцалж боосон гэх 250 боодол хүлээн авсан) гэж тохиролцсон боловч боодол бүр нь тооноосоо 10-30 ширхэг дутуу болон хатсан үхсэн суулгац нийлүүлсэн байв. Манай байгууллага нь авсан суулгацаа цааш нь Агро-Форест ХХК болон Өнө-Эв ХХК-д нийлүүлсэн боловч аль аль нь чанарын шаардлага хангахгүй, дутуу, хатсан үхсэн суулгац нийлүүлсэн гэж шүүмжилж манай байгууллагын нэр хүндэд ч муугаар нөлөөлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч чадахгүй ба 25000 суулгацнаас дутсан, хатсан үхсэн, чанарын шаардлага хангахгүй 9322 ширхэг чацарганы суулгацыг хасаж тооцон нэхэмжилсэн 34 сая төгрөгнөөс 13.983.000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ч.Нарангэрэл шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: Би “Х” компанитай 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж Сэлэнгэ аймагт 20 га тайлбайд чацаргана тарихаар 25.000 суулгац авсан. Урьдчилгаа 30 хувийг нь буюу 3.500.000 төгрөгийг нь төлөөд зээлийн гэрээ байгуулсан. Суулгацаа 2 компанид нийлүүлсэн гээд байгаагийн нэг компани нь Солонгос улсын мод нийлүүлдэг компани байгаа. Суулгац нийлүүлэхэд маш их дутагдал гарсан. “Х” компани суулгацаа шөнө боосон болоод ч тэр юм уу мэдэхгүй. Ялгалт хийхгүйгээр шууд боосон байсан. Би тухайн үед утсаар мэдэгдсэн. Гэхдээ би гэрээнд заасны дагуу 5 хоногийн дотор мэдэгдээгүй гэдгээрээ буруудаж байна. Суулгацнаас нь 3 боодол дутуу ирсэн. Бямбасүрэн агрономич мэдэж байгаа. Танай компани олон газар мод өгдөг. Тендерийн мод гаргадаг гэдэг шалтгаанаар би хүлээж авахдаа задалж хүлээж авах боломж байгаагүй. Харанхуй шөнө хүмүүс амандаа гэрэл зуугаад суулгацыг бэлдэж байсан. Би 5 хоногтоо хэлж чадаагүй болохоос нотлох баримт хангалттай байгаа. Би Саранцэцэг захиралд утсаар хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Улаанбаатар хот ороод жолооч нь суулгацуудыг буулгаад хэдэн тийш тараагаад аваад явахад дутуу байна гэсэн. Тэр үед нь шалгаж үзэхэд дутуу хатсан мод их байсан. Харилцсан газрууд нь тодорхой байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Өвөрхангай аймгийн “Х” сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2018/00016 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “НН” бүх гишүүд бүрэн хариуцлагатай хариуцлагатай нөхөрлөлөөс 45.900.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “НН” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс 533.300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533.300 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 204/МА2018/00010 дугаар магадлалаар Өвөрхангай аймгийн “Х” дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2018/00016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Ч.Нарангэрэлээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 387 450төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашмаа хяналтын гомдолдоо: Магадлалыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гардан аваад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна. Болсон явдлыг тодруулбал: 1. Магадлалын үндэслэх нь хэсгийн 2 дахь догол мөрөнд Нэхэмжлэгч “Х” ХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Р.Отгонбаярыг томилсон боловч уг итгэмжлэлд төлөөлж нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөх эрхтэй болохыг заасан ба хуульд заасан бусад эрхийг эдлэх эсэх нь тодорхойгүй байна энэхүү байдал нь нэхэмжлэгч талын эрхийг ноцтой зөрчиж байна гэж дүгнэжээ. Бодит байдал дээр хавтаст хэргийн материалын 13 дахь хуудсанд “Х” ХК-наас итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбаярт 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №215 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэл байх ба тэрхүү итгэмжлэлээр ИХШХШТухай хуулийн 25, 26-р зүйлд заасан бүх эрхийг эдлэхээр заасан ба бидний эрх ашиг энэ хүнийг хуралд оролцуулснаар шүүхийн дүгнээд байгаа шиг ноцтой зөрчигдсөн зүйл нэгээхэн ч байхгүй болно. 2. Магадлалын үндэслэх нь хэсгийн 3 дахь догол мөрөнд хэрэгт нотлох баримтаар авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнд /Хавтаст хэргийн 6 дугаар хуудас/ Т.Бат-Өлзий гэх хүнийг “НН” БГБХ нөхөрлөлийн даргаар бүртгэжээ. Гэтэл нөхөрлөлийг бүрэн төлөөлөх эрхтэй эсэхийг тодорхойлсон баримт авагдаагүй байхад нөхөрлөлийн дэд дарга Ч.Нарангэрэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу гэж дүгнэжээ. Бодит байдал дээр “НН” Нөхөрлөл нь Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл ба Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.1 дэх хэсэгт бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд ...Гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй гэж заасан. Гэтэл Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч “НН” БГБХ нөхөрлөлд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 45 900 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас “чанарын шаардлага хангаагүй 9322 ширхэг чацарганы суулгацын үнэ 13 983 000 төгрөг”-ийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх эргэлзээтэй, Ч.Нарангэрэл нь “НН” БГБХ нөхөрлөлийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхой бус гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.3, 68 дугаар зүйлийн 68.1, Нөхөрлөлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж  хэрэглээгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Ч.Отгонбаярт бичгээр итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийг баримталсан байхад бүрэн төлөөлөх эрхгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт баримтад тулгуурлаагүй, үндэслэл муутай болжээ. Хариуцагч “НН” БГБХ нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээнд /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/ 2016 оны 12 дугаар сарын 23-ны байдлаар Т.Бат-Өлзийг “НН” БГБХ нөхөрлөлийн даргаар бүртгэсэн бүртгэл байх боловч үүнээс хойш бүртгэлд өөрчлөлт оруулсан эсэх нь тодорхой бус болохоос гадна Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй.” гэж заасан тул тус нөхөрлөлийн дэд дарга Ч.Нарангэрэл нөхөрлөлийг төлөөлөн оролцсон нь хууль зөрчөөгүй байна.

            Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтын дагуу хариуцагчийн үндсэн үүрэг буюу гэрээний дагуу суулгацын үнийн дутуу 34 000 000 төгрөгийг хариуцуулах талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн боловч талууд гэрээгээр алданги тохирсон эсэхийг үндэслэлтэй дүгнэж чадаагүй байна. Зохигчдын байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн суулгац худалдах-худалдан авах гэрээний 4.2.5 -д “худалдан авагч тал гэрээний үнийн дүнг  хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног дутам 0.5 хувь хүү, торгуулийг төлөх үүрэгтэй.” гэж заасан нь алданги эсвэл торгууль, анзын аль хэлбэрийг тохирсон болох нь эргэлзээтэй, анз тохирсон гэж үзэх боломжгүй тул үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн хэдий ч хариуцлага тооцох үндэслэлгүй байна. Иймд хариуцагчаас гэрээний үндсэн үүрэгт 34 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, алданги 11 900 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.

            Хариуцагч буюу худалдан авагч “НН” БГБХ нөхөрлөл нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 25 000 ширхэг чацарганы суулгацыг 1 ширхэгийг нь 1500 төгрөгөөр тооцон, хүлээж авсан нь баримтаар тогтоогдсон, суулгац чанарын шаардлага хангаагүй талаар болон суулгацын тоо ширхэг дутуу болохыг худалдагч талд мэдэгдэж байгаагүйгээс гадна суулгацыг хүлээн авснаас хойш тодорхой хугацаанд хадгалсан, арчилгаа шаардлагатай тул бусдад худалдахдаа чанаргүй суулгац байсан гэх баримтаар гэрээний зүйлийг доголдолтой гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх гэрээний зүйлийг доголдолгүй гэж үзэхдээ Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “..магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн бөгөөд гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 204/МА2018/00010 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн “Х” сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2018/00016 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...45 900 000...гэснийг 34 000 000..гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс 11 900 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэж, 2 дах заалтад ...533 300 төгрөг гаргуулж гэснийг ...327 950...гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА